-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Чөлөөт бөхийн тамирчид дажгүй амжилттай оролцоод ирсэн. Нэг хэсэг Х.Баянмөнх аварга, Б.Гантонтох аварга та гурвыг л Чөлөөт бөхийн холбоог хувьчлаад авчихсан юм шиг л шүүмжлээд байсан. Чөлөөтийн бөхчүүдийн ДАШТ-д гаргасан амжилтанд та сэтгэл дүүрэн байж чадаж байна уу?
-Энэ жил чөлөөт бөхийн ДАШТ-ээс мөнгө, хүрэл медалийг багийн эмэгтэй тамирчид авч,шинэ гавьяатууд төрж сайхан баярт үйл явдал болсон. Энэ амжилт бол МЧБХ-ны удирдлага БТСУХ, тамирчид, багш дасгалжуулагч, спорт хороод, биеийн тамирын сургуулиуд, дэмжигч олон түмний хамтын хөдөлмөрийн үр шим гэж үзэж байна. МЧБХ шинэ зохион байгуулалттай, шинэлэг аргаар ажиллаж эхэлж байгаа нь харагдаж эхэлж байна. Дараагийн тэмцээнүүдээс манай тамирчид аваргалж эхлэх байх.
-“Олимп” сургуулийн хүүхдүүд ч бас сайн барилдаж байгаа.Цаашид ямар тэмцээн уралдаанд орох вэ? -“Олимп” сургуулийн хамт олон энэ жил сайн амжилт гаргасан гэж үзэж байна. Манай жүдогийн тамирчин Г.Болдбаатар, Азийн аварга, Дэлхийн цомын мөнгөн медаль хүртлээ. Бас олон улсын тэмцээнээс бусад бусад тамирчид мөнгө, мөнгө хүрэл медаль хүртсэн. Цаашид хүүхдүүд маань өсч өндийж, та биднийг олон удаа баярлуулж, Монголынхоо тугийг олон удаа мандуулж, сүлд дууллаа олон эгшиглүүлэх болно гэдэгт итгэлтэй байна.
-Тэр тусмаа Даваабаатар харцагын барилдаан олны анхааралд байдаг. Баянхонгор аймгийн даншиг наадамд сайн барилдсан. Тэр тусмаа улсын наадамд өвдөг шороодсон Д.Батболд харцагын араас нэхэж очиж нутгийн зон олных нь өмнө баяр хүчээр илүү гэдгээ харуулж хаясан. Таныг араас нь очиж барилдаж даагаа нэх гэсэн гэдэг үнэн үү?
-Намайг 2001 онд улсын наадамд түрүүлчихээд Увс аймгийн баяр наадмаар очиж барилдаж, үзүүр түрүүнд үлдэхэд Ганбат заантай үлдэхэд Аварга багш маань(Х.Баянмөнх аварга)”Улсын наадамд түрүүлж болсон юм, Увсын наадамд дахиад түрүүл” гэж хэлсэн санагдана. Би шавь нараа болж л өгвөл барилдаан болгонд барилдаад бай гэж сургаж, анхааруулж бэлтгэдэг.
-Ер нь бөхчүүд нутагт нь түрүүлсэн наадамд өөр нутгийн бөх түрүүлэх ёсгүй юм шиг л загнадаг. Энэ бас л буруу жишиг байх. Энэ талаар та юу гэж боддог вэ?
-Тэгж нутгархах гээд байгаа юм бол Ламын гэгээний наадамд зөвхөн Баянхонгор аймгийн бөхчүүд барилдана гээд зарлачихгүй юу. Хэн ухаантай, хөдөлмөрч, авъяастай чадалтай нь ялагч болдог спортын шударга хууль байдаг. Үүнд захирагдахгүй л бол их сонин хуурмаг харагдаад эхэлдэг.
-Таныг сүүлийн үед AMized Fusion гэх бүтээгдэхүүний рекламанд тоглож байгаа гэх юм. Энэ ямар учиртай бүтээгдхүүн бэ?
-Энэ бүтээгдэхүүний нэрийг танаас үүнийг анх удаа л сонсч байна. Би тарган хонины мах, таанын айргаа хэрэглээд явж байна. Зарим хүмүүс тэр бүтээгдэхүүнийг хэрэглэх ямар байна гэж асууж байсан. Хүний нэрээр зөвшөөрөлгүй рекламдаж байгаа ажил цаашдаа явцгүй л юм болох байх гэж байх гэж бодож байна. Би л лав тэр AMized Fusion-ыг хэрэглэхгүй.
-Сайн эцгийн нэрийг 3 худалдаж иднэ гэгчээр сайн яваа нэгнийхээ нэрийг ашиглаж бараагаа рекламддаг. Энэ нь ч борлуулалт нэмэгдүүлдэг биз. Ер нь та рекламддаг гэрээтэй ажиллаж байгаа компани бий юу?
-Би ажил бизнесийг сайн ойлгоно. Ажил хийж амжилтын төлөө зүтгэх сайхан л даа. Тэгэхдээ хэн нэгнээс зөвшөөрөл авч саналаа тавьж сурах хэрэгтэй л дээ.
-Та Өсөхбаяр аваргын найран дээр Баясгалан эгчтэй хамт ирлээ. Энэ нь ч та хоёрын гэр бүлийн харьцаа хэвийн, салаагүй гэдгийн нотолгоо болсон байх. Зориуд хамтдаа ирсэн үү? -Бид хоёр салах гэж нийлээгүй юм ш дээ.
