ЖАМЪЯН
Ардчилсан нам сүйрээд л зогсчихдог сон бол хэчнээн сайхан. Харамсалтай нь тийм биш. Учир нь энэ нам л одоохондоо улс төрийг тэнцвэржүүлэх, эрх баригч намд хяналт тавих боломж бололцоотой, туршлагатай, нийгэмд нөлөө бүхий улс төрийн хүчин хэвээрээ. Ардын нам улс төрийн талбайгаас гарлаа гэхэд “алтан замена”, тайзнаас буулаа гэхэд “дублёр дүр” хийх үндэстний хэмжээний цор ганц нам.
“Нөхөд та нар өөрсдөө буруутай…” гэв
“Бүдүүн торхноос цус гоожуулчхаад
Буу руугаа ухас хийх чинь шал утгагүй.” гэв…
Сая гудамжаар алхаж явтал, АН-ын нэр дэвшигчийн зураг бүхий самбар замын хажууд түрүүлгээ харан хэвтээ нь нүдэнд туслаа. Яг тэр мөчид, “энэ хүн яав ч ялахгүй…” гэх бодол толгойд зурс хийв. Тэгээд би самбарыг босгоод, байх ёстой байдалд нь оруулах аядав. Тэгсэн ч миний дээрх бодол төдийлөн өөрчлөгдсөнгүй… Тэгэхдээ л би зөв зүйл хийсэн.
Би Ардчилсан намын гишүүн биш, ер аль ч намын. С.Эрдэнэ гэдэг хүнийг бүүр мэдэх ч үгүй. Зүгээр л… ардчилал, эрх чөлөөг бидний үнэт зүйл, тусгаар тогтнолын баталгаа гэдэгт итгэж явдаг хүний л нэг. Ардын нам, Ардчилсан намыг нэг зоосны хоёр тал гэж боддог хүмүүсийн л төлөөлөл. Энэ “зоос”-ыг л ээлжит сонгууль болгоноор Монголын ард түмэн нийтээрээ шидэж иржээ. Гэвч тэр “шидэт” зоос зөвхөн нэг л талаараа буух тун дуртай, МАН гэх талаараа. Яг одоо болж буй “шидэлт” ч тэр талаараа буух нь гарцаагүй бололтой. Энэ нь яван явсаар МАН-СҮЛД, АН-ТОО гэж тэр чигт нь эрэмбэлэн нэрлэж ч болохуйц, улс төрийн тэнцвэргүй байдлыг бий болголоо. Зоос шидэх боломжоо, найдвараа л алдчихгүй юмсан…. Тэгээгүй цагт юуг ч засаж болно.
Гэвч дээрх тэнцвэргүй байдал Ардын намд үнэмлэхүй эрх мэдлийг өглөө. “Эрх мэдэл хүнийг эвддэг, үнэмлэхүй эрх мэдэл үнэмлэхүй эвддэг” гэж үг бий. Энэ ёсоор, Ардын нам ч үнэхээр задарч байгааг нийтээрээ харлаа, сүүлийн хэдэн жил. “Би ядарсныг тэтгэдэг, задарсныг засагладаг хүн” хэмээн Ардын намын дарга ярих дуртай. Өөрийгөө “энэ намын дарга нь би шүү” гэдгээ л хэлээд байж. Харин ядарсан гэж, Ардчилсан намыг хэлсэн болж таарлаа… тэр нь ч үнэн. Ямар сайндаа л, эрх баригч намаасаа “та бидний дотоод маргааныг тастаж өгөөч дээ, тэгэхгүй бол бид яг өлсөж үхэх нь…” хэмээн сөрөг хүчний хэдэн гишүүд нь гуйж гувшиж байхав. Үнэхээр л ядарч яваа намыг, задарч яваа нам нь тэтгээд байгаа юм чинь… Суут үг байж дээ, одоо бодоход.
