Тахлын үеийн одон тахлын үеийнхээ араншинг харуулсаныг бүх нийтээрээ харлаа. Баяр бахдал, айдас цочроо…
Тахал, дайн, гамшгийн үед ч үл дарагдах хүмүүний хүсэл, баяр баясгаланг бадруулагч үргэлж байдаг ажээ. ОДОН гээч ийм ид шидтэний нэг аж.
Алганы хонхорхойд багтах шахуу төмөр яагаад ийнхүү хүчийг олов? Энэ төмөр ганцхан биднийг ингэж илбэддэг хэрэг үү? Энэ муу нэрт социализмын үлдэгдэл яагаад устахгүй байна? Үгүй юм билээ. Алдарт Битлзийг Хөлөг баатар одонгоор шагнахад хөөрсөн тэд хатан хаандаа дуу зохиож, барьцаж уурласан язгууртнууд боож үхэхдээ дөхсөн түүх гэх мэт энэ хүчит төмрийн түүх үй олноороо бичээстэй байгаа. Одон хувцас шиг бусдаас ялгарах мэдрэмж, эрх чөлөө ч юм шиг, дэлхийгээс өөр амьдралыг үзсэний гэрч, дайнд ялсанг бадруулагч гэх мэт асар олон үүрэгтэй, хүчтэй эд ажээ.
Гэхдээ Монголд юм чинь арай л өөр байх ёстой доо.
Одонгоор баярлуулахад тодорхой хэмжээний шалгуур байхаас гадна, үе үеийн Ерөнхийлөгч нарын хувь зан ааш ихээхэн оролцоотой байдаг. Одон баярт үйлээс гадна нийгмийг хуваах, талцуулахад нилээд хувь нэмэр оруулж ирсэн талаар өгүүлье.
Энд мэдээж өөрөөрөө хүчээрээ олж авдаг гэдэг Алдарт эхийн одон орох ёстой ч бусад одонгуудад дарагдаад үлдэх нь байна шүү. Социализмын үед эхийн одон, хүүхдийн мөнгийг авахдаа ээж, аавууд яагаад ч юм нэг ичээд байдаг мэдрэмж үлдээжээ. Насанд хүрэхтэй минь зэрэгцээд эмэгтэйчүүдэд ирсэн бас нэг шинэ эрх чөлөө хүүхэд олохгүй байж болох хэрэгслүүд, олсон ч гаргахгүй байж болох хууль гарч ирсэнээр ээжийнхээ үеийг ойлгож авсан даа. Алдарт эхийн одонгоо нүүр бардам зүүх эрх чөлөө асар их үнэ цэнээр олдсон юм шүү.
ЕРӨНХИЙЛӨГЧ П.ОЧИРБАТЫН ҮЕ
Мань хүн их азтай. Одонгийн үнэ цэн жинхэнэ шижрээрээ, одод мэт тэнгэрт гялалзаж байсан үе. Дөнгөж социализмаас татгалзсан үе байсныг хэлэх үү, одон тэмдэг гэдэг бол жинхэнэ од байлаа. Одонтой байхад мөнгө чухал биш, үхэхэд маань мэгзэмээс ч хүчтэй сонсогдох, үр хүүхэддээ орхих том өв байлаа. Мань хүн ч нэлээн цензуртай олгож байсан байх.
Харин 1996.03.01-нд тухайн үеийн эрх баригч нам, (эрх баригч гэснээс одоогийн 62-оос ч олуул, 70-уул байсан шүү) МАХН-ын түүхт 75 жилийн ой тохиох болж, том нам тул Төрийн том том одонтой тэмдэглэхээр шийдэж, дарга Даш-Ёндонгоо тэргүүлүүлээд тодорхойлж ирүүлсэн юм гэнэ билээ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга М.Энхсайхан болон зөвлөхүүд нь ярилцаад, энэ улс төрийн нам үүссэн өдрийг нэг нам өмчлөн тэмдэглээд байх нь утгагүй гэлцэв. Утгы нь өөрчлөх анхны алхмыг хийв.
Монголын улс төрийн намуудын анхны дарга болох Баабар, С.Зориг, Да.Ганболд, Э.Бат-Үүл мөн МАХН-аас Г.Очирбат нарын хүмүүсийг нэмээд шагнах зарлиг гаргахад тухайн үеийн МАХН-ын дарга тэр үедээ ирж гардаж авалгүй, эсэргүүцлээ илэрхийлж байсан юмдаг.
С.Зоригийг одонгоо угаа гэж нөхөд нь шаардлаа. Баярлах шалтаг гэж үзсэн байх л даа. Ер нь тэгээд одоо хүртэл ОДОН-г угааж л байгаа юм чинь. С.Зориг агсан нөхдийнхөө хийсэн бяцхан угаалган дээр нөгөө Алтангадас одонгоо пиджакныхаа энгэрийн ард зүүчихсэн, үзье гэсэн нөхөддөө эргүүлж байгаад харуулж сууж билээ. Одон социализмын бэлгэ тэмдгүүдийн нэг гээд баахан шүүмжилчихсэн байдаг.
Гэтэл П.Очирбат Ерөнхийлөгч одонгоор шагнаад байдаг. Ёстой зөв харж инээж, буруу харж ичиж байгаагаа тэгж илэрхийлсэн болов уу. Одоо энэ өдөр Эх орончдын өдөр болсон.
ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАГАБАНДИЙН ҮЕ
1997 онд Н.Багабанди гуай Ерөнхийлөгч болоод одон тараах эрх мэдэл гарт нь ирэв. Н.Багабанди гуай ганц 1997 онд ч биш бүүр найман жилийн турш одон тараах эрхийг атгасан. Энэ үед л жинхэнэ юм болсон доо. Юу болсон гэхээр ардчилсан намуудын харьяалалтай бол одон од болоод тэнгэрт өлгөгдөж байв. Төрийн шагнал байтал, нийгмийг хуваах, ялгаварлахад ихээхэн үүргээ гүйцэтгэсэн дээ, тэр ОДОН.
