Монголын хийгээд дэлхийн бахархал болсон Оюутолгой зэс-алтны порфирийн ордод үйл ажиллагаа явуулж буй“Оюутолгой” ХХК-ийн Нөөцийн Ерөнхий Геологич Т.Отгонбаяртай ярилцлаа. Түүнээс ашигт малтмалын нөөцийн ангилал болоод одоо мөрдөгдөж буй зэрэглэл барууны стандартад хэрхэн хүргэх болон Оюутолгой ордын талаар асууж тодруулсан юм. Тэрээр JORC стандартад тавигддаг итгэмжлэгдсэн бие даасан хүн гэдэг шалгуурыг бүрэн хангасан бөгөөд энэ жил Австрали улсын AIG буюу Австрали Геологичдийн Холбооны R.P.Geo шалгуурт тэнцэн тамга тэмдэгээ авсан байна. Нөөцийн ангилалыг шинэчлэн сайжруулах зайлшгүй шаардлагатай -Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та өөрийгөө манай сэтгүүлийн уншигчдад танилцуулна уу? -Геологич бидний ажил үйлс, үзэл бодол, дуу хоолойг хүргэдэг “Хайгуулын мэдээ” гэх сэтгүүлд ярилцлага өгч байгаадаа баяртай байна. Миний бие2000 онд МУИС-ийг геологич мэргэжлээр төгсч, 2005 онд ШУТИС-д магистрийн зэрэг хамгаалсан. Их сургуулиа төгсөөд “Монгол газар”, “Хүдэр-Эрдэнэ” зэрэг компаниудад ажиллаж байгаад 2001 оноос өнөөг хүртэл “Оюутолгой” компанид ажиллаж, энэ салбарт 13 дахь жилдээ ажиллаж байна. -Таны хувьд ямар чиглэлээр мэргэшсэн бэ? -Геологийн шинжлэх ухаан өөрөө асар олон салбартай байдгийн хэрээр геологичид маш олон чиглэлээр мэргэшдэг. Миний хувьд энэ мэргэжлээр сурч эхэлснээс хойш минералоги, ашигт малтмалын чиглэлээр илүү сонирхож байсан учраас дипломын ажлаа ч уг чиглэлээр хийсэн. Геологич болсон анхны жилүүдэд мэдээж юу хий гэснийг нь л хийдэг байсан. Харин 2004 оноосэхлэн ашигт малтмалын ордын нөөцийн тооцоо, геологийн загварчлалын чиглэлээр мэргэшин ажиллаж байна.
-Таныг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн R.P.Geo итгэмжлэх авсанд баяр хүргэе. Яг ямар чиглэлээр итгэмжлэгдсэн тухайгаа тодруулна уу?
-Барууны орнуудад ашигт малтмалын эрэл хайгуул, геологийн нөөц, ашиглалтын нөөцийн тоо хэмжээг олон нийтэд тайлагнахдаа competent person буюу итгэмжлэгдсэн хүнээр дамжуулдаг. Итгэмжлэгдсэн хүн нь хөрөнгийн бирж дээр гарах төслийн тайлан материалыг нягталж үзээд түүнд багтсан ашигт малтмалын нөөцийн тоо хэмжээ зэрэг нь бодит мэдээлэл дээр тулгуурлагдан бодитоор хийгдсэн гэдгийг баталгаажуулан гарын үсэг зурдаг эрх бүхий хүн гэдгийг уншигч та бүхэн мэдэж байгаа байх. Тус эрхийг авахын тулд тухайн орнуудад мөрдөгддөг JORC гэх мэт стандартын шалгууруудыг бүрэн хангасан байх ёстой байдаг. Энэ шаардлагуудын нэг нь R.P.Geo болох явдал байдаг.
-Тус эрхийг авахын тулд шалгалт өгдөг гэсэн үү?
– R.P.Geoболохын тулд шалтгалт өгөхгүй ээ.Харин аль нэгэн хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн байгууллагад гишүүнээр элсч, тухайн байгууллагын дөрвөөс доошгүй гишүүдээс тодорхойлолт авсан байх гол шалгууртай. Түүний дараа тухайн байгууллагын дээд хурлаар хэлэлцүүлээд, мэргэжлийн сэтгүүл дээр R.P.Geo-ын эрх авах гэж байгаа тухай зарыг дэлхий даяар цацдаг. Ингээд хэдэн сарын дотор ямар нэг гомдол, эсэргүүцэл ирээгүй тохиолдолд тусбайгууллагын хурлаар дахин хэлэлцүүлж батлан R.P.Geo гэсэн тамга, тэмдэг өгдөг.
-Таны хувьд долоон жилийн өмнөөс competent person болохыг хүсч мөрөөдөж зүтгэсний хүчинд уг амжилтанд хүрч чаджээ. Ер нь манай геологичдод competent personболох боломж хэр нээлттэй байдаг вэ?