Ийм ч нам байгаагүй юм… ийм болгосон нь харин хэн юм бол? Женко юу? Хүүк үү? Мэдээж Ардчилсан нам өөрөө л буруутай. “Аливаа сүйрэл гэдэг дотоод ялзралын гадаад илрэл мөн” гэх үг байдаг. Алим дотроосоо өтдөг ч гэдэг. Ардын намын задралд ч, бас л Ардчилсан нам буруутай. Тэд хүчтэй сөрөг хүчингүй учир… намайг хэн хэлж, нохойг хэн саахав гэгчээр дураараа авирлаж буй нь, зүй ёсны л үзэгдэл. Учир нь, энэ хоёр нам бол бие биеэ нөхцөлдүүлдэг. Нэг үгээр, шүтэн барилдлагатай. Үүнийг ч аль аль талдаа хүлээн зөвшөөрдөг бололтой юм билээ. Ардын намын томчууд “би Ардчилсан намыг хурдан хүчжээсэй гэж боддог” хэмээн хэлээд байдаг нь, өрсөлдөгчөө тавласан үг огт биш. Яагаад гэвэл, Ардчилсан нам хүчирхэг байх нь өөрсдийгөө эрүүл байлгах үндэс нь учраас. Ийм Бурханы өгөгдөлтэй тул, бид Үндсэн хуульдаа “Монгол Улс бол нэгдмэл төрийн байгуулалтай” гэж зааж өгчээ.
Тэгвэл Ардчилсан нам хурдан хүчжихийн тулд, яах ёстой вэ? Мэдээж өрсөлдөгчийнхөө “ядарсаныг тэтгэнэ…” гэх амлалтад ганц найдаад явах нь утгагүй. Одоогийн дарга нараасаа юм хараад ч хэрэггүй. Энэ сонгуулиас ялалт горьдоод ч нэмэргүй. Яаж хүчжих ёстойг нь би хэлж мэдэхгүй. Тэгэхдээ тэр цагийг наашлуулахад тус нэмэр болж мэдэх санаагаа, та бүхэнд энэ бичвэрээрээ хуваалцахыг оролдьё гэж л бодсон ухаантай.
Хамгийн муугаар төсөөлж үзье… энэ сонгуульд Ардчилсан нам сүүл мушгина. Мушгих мушгихдаа… нийт сонгогчдын өчүүхэн бага хувийн санал авна. Энэ бол үндэстний хэмжээний том намын хувьд доромжлол. Тэгээд буруутныг хайна. М.Тулгат нь О.Цогтгэрэл ээ, ЖАН нь ЭАН аа буруутгана. Хоорондоо дахиад л эцэс төгсгөлгүй зодолдоно. Зүгээр нэг ялагдал биш, доромжлогдон гутаагдсан ялагдал тул нэгийгээ “алж” байж л… нэг юм дуусвал дуусна. Тэр хооронд гишүүд дэмжигчид нь үргэнэ, урам нь хугарна, урваж шарвана. Тэгээд дараа дараагийн сонгуулиар зайлшгүй ялагдана. Ардчилсан нам түүхийн хог дээр хаягдана. Зоосны нэг тал байхгүй болно. Тиймээс зоос шидэх ч шаардлагагүй. Ардчилал, эрх чөлөө гэх үгийн утга ч сарнина. Дагаад тусгаар тогтнол, бие даасан байдал ч устах аюул учирна. Тэр үед хоёр Ардын нам, хэдэн арван нярай гартаа нөж атган төрөөд ч Монголыг аварч чадахгүй…
Ардчилсан нам сүйрээд л зогсчихдог сон бол хэчнээн сайхан. Харамсалтай нь тийм биш. Учир нь энэ нам л одоохондоо улс төрийг тэнцвэржүүлэх, эрх баригч намд хяналт тавих боломж бололцоотой, туршлагатай, нийгэмд нөлөө бүхий улс төрийн хүчин хэвээрээ. Ардын нам улс төрийн талбайгаас гарлаа гэхэд “алтан замена”, тайзнаас буулаа гэхэд “дублёр дүр” хийх үндэстний хэмжээний цор ганц нам.