-Таны “Алтан хүнс” группын үйл ажиллагаа хэр явж байна. Хямрал гээд хүн бүхэн ярьж байгаа. Энэ нь таны бизнесийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна уу
? -Энэ хямрал аль хоёр жилийн өмнө мэдрэгдэж байсан. Саяхан буудайгаа хурааж авч дууслаа. Нэг бороо, нэг цасанд даруулсан ч хүлээж байгаад амжилттай сайн авч чадсан. Хүн болгон бүсээ чангалж, арвич хямгач байж чадснаар энэ хямралыг давж гарах байх. Дэлхий нийтээр хямарч байгаа хэцүү давалгаа шүү.
-Таныг байгальд хайртай, байгаль хамгаалах үйлсэд гар бие оролцож, буга, тэмээ зэрэг ховордсон амьтан үржүүлдэг гэдгийг монголчууд мэднэ. Энэ ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа юу? Энэ ажил тань хэр амжилттай явж байна?
-Би нэг найздаа 5 хошуу биш 10 хошуу малтай болчихлоо гэж тоглож хэлж байсан. 5 хошуу мал дээр гахай, тахиа, галуу, буга, төвд банхар орж байгаа. Бүгд сайн байгаа.
-Шинээр нээгдсэн Монгол телевизэд таны хувь байдаг гэдэг үнэн үү? Хэвлэлийн бизнест орох ямархуу санагдав?
-Тийм ээ. Монгол телевизэд миний хувь бий. HD-TV энэ бол хамгийн сүүлийн үеийн технологи. Одоогоор энэ тоон системд олон хөгжингүй орон шилжиж орчихоод байна. 4-5 жилийн дараа дэлхий нийтээрээ энэ системд шилжиж орно гэсэн судалгаа байдаг. Монгол TV танд 100 жил өнгө нь хувирахгүй дүрс бичлэгээр хангаж чадна гэдэгт итгэлтэй байна. Өнгөрсөн наадмаар Монгол TV морь бөхийг онцгой сайхан үзүүлж чадсан. Бөхийн барилдааны бичлэгээр гэхэд улсын заан Соронзонболд, аймгийн арслан Баянмөнх нарын барилдааныг 16 хуваагаад удаашруулан харуулж, ямар ч маргаагүй шүүлтийг явуулж чадсан. Өнгөрсөн наадмаар манай TV-д наадмын сурталчилгаа, бичлэг хийх зөвшөөрөл олгосон наадмын төв комиссынхонд Монгол TV-ийн хамт олон баярлаж байгаагаа илэрхийлье.
-Та зодог тайлалгүй үргэлжлүүлэн барилдсан бол дор хаяж улсын наадамд 3 түрүүлж бөхөд хайртай монголчуудаа баярлуулах байсан гэж боддог. Та хувьдаа юу гэж боддог вэ?
-Би арай л эрт зодог тайлчихсан. Одоо л гэхэд хүч, хурд, авъяас маань хэвээрээ л байгаа. Нэгэнт л ийм хувь тавилан тохиолдсон болохоор олон сайхан шавь төрүүлж, ард түмнээ баярлуулж явъя гэж боддог. Багшийн ажил сайхан ажил. Цаг үргэлж л суралцаж байна.
-Нэгэнт бөхөд найраа байдаг хойно та ингэж өөрийгөө золиослох хэрэг байсан юм уу?
-Одоо энэ бэлтгэж байгаа сайхан хүүхдүүддээ их спорт болон дэлхийн чанартай уралдаан тэмцээнд найраа байдаггүй, зөвхөн үндэсний бөхөд найраа байдаг. Үүнээс ангид явж, аз хийморь, хөдөлмөрөөрөө бүгдийг ялж дийлэх хэрэгтэйг номлож байгаа. Энэ төр засгийн удирдлагууд, ард түмэн чинь найраатай наадам үзэх гэж наадамд гоёж бие сэтгэлээ бэлдэж ирээгүй ш дээ. Наадмаа шударга сайхан хийж суръя. Би ганцаараа цав цагаан, бусад нь хар гэж хэлж байгаа юм биш. Монгол наадамд бөхийн барилдаан л шударга байвал өөр гажуудал байхгүй. Монгол бөх өнөөдрийн цолтой харьж яваа хэдэн бөхчүүдээр хэмжигдэхгүй, бидний ирээдүй хойч үе монгол бөхийн үндэсний бөхөө авч явж хөгжүүлнэ.
-Дуучин Жавхлан танд зориулж “Нууцхан сэтгэлийн үнэн” дуу зохиож, шүлгийг нь өөрөө бичсэн. Та энэ дуундаа дуртай юу? Та ер нь өөрөө дуулдаг уу?
-Жавхлангийн маань дуу үнэхээр сэтгэлийг минь гэгэлзүүлсэн шүү. “Би 14 хоног дуулахгүй явж чадахгүй. Гэтэл аварга ах маань 2 жил барилдахгүй явахад дотор юу багтаж ядаж байгаа бол доо” гэсэн бодлоос үүдэж энэ дуугаа надад зориулж бичсэн гэсэн. Би дуулах дуртай. Ч.ӨЛЗИЙ WWW.TAIZ.MN 2007 он
Discussion about this post