-Энд хамгийн гол нь аль нэгэн ашигт малтмалын чиглэлээр мэргэшсэн байх шаардлагатай байдаг. Манай улсад тухайн ашигт малтмалын чиглэлээр өндөр түвшинд мэргэшсэн геологичид олон бий учраас итгэмжлэгдсэн этгээд буюу СР болох боломж тэр хүмүүст бүрэн дүүрэн нээлттэй бий. Ашигт малтмалын эрэл хайгуул, эрдсийн баялаг буюу геологийн нөөцийн тооцоо, ашиглалтын нөөцийн тооцоо буюу техник эдийн засгийн үндэслэл хийх гэх мэтээр тус тусдаа СР-нүүд байдаг. СРболсноор тухайн төслийг “толгойгоороо” батлан даадаг учраас өндөр хариуцлагатай ажил. Баталж гарын үсэг зурахын тулд тухайн төслийн анхдагч мэдээллийг нэг бүрчлэн судалж, бичигдсэн тайлан нь үнэн бодит, чанарын өндөр түвшинд цуглуулагдсан мэдээлэл дээр тулгуурлагдаж хийгдсэн эсэхийг шалгаж баталгаажуулдаг учраас цаг хугацаа шаардсан асар их ажил хийдэг. R.P.Geo зэрэг гишүүнчлэлийн хэлбэр нь тухайн байгууллагадаа өөрийгөө үргэлж хөгжүүлнэ гэсэн үүрэг амлалт авч, нэлээд хэдэн шаардлагыг биелүүлэх ёстой байдаг. Мөн мэргэжлийн ёс зүйг өндөр түвшинд дагаж мөрдөх үүрэг хүлээдэг. Тухайлбал,мэргэжлээ үргэлж дээшлүүлэхийн тулд жилд тодорхой цагийг зарцуулна гэх мэтчилэн үүрэг даалгаврууд байдаг. Улмаар жил бүр тавигдсан шаардлагуудын дагуу хүснэгт бөглөж, мэргэжлийн байгууллага руугаа илгээх ёстой. Үүний дагуу тухайн байгууллага нь түүнд нь аудитын шалгалт хийдэг. Хэрэв тухайн R.P.Geoшаардлагаа биелүүлээгүй тохиолдолд эрхийг нь хурааж авах хатуу журамтай. Тиймээс үргэлж өөрийгөө хөгжүүлж суралцах хэрэгтэй болно.
-Та хөрөнгийн бирж дээр СР-ээрээ ажиллаж байсан уу, Монголын компаниудаас танд СР хийх санал тавьж байв уу?
-Миний хувьд хамгийн анх СР-ийн үүрэгтэйгээр Австралийн хөрөнгийн бирж дээр гарсан компанийн мэдээлэлд оролцож байсан. Монголын компаниудаас СР-ээр ажиллах санал ирж байсан ч миний хувьд “Оюутолгой” компанид ажилладаг учраас давхар ажил хийх нь ёсзүйнхувьд нийцэхгүй.
-Таны хувьд олон улсын нэр хүндтэй итгэмжлэл хийх эрх авч Монгол Улсынхаа нэрийг хөрөнгийн зах зээлд гаргаж байгаад талархаж байна. Манай геологичдоос урьд өмнө нь ямар шалтгааны улмаас СР болж байгаагүй юм бол?
-Миний бодлоор би анхдагч нь лав биш байх аа, СР хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн эрх бүхий хэд хэдэн хүн байгаа байх гэж бодож байна. Австрали, Канадын Хөрөнгийн биржид тайлан, мэдээ, тоо баримтаа гарахын тулд заавал СР-ээр баталгаажуулагдсан байх ёстой гэсэн шаардлага тавигдсан байдаг. Энэ шаардлагын дагуу манай геологичид СР-ийн шаардлагыг хангах талаар ярьж, суралцаж байгаад хувьдаа маш их баяртай байна.
-УУЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын геологийн хэлтсийн дарга Б.Баатарцогт “Манай улс Олон улсын нөөцийн ангиллын хороонд гишүүнчлэлтэй болсноор геологичид маань гадаад зах зээлд үнэлэгдэх боломж нь нээгдэнэ” хэмээн ярьж байсан. Тэгэхээр тус хороонд гишүүнчлэлтэй болох шаардлагатай гэсэн үг үү?
-Тус хороонд элссэнээр геологич бидэнд илүү боломж нээгдэнэ. Гэхдээ манай улс тус хороонд элсэхийн тулд олон зүйлээ өөрчилж шинэчлэх ёстой. Тухайлбал одоо хэрэглэж буй ашигт малтмалын нөөцийн ангиллаа олон улсын ангилалтай тохируулах шаардлагатай. Австралид ашигт малтмалын баялаг буюу геологийн нөөцийг хэмжиж тогтоосон, өндөр магадлалтай, боломжтой гэж гурав ангилдаг. Харин манайд таван ангилалтай. Тэрхүү ангиллуудаа олон улсын нэгдсэн ангилалтай дүйцүүлэх хэрэгтэй байна. ОХУ гэхэд аль хэдийн энэ нийцүүлэлтийг хийн танай энэ ангилал, манай А, В хоёрыг багтана гэх зэргээр тайлбар өгсөн байдаг. Түүнчлэн олон улсын нөөцийн хороо нь тухайн тайланг өөрийн биеэр хариуцах СР байхёстой гэсэн шаардлага тавьдаг. Тэгэхээр бид хариуцлага хүлээн, батлан дааж баталгаажуулах хүмүүсээ хэрхэн нэрлэх, тэдгээрийг ямар байгууллагаар дамжин хэрхэн тодорхойлж байх зэрэг асуудлуудыг ч шийдвэрлэх ёстой байх.
-1993 оноос хойш зах зээлийн нөхцөлд тохирсон нөөц баялгийн шинэ ангилал боловсруулах ажил өрнөж эхэлсэн. Гэсэн ч манайхан хатуу ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангилалд нэгдсэн шийдэлд хүрч чадалгүй маргасаар ирсэн. Ер нь ашигт малтмалын ордын нөөцийг хэрхэн ангилах ёстой гэж та үзэж байна вэ?
