Хавдар судлалын үндэсний төвийн Цээжний хөндийн мэс заслын тасгийн их эмч С.Хүрэлбаатартай ярилцлаа.
-Өнөөдөр улаан хоолойн хорт хавдрын өвчлөл хэр байна вэ. Юунаас болж байна?
-Улаан хоолойн хавдар Монгол Улсад зонхилон тохиолдох хавдрын гуравт орж байгаа. Эхний нэг, хоёрдугаар шатандаа оношлогдоод мэс засал хийлгэж байгаа нь жилд 70-80 хувь байна. Улаан хоолойн хавдар ихэвчлэн амьдралын буруу хэв маяг, буруу хооллолт, таргалалтаас болж үүсдэг.
Ялангуяа, Баян-Өлгий, Увс, Ховд аймагт их тохиолддог. Учир нь давс ихтэй хоол, цай их хэрэглэхээс гадна халуунаар нь иддэг. Халуун хоол байнга идэхээр салст цочирч, түлэгдэнэ. Зарим тохиолдолд таргалалтууд байна. Таргалснаас ходоодны даралт ихэсч улаан хоолойн доод булчингийн сулралаас болж улаан хоолой руу орж гэмтээсээр байгаад хавдар үүсгэдэг.
–Тэгэхээр байнга халуун хоол, цай идэж, уух нь улаан хоолойн хавдар үүсгэдэг гэж ойлгож болох уу?
-Тэгж ойлгож болно. Улаан хоолой нь хоол, хүнсийг ходоод руу дамжуулах үүрэгтэй булчинлаг хоолой юм. Улаан хоолойн хана салст, салстын доорх давхарга, булчин болон холбогч эдээс бүрдсэн давхаргатай. Хамгийн дотор талын салст давхаргаас эхэлж хорт хавдар үүсэх ба улмаар булчин, холбогч эдэн давхарга руу түрж ургадаг. Ямар төрлийн эсээс үүссэнээс хамаарч хоёр төрлийн хавдар тохиолдоно.
Үүнд хавтгай хучуур эсийн гаралтай хорт хавдар нь салст давхаргын хавтгай хэлбэртэй хучуур эсүүдээс үүсдэг. Улаан хоолойн аль ч хэсэгт үүсч болох ч дээд, дунд хэсэгт ихэвчлэн тохиолддог. Харин булчирхайлаг хучуур эсийн гаралтай хорт хавдар нь салст давхаргын шүүрэл ялгаруулагч булчирхайн эсүүдээс үүсдэг. Энэ төрлийн хавдар улаан хоолойн ходоодтой ойр хэсэг буюу доод хэсэгт зонхилон тохиолдоно.
-Хоолой, ходоодны амсар зангирч өвддөг. Энэ нь юутай холбоотой вэ?
-Мэдрэлийн гаралтай ходоод зангирч өвдөх тохиолдол байдаг. Заримдаа өрц мэдрэлийн сүлжээний гэмтэлтэй холбоотой.
–Улаан хоолойн хорт хавдрын үед ямар шинж тэмдэг илэрдэг юм бол?
-Хавдар нэлээд хожуу шатандаа орсон үедээ шинж тэмдэг илэрдэг. Хамгийн түгээмэл илрэх шинж нь хоол залгих үед өвдөх, залгихад саадтай байх, турах юм. Мөн өвчүүний араар өвдөх, хоолой сөөх, ханиах, ходоод гэдэсний замын хямралд орсон үед нь л манайхан ирдэг.
Ихэвчлэн хожуу шатандаа орсон үедээ илэрдэг учраас төгс эмчилгээ хийх боломж багасдаг. Мөн хүзүү юм уу суган дээр, ихэвчлэн хүзүүний эргэн тойронд булчирхайнууд томорч хавдрын үсэрхийлэл энд тэнд гардаг. Хавдар тунгалгийн судсаар, тунгалгийн шингэнээр дамжиж бусад эрхтэнд нөлөөлж гарч ирдэг.
–Энэ өвчнийг тодорхойлохын тулд ямар шинжилгээ, оношлогоо хийдэг вэ?
-Энгийн, хамгийн амархан арга бол ходоод дурандуулах. Улаан хоолойн дурангийн шинжилгээ хийж шаардлагатай бол эдийн шинжилгээ хийж оношийг баталгаажуулна. Хэрэв дурангийн шинжилгээний үед өөрчлөлт илэрвэл тэр хэсгээс дээж авч эмгэг судлалын лабораторит илгээж хавдрыг оношлоно.
Хүн болгоныг жил бүр дурандуул гэж хэлэхгүй. Хавдар үүсч эхлэх багцаа байна. Ерөнхийдөө 40-өөс дээш насныхан дурандуулж байхад гэмгүй. Мөн цээжний хөндийн рентген шинжилгээгээр цээжний хөндийн эрхтэнүүд ба цээжний хэнхэрцэг ясны бүтцийг шинжилнэ. Барийн тодосгогч бодис уулгаж салстын хэлбэр, эмгэг өөрчлөлтүүдийг илрүүлж болдог.
