Сонгууль, Корона, У.Хүрэлсүх гурав

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

СЭМҮҮН   

Сонгууль дуусна, амьдрал үргэлжилнэ гэдгийг иргэд өөрсдөө санах ёстой. Нэг увайгүй сагсуу, эрүүл согтуу нөхрийг улсын тэргүүнд өргөмжлөхийн төлөө амь нас, эрүүл мэндээрээ дэнчин тавиад байж болохгүй.

Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн сурталчилгаа орон нутагт үргэлжилж байна. У.Хүрэлсүх, Д.Энхбат нар нисдэг тэрэг хөлөглөн бууж сууж, С.Эрдэнэ нь газраар манаргаж яваа сурагтай. Угаасаа сонгуулийн сурталчилгааны өнгө төрх, явц байдал тухайн нэр дэвшигч болон намуудын бэл бэнчинг тодорхойлдог жамтай. МАН-ын хувьд таван жил эрх барьсан, хурааж хуримтлуулснаа бодсон ч хөрөнгө мөнгөнд гар татах шаардлага ч байхгүй. Төрийн өмчит бүх том компани тус намын ард зогсч байгаа шүү дээ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захирал Х.Бадамсүрэн “Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг” гэж ойр ойрхон хэлэх болсон нь санамсаргүй зүйл биш.

Цаад санаа нь “Засгийн газраас гаргасан шийдвэрийн төлөө би хариуцлага хүлээхгүй шүү” л гэсэн санаа. Лавшруулаад ухвал тус компанид санхүүгийн ямар нэг хариуцлага, хууль журам мөрдөх шаардлага байхгүй болсны нотолгоо. Эрх баригч нам ямар бодлого гаргана, түүнийг нь үг дуугүй биелүүлэхийн тулд л тэнд “Ерөнхий захирал” гэдэг хүн суугаа. Монгочууд хөл хориотой өнгөрсөн нэг жилийн хугацаанд юу ч хийж бүтээгээгүй атлаа өлсөөд үхчихгүй байгаа ганц учир шалтгаан нь төрийн өмчит томоохон компаниуд. Тэндээс орж ирсэн орлого, ашгаар МАН өнгөрсөн хоёр удаагийн сонгуулийг давж, өнөөдөр гурав дахиа сонгуульдаж байна. Хөдөлмөрлөхийг ньхүмүүс буюу ААН-үүд хийж, ашгийг нь нам хүртэж байна гэсэн үг.

Харин парламентад суудалтай хоёр дахь том нам болох АН-ын сонгуулийн сурталчилгаа тун шиг даржин үргэлжилж байна. Ялангуяа С.Эрдэнийн хувьд. Нам нь хоёр хуваагдаж, хүч нь задарсны дээр УДШ шинээр томилогдсон намын даргыг улсын цахим бүртгэлд бүртгээгүй шалтгаанаар сонгуулийн сурталчилгааны зардлаа босгох, хандивын данс ажиллуулах боломжгүй болсон. Гэтэл хуулийн дагуу хандивыг зөвхөн албан ёсны бүртгэлтэй дансаар авах, зарцуулах ёстой. Энэ үүднээс нь харвал С.Эрдэнэ гэдэг хүн энэ сонгуулийн хамгийн “буланд шахагдсан” хүн болж таарав. Ийм хүч тэнцвэргүй тулаанд орсон эр зоригийг нь үнэлэхээс өөр ч үг алга.

Нэгэнт нөгөө хоёр нам нь хэвлэлийн сурталчилгаа явуулах чадамжгүй байгаа учир эрх баригч нам ч гэсэн үүнд мөнгө гарздах нь илүүц гэж үзсэн бололтой. Хоёр өдрийн өмнө МАН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс хэвлэн нийтлэх үйл ажиллагаа явуулж буй 300 гаруй сайтын эздийг дуудаж, тус бүр сая төгрөгийн гэрээ хийжээ. Ингэхдээ “мэдээ дамжуулах шаардлагагүй” гэснээс үзвэл энэ мөнгийг мэдээлэл сурталчилгаа дамжуулахад биш, “ам хаалт” хийхэд зориулсан бололтой. Тийм учраас хэвлэл, сайтуудаар нэр дэвшигчдийг дэмжсэн ямар ч мэдээ, мэдээлэл гарахгүй, энд тэнд уулзалт хийлээ гэдгээс өөр тоймтой зүйл мэдээлэгдэхгүй байна.

Нэгэнт ил сурталчилгаа явуулахгүйгээр шийдсэн учраас сурталчилгаа далд хэлбэрт орсон гэсэн үг. Сүлжээ үүсгэх замаар сонгогчийн гар дээр мөнгө тавьдаг хуучин арга барилаараа явах юм байна. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар нэг санал 100 мянган төгрөгт хүрч байсан бол энэ удаа 200 мянгаас буухгүй гэдэг таамгийг ажиглагчид хийж байгаа. У.Хүрэлсүхийн орон нутагт хийж байгаа уулзалтын нөхцөл байдал, цугласан иргэдийн багцаагаар тараасан мөнгөний тоо хэмжээг барагцаалж болно. Өдөрт 1000, 1000-аараа тархаад байсан коронавирусын халдвар ч хамаагүй болж. Иргэдэд л бяраа гайхуулаад, торгож шийтгээд байдаг УОК нь ч нүдээ тас аниад таг чиг… Уг нь бол очсон орон нутгийнхаа телевиз, радиог цуглуулж байгаад шууд нэвтрүүлгийн эфирт суухад л хангалттай зүйл шүү дээ. 2017 онд МАН-ын дарга Ерөнхий сайд болсноосоо хойш бүтэн дөрвөн жил интертайнмэнт хийчихсэн хүнд илүү үзүүлээд байх зүйл ч үлдээгүй.

Гэвч нэгэнт мөнгөө төлж байгаа хүн хэдэн хүн цуглуулж чадсанаа тоолох, нохой шуугиулах /нохой нь бид өөрсдөө гээд бодчих/ шаардлага ч бас байдаг бололтой. Сонгуулийн дараа энэ улс яах ийх нь ч хамаагүй болж. Угаасаа эмнэлгүүд нь ачааллаа дийлэхээ больчихсон, халдвар авсан хүмүүсээ занд нь хаяж байгаа энэ нөхцөлд ядаж иргэд нь өөрсдөө ухамсартай байж, эрүүл мэндээ хамгаалах, өөрөө өөрийнхөө амь нас, амьдралын төлөө хариуцлага хүлээх ганц л арга зам байна. Сонгууль дуусна, амьдрал үргэлжилнэ гэдгийг иргэд өөрсдөө санах ёстой. Нэг увайгүй сангсуу, улаан галзуу нөхрийг төрийн тэргүүнд өргөмжлөхийн төлөө амь нас, эрүүл мэндээрээ дэнчин тавиад байж болохгүй биз дээ.

Next Post

Discussion about this post