-Манай оронд ашигт малтмалын нэгдсэн ангилал байдаг.1998онд гарсан нөөцийн ангилал нь “түр” гэсэн тодотголтой хэдий ч өнөөг хүртэл 10 гаруй жилийн турш хэрэглэгдсэн учир шинэчлэн сайжруулах зайлшгүй шаардлагатай гэж миний хувьд боддог. Ашигт малтмалын нөөцийн ангиллыг ямар ч хэлбэрээр хийж болно. Мэдээж өөрийн улс орныхоо онцлогийг харуулсан байх учиртайгаас гадна хамгийн гол нь олон улсын бусад ангилалтай хэрхэн дүйцэхийг нь тайлбарласан байх нь чухал. Уялдаа холбоог нь сайн гаргаж өгөх ёстой. Ашигт малтмалын салбар өндөр хөгжсөн улс орнуудын арга аргачлалаар хайгуулын ажлыг хийж гүйцэтгээд, тэдний арга аргачлалаар ангилал, зэрэглэлээ хийгээд дараа нь Монголынхтойгоо харьцуулж хөрвүүлэхэд олон тооны хүндрэл, тодорхой бус зүйлүүд, ойлголтын зөрүүнүүд гардаг. Тиймээс үүнийг сайн бодож хийх ёстой. Манайд нэг ойлгомж муутай, бүрхэгзүйл болгеологийн болоод ашиглалтын нөөцийн хоорондын ялгаа юм. Гэтэл барууны оронд хайгуулын үе шатанд геологичидоос бүрдсэн баг өндөр чанартайгаар цуглуулагдсан анхдагч мэдээлэл дээр тулгуурлан ордын нөөцийн тооцоогхийж, өөрсдийн мэдээлэлийн чанар, ойлгосон мэдлэг зэрэг дээрээ тулгуурлан ангилдаг. Харин түүний дараагаар тухайн геологийн нөөцийн хамгийн баталгаатай хэсэг дээр нь ашиглалтын инженер, баяжуулагчид, байгаль экологийн болоодсанхүү, эдийн засгийн мэргэжилтнүүдээс бүрдсэн баг ТЭЗҮ хийж ашиглалтын нөөцийг тооцоолдог. Энэ үе шатанд геологичдийн оролцоо харьцангуй бага байдаг. Ингэснээр аль аль талынх нь ажил чанартай болж хариуцлага харьцангуйгаар зөв хувиарлагдана. Өөрөөр хэлбэл газрын хэвлийд буй нөөцийн тоо хэмжээг геологич өөрийнхөө судалгааны үндсэн дээр ангилахдаа энэ хэсэг нь хамгийн баталгаатай нөөц, харин тэр хэсгийнх нь шинжилгээний чанарын хяналт муу гарсан, бид арай цөөхөн цооног өрөмдсөн, байгалийн зүй тогтол нь энэ хэсгийнх ихээхэн нийлмэл байдаг учир бид тэр хэсгийн геологийн тогтоцыг төдийлөн сайн ойлгоогүй байгаа гэх зэргээр тайлбарлан нөөцөө ангилдаг. Үүн дээр үндэслэн ТЭЗҮ-г геологийн нөөцийн хамгийн баталгаатай гэсэн хэсэгт хийдэг. Харин манайд энэ хоёрыг ялгаж салгаж өгөөгүйн улмаас геологичийн анхдагч өгөгдлийн чанарын хяналт, ордын геологийн тогтоцыг ойлгож нөөцийн тооцоондоо тусгах асуудал орхигдсон, ихэнхдээ ашиглалтын нөөцөд анхаарсан байх нь ажиглагддаг.
-Тэгвэл нэгэнт л барууны стандарт шаардлагад нөөцийн ангиллаа хүргэх шаардлагатай юм бол барууны орнуудын хэрэглэдэг ашигт малтмалын нөөцийн ангиллыг тэр хэвээр нь орчуулан ашиглаж болох юм биш үү?
-Хэдийгээр барууны ангиллыг орчуулан хэрэглэж болохгүй гэх газаргүй ч гэлээ улс орныхоо онцлогийг тусгах хэрэгтэй л дээ.
-Барууны орнуудын хувьд нөөцийн ангилал нь мөн адил улс орныхоо онцлогийг харуулсан шинж чанартай байдаг уу?
-Австрали, Канад, Англи, Өмнөд Африк зэрэг англи хэлээр ярьдаг улс орнуудын хувьд ашигт малтмалын нөөцийн ангиллын утга санаа нь ижил ч нэршлийн хувьд, тайлагнах хэлбэрийн хувьд мөн тайлангийн агуулгын хувьд ялгаатай байдаг.
-Манайхан ордын нөөц бэлтгэх зорилгоор геологийн судалгааны түвшин, хамрах хүрээ, төлөвлөсөн хайгуулын малталтын торын хувьд барууны болон оросын гэсэн хоёр аргын алиныг нь барихаа мэдэхгүйн улмаас зарим тохиолдолд хүндрэл гардаг. Тэгвэл олон улсад одоо мөрдөгдөж буй жишгээр нөөцийн тооцоог хэрхэн тооцдог вэ?
-Тухайн улс орон бүр өөрийн гэсэн нөөцийн ангилалтай. Тус ангилал нь нөөцийн тооцоо хийхэд хэрэгтэй шаардлагуудыг тавьж өгч байна гэсэн үг. Миний хувьд аль ч орны аргыг ашиглаж болно, гэхдээ хамгийн гол нь ашигт малтмалын ордын хайгуулын үр дүн болох нөөцийн тоо хэмжээ бодит байхёстой гэж боддог. Нөөцийн тоо бодит байж чадаж байвал аль ч аргачлалыг ашиглаж болно. Ер нь тухайлсан нэг аргачлалаар нөөцийн тооцоог хийх ёстой гэсэн зүйл байхгүй шүү дээ. Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд зарим ордын нөөцийн тооцоог буруу хийснээс тэр тооцоонд нь итгэж найдан хөрөнгө оруулалт хийсэн хөрөнгө оруулагчид, банкууд санхүүгийн хүндрэлд орсон тохиолдлууд гарлаа. Тиймээс ашигт малтмалын ордын нөөцийг бодитоор тооцоолох улмаар тэр тооцоо хийсэн хүн, байгууллага нь хариуцлага хүлээдэг байх нь асар чухал зүйл юм.
-Тэгэхээр манайд геологичдийн хариуцлага сул байгаагийн улмаас олон банк дампуурч байна аа даа?