Тиймээс Ардчилсан нам энэ сонгуулиар доромжлол амсахгүй байх нь л, гишүүдийнх нь хүсэх ёстой зүйл. Монгол хүн бүрийн гэж хэлсэн ч болох байх, ер нь. Ялалт ялагдал бол байдаг л зүйл. Харин доромжлогдож гутаагдсан ялагдал гэдэг, цусан өшөө заавал авах сэдлийг үргэлж өөртөө тээж явдаг. Дэлхийн хоёрдугаар дайн гарах болсон үндсэн шалтгааны нэг нь Версалийн гэрээ байсан гэдэг. Тэр гэрээ Герман улсыг дэндүү их доромжилсон, яахаас ч буцахгүй байдалд түлхсэн. Тэгээд тэд өөрсдийн хорсол зэвүүцлийнхээ хариуг хүн төрөлхтнөөс далан сая гаруй хүний амиар авсан юм.
Гэвч Ардчилсан намын нэг хэсэг үүнийг л хүсээд байх шиг. Цагаан сонголтод уриалж ч байх шиг. Баатрынхаа цагаан толгойг зулгааж ч байх шиг. Өөрсдийн “мах цусны тасархайг” адлан хорсож ч байх шиг. Эргэж уулзах нүүргүй болтлоо л хэмлэлдэх юм. Гээд энэ нь зөвхөн хэдхэн гаруудын л увайгүй үйлдэл биз ээ. Ардчилсан нам эргэн нэгдэх нь цаг хугацааны л асуудал. Харин хэдий хэр хугацаа орох бол? Шуудхан хэлэхэд, Ардчилсан нам эргэн нэгдэх хугацаа нь, нэр дэвшигчийнх нь энэ сонгуулиас авах саналын хувьтай урвуу хамааралтай байх болно гэж л хэлэх гэсэн санаа. Өөрөөр хэлбэл хэдий их санал авна, төдий чинээ бага хугацаанд эвлэж чадна гэсэн үг. Харин тэр үед хэн нь Ардчилсан намыг авах бол? Надад л лав ямар ч хамаагүй. “Муур цагаан байна уу, хар байна уу? Хамаагүй. Хулгана барьж л байвал болоо” гэдэг биз. Ардчилсан нам хурдан хүчжээсэй. МАН-д ч, Монголд ч хэрэгтэй.
Эцэст нь, “Готов нь авна уу, Шадав нь авна уу… Би лав аавыгаа асрах минь” гэж нэгэн кинон дээр хэлдэг шиг. Ардчилсан намын эгэл жирийн гишүүд, дэмжигчид юу ч гэсэн өөрсдийн намын нэр дэвшигчийг сонгож дугуйлан, намынхаа эв нэгдлийн төлөө байгаа гэдгээ “хуурамч Дамбийжаа” нартаа илэрхийлэх байх аа. Учир нь энэ нам дарга нэртэй, өөр өөрийн нүхээ малтсан “дорго” нарын нуруун дээр биш… ардчилал, эрх чөлөөнд итгэдэг хэдэн зуун мянган хүний сэтгэл зүрх, оюун бодолд ойр байдаг учраас л өдийг хүртэл булшлагдчихгүй, газрын хөрснөөс арчигдчихгүй амьтай голтой явсаар ирсэн гэдэгт би итгэдэг.
Аан, нээрээ дээрх киноны нэр нь Ирж яваа цаг. Ирж яваа цаг аа гэж…
…Харин Ленин хашхиран босов
Хангинасан дуугаар ингэж уриалав.
“Үгүй шүү, нөхөд өө. Буугаа онилцгоо
Үнэний төлөө зоригтой тэмцэцгээ!”1
1. Г.В.Плеханов, Улс төрийн гэрээслэл, орчуулагч Ж.Нэргүй
Discussion about this post