Монголын хацар гоо охид бүсгүйчүүд тив дэлхийн тэмцээнүүдэд амжилттай оролцож эх орныхоо нэрийг дуурсгаж, монгол бүсгүйн үзэсгэлэн гоог гайхуулж байгаа. Монгол бүсгүйчүүдийг анх удаа олон улсын тэмцээнд оролцох үүд хаалгыг нээж, Дэлхийн монгол туургатны миссийн тэмцээнийг санаачлагчдын нэг Монголын “Хатан Эрдэнэ” төвийн хүндэт ерөнхийлөгч МУСТА, профессор Ж.Чинбаттай уулзаж ярилцлаа. Тэрээр монголчуудаас анх удаа Олон улсын Соёлын холбооны “Энх тайвны шагнал”-аар шагнуулжээ. -Та сүүлийн жилүүдэд нам жимхэн амьдарч байгаа. Юу хийж байна даа.
-Би одоогоос 4 жилийн өмнө Радио телевизийн дээд сургуульд тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байхдаа даралтанд өөрчлөлт орж хэд хэдэн эмнэлэг дамжин эмчлүүлж байсан. Удалгүй хөдөө орон нутагт ажлаар явж ирээд хүндээр өвдөж эмнэлэгт хүргэгдэн сэхээнд орж удаан хугацаагаар хэвтэрт, хүний асрамжинд орсон. Тэрнээс хойш 4 жил группд байна даа. Эмнэлэгт хүргэгдэхийн урд өдөр гүйцэтгэх захирал Д.Энхсайханыг “Хатан эрдэнэ” төвийн ерөнхийлөгчөөр баталсан удирдах зөвлөлийн тогтоолд гарын үсэг зурж үлдээсэн нь зөн совин гэлтэй. Энэ хугацаанд бараг л эмнэлгээр гэр хийсэн дээ. Одоо ч гадуур эмчилгээ хийлгээд гэр зуур л байна. Намайг бурхан таалах болоогүй болохоор жаахан шоглосон юм болов уу даа гэж хүмүүст хошигнодог юм. Эмнэлэгт ухаангүй олон хоносон гэсэн. Хань, хэдэн хүүхдүүдийн минь заяа түшиж хөл дээрээ өндийсөн дөө. Ер нь манай удам цусны даралт ихэддэг өвчнөөр өвдөх нь элбэг байдаг болохоор удамшсан байх. Надтай таарсан хүмүүс “хаагуур яваад байна, яагаад чимээ сураггүй болчихов” гэж гайхдаг юм. Саяхан Залуучуудын байгууллагын 90 жилийн ойгоор очсон чинь надтай таарсан олон хүмүүс чамайг үзэгдэхгүй болохоор гадагшаа гарчихсан юм болов уу гэж бодож байсан гэж ярьж байна лээ. Тэр болгонд ингэсэн тэгсэн гэж ярихгүй болохоор аргагүй байх даа. Би олон сайн эмч, бариач, хань үр хүүхэд, ах дүүс, найз нөхдийн буянаар хүнд өвчинтэй тэмцэж өдий дайтай болж байна аа. Асаргаа сувилгааны хүчинд л хөл дээрээ бослоо. Сайн гэсэн эмчилгээ сувилгааг их хийлгэлээ. Бараг очоогүй рашаан сувилал гэж байхгүй дээ. Энэ өвчин маань жаахан удаан эдгэрдэг болохоор цаг хугацаа шаарддаг юм байна. Нэг үеэ бодвол бие маань дээрдэж байгаа болохоор бичиг цаас эргүүлж ном бичих санаатай л байна.
Жилийн жилд “Монголын сайхан бүсгүй” шалгаруулах уралдааныг монголчууд маань “Болор цом” наадам шиг хүсэн хүлээдэг байсан. Монгол бүсгүйчүүдээ ОУ-ын тавцанд гарахад таны оруулсан хувь нэмэр их. Анх яаж яваад энэ уралдаантай холбогдсон бэ?