-Геологийн нөөц бодож буй геологич, ТЭЗҮ гаргаж буй хүмүүс ч тэр дор бүрнээ ажилдаа хариуцлагатай хандах шаардлагатай юм. Манайд бол хэн нэгний бодсон нөөцийг маш их үүрэгтэй ч юм шиг, эсвэл асар их эрх мэдэлтэй гэмээр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл /ЭБМЗ/ бүртгэж авдаг. Манайханд ЭБМЗ-д нөөцөө бүртгүүлсэн л бол баталгаатай хэмээн бодож хөрөнгө оруулалт хийдэг, тэгэхээс ч өөр аргагүй юм. Учир нь Засгийн газрын агентлаг хариуцан, шинжээчдийг томилон ажиллуулж байж гаргадаг шийдвэр шүү дээ.
-Ер нь манай нөхцөлд ЭБМЗ гэж байгууллага байх нь хэр зөв шийдэл вэ, гадны улс орнуудад ийм эрх бүхий зөвлөл байдаг уу?
-Миний хувьд гадны улс орнуудад ЭБМЗ шиг статустай байгууллага байдаг гэж сонсч байгаагүй. Ер нь барууны системд тухайн ашигт малталын нөөцийг бодсон хүн өөрөө л хариуцлагаа бүрэн хүлээдэг.
-Манай ЭБМЗ нь СР-г орлоод байгаа юм байна гэж ойлгож болох уу?
-Ер нь тэгж ойлгож болно. Ашиглалтын лицензтэй хүмүүсийг харж байхад манай нөөц ЭБМЗ-өөр батлагдсан хэмээн ярьдаг. Харин барууны оронд бол нэрд хүндтэй СР нараар нөөцөө бодуулсан бол хөрөнгө оруулалт олж авч үйлдвэрлэлээ эхлүүлэх бололцоо илүү өндөр байдаг. Манай улсад СР буюу мэргэшсэн этгээдийг тусдаа болгож тэдний хариуцлагыг өндөрсгөх шаардлагатай. Харин ЭБМЗ-ийн хувьд улс орны нөөцийн стратеги боловсруулах, ашигт малтмалын хайгуултай холбоотой нөөцийн ангиллын дүрэм журмыг боловсруулах гэх мэт үүрэг хариуцлагыг нь арай өөр болгох шаардлагатай байх гэж бодож байна. Геологийн шинж чанарыг харгалзан үзэж нөөцийн тооцоо хийвэл илүү бодит тоо гарна
-Нөөцийн зэрэглэлийг ордын геологийн тогтоц, хэлбэр хэмжээтэй хэрхэн уялдуулан тогтоох ёстой вэ?
-Тухайн ашигт малтмалын ордыг бүрдүүлж буй агуулагч чулуулгийн найрлага, ордын бүрэлдэн тогтсон геологийн үйл явц, түүнд нөлөөлсөн эрдэсжлийн дараа үеийн геологийн процесс зэргээс хамааралтайгаар ордын хэсэг тус бүрт агуулагдах металлийн хэмжээ өөр өөр байдаг. Тиймээс ордын геологийн тогтоцыг харгалзан үзэх хэрэгтэй. Ер нь геологийн судалгааг өндөр түвшинд хийж байгаа бол тухайн ордын геологийн тогтоцыг нөөцийн тооцоонд ашиглахад илүү хялбар болдог. Тиймээс манай геологичид энэ асуудалд илүү анхаарах учиртай юм.
-Нөөцийн тайланг зохиохын тулд геологийн судалгаатай холбоотой ямар асуудлууд дээр анхаарах шаардлагатай гэж та боддог вэ?
-Нөөцийн тайлан зохиох, нөөцийн тайлан бичих гэж манайхан их ярьдаг. Үнэндээ зохион бичиж байгаа зүйл биш бөгөөд хийсэн ажлынхаа хүрээнд олж авсан бодит мэдлэгтээ тулгуурлан тооцоолсон нөөцийнхөө тоо хэмжээг тайлагнаж байгаа явдал юм. Геологичид хайгуул хийж байх үедээ асар олон мэдээллийг чулуулгийн дээжээсзэрэг авч байдаг. Хайгуулын үед тодорхой болсон бага ч гэлтгүй бүх геологийн шинжүүдийг цуглуулж эргүүлэн геологийн нөөцийн тооцоондоо ашиглах хэрэгтэй юм. Тухайлбал, Монголчуудын өрхийн дундаж орлого 500 мянган төгрөг гэдэг тоог гаргахдаа нэг сая төгрөгний цалинтай байнгын ажилтай хүний орлогыг огт орлогогүй ажилгүй хүнийхтэй дундажлан гаргаж болохгүй шүү дээ. Харин үүний оронд байнгын цалинтай, орлоготойхүмүүсийг тусад нь тооцож дундажийг нь гаргаж, бага орлоготой бүлэг хүмүүсийг мөн тусад нь бодож дундаж цалинг нь тооцоолон гаргах учиртай. Геологийн нөөцийгтооцохдоо яг үүнтэй нэгэн адилаар бодох хэрэгтэй байдаг. Ордын тодорхой хэсгийн тодорхой найрлагатай чулуулагт зэсийн агуулга 0.3 хувьтай байхад түүний зэрэгцэн оршиж буй тийм найрлагатай чулуулагт зэсийн агуулга нэг хувь байна. Учир нь ашигт малтмалын орд үүсэн бүрэлдэх үйл явцад байгалийн хуулиар тухайн чулуулгууд янз бүрийн агуулгатай болж тогтдог. Тиймээс геологийн шинж чанарыг харгалзан үзэж нөөцийн тооцоо хийвэл илүү бодит тоо гарна.
-Манайд ийм алдаа их гардаг уу?
-Манайд хайгуулын ажлыг бүрэн гүйцэд хийдэггүй нь гол дутагдал болдог байх. Мэдээж хэрэг геологи хайгуулын ажил нь асар их хэмжээний хөрөнгө мөнгө шаарддаг. Тиймээс санхүүдээ тааруулж бага хэмжээний судалгаа хийж түүндээ тохирсон бага хэмжээний мэдээлэл цуглуулжнөөцийн тооцоо хийх нь үзүүлэх үр дүн нь мөн л дутуу дулимаг байна гэсэн үг. Үндсэндээ геологийн нөөцийн үнэлгээний чанар нь анхдагч мэдээллийн чанараас улбаатай.
