Африкийн Конго гэж хөгжил дорой нэгэн улс байдаг.
Конго улс нь Францын колони байсан бөгөөд тэд соёлт Eвропын загварлаг дэгжин франц эздээ дуурайхын хүслэн байвч мөнгө байхгүйн хяслан байж.
Дэлхийн хоёрдугаар дайнд францын армид хөлсөөр алба хаасан цэргүүд халагдахдаа брeнд хослол, гутал худалдан авч ирснээр гангарааны өвчин тархаж бүтэн сайнд цугларч чамирхаж гангардаг болсоноор хөдөө тосгон хот суурингуудад гангачууд цугларан гайхуулах болжээ.
Бүр хамгийн ганган залуус шалгаруулах тэмцээн хүртэл зохиох болж гангачууд тухайн хот тосгоныхоо бахархал шүтээн болсоор иржээ.
Хэдэн мянган франкын үнэтэй брeнд хослол матарын арьсан гутал, торгон цамц, зангиа гээд ихэс дээдсийн өмсдөг гангарааг жирийн таксины жолооч хэдэн жил хураасан мөнгөөрөө авах бүр байр, машин авч байгаа юм шиг лизингээр авч гангардаг аж.
Манайханы гэр хороолол шиг шавар шавхайтай гудамж, хур хогон дундуур 3000 франкын үнэтэй Western ориг гуталтай Gucci, Zara брeндийн гонжоом өмссөн, Chanel брэндийн хар шил, бүрх малгайтай залуу алхаж явна араас нь сайран хөлтэй халтар жаалууд хошууран дагаж, толгой дээрээ 40 кг ачаа тавьсан хүүхнүүд гар даллан үдэж байна гээд төсөөлдөө.
Нэгэн ганган эр сугалаагаар 600 мянган франк хожсон авч мөрөөдөл болсон гангарах өвчин нь сэдэрч баахан брeнд худалдан авч гангачуудын тэмцээнд оролцсон боловч авьяас билэг нь дутаж амжилт олоогүйгээс сохор зоос ч үгүй үлдсэн гашуун түүх байдаг
Акр газар 5000 Франк гэхээр мань эр 120 акр талбай авч чадун жимсны мод тариалсан бол саятан болох байв.
Даанч тэнэг тансаглал нь ийм байдалд хүргэсэн байна.
“Хээнцэрүүд аюулд орж байна” нэртэй төрийн бус байгууллага байгуулж, ЛАСОФEЙ нэртэй болсон гангараачуудад зориулж брeнд хувцасны дэлгүүрүүд ажиллаж байдаг аж.
Шавар тагзандаа хувцасны өрөөтэй хээнцэрүүд шалан дээр унтаж өлөн зэлмүүн амьдарч өдөр шөнөгүй ажиллаж олсон хэдээ гангараанд зоиулдаг гэхээр тэнэглэл гэлтэй.
Манай Монголд үүнтэй төстэй хандлага хэзээний бий болжээ.
Булган дээл, цааны арьсан гуталаар орчин үед гангарч байгааг хэн хүнгүй мэднэ.
Арван наймтай охин цагаан булган шубэн дундаас цухуйх нь осгоод цуглуулсан ишиг шиг харагдана
Эд хувцсаар гангарахаас гадна гар утас, машин, тэргээр гангарах хандлага их.
Уул нь ярьж л байвал утас хамаагүй мэт.
Унаад явж л байвал машин болох л мэт.
Өр зээл тавиад л олсон хэдээ хүү лизингэд төлж үнэтэй гар утас барьж тансаг машин унасан хүнд тусахдаа хүрвэл нөгөө айхтар корона түрүүлж тусах магадлалтай аж.
Монголчууд эртнээс эхнэр хүн толгойн гоёлоор, эр хүн гаанс, хөөрөг, даалин, хэт хутга, мөнгөн тоноглолтой эмээл, хазаар, тэнзэн ташуур, халиун нудрага угалзтай монгол гуталаар гангарч сайн морь унаж бүр сүүлдээ ганган морь хөтлөж явдаг байсан нь бас л гангараа байсан юм.
Бүр эхнэрийнхээ гангарааг багтаахын тулд үсийг нь цардаж үхрийн эвэр шиг марзан матигар хэлбэртэй болгож баахан шүрэн шигтгээтэй мөнгөн тоноглол хавчуулж сувдан даруулга сүүжэн ээмэг, алтан бөгж зүүлгэж гурван давхар торгон өмсгөл өмсүүлдэг байв.
Одоо цагт хурдан мориор гангарах үзэгдэл бас гарч ирж.
Бүр улсын их хурлын гишүүд, сайд дарга нар нь хүртэл нэг үe төрийн золгуут дээр чонон дахтай ирж, шүрэн хөөрөг барьж, , хаш гаанс түрийлж, хэт хутга савчуулж хоорондоо өрсөлдөж байсан түүх ч бий.
Ц.Элбэгдорж Eрөнхийлөгч болоод хийсэн анхны золголт дээр Лу.Гантөмөр гишүүн чонон дахтай, Кёкүшюзан Батбаяр аяга шиг Шүрэн хөөрөгтэй золгохоор ирэхэд цэцэн цэлмэг Элбэгээ * манай Гантөмөр осгох гэж байна чонон дах өмсчихөж халуун цай хийж өг, За энэ Кёкшүүгийн хөөргийг хоёр гардаж авахгүй бол гүцэн шиг том эд санж унагаагаад хагалчихвал насны юм болно” гэж ёжилж цаашлуулж шүүмжилсэнээр ийм тэнэг гангараа зогссон гэдэг юм.
Алтан бүс бүслэж гангардаг морь даахгүй шахуу мөнгөн тоноглолтой эмээл зэхсэн улс төрчид ч байдаг билээ.
Жил бүр болдог Дүнжингарав хаврын уралдааны үеэр халхын баячууд гангараагаараа өрсөлддөг нь яг л Конго эрчүүд шиг марзан явдал болдог аж.
Барууны орныхон гангараанаас үндсэндэа татгалзаж энгийн агаад чанарлаг амьдралыг сонгодог аж.
Утга учиргүй гангараа гаднаас нь хархад марзан шог харагддаг юм.
Алтан шаахай өмссөн ч алцан майга нь хэвээрээ… гэж аугаа Чойном хэлсэн нь үнэн шүү дээ.
Ямар алтан шаахай өмсөхөөр хөл эгцрэх биш.
Энгийн чанарлаг хэрэглээтэй байж
эд хөрөнгөөр өрсөлдөх биш эрдэм боловсролоор өрсөлдөж явах хэрэгтэй мэт.
Тэнэг гангараа түмний доог тохуу болдог учир Эдээр биеэ чимхээр
Эрдмээр биeэ чим гэсэн ардын сургаалыг санаж явцгаая!
Лханаагийн Галбадрах
Discussion about this post