– “Монголын сайхан бүсгүй” уралдааныг анх 1989 онд “Найрамдал” паркийн дарга С.Лунаа агсан санаачлан зохион байгуулж Н.Биндэръяа гэж бүсгүй түрүүлж байсныг монголчууд андахгүй. Тэр үед би Сүхбаатарын районы ХЗЭвлэлийн хорооны 1-р нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм. Манай дүүргийн ХЗЭ-ийн хороо тэр үед 33 мянган гишүүнтэй, 3200 хороо, үүртэй монголын хамгийн том байгууллага байлаа. Тэмцээн болсны дараахан нэг өдөр С.Лунаа дарга надтай уулзахдаа “Найрамдал” паркийг Монголын Үндэсний Соёл амралтын хүрээлэн болгомоор байна. Соёл, урлагийн мэргэжилтэй хүн хэрэгтэй байна. Хамтарч ажиллая, Чи олон нялх хүүхэдтэй хүн, эвлэлийн ажил хийх нас чинь хэтэрлээ” гэхээр нь бодож байгаад хариу өгье гэсэн тээнэгэлзсэн байдалтай байлаа. Удалгүй МХЗЭ-ийн Төв хорооны шийдвэрээр бүгд хурал хийж ажлаасаа чөлөөлөгдөөд 1990 оны 3-р сараас “Найрамдал” паркийн орлогч дарга бөгөөд Уран сайхны удирдагчаар ажиллах болсон. С.Лунаа дарга миний өмнө нь авч байсан цалинг надад олгохоор тохирсон. Ингээд би 1990 оноос эхлээд “Монголын сайхан бүсгүй” уралдааныг гардан зохион байгуулж 1992 онд “Хатан эрдэнэ” холбоогоо байгуулсан. 1990 оны уралдааныг улсын циркт зохион байгуулахад анх 80 бүсгүй өрсөлдөж зургаан өдөр үргэлжилж байлаа. Энэ уралдаанд манай Н.Мөнхцэцэг, Э.Одгэрэл хоёр эн тэнцүү өрсөлдсөн. Гэвч эцсийн шатанд шүүгчидийн олонхийн саналаар монгол төрхтэй гэдгээрээ Н.Мөнхцэцэг түрүүлсэн юм. Тэр үеэр Э.Одгэрэлийн нөхөр С.Энхболд Эвлэлийн Төв хороонд эрдэм шинжилгээний ажилтан байсан болохоор бидэнтэй хамт тэр уралдааныг зохион байгуулалцаад явж байхдаа Одгэрэлтэй танилцсан юм билээ. Тэгээд энэ уралдаанаа улс орон даяар өрнүүлж орон нутгуудаар явж уралдаанаа явуулахаар болсон. 1991 онд “Улаанбаатарын мисс”, 1992 онд “Дарханы мисс”, 1993 онд “Эрдэнэтийн мисс”, 1995 онд “Дорнод талын мисс”, 1996 онд “Алтайн мисс” зэрэг уралдаанууд гараагаа эхэлж шүүгчээр АЖ Г.Хайдав багш, АЖ, ТШ Л.Цогзолмаа гуай, найруулагч Г.Донид, АУЗ, ТШ Б.Лхагвасүрэн нарын олон алдартай хүмүүс ажилласан.
-Ш.Отгонбилэг агсан та хоёрыг нэг нутгийнх гэж сонссон. Хэр холбоотой явсан бэ?