-Манай улсад геологийн судалгаа, хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниуд хувийн хөрөнгөөрөө геологийн ажил хийгээд түүнийгээ улсад тайлагнах, бүртгүүлэхийн тулд ихээхэн цаг зарсан төвөгтэй ажил болдог, түүнчлэн батлуулахын тулд дахин мөнгө төлдөг “хачин” тогтолцоотой. Ер нь энэ хэр зөв шийдэл вэ?
-Ер нь хэн нэгний бодсон нөөцийг ЭБМЗ бүртгэж, батлан даана гэдэг нь буруу тогтолцоо л доо. Гэтэл тухайн геологич ашигт малтмалын нөөцийг буруу бодсон байж болох. Тэгэхээр яагаад тухайн хүний хариуцлагыг ЭБМЗ буюу улс үүрэх ёстой гэж. Ер нь манайхан хүний өмнөөс батлан даагч болох сонирхолтой юм шиг байгаа юм. Банк нь дампуурлаа гэхэд улс мэдэлдээ авах жишээний. Ашигт малтмалын тоо хэмжээ нь өөрөө бодит бус, тодорхой бус зүйл байдаг. Учир нь тухайн олборлох гэж буй массаасаахэдэн зуун сая дахин бага материалыг дөнгөж хэдхэн сантиметрийн диаметртэй цооног өрөмдөн авч, тухайн асар бага хэмжээний дээжээрээ асар том массыг төлөөлүүлэн нөөцийг нь бодож буй эрсдэлтэй алхам шүү дээ. Ийм байдлаар асар эрсдэлтэй дээрээс нь хайгуулыг нь дутуу хийсэн ордуудын нөөцийг ЭБМЗ батлан даах нь учир дутагдалтай. Гэхдээ миний хувьд тус зөвлөлийн хийсэн бүх ажлыг буруу гэж хэлж байгаа юм биш шүү. Миний хувьд ашиглалтынлиценз авсан зарим хүмүүст туслах гээд геологийн модель, нөөцийн тооцоог нь үзэх гэхээр нөөцийн тооцоо байтугай өрмийн анхдагч мэдээлэл нь ч байдаггүй тохиолдолтой таарч байсан. Тиймээс ийм зүйлийг цаашид өөгшүүлж болохгүй л дээ. Ийм байдлаар байгаад байвал олон арван дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид, геологич бидэнд итгэхээ болино. Манайхан дээжлэлтийн болоод өрөмдлөгийн хоорондын зай нь л ойрхон байх тусмаа илүү баталгаатай нөөц байна гэж ойлгодог нь өрөөсгөл зүйл юм
-Олноор хэлэлцүүлэгдсэн “Ашигт малтмалын тухай хууль”-д нөөцийн зэрэглэлийн асуудлыг нарийн оруулах шаардлагатай юу, эсвэл бид “Газрын тухай хууль”-аа эргэн харж тус асуудалд арай ул суурьтай хандах ёстой юм болов уу?
-“Ашигт малтмалын тухай хууль” нь хайгуул хийх, олборлох, цаашид борлуулахтай холбоотой хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх үндсэн үүрэгтэй шүү дээ. Гэтэл нөөцийн ангилал, зэрэглэл нь илүү геологи хайгуулынсудалгааны түвшин, түүний итгэл үнэмшлийг харуулсан илүү мэргэжлийн чиг хандлагатай асуудал юм. Ашигт малтмалын орд бүрт ангилалын баримтлах зарчим нь өөр өөр байж болох талтай. Үргэлж 50 метр дотор цооног өрөмдөн хайгуул хийснээр А зэрэглэлийн нөөц гарна гэж хатуу хуульчилж болохгүй л дээ. Тухайлбал, нүүрсний орд асар өргөн уудам талбайд, өөрийн дотоод өөрчлөлт харьцангуй багатайгаар сунаж тогтсон байж болно. Тиймээс ийм тодорхой зүйл дээр ойр ойрхон өрөмдөхийн оронд илүү хол зайтайгаар өрөмдөхөд хангалттай байх жишээтэй. Харин илүү нарийн тогтоцтой,металлийн ордууд дээр нөөцийн зэрэглэлд тавих шаардлага нь бас өөр байх нь тодорхой. Тиймээс зөвхөн геологичдод зориулсан нөөцийн ангиллын заавар, чиг шугамыг боловсруулан гаргаж мөрдөх хэрэгтэйгэж боддог. Мэдээж хэрэг ашигт малтмалын ордын зөвхөн баттай болон бодитой геологийн нөөц дээр үндэслэж ТЭЗҮ хийнэ гэх зэргийн заалтыг ашигт малтмалын хуульд оруулан журмыг хуультай нь холбож өгч болох юм. Гэхдээ эдгээр санаа бол зөвхөн миний хувийн бодол гэдгийг тодотгон хэлье.
-Тэгэхээр ашигт малтмалын нөөцийн ангиллын журмыг гаргаж хуульчлах ёстой гэсэн үг үү?
