Өнөөдөр 4 хүн МУГЖ цол хүртсэний нэг нь жүжигчин Д.Ганцэцэг. Үеийнхнийхээ дунд сор болсон эмэгтэй жүжигчин. 2000-2014 он хүртэл УДЭТ-т ажиллаж, “Драмын дөрвөл”-тэй цуг үеийнхээ залуусыг театрт “даллан” авчрахад их үүрэг гүйцэтгэсэн. Хувийн Хувьсал продакшнд ажилласан жилүүдэд ч тус газрын уран бүтээлийн өнгө төрх эрс өөрчлөгдөж, чансаатай кино, жүжгүүдийг дараалан бүтээсэн. Одоо МУГЖ Д.Ганцэцэг Аригун продакшныг үүсгэн байгуулан ажиллаж байна.
Хоёр хүүгээ ганцаараа өсгөн хүмүүжүүлж яваа жүжигчин бүсгүйн хувьд энэ гавьяа шагнал нөр их хөдөлмөр зүтгэлийн үр дүн. Жүжигчин Д.Ганцэцэг 30 гаруйхан насандаа ханиасаа хагацаж, сургуульд ч ороогүй, хоёр ч ой хүрээгүй үлдсэн бага хүүгээ өдийг хүртэл өсгөн өндийлөсөн сайн ээж.
МУГЖ Д.Ганцэцэг ханийнхаа талаар “Бид 11 жил амьдарсан, таван жилийг нь хамт өнгөрөөжээ, бусад хугацааг театртаа өнгөрүүлсэн. Надад үнэхээр хайртай, тэр нь харц болгоноос нь мэдрэгддэг тийм сайхан хань заяасан. Хоёр сайхан хүү заяасан. Энэ бол миний амьдралдаа авч болох хамгийн дээд хэмжээний гавъяа шагнал хүндэтгэл болов уу гэж боддог. Ханьдаа зориулаад дотоод сэтгэлдээ үргэлж бүтээл хийх юмсан гэж боддог. Тэр хүсэл мөрөөдөл маань биелж байгаа. Тэгээд Ганчимэгтэйгээ шинээр байгуулсан продакшны анхны бүтээл Халуун зүрх гэдэг бүтээлээ би ханьдаа зориулж хийж байгаа. Ханиа дурсаад ярих нь нулимсны маань сүүлийнх байх гэж итгэж байна. Тэнгэрт байгаа тэр байнга халуунаараа байгаа, намайг үргэлж хайрлаж байгаа тэр зүрхийг үзсэний дараагаас эхлээд хоёр хүүгийнхээ аавын тухай дэлгэж ярихгүй гэж өөртөө амласан. Би аав шигээ хүнийг хүлээсэн, түүнийгээ олсон. Гурван хүүтэй болно гэж боддог байлаа. Хүүхэд байхаасаа аавынхаа хайранд бөмбөрч өссөн болохоор тэр хэмжээний хайрыг тэр хүнээс хүссэн. Би ханиасаа дэндүү сайхан хайрыг мэдэрсэн. Бидний амьдрал аз жаргалтай, гэгээн дурсамж бүхнээр дүүрэн өнгөрсөн. Тэр сайхан дурсамжаа хэзээ ч мартахгүй, нандигнаж явах болно” гэж ярилцлага өгсөн байдаг.
Discussion about this post