-Ш.Отгонбилэг агсан бид хоёр Завхан голын эрэг дээр төрж, өссөн хүмүүс. Манай аав Я.Жамбал малын эмч байсан болохоор Шагдар гуайтай сайн танилууд байсан гэсэн. Намайг 7 настай байхад манайх гэр бүлээрээ хотод шилжиж ирсэн. Тэднийх ч сүүлд хотод ирсэн юм билээ. Бид өмнө нь нэг нутгийнх гэж хоёр биеэ сургаар нь сайн мэддэг ч яг нүүр тулж уулзаж байгаагүй. Намайг “Найрамдал” паркийн орлогч болоод удаагүй байхад манай урилгаар Бүх хятадын томоохон паркийн тоглоомын үйлдвэрийн удирдлага болох 2 хүн Монголд ирсэн юм. Нэг нь Өвөрмонгол болохоор бид орчуулагчгүй ойлголцсон. Нөгөө хоёр хүнээ Баянголд байрлуулаад үйлчлэх ажил нь надад оногдсон. Гэтэл нөгөө хятадууд танай “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудтай уулзмаар байна гэсэн хүсэлт гаргатал С.Лунаа дарга “Чи нутгийн хүн юм чинь дагуулж яваад Отгонбилэг захиралтай уулзуул” гэсэн. Биднийг Эрдэнэт хотод очиход ГОК-ийн анхны Монгол захирал болоод удаагүй байсан Отгонбилэг маань маш сайхан хүлээж авсан. Тэгээд бүх ажлаа орхиод орой нь ГОК-ийн амралт руу бид 3-ыг авч яваад шөнийн 12 цаг хүртэл дайлж ярьж хөөрсөн дөө. Надтай нутаг усныхаа талаар яриа дэлгэж танай аавыг би андахгүй гээд их хуучилсан.
-Тэр хятадууд яагаад Эрдэнэтийг сонирхсон юм бол. Тэд чухам юу ярьсаныг нь та сонссон уу?
-Бид чинь тэр үед ажлаасаа өөр зүйлийг сонирхдоггүй байлаа шүү дээ. Тэр хүмүүс зэсийн баяжмалын талаар сонирхож, хамтарч ажиллах боломжийн талаар судалсан юм байна лээ. Дэлхийн олон оронд тоглоомоо гаргадаг хятадын хамгийн том үйлдвэр болохоор зэсийн баяжмал худалдаж авах талаар ярилцаж үнэ мөнгийг нь сонирхсон гэсэн. Амралтанд очоод бид хэд шөнө дөл болтол ярьж хөөрч ганц нэг лонх юм хувааж уугаад хятадын 2 зочноо амраагаад Отгонбилэг захирал нутгийнхаа найз Чинбаттайгаа анд явцгаана аа. Тэгээд зэрлэг гахай агнаж өгнө гээд 2 машинтай хүмүүс дагуулаад явсан. Зэрлэг гахай шөнө элбэг таардаг гээд явсан ч нөгөө гахай нь таараагүй, харин гөрөөстэй таарч нэгийг унагааж халуун цуснаас нь бидэнд уулгасан. Миний хувьд нимгэн хувцастай яваад жаахан даарсан болохоор хамт явсан хүмүүс нь хувцас давхарлуулж өмсгөж зуун грамм татуулж өглөөний гэгээ ортол Хялганатын тариан талбайгаар шөнөжин хөндлөн гулд давхиж их л сайхан амарцгаасан. Биднийг буцахад нэг нэг сайхан хивс бэлэглэж, надад чи олон нялх хүүхэдтэй гэсэн, чамд би тусланаа, дуртай үедээ манайд ирээрэй гээд үдсэн. 1995 онд би “Дэлхийн Оюутан мисс” уралдаанд шүүгчээр ажиллахаар, Отгонбилэг маань Монголын Үндэсний Олимпийн Хорооны ерөнхийлөгчөөр сонгогдож Олон Улсын Олимпийн хорооны хуралд оролцохоор Улаанбаатар-Сөүлийн онгоцонд хамт нисэж баяр хөөртэй уулзалдаж байлаа. Тэр үед би олон жил удирдах ажил хийсэн болоод ч тэр үү Отгонбилэг захирлыг бусдыг манлайлах, удирдах их авьяастай, хурдан сэтгэдэг холч ухаантай хүн юм даа гэж дотроо их үнэлсэн. Тэр хүн өдийд амьд сэрүүн байсан бол мөн ч ихийг хийж бүтээх байсан даа гэж их харамсдаг юм. Дараа нь хотод хэдэн удаа ажлын шугамаар таарсан ч тухтай уулзаж чадаагүй. Манай нутгаас төрсөн шинэ цагийн содон ховор хүн байсан даа. Тийм сайн удирдагч, ухаантай хүн олон ч төрдөггүй юм даа гэж нутгийн олон минь харамсаж явдаг юм.