Энэ хооронд Ардчилсан намынхан ч бас зүгээр хараад суусангүй. Солонгост сууж байсан Элчин Ло.Галбадрах эрдэнийн шигтгээтэй, алтадсан, хамгийн гол нь дундаа эзэн Чингисийн дүртэй том одонг хийлгэж, үүнийг Ардчиллын дээд одон, Чингисийн одон гэж нэрлэх боллоо. Ардчиллын од гэх мэт олон одон тэмдэгтэй болов, Ардчилсан намынхан. Ийнхүү найдваргүй Төрийн одон руу өлвөлзөхөө больсон юм.
Н.Багабанди гуай хэдэн жилийн өмнө бичсэн байсан. “Мөрөөдлийнхөө хойноос мөшгин тэмүүл” гэдэг сургаалдаа “Эрх чөлөөтэй хүн аз жаргалтай. Дотоод эрх чөлөөгөө сэхээрсэн хүн хөлдөө гинжтэй бүжиглэж, хүзүүндээ дөнгөтэй дуулж чадна” гэж. Мань хүн дор хаяхад 10 жилийн дараа ингэж бичсэн байсан. Бодвол одоо тэр үед ардчилсан намуудын харьяалалтай хүмүүст хахир хатуу хандаж байснаа бодож, өршөөсөн нь энэ байх.
ЕРӨНХИЙЛӨГЧ Н.ЭНХБАЯРЫН ҮЕ
Н.Энхбаяр гуайн үе ирлээ. Ашгүй найм биш, дөрвөн жил л үргэлжиллээ. Одонгийн тухайд тэр Ардчилсан намынхныг тас ялгаварлаагүй ээ. Өөрт нь улс төрийн дэмжлэг үзүүлэх фракцийг аль хэдийнэ Ардчилсан намд дэмжиж, эрх мэдлээ хуваалцаж ирсэн туршлагатай байлаа, тэр. Одоо одонгоор дамжуулж дүрсэн хөлөө улам чангаруулж эхэллээ. Ажилгүй ч төрийн одон авч, сэтгэлээ сэлбэх нэгэн байхад, том албан тушаалд нь чимэг болох одонг хэр үнэлэх хэсгийг мэргэн олж байлаа, тэр.
Ийнхүү төрийн одон Ардчилсан намыг дотор нь талцуулахад үүргээ гүйцэтгэж ирэв. Гэхдээ Энхбаяр гуай бас нэг шинэ моод гаргасныг үнэлэхгүй байж болохгүй, энэ бол социализмын үеэс өвлөгдөж ирсэн, төрийн дээд одонг, ялангуяа Гавьяат жүжигчин цолыг тэтгэвэртээ сууж байж шахуу чүү ай авдаг байсныг өөрчилж, цэл залууд нь бөөнөөр нь олгосон зарлиг гаргасныг бүгд сайн санаж байгаа.
ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ҮЕ
Жинхэнэ цэцэг навч, одон, баяр хөөр болсон баярыг Ардчиллын 20 жилийн ойгоор хийж, гудамжныхан, лүмпэнгүүд, партизанууд гэх мэт нэр хочтой олон жилийг туулж ирсэн нөхдийнхөө баярыг нэг сайн чимсэн дээ. Чимэг зүүлтгүй бол ямар баяр байх вэ дээ. Шагнагдагсдын дотор “Буян”-гийн Жагаагаас авахуулаад янз бүрийн намынхан, ардчиллыг үүсгэн байгуулах үйл хэрэгт нэр нь бичигдсэн болгон орсон байлаа.
Тэр энэхүү жагсаалтыг 20 жилийн өмнө үйлдэгдсэн гэж үзсэн байсан юм. Энэ л миний мэдэх хамгийн гоё баяр болсон. Юугаараа гоё байсан гэхээр чимэг зүүлт нь гоё, үүндээ зориулаад өмссөн дээл хувцас нь бас гоё ганган байсан даг. Бие биеэ үнсээд л, хальт энгэр рүүгээ харцгаагаад л. Одон гэдэг ийм л хүчтэй эд билээ. Үүнээс хойш найман жилийн хугацаанд элдэв аргаар тодорхойлолт атгуулсаар, шагнуулсаар байгаад манай Ардчилалынханы энгэрт гялалзах төрийн одонгууд бүүр сонин биш болж, сүүлдээ гавьяат руу гарч өгцгөөсөн.
Гавьяат авсан, авах цуваагаа тоолж суудаг болсоон. Адилхан бага хурлаас эхлээд хамт тэмцэж явсан нэгэндээ алагчилж өгөөд л манай хүн ч бас нөгөө одон хуваадаг, талцуулдаг, өш хонзон багахан ч гэсэн авдаг хэрэгсэл гэдгийг бас сэмхэн харуулж чадсан.
Одоо удахгүй Ардын болон Баатарын цуваагаа тоолж эхэлнэ ээ, бид. Яагаад гэвэл Ардчилсан холбооны дарга ахиад Ерөнхийлөгч болсон шүү дээ. (Энэ хэсгийг бараг дөрвөн жилийн өмнө бичиж байснаараа үлдээлээ)
ОДОН гэх энэ шидэт төмрийг сүүлдээ хэн дуртай нь хийлгүүлж, царан дээр тавьж чихэр аятай тарааж явсаныг, сонгуулийн хамгийн том хахууль болсоныг бичсэнгүй ээ, энд.
М.ТУНГАЛАГ
Discussion about this post