-Тийм ээ, ашигт малтмалын нөөцийн ангиллын журмаа маш богино хугацаанд тодорхой, ойлгомжтой болгох шаардлагатай. Ер нь дээж авч, шинжилгээнд явуулан, хариу авахдаа энэ бүгдийг асар өндөр чанартай байлгах шаардлагатай. Дээжийн чанарын хяналт, чанарын баталгаажуулалтанд бүхэл бүтэн программ хэрэгжүүлэх шаардлагатай байдаг. Тэгж байж үндсэн анхдагч мэдээлэлийн бодит байдалд итгэх боломжтой болно. Байгаль өөрөө үргэлж хувиран өөрчлөгдөж байдагтогтмол биш зүйл учраас лабораторийн шинжилгээний хариунууд ч эргэлзээтэй зүйл юм. Үүнийг баталгаажуулан байгалийн өөрчлөлтийн хязгаарыг тодорхойлох нь ихээхэн хэмжээний хүч хөдөлмөр шаардсан ажил юм. Харин манайхан дээжлэлтийн болоод өрөмдлөгийн хоорондын зай нь л ойрхон байх тусмаа илүү баталгаатай нөөц байна гэж ойлгодог нь өрөөсгөл зүйл юм. Харин JORC зэрэг олон улсын стандартын дагуу нөөцийг ангилахдаа нэгдүгээрт, тухайн мэдээллийн чанар, хайгуулын малталтуудын хоорондын зай, геологийн тогтоцын нийлмэл байдал, дээжинд хийгдсэн шинжилгээний чанар зэрэг олон арван зүйлсийг багтаасан жагсаалтыг үндэс суурь болгодог. Мэдээж хэрэг анхдагч мэдээлэл алдаатай, чанаргүй, буруу байвал түүн дээр үндэслэсэн дараа дараагийнажлууд нь бүгд өрөөсгөл болно.
-Тэгэхээр нөөцийн тооцоо хийхийн хамгийн чухал зүйл юм байна гэж ойлгож болох уу?
-Ашигт малтмалын ордын тооцоо хийх нь олон хүний хамтын хүчин зүтгэлээр хийсэн хайгуулын ажлын үр дүнг бодитоор үнэлж буй хэлбэр юм. СР нь нэг ёсондоо хайгуул хийж буй хүмүүсийн хийсэн ажил бодит гэдгийг батлан дааж байгаа хүн юм. Уулын инженерүүд геологичдийг худлаа ярьдаг гэж хэлдэгийн учир нь геологийн нөөцийн тооцоон дээр үндэслэн хөрөнгө оруулалт хийж үйлдвэр барихад тогтоосон нөөц нь зөрдөг явдал юм.
Оюутолгойн ордын судалгааны бүх зүйл нь сонгодог хэлбэрээр нэлээд өндөр түвшинд хийгдсэн гэж үздэг
-“Оюутолгой”-н бүлэг ордуудыг харж байхад цаашид шинээр хүдрийн биет олдох магадлал хэр их байгаа вэ?
-Оюутолгойн бүлэг ордын талбайд ихээхэн хэмжээний хайгуул хийн нөөцийг нь тогтоосон байгаа. Оюутолгойн орд нь асар гүнд суудгаараа Монголд олдсон ордуудаас онцлогтой. “Хюго Дамметт”-ийн орд гэхэд 800 метрийн гүнээс эхэлдэг, бид 2500 метр хүртэл өрөмдөж байсан. Бид илүү гүнд цөөн тооны өрөмдлөгөөр тодорхойлогдсон эрдэсжилт болоод гүний геофизикийн анамолууд дээр тулгуурлан хайгуулийн ажлыг үргэлжлүүлж байгаа. Үүний үр дүнд цаашид хүдрийн биет олдох магадлалтай. Тиймээс бүлэг ордуудын эргэн тойронд болоод гүн рүү судлах шаардлага бий. Гэхдээ өнөөдрийн эдийн засгийн байдалд тийм гүнээс бага хэмжээний ашигт малтмал олоод ямар хэмжээний ашигтайгаар олборлож болох уу гэдэг асуудал мэдээж гарна.
-Оюутолгойд ажиллаж буй хүмүүсийн ажил их нарийн, эмх цэгцтэй, төлөвлөгөөний дагуу явагддаг. Тэгвэл тус компанид ажиллаж буй геологичид яг ямар ажил хийдэг вэ. Уг нь бүх зүйлийг компьютерт цахим байдлаар хадгалдаг болов уу гэж бодож байсан ч гараар бичиж, зурж архивлан хадгалдаг гэж сонссон юм байна?
-Одоогоор тус төслийг удирдаж буй “Рио Тинто” болон өмнө нь хайгуулын үйл ажиллагааг хариуцан авч явж байсан “Айвенхоу Майнз” нь олон арван жилийн геологи хайгуулын ажил явуулах туршлагатай компаниуд юм. Энэ ч үүднээс геологичдийн ажил маань асар өндөр шаардлагын дагуу явагддаг. Бид тусгай өгөгдлийн санд анхдагч цуглуулсан мэдээллээ ямар ч алдаа мадаггүйгээр орууланхадгалж түүнийг эргүүлэн үр дүнтэйгээр ашиглах боломжийг бүрэн хангасан. Геологичид маань тус санд оруулж буй өгөгдөл нэг бүрээ сайтар нягталж шалгана, тэдний ажлыг ахлахууд нь бас давхар хянадаг цогц цахим систем манайд бий. Энэ системд мөн гурван хэмжээст ордын геологийн загварчлал боловсруулах, нөөцийн тооцоо хийх программ хангамжууд ч багтана. Түүний зэрэгцээ гараар цаасан дээр зурж тэмдэглэх, боловсруулалтын ажлыг давхар хийдэг. Учир нь манай геологичид бүгд олон жил ажилласан туршлагатай хүмүүс биш. Шинэ залуу боловсон хүчнээ дадлагажуулахын тулд нөгөө талаас мэдээллийн сангаа архивлан хадгалахын тулд цаасан дээр зурж, тэмдэглэдэг, хэвлэж гаргаад хадгалах ажил давхар хийгддэг.
-Оюутолгойд ажиллаж буй геологич бусад коммпанид ажиллаж буй геологичоос ямар давуу талтай вэ?
