МИСС ТӨГСӨӨ: ХАРИЙН НУТАГТ НИСЭХ БУУДЛЫН САНДАЛ ДЭЭР 5 ХОНОХДОО ХООЛ УНДГҮЙ БАРАГ УНАХ ДӨХСӨН
Жинхэнэ монгол бүсгүйн намба төрхийг гайхуулж гадны үзэгчдийн нүдийг хужирладаг загвар өмсөгчийн нэг бол “Монгол костюмс” төвийн загвар өмсөгч И.Төгсөө юм. Тэрээр саяхан Кипр улсад зохиогдсон дэлхийн 100 гаруй орны миссүүд оролцсон тэмцээнд явсан ч визгүйн улмаас хил дээр саатуулагдаж байгаад иржээ. Бид 2009 онд Бээжинд зохиогдсон ОУ-ын “Мiiss tveindshir internaianal” тэмцээний тэргүүн байрын шагналт И.Төгсөөтэй уулзаж ярилцлаа.
-Чамайг саяхан гадагшаа тэмцээнд яваад нэлээд хөглөж байгаад ирсэн гэж сонссон. Энэ талаараа ярихгүй юу?
-Өнгөрсөн жил мисс Ганболор, “Мисс глоб интернейшнл” тэмцээнд оролцож байсан Баярмаа нар нэгэн телевизтэй хамтарч “Монголын гоо үзэсгэлэн дэлхийн оргилд” нэртэй реалити шоу