Өнгөрсөн хавар Ардчилсан нам хоёр хуваагдаж, хоёр даргатай болсон. Нэг АН-ын дарга нь УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, нөгөө АН-ын дарга нь Майнбаярын Тулгат хэмээх япон “школа”-тай залуу болсон билээ. Майнбаярын Тулгатыг С.Эрдэнийн АН-ын дарга гэлцдэг.
М.Тулгатын авга ах нь Ардчиллын дууч “Хонх”-ын С.Цогтсайхан, гэр бүл, удмаараа багаасаа ардчиллын төлөө зүтгэжээ. М.Тулгат сүүлд хамаатныхаа үүсгэн байгуулсан “Хишиг Арвин Индустриал” компанийн ерөнхий менежерээс эхлээд дэд захирлаар ажилласан.
Майнбаярын Тулгат Японы хамгийн том компаниудын нэг Softbank-нд таван жил ажилласан. Үүнийгээ “Миний амьдралын чухал цаг мөч байсан” гэжээ. Аргагүй биз, алдарт бизнесмен Масаёоши Соны удирддаг тус компанид ажилласан анхны монгол хүн юм чинь. М.Тулгат Японы Киотогийн их сургуульд сурч, магистр хамгаалсан. Японд удаан суралцаж амьдарсан М.Тулгат япон гэргийтэй.
Тэрээр япон эхнэртэй гэдгээ олон нийтээс нуудаггүй. М.Тулгат гэргийнхээ тухай “Миний хань япон бүсгүй бий. Би түүнтэйгээ Японд ажиллаж байхдаа нэгэн арга хэмжээн дээр танилцсан юм. Анх хараад л ямар хөөрхөн охин бэ гээд шууд дурласан. Хайр сэтгэлийн хувьд миний аз болоход хаягдаж, хагацаж, янз бүрийн драм үзэлгүй таалагдсан тэр охинтойгоо үерхэж, гэр бүл болоод гурван сайхан хүүхдийн эцэг эх болжээ. Харь орноос намайг дагаад ирснийг нь бодохлоор хайр хүрч, юун дээр ч бууж өгөхөд бэлэн байдаг. Хэрэлдэх нь битгий хэл, чангахан ч дуугарч үзээгүй. Хүүхдүүд маань гэр бүлийн ийм таатай орчинд өсөж хүмүүжиж байгаад баярладаг. Япон эмэгтэйчүүдийн хүүхдээ хүмүүжүүлэх арга барил нэлээн өөр шүү. Уйгагүй ярьж, ойлгуулах байдлаар тулж ажиллаж байгаа харагддаг. Хүүхдүүдийн маань ангийн багш нар, аав ээжүүд ч “туршлага судлах” байдлаар арга барилыг нь асууж сонирхож байдаг.
Хамтын амьдралд хэрэгжүүлж болох нэг аргаас хуваалцахад, бид хоёр үерхээд удаагүй байхдаа нэг номыг дундаа барьж байгаад чанга дуудаж хамтдаа уншдаг байсан. Энэ дадал бид хоёрыг нийтлэг үнэт зүйлтэй болоход, бие биеэ илүү ойлгодог болоход тусалсан гэж боддог юм. Залуучуудыг туршаад үзээрэй гэж санал болгоё” гэж ярилцлага өгөхдөө хэлсэн байдаг. .
Мэдээж М.Тулгатын хүүхдүүд хичээлдээ сурлагадаа идэвхтэй, онцсайн сурдаг гэсэн. Тэрчлэн бүгд хөгжмийн авъяастай. Охин нь Чех улсад болсон Косианы нэрэмжит өсвөрийн хийлчдийн олон улсын уралдаанд 2-р байр эзэлсэн. Гуравхан настай бага хүү нь ноот хараад төгөлдөр хуур дардаг, ер бусын авъяастай гэнэ.
Discussion about this post