Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг нэмэх үүднээс 2021 оны улсын төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Тодруулбал, төсвийн тодотголын хүрээнд эрүүл мэндийн салбарт 700 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт олгоно гэдгийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэв. Мөн айл өрх, аж ахуйн нэгжийн орлогыг нэмэх үүднээс хүүхдийн 100 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмжийг 2021 оныг дуустал олгох, цахилгаан, дулаан, цэвэр бохир усны төлбөр, хог хаягдлын хураамжийг мөн он дуустал төр хариуцах асуудлыг тусгажээ.
Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа, “Эрүүл мэндийн салбарт олгох 700 тэрбум гаруй төгрөгийг цар тахалтай тэмцэж буй 13 мянган эмч, эмнэлгийн ажилтанд 2 сая төгрөгийн, мөн 19.5 мянган ажилтанд нэг сая төгрөгийн тэтгэмж олгоход зарцуулна. Мөн улаан бүсэд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудын үндсэн цалинг 50 хувиар нэмэх, цар тахалтай тэмцэхэд зориулж 2000 ор дэлгэхэд 110 тэрбум төгрөг, резидент эмч нарыг дайчлахад 3.7 тэрбум төгрөг, эмийн нөөц бүрдүүлэхэд 60 тэрбум төгрөг зарцуулна” гэлээ.
Хүүхдийн 100 мянган төгрөгийг улсын төсвөөс, айл өрхүүдийн олгох, цахилгаан, дулаан, цэвэр бохир усны төлбөр, хог хаягдлын хураамжийг төрийн өмчит компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд Эрдэнэт үйлдвэр хариуцах аж.
Discussion about this post