-Та анх удаа монгол бүсгүйчүүдийг ОУ-ын чанартай уралдаанд сойсон хүн. Сүүлийн үед монголчууд маань гадны олон оронд зохиогддог уралдаан тэмцээнд орж амжилт үзүүлж байна. Танай “Хатан-Эрдэнэ” төв суурийг нь тавьж өөрөө анх удаа ОУ-ын шүүгчээр ажиллаж байсан. Энэ бүхэнд өөрийг чинь их хувь нэмэр оруулсан гэж хүмүүс үнэлдэг юм билээ.
– Би 1994 онд “Монголын сайхан бүсгүй” шалгаруулах уралдаанаа хийчихээд БНСУ-д дэлхийн 60 гаруй орны гоо бүсгүйчүүд оролцдог “Дэлхийн оюутан мисс” тэмцээний талаар сонсож оролцохоор судласан. Тэр жил Оюунтуяа “Дарханы мисс” уралдаан, “Монголын сайхан бүсгүй 94” уралдаанд тус тус түрүүлсэн юм. Тэгэхэд бидэнд ямар нэгэн ивээн тэтгэгч байсангүй, ёстой л бор зүрхээрээ өөрсдөө гүйж ажлаа амжуулсан. Анх удаа ОУ-ын чанартай тэмцээнд оролцох гэж байгаа нь тэр. Бид Оюунтуяаг тэмцээнд оруулах гэж 1 жил бэлтгэсэн. Явах дээрээ тултал бидэнд зардал мөнгөний асуудал тулгарсан. Тэгээд ярилцаж байгаад Оюунтуяагийн аавынх нь машиныг банкны барьцаанд тавихаар болсон. Банкны талаар ойлголт муутай болохоор би Батлан хамгаалах яамны Санхүүгийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Я.Амартүвшин гэж хошуучтай уулзаж зөвлөгөө авсан. Бид хоёр төрсөн эгч дүүсийн хүүхэд болохоор ажлыг минь бүтээж өгөхөөр банкныхантай ярьсаар байгаад Гачууртын нэг салбараас 5 сая төгрөг авахаар болж хэдүүлээ очиж ажлаа бүтээж санаа амарсан даа. Цаанаас нь байр хоол гээд бүгдийг даана гэсэн болохоор авсан мөнгөө Оюунтуяа маань хэрэгцээндээ зориулж аавыгаа дагуулж явахаар болсон. Бид зөвхөн ирэх очих зардлаа л өөрсдөө хариуцах ёстой байсан. Харин би өөрөө зардлаа олохын тулд эхнэрийнхээ алтан ээмэг, бөгж, “Сони” зурагт, хүүхдүүдийнхээ хөгжмийг ломбарданд тавиад 300 доллар авсан. Тэр үед ломбардны хүү 25 хувь байсан болохоор эргүүлж юмаа авч чадалгүй алдчихсан. Ингэж гэрийнхээ өөдтэй өнгөтай бүхнийг эхнэрийнхээ гоёлтой тавьж гадагшаа явж ирсэн дээ. Солонгосын элчин сайд Оюунтуяад амжилт хүсч бид гуравын визийг хүндэтгэлтэй гардуулж өгсөн. Бид гурав БНСУ-д очоод 20 хоног хүмүүсийн хэлдгээр ёстой нүд тайлсан даа. Дэлхийн 60 гаруй орны 15 орноос нь шүүгч томилоход миний бие шүүгчээр сонгогдсон. Энэ нь манай орныг үнэлсэн хэрэг л дээ. Шүүгчээр суух болсоноо би өмнө нь ер мэдээгүй. Тэмцээний өглөө шүүгчээр сонгогдсоныг албан ёсоор мэдэгдэж зарладаг юм билээ. О.Оюунтуяаг үзэгчид, шүүгчид их үнэлж байсан. Тэгээд 60 гаруй орны миссүүдээс шилдэг 10-т багтаж тусгай байрын шагнал 700 доллар, цом авсан. Би шүүгчээр суугаад 700 доллар,цом авч хоёулаа их баярласан. Дараа нь 1996 онд тэр тэмцээндээ дахиж урилга аваад загвар өмсөгч Н.Гантуяатай хамт очсон. Сурвалжлагчаар том хүү Жавхлан маань оролцсон. Тэгэхэд өмнө нь надад тус болсон Амартүвшин маань ажлаасаа гараад тэнд оччихсон ажил хийж байсан болохоор нь хүүгээ тэнд үлдээсэн. Н.Гантуяа өөрөө маш сайн оёдог болохоор хийж өмссөн үндэсний хувцсаараа тусгай шагнал авсан. Ингэж би хоёр удаа ОУ-ын шүүгчээр ажилласан түүхтэй юм.