-Улаан хоолойн хавдар удам дамждаг гэдэг. Энэ үнэн үү?
-Яг удам дамжиж байгааг нотлох хэцүү. Гэр бүл дотор хавдартай хүн байна гэдэг нь тодорхой хэмжээгээр тэр хүмүүст мессеж байна гэсэн үг. Тиймээс энэ хүмүүс жил бүр дурандуулж байх хэрэгтэй. Хоёрдугаарт, тухайн гэр бүлийн иддэг хоол унд нь хэвээрээ байгаа учраас хүүхэд нь ч гэсэн адилхан хоол унд хэрэглэж байгаа.
Энэ утгаараа удам дамждаг гэхээсээ илүү хавдар үүсэх эрсдэлт хүчин зүйлүүд нь байгаа болохоор тийм ойлголт төрүүлж байна. Түүнээс удамшина гэдэг генийн юм шүү дээ. Үүнийг манай нөхцөлд шинжлэх боломжгүй. ДНХ-ийн том шинжилгээ хийж байж удмын юм байна гэдгийг мэднэ. Манайх энэ жил шинээр молекул, биологийн лаборатори байгуулсан. Улсын хэмжээнд 2-3 байдаг.
-Улаан хоолойн хавдартай хүмүүсийн эдгэх явц хэр байдаг вэ. Эмчилгээнд тэсэх хугацаа гэж бий юу?
-Хавдар оношлогдсон үе шатаас хамаарч ямар эмчилгээний тактик сонгох вэ гэдгээ шийднэ. Мэдээж хожуу шатанд мэс засал хийх үр дүн багатай. Хэрэв эрт оношлогдох тусам төгс эмчлэгдэх боломжтой.
Ганц мэс заслын эмчилгээ хийхгүй, хими, туяаны эмчилгээ хийдэг. I, II шатанд мэс засал хийлгэсэн хүмүүс хими, туяа эмчилгээ хийлгээд олон жил болсон хүн олон бий. Энэ хүмүүсийг таван жилээс хойш эрүүл болсон гэж үзээд хяналтаас гаргадаг. Хожуу шатанд буюу хоол, унд орохгүй болсон хүмүүст дурангийн аргаар улаан хоолойг тэлэх эмчилгээ хийдэг. Ингээд хоол, унд идээд ирэхээр ядрахгүй. Энэ хугацаанд нь хими, туяаны эмчилгээ хийж удаашруулах арга хэмжээ авдаг.
-Эмчлэгдээд гарсан хүмүүс гам барих, хориглох хоол хүнс гэж бий юу?
-Хүссэн, хүсээгүй ходоод тайрагддаг учраас эхний 1-2 жил өмнөх шигээ хоол, унд идэж чадахгүй. Давхар хими, туяаны эмчилгээ орсонтой холбоотойгоор ядарч, турдаг. Гэсэн ч жилийн дараа буцаад хэвэндээ ордог.
–Дороосоо даараагүй, хүйтэн зүйл идэж, уугаагүй хэрнээ өглөө сэрэхэд хоолой аргаж өвдөх, тордог нь юутай холбоотой вэ. Үүнийг хавдрын шинж тэмдэг гэж хэлж болох уу?
-Энэ улаан хоолойтой хамаагүй асуудал. Гүйлсэн булчирхай, залгиуртай холбоотой болохоор чих, хамар, хоолойн эмчид хандах хэрэгтэй. Улаан хоолойн илрэх шинж тэмдэг гол нь хоол идэхээр горойж тээглэж байгаа.
Гэхдээ энэ шинж тэмдэг хожуу үедээ илэрч байгаа. Улаан хоолой маань хөндийт эрхтэн учраас хавдар томрох тусам тэр хөндий нарийсч хоол унд цааш явах зай багасч мэдэгддэг.
-Энэ өвчнөөс яаж урьдчилан сэргийлэх вэ?
-Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд зөв зан үйл, зөв хооллолттой холбоотой. Мөн архи, тамхи, хорт зуршилгүй хүмүүст улаан хоолойн хорт хавдар ховор тохиолдож байгааг олон судалгаагаар тогтоосон. Улаан хоолойн хорт хавдраар эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийг бодвол гурав дахин их өвчилж байна.
Тиймээс тамхинаас татгалзах, зохистой хооллох, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийснээр хавдар тусах эрсдэлийг бууруулж чадна. Мөн хоол хүнсэндээ ногоон, улбар шар өнгийн жимс, хүнсний ногоо түлхүү хэрэглэвэл хавтгай хучуур эсийн гаралтай улаан хоолойн хорт хавдраас сэргийлнэ.
“ЭРҮҮЛ МЭНДИЙН ЖОР” СОНИН
Discussion about this post