Монгол Улсын гавьяат эмч, академич, доктор, профессор агсан М.Шагдарсүрэнгийн “Эрүүл мэндийн жор” сонинд нийтэлж байсан ярилцлагыг сэргээн уншигчиддаа хүргэж байна.
Элэг бол хүний биеийн төв лабратори гэдэг шүү дээ?
Тийм ээ, тэр үнэн. Хүний амьсгалахад арьсаар ч юм уу гаднаас байнга бодисын солилцоо явагдаж байдаг. Хоол унд идэж уух, эсвэл архи дарснаас эхлээд өөх тос, мах гээд элгэнд ачаалал өгөхгүй зүйл ховор. Эдгээр зүйл бие махбод дотор задарч заавал элгээр дамжиж шүүгддэг. Хортой бодисыг хоргүйжүүлээд өөрөө гэмтэж үлддэг ийм эмзэг эрхтэн юм.
Ер нь элэг юунаас болж өвчилдөг юм бэ?
Элгийг өвчлүүлдэг гурван шалтгаан байна. Дэлхий нийтээр нь аваад үзэхэд нэгдүгээрт вирүс байна. Дэлхий дээр 10-аад төрлийн вирүс байна. Энэ дотроос Монголд 4,5 нь илрээд байгаа. Ялангуяа А,В,С, дельта вирүс. Хоёрдугаарт, хорт эмний улмаас элэг үрэвсэж байна. Энэ нь хортой эм гэсэн үг. Гуравдугаарт архи дарс, хоол унднаас болж өвчлөх тохиолдлыг нэрлэх байна.
Манайхан элгээ байн байн үзүүлж шинжлүүлдэггүйгээс их зүйл шалтгаалдаг байх аа?
Тийм. Хавдар олон жилээр үргэлжинэ. Нэг л өглөө босоход үүсдэг өвчин биш. Олон жилийн өмнөхтэй харьцуулахад анагаах ухаан элэгний өвчний оншлогоо, элэг эмчлэх, элгэнд мэс засал хийх янз бүрийн шинэ аргуудыг нээж нэвтрүүлсэн. Судсан дотуур мэс засал хийх, яг өөрийг нь хатгаж спиртээр түлэх, хэт үелзэлт радио долгионоор шарах ч гэдэг юм уу. Ямарваа өвчнийг эхний шатанд буюу дундуур үед орохоос нь өмнө бариад авбал эмчлэх аргатай. Гэтэл манайхан дэндүү оройтуулдаг. Сүүлийн үеийн судалгаагаар элэгний хорт хавдартай, ер нь хавдартай хүмүүсийн 70-80% нь 3,4-р шатандаа орчихсон ирж байгаа. Энэ нь маш аюултай, эмчлэхэд үнэхээр хэцүү. Төгсгөлийн шатандаа орсон хавдрыг Америк, Япон, Энэтхэгт очсон ч эмчилгээ байхгүй. Зүгээр л өвчин намдаах, хордлого тайлах тийм л эмчилгээ хийнэ. Элэг нэгэнт өвчилсөн учраас цаашаа элэг шилжүүлэн суулгая гэсэн ч дүүрэн хавдар үүсээд уушиг, тархи, ходоод руу чинь цусаар дамжаад үсэрхийлчихсэн байдаг. Манайхан мөнгө л байвал болох юм шиг санадаг.
“ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхлээд явж байна. Мэргэжлийн хүний хувьд хөтөлбөрийн явцыг хараад юу бодогдож байна вэ?
Ер нь бол элэгний өвчнийг эрт үед нь оношлох бүрэн боломжтой болсон. Хэт авиан шинжилгээгээр элгийг маш сайн оношлож болдог. “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр хэрэгжээд явж байна. Манай Хавдар судлалын эмч нар маш сайн ажиллаж байна. Элэгний эмч нар гадаадад бэлтгэгдэж, дэлхийн хэмжээний мэдээллийг олж авах боломж бүрдэж, чадвар чансаа нь сайжирсан байна. Элэгний хавдрын эрт илрүүлэлт жил ирэх тусам сайжирч байна. В,С вирүсийн шинжилгээ хийгдэж байна гээд ахицтай маш олон ажлууд хийгдэж байгаа нь сайшаалтай хэрэг юм.