– Та миссүүдтэйгээ холбоотой явдаг уу? Ойр дотно явж эргэж тойрдог ямар хүн байна.
-Миссүүд маань бүгд л сайхан амьдраад тус тусын ажил төрлөө хийгээд явж байгаа. Зарим нэг нь гадаадад байгаа дуулдсан. Одоо надтай хамгийн ойр явж эргэж тойрдог хүн бол Уянгалянхуа л байна даа. Цагаан сараар байнга ирж золгодог юм. Саяхан Энхсайхантай хамт эргэж ирсэн.
-Сүүлийн үед ялангуяа урд хөршид маань янз бүрийн тэмцээнүүд их зохиогддог болж. Миссүүдийн үнэлэмж ч буурсан санагддаг. Зарим хүмүүс энэ олон миссын учрыг нь сайн олохгүй юм гэдэг болсон.
-Дэлхий дээр жилд 100 гаруй миссийн тэмцээн болдог гэсэн тоо баримт байдаг юм билээ. Улс орон болгон жилд нэг удаа “Сайхан бүсгүй”-гээ тодруулдаг. Мөн томоохон ивээн тэтгэгчид суртчилгаагаа хийх, карьерээ өсгөх зорилгоор томоохон тэмцээнүүд их зохион байгуулдаг. Манай “Хатан эрдэнэ” төвийн ерөнхийлөгч Д.Энхсайхан гэж бүсгүй гадагшаа уралдаанд яваад амжилт гаргаад ирсэн бүсгүйчүүдээ хүлээн авч баяр хүргэдэг уламжлалтай. Энэ бүгдийг сэтгэл санаагаараа үргэлж дэмжиж баярлаж явна даа. Гадагшаа явж тэмцээнд оролцож байгаа миссүүд маань ямар ч хэлний бэрхшээлгүй өөрийгөө сайн илэрхийлдэг болсон нь их сайшаалтай санагддаг. Өмнө нь жилд ганц удаа “Монголын сайхан бүсгүй” уралдаан зохион байгуулдаг байсан болохоор хүмүүс маш сайн мэддэг байсан. Аливаа юм байнга өсөн хөгжиж байдаг тул гадаад харилцаа тэлж авьяас чадвартай бүсгүйчүүд маань өөрсдөө янз бүрийн орнуудад зохиогддаг тэмцээнүүдэд очиж амжилт үзүүлж байна. Энэ бол сайн хэрэг.
– Тэмцээний дараа янз бүрийн хэл ам нилээд гардаг байсан. Шүүгчид хоорондоо санал зөрөлдөх явдал гарч байсан уу? Үзэгчид шүүгчдийн саналтай зөрж байсан тохиолдол бий байхаа.
-Шүүгчид хоорондоо санал зөрөх явдал гарч л байдаг. Ер нь олонхийн саналаар л шийддэг байсан. Завханы Ё.Нямжав нь “Улаанбаатарын мисс”-т түрүүлээд “Баруун бүсийн мисс”-т түрүүлсэн Увсын П.Ариунболор гэж охинтой эн тэнцүү өрсөлдөж 2000 оны “Монголын мисс” болсон. Дараа нь Ё.Нямжав БНСУ-д Чежү аралд болсон “Дэлхийн Арлын орнуудын мисс” тэмцээнд 3-р байр, П.Ариунболор Тува улсад болсон “Мисс Центр Ази” тэмцээнд 2-р байр тус тус эзэлсэн сайхан үйл явдал болж байлаа. Тэмцээн болдог тэр жил монголчуудын хэлдгээр миний жил ороод мундахгүй барцадтай л байлаа. “Монголын мисс 2000” тэмцээн болохоос 10-аад хоногийн өмнө Маахуур толгойн тэнд шөнө айлд оччихоод явж байхдаа харалгүй гэнэт өндөр эрэг рүү хий гишгэж нисээд засмал зам дээр унаж өвдөг хүндээр бэртэж хагалгаанд орж хэвтрийн дэглэм сахисан. “Монголын мисс 2000” тэмцээнийн Тэргүүн миссийн шагналыг эмнэлгээс машинаар очиж гардуулж байлаа.