-Оюутолгойн ордын судалгааны бүх зүйл нь сонгодог хэлбэрээр нэлээд өндөр түвшинд хийгдсэн гэж үздэг. Тиймээс шинэ геологичдод цэгцтэй мэдлэг олж авч, ойлгоход хялбар байдаг байх. Мэдээж бид бусад геологичидтой адил өрөмдлөг хийж, дээж цуглуулж судалгаа хийдэг гээд онцын ялгаатай зүйлүүд байхгүй л дээ. Хамгийн гол нь бидэнд байгаа анхдагч өгөгдөл, түүн дээр үндэслэн хийгдэж буй геологийн тайлал зэргийн чанар, үнэмшлийн зэрэгт дээд зэргээр анхаарлаа хандуулан, өндөр ач холбогдол өгч ажилдаг.
-Оюутолгойн геотехникийн хэмжилтийн ажил хэрхэн явагддаг вэ?
-Бид олон жилийн туршлага дээрээ үндэслэсэн геологи, геотехник, минералогийн гэх мэт ажлуудыг хэрхэн яаж ямар арга аргачлалаар цуглуулах вэ гэдгээ зааварчлан бичсэн арга аргачлалын дагуу ажлаа хийдэг. Геотехникийн хэмжилтийн хувьд ч гэсэн ордын цаашдын судалгаанд шаардлагатай бүх төрлийн мэдээллүүд багтдаг. Тухайлбал, ашиглалтын үеийн тэсэлгээг хийхэд нуралт ямар хэмжээтэй үүсэх үү, далд уурхайн нуралт хэрхэн явагдах зэргийг нарийн тооцоолон судалдаг тусдаа геотехникийн баг бий. Тэд чулуулгийн ан цавын нэг бүрийн шинж чанарыг тодорхойлон нарийвчлан судалдаг.
-Хэдэн жилийн өмнө Оюутолгойн бүлэг ордуудын нөөц болон ТЭЗҮ-ийг Ашигт малтмалын газар болон ЭБМЗ-өөр батлуулсан. Та бүхэн ордын нөөцийг олон улсад ашиглагддаг программ хангамжууд ашиглан тооцсон байх. Харин зэс, алт, молибден, мөнгөний агуулгуудыг хүдрийн биет тус бүрээр нь ч юм уу, ер нь нөөцийн хэмжээг тухайн программаар нарийн шалгасан уу?
-Миний дээр хэлсэнашигт малтмалын ордын нөөцийг бодохдоо геологийн тогтоцыг хамгийн эхний шалгуур болгох ёстой гэдгийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлсэн нь Оюутолгой төсөл юм. Бид тус ордын чулуулаг бүрийг төрөлжүүлэн хувиралд орсон байдал, ордын үүсэх үеийн болоод дараа үеийн шилжилт хөдөлгөөн, хагарлуудын судалгааг нарийн хийдэг. Үүнийг нөөцийн тооцоонд оруулахын тулд ордын хэсэг нэг бүрээр нь ордуудаа дотор нь хуваан металлуудийн агуулгын тархалт хэрхэн ялгаатай байгааг нэг бүрчлэн шалгадаг. Мэдээж блок бүрт тархалт нь харилцан адилгүй байдаг. Геологийн нөөцийн тооцоог бид хоёр өөр аргаар харилцан хамааралгүйгээрбодоод сүүлд нь агуулга болоод нөөцийн хэмжээгээр хэр тохирч байгааг нь шалгахад онцын зөрүү гараагүй. Уг аргын нэг нь геостатистикийн арга бол нөгөөх нь Монголчуудын түгээмэл хэрэглэдэг хажуу хөршийн арга юм. Хүмүүс Оюутолгойн ордын нөөцийг аль хэдийн тогтоочихсон байхад одоо хэр нь яагаад нөөцийн ийм том баг ажилладаг юм бол гэж их гайхдаг юм шиг байгаа юм. Үнэн хэрэгтээ ордын нөөцийн тооцоонд шинээр гарч ирж буй геологийн ойлголтууд дээр тулгуурласан өөрчлөлтүүд гарч байдаг. Тиймээс бид өмнө бодсон нөөцөө баталгаажуулахын тулд нэмэлт судалгаа, шинжилгээнүүдийг хийхийн зэрэгцээ, шинэ арга аргачлалаар хянаж шалгаж, дахин тооцоолж байдаг. Харин уурхайн геологийн хэсгийн өдөр тутмын ажлаас бидэнд асар чухал мэдээлэл ирдэг. Тэдний гаргасан уурхайн өдөр тутмын хэсэгчилсэн тооцоог бид ордын гүн дэх хайгуулын мэдээлэлтэй харьцуулж өмнө нь олсон ойлголтоо улам баталгаажуулан шинэчилж байдаг.
-Кригин гэх аргыг манайхан хэрэглэдэг үү?
-Сүүлийн үед Монголын геологичид тус аргыг өргөн хэрэглэдэг болсон. Хамгийн гол нь ордынхоо геологийн тогтоцтой уялдуулан ашиглаж байна уу гэдгээс гарах үр дүн нь ихээхэн хамаарна л даа.
-Ер нь Оюутолгойн цаашдын байдал танд хэрхэн төсөөлөгдөж байна вэ. Монгол геологичийнхоо хувьд таны анх төсөөлж байсантай хэр дүйж байна вэ? Ер энэ төслөөс манайхан юуг түлхүү мэдэж авах ёстой вэ?