Монголчуудыг хамгийн их айлгаж байгаа зүйл бол элэгний хорт хавдар. Жил бүр олон зуун хүн энэ өвчнөөр хорвоог орхиж байна. Социализмын үед арьс өнгөний өвчин гэж ярьдаг байсан болохоос элэгний өвчлөл ямар байсан бэ?
Социализмын үед бага, одоо их болсон гэж ярих нь хаашаа юм. Урьд ч одоо ч элбэг л байна. 1950-аас 1960-аад оны үед монголчуудад элэгний өвчин маш их тархсан. Энэ нь учир шалтгаантай.
Тухайн үед Монголд арьс өнгөний өвчин их байсан байна. Үүнийг устгахын тулд хуучин ЗХУ-аас тусламжийн багууд ирсэн. Тэд Монголын бүх аймаг, сумаар явж арьс өнгөний өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх компанит ажлууд шуурхай явуулсан. Сайн тал нь арьс өнгөний өвчинг устгасан боловч хамгийн харамсалтай нь тариураар вирүс тархсан байдаг. Тухайн үед зүү, тариурын хүрэлцээ муу тул буцалгаж ариутгасан болоод дахин хэрэглэж байжээ. Бараг нэг баг, суманд ганц, хоёрхон тариур байсан юм уу даа. Тэгж ярьдаг юм. Ингээд тариурын шар гэх өвчин улс орон даяар тархсан байна. Энэ бол маш аюултай. Элгийг өвчлүүлдэг долоон төрлийн вирүс байна. Монголд үүнээс дөрвөөс илүү нь бий.
Үүн дотор В, С вирүс хамгийн их тархсан. Энэ нь тариурыг усанд буцалгахаар устчихдаг вирүс биш. Элэгний өвчлөлийг багасгахын тулд манай улс чамгүй тэмцжээ. Засгийн газар, Эрүүлийг хамгаалах яамнаас тэмцээд хүрээг нь тодорхой хэмжээгээр багасгасан ч вирүсийг устгаж чадаагүй. Тухайн үед вирүсийг устгах эм тариа гараагүй байсан. Одоо л гарч байна шүү дээ. Вирүсийг эмчлэхгүй болохоор 10-15 жилийн дараа ч юм уу тодорхой хугацааны дараа элэгний хатуурал болно. Дараа нь хатуурлын суурин дээр элэгний хорт хавдар үүсдэг. Сүүлийн жилүүдэд шар өвчний гаралт их байна. Нөгөө олон төрлийн вирүс улам тархаж байна. Заримдаа вирүс ахуйн нөхцөлөөр тархана.
Өөрөөр хэлбэл, гэмтсэн арьс, салст бүрхэвчээр дамжиж халддаг нь тодорхой болсон. Жишээ нь, шүд авахуулах, тариа хийлгэх, дусал залгуулах зэрэгт халдвар дамжих бололцоотой. Мөн хатуу үстэй сойзоор шүдээ угаахад буйлнаас цус гардаг шүү дээ. Энэ нь салст бүрхэвч гэмтэж байна гэсэн үг. Үүгээр дамжиж халдаж болно. Сахал хусах үед арьс гэмтвэл мөн дамжиж халдах боломжтой. Түүнчлэн, бэлгийн замаар дамжиж халдана. Энэ мэтээр вирүс олон замаар дамжиж халддаг.
Бидний уламжлалт хоол хүнс элгийг гэмтээх нь хэр байдаг юм бол?
-Монголчуудын туйлшрах үзэл олон зүйлд сөргөөр нөлөөлж байна. Тухайлбал, хөгзөрсөн цагаан идээ идэх сайн гэж хүмүүс ярьдаг. Энэ бол буруу ойлголт. Зун айраг ууж, боодог, хорхог идэн наадаж цэнгэдэг. Айрганд эрүүл мэндэд хэрэг болох амин дэм бий ч хэтрүүлэн хэрэглэвэл элэг гэмтээх метилийн спирт агуулагдаж байдаг. Айраг их уудаг хүний элэг хэтдээ хатууран томордог. Орон нутгийн байрлалаар авч үзвэл Булган, Өвөрхангай, Архангай, Дундговь, Дорноговь, Хэнтий нутгийн хүмүүс элэгний хатууралтай болсон нь ажиглагддаг.