-Энэ бүх ажлыг хийж байх явцад зөндөө л бэрхшээл гарч байсан байх даа.
– Ажил хийсэн хүнд ямар нэгэн бэрхшээл гарна. Уралдаан тэмцээний дараа янз бүрийн хэл ам гардаг. Бидний хувьд учиргүй их эсэргүүцэлтэй тулгарч байгаагүй л дээ. Солонгос руу анх явахад Оюунтуяа мөнгөө аваад аавтайгаа хамт Бээжин явж хувцасны материалаа авсан юм. Ирээд загвараа Соёлмаагаар гаргуулж 8 гоё хувцас оёулсан. Маргааш явах болтол Оюунтуяа гэнэт утасдаад Соёлмаа эгч “мөнгөө бэлэн өгөөд хувцсаа ав” гээд байна гэхээр нь би их сандарч билээ. Тэгээд мөнгөө шилжүүлж хувцсаа авч санаа амарсан. Би өөрөө Дунгаамаа эгч дээр очиж 2 янзын хувцас хийлгэж өмссөн. Захаас жанжин малгай худалдаж аваад монгол дээлээ өмссөн.
-Сайхан бүсгүй шалгаруулж явахад гэр бүлийн хүн чинь хэр дэмждэг байсан бэ?
-Бид хоёр Багшийн сургуулийн 17, 19 настай оюутнууд танилцаж байлаа. Өнөөдөр 40 шахам жил ханилж 6 хүүхэд төрүүлэн өсгөж, 8 ачтай өнөр өтгөн амьдарч байна. Хань маань энэ жилийн наадмаар “Алдарт эх”-ийн 1-р одон авсан. Миний хань ажлыг минь их дэмждэг байсан. Ямар сайндаа гадагшаа явуулах гэж хамаг юмаа ломбарданд тавьж байхав дээ. Манай хоёр хүү аавтайгаа хамт уралдаан хөтөлж байсан. Хань Л.Саруулнавч маань 1993 онд УБИС-ийн Сурган заах аргын анги төгссөн, 37 дахь жилдээ 20 дугаар сургуульд багшилж байна.
-Өөрийг чинь урлагийн мэргэжилтэй гэдгийг мэднэ. Бас сайн хөтлөгч байсан гэж сонссон.
-Би УБДС-ийг Найрал дууны удирдаач-багш, дуулаач мэргэжлээр “Улаан диплом”-той төгссөн ч эвлэлийн удирдах ажлыг олон жил хийсэн. Дээд сургуулиа төгсөөгүй байхдаа л УБДС-ийн ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн даргын ажлыг авч сурахын зэ
рэгцээ ажлаа амжуулж байсан. Өмнө нь Багшийн сургууль төгсөөд ажиллаж байгаад дээд сургуульд орсон болохоор ажлын дадлага туршлага ч нөлөөлсөн байх. АЖ нэрт дуучин Д.Жаргалсайхан агсны шавь хүн дээ би. Оюутан байхаасаа эхлээд радио, телевизийн хөтлөгч хийж байсан. МАХН-ын 17-р их хурлын илэрхийлэлтийг уншиж Ю.Цэдэнбал даргад гардуулж байлаа. Эвлэлийн их хурлын хүндэтгэлийн концертийн хөтлөгч гээд олон арга хэмжээнд оролцож байсан. Урлагийн мэргэжилтэй болохоор тодорхой хугацаанд ДБЭТ-т Зохион байгуулах ангийн дарга, Боловсон хүчний эрхлэгчийн ажил хашиж явлаа даа. Ярилцсанд баярлалаа. Н.УДВАЛ.
Discussion about this post