-Миний хувьд Оюутолгойн төслийг олонд танигдаагүй, сураггүй байх үеэс нь л ажиллаж эхэлсэн учраас ийм тийм байх байх гэсэн төсөөлөл байгаагүй. Анх ажилд ороход надад өмнө нь хуримтлуулсан туршлага бага байсан учраас асар нарийн, өндөр түвшинд хийгдэж байсан Оюутолгой төслийн судалгааны ажлаас өнгөрсөн хугацаанд асар олон зүйлийг сурч мэдэж авсан. Залуу геологичдийн хувьд Оюутолгойн ордоос хайгуулын ажлыг чанартай хийх, бүрэн цогц хийх зэргийг нь илүү онцолж мэдэж сурч аваасай гэж хүсдэг. Оюутолгой ордын судалгаа бол Монголд хийгдсэн хайгуулуудаас хийх ёстой бүх зүйлийгбүрэн цогцоор нь хийсэн сонгодог загвар болж чадсан. Аливаа ашигт малтмалын хайгуулыг хэдхэн цооног өрөмдөөд олно гэсэн тогтсон зааварчилгаа байдаггүй. Харин геологич хүн өөрийн мэдлэг,мэдрэмжиндээ тулгуурлан хийдэг ажил. Тиймээс аль хэдийн бүрэн цогцоороо хийгдчихсэн Оюутолгойн ордоос тухайн геологич энэ талын мэдлэгийг хурдан хугацаанд сурч авдгаараа давуу талтай юм. Манайд “Шинэ төгсөгч геологич” гэсэн хөтөлбөр байдаг. Тус хөтөлбөрт хамрагдсан геологич Оюутолгойн бүх геологийн хэсгүүдээр хэдэн сарын турш дамжин суралцаж, түүний дараа “Рио тинто”-гийн төсөлд хамрагдан гадаад улс оронд суралцах боломжтой байдаг. Улмаар тус хөтөлбөрт хоёр жилийн турш хамрагдсаны дараа үргэлжлүүлэн компанидаа ажиллаж болно, эсвэл өөр компанид ч ажиллах боломжтой нэг ёсондоо тус хөтөлбөрт хамрагдсанаар сурах бүрэн боломжийг нь хангаж өгдөг.
-Цаашид манайд ямар насны чулуулагт порфирийн төрлийн зэс-алтны орд олдох магадлалтай гэж геологич хүнийхээ хувьд бодож байна вэ?
-Монгол орны газар нутгийн хувьд олон өөр цаг үеийн туршид дахин давтагдсан арлан нумын орчинд бий болсон геологийн тогтоц элбэг бий.Өөрөөр хэлбэл зэсийн арвин нөөцтэй Өмнөд Америкийнхтай ижилгеологийн тогтоц гэсэн үг. Энэ тогтоц нь зөвхөн манай орны өмнөд хэсгээр ч бус баруун хэсгээр ч өргөн тохиолддог. Тиймээсгеофизик зэрэг бусад гүний хайгуулд илүү анхаарч зардал багатай, үр өгөөжтэй арга аргачлалаар ажиллавал зэс-порфирийн орд олох өндөр магадлалтай.
Хайгуулын салбарт хариуцлага бий болоосой
-Таныг саяхан Австралид ажиллаж байгаад ирсэн гэсэн. Энэ тухайгаа манай уншигчдад сонирхуулна уу?
-Өнгөрсөн жилээс Австрали улс дахь нөөцийн тооцоо, ТЭЗҮ хийдэг зөвлөх үүрэгтэй компанид ажиллаж байгаад ирсэн юм. Өмнө нь гурван жилийн хугацаанд ашигт малтмалын эрэл хайгуулын чиглэлээр тэнд ажиллаж байсан.
–Монгол залуус гадны улс оронд ажиллаад их зүйл сурч мэдэж ирдэг. Та Австралид ажиллаж байх хугацаандаа хамгийн гол нь юуг илүүтэй сурч мэдсэн бэ?
-Өмнө нь Монголчууд гадаад орныг “хар ажил” хийхээр ихээр зорьдог байсан бол сүүлийн жилүүдэд мэргэжлээрээ ажиллах нь ихэссэн. Тэр дундаа Монголд боловсрол эзэмшээд гадаадад ажиллаж буй залуус ч байна. Миний хувьд Австралид ажиллаж байхдаа өөр өөр төрлийн, өөр өөр оронд орших төмрийн хүдэр, бал чулуу, магнетит, зэс-никель зэрэг ордуудын нөөцийн тооцоог хийдэг байсан. Харин өмнө нь бол зөвхөн зэс, алтны нөөцийн тооцоо л хийж байсан. Тиймээс мэргэжлийн хувьд илүү өргөн хүрээнд ажиллаж, илүү шинэ туршлага хуримтлуулсан.
-Эх орондоо ирээд энэ л ажил эсвэл хэв маягийг хэвшүүлвэл улс орныхоо хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах нь гэсэн бодол байсан уу?
-Миний хувьд хайгуулын салбарт хариуцлага бий болоосой гэж маш их хүсдэг. Үүний тулд хамгийн түрүүнд нөөцийн ангиллыг маш тодорхой болгох хэрэгтэйбайна. Хоёрдугаарт, хариуцлагыг ямар байгууллага хянах ёстойг тогтоож өгөх хэрэгтэй. Манай геологичид хайгуул хийж ашигт малтмалын ордыг олж илрүүлж чадаж байна. Хамгийн гол нь хийсэн ажлынхаа хариуцлагыг эргээд хүлээдэг байх хэрэгтэй. Тиймээс энэ нөхцлийг бүрдүүлэхийн тулд шаардлагаа хатуу болгож босгоо өндөрсгөж, мэргэжилтнүүд нь хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй.
-Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа. Сүүлийн асуултыг танд нээлттэй үлдээе.
-Миний хувьд шинэ залуу боловсон хүчний сурах материаллаг баазаар хангах асуудалд ихээхэн санаа зовниж явдаг юм. Мэдээж хэрэг их сургуульд суралцаж буй эдийн засаг, хууль зэрэг бусад чиглэлийн оюутнууд ном уншиж судлаад мэдлэг олж авах боломж байдаг. Харин геологич болох гэж байгаа оюутнуудын хувьд илүү олон багаж хэсэгсэл, материаллаг бааз шаарддаг. Тиймээс оюутануудын суралцах бололцоог хангах багаж, техникээр их сургуулиудыг хангах нь нэн тэргүүний тулгамдсан асуудал юм шиг санагддаг юм.
“Хайгуулын мэдээ” сэтгүүл Д.ОЮУНЖАРГАЛ
Discussion about this post