Элэг олон зүйлээс шалтгаалж өвчилдөг тухай өмнө нь уншиж байсан. Энэ өвчинтэй тэмцэж, олон жил судалгаа хийсэн мэргэжлийн эмчээс сонсох нь илүү үр дүнтэй байх болов уу?
Элэгний үрэвслийг ерөнхийд нь ноцтой болон удаашралтай гэж ангилдаг. Өвчний илрэл нь үргэлжлэх хугацаанаас хамаарна. Хоолны дуршил буурах, дотор муухайрах, гэдэс дүүрэх шинж тэмдэг ноцтой элэгний үрэвсэлтэй хүмүүст тод илэрдэг. Заримд нь шар толбо илэрдэг. Үүнийг элэгний шар гэдэг. Ноцтой элэгний үрэвсэлтэй хүмүүсийг зөв оношилж эмчилбэл хоёр сарын дотор эдгэрч тэнхэрнэ. Ноцтой элэгний үрэвсэлтэй хүмүүсийн хажууд удаашралтай элэгний үрэвсэлтэй хүмүүсийн өвчний илрэл тийм ч ил явагддаггүй. Зарим хүнд ямар ч шинж тэмдэг илэрдэггүй. Удаашралтай элэгний үрэвслийг хэвийн болон хөдөлгөөнт гэж хуваана. Хэвийн үрэвсэлтэй хүмүүсийн бие ядарч, хоолны дуршил багасан элэгний орчим өвддөг. Харин хөдөлгөөнт элэгний үрэвсэлтэй хүмүүсийн биеийн байдал хурдан мууддаг. Урт хугацаагаар хоол идэх дуршил буурч, турж эцнэ, амархан уурлаж бухимдана, нойр муудна, хүзүү, нүүрэн дээр юм гарч, гарын алга нь хөлөрнө, элэгний орчим байнга өвдөнө. Эмэгтэйчүүдийн сарын тэмдгийг мөчлөгт өөрчлөлт орно. Удаашралтай элэгний үрэвсэлтэй хүмүүсийн өвчний явц удаан байдаг тул нэг жил, түүнээс олон жил илэрдэггүй тал бий. Мөн нэг төрлийн ноцтой элэгний үрэвсэл байдаг. Бие хурдан хугацаанд тамирдаж, ойр ойрхон огиулан хамраас цус гарна. Хоёр гар нь салганаж, санах ой мууддаг. Өвчин газар авсан бол өөр бусад эрхтэнд нөлөөлдөг. Ноцтой элэгний үрэвсэл нь эрүүл мэндэд халтай. Энэ өвчнөөр өвчлөгсдийн ихэнх нь нас барах магадлал өндөр байдаг.
Элэгний өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд ямар дэглэм сахих вэ?
Тайван орчинд унтаж амрах нь өвчнөө эмчлэхэд хамгийн чухал. Сайн унтаж амардаг хүмүүс хурдан тэнхэрдэг. Амрах үед цусан хангамж сайжирдаг тул элгэнд шим тэжээл өгдөг. Хоол идсэний дараа нэгээс хоёр цаг зайлшгүй амрах хэрэгтэй. Хэвтэхэд элэг хүлээж авсан шим тэжээлээ биеийн шим тэжээл дутагдсан хэсгүүдэд тараах үед амарч чаддаг. Цусан хангамж сайн байвал элэг төлжиж чаддаг. Ноцтой элэгний үрэвсэлтэй хүмүүс витаминаар баялаг, ялангуяа витамин С-тэй хоол хүнс хэрэглэвэл хорыг түргэн гадагшлуулна. Өвчилсөн үед кальци, төмөр болон давс, витамин В, К зэргээр дутдаг тул хоол хүнснээс гадна витамин хэрэглэх хэрэгтэй. Хэвлийн хэсэг усаар дүүрэх үед давс багатай хоол идэж, шингэн зүйл бага уух шаардлагатай. Хамгийн гол нь хоол хүнсээрээ шингэнээ нөхөж авах нь чухал. Дутагдаж буй зүйлсээ тэр дор нь нөхөж авах шаардлагатай. Элэгний үйл ажиллагаа сулрах үед тархин дахь зэс, хүрэл багасдаг. Үүнээс болж оюун ухаан самуурна. Ийм үед даруй зэс, хүрэл агуулсан хоол хүнс хэрэглэх хэрэгтэй.
Элэгний үрэвсэл хүндэрсээр эцэстээ хорт хавдар болох уу?
Элэгний үрэвслийн суурин дээр элэгний хатуурал үүсэж, улмаар хорт хавдар үүсэх нь элбэг. Элэгний эсийн гаралтай хорт хавдрын 80 хувь нь элэгний хатуурлын суурин дээр үүсдэг. Элэгний өвчин олон янз. Элэгний үрэвсэлтэй үед элэгний хорт хавдраар өвчлөх магадлал өсдөг. Элэгний үрэвслээр өвдөөд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахгүй бол тэр нь архаг үрэвслийн хэлбэрт шилжиж цирроз болдог. Элэгний хатуурлын суурин дээр элэгний хорт хавдар үүсдэг. Элэгний үрэвсэлтэй хүн эхлээд тохирох амин дэм агуулсан хүнс хэрэглэх хэрэгтэй. Гэхдээ байнга эм хэрэглэдэг өвчтөний хувьд эм нь элэгний өвчнийх нь “найз” болчихсон байдаг. Тиймээс хоол хүнсээр эмчлэх нь үр дүнтэй.
Элэг үрэвссэн үед ямар хоол хүнс хэрэглэвэл үр дүнд хүрэх вэ?
Элэгний өвчтэй хүн өдөрт гурван удаа хооллох хэрэгтэй. Өглөө чанартай сайн хоол иднэ, өдөр цадталаа иднэ, орой бага хоолло. Яг цагтаа хооллож занших хэрэгтэй. Хамгийн гол нь тохирох хэмжээний уурагтай зүйл идэх нь зохистой. Тохирсон чихэр, хүнсний ногоо жимс жимсгэнэ, уух зүйл хэрэглэ. Өвчний энэ үед тохирсон хэмжээний, тэнцвэр алдагдуулахгүй аминдэм чухал байдаг. Хүмүүс өглөөний цайгаа хагас дутуу уудаг. Энэ нь цөсний шүүсийг багасгадаг тул цөсөнд үрэвсэл болон чулуужилт үүсгэнэ. Өглөөний цай уухгүй, өдрийн хоол хагас дутуу идэж, орой хэтэрхий их идэх зуршилтай болсноор элэг цөсний өвчин тусах магадлал өндөр байдаг. Хоол идэхдээ амандаа удаан зажилж шим шүүсийг нь сорж идвэл сайн. Өнгө амт хосолсон, төрөл зүйл олон байвал идэх дуршил нэмэгдэж, элдэв өвчинг эдгээх үндэс суурь болж өгдөг. Ус түлхүү хэрэглэх хэрэгтэй. Залуучууд өдөрт хоёр литр доошгүй хэмжээний ус хэрэглэ. Ингэх нь цусанд сайн, цөсийг цэвэрлэж их шээдэг. Жилийн дөрвөн улирлын цаг агаар, уур амьсгал өөр байдгийг харгалзаж, хоол хүнсээ амин дэмээ сонгож хэрэглэх нь зүйтэй юм. Элэгний хатуурал бол элэгний өвчнүүдийн хамгийн сүүлчийн шат. Шалтгаан нь ямар байхаас хамаарахгүй, сүүлчийн үр дүн нь адил байх болно. Элэгний хатуурал үүстэл олон жил болно. Төрөл бүрийн эм, эмийн ургамалтай эм элгийг үлэмж хэмжээгээр хатууруулдаг тал бий.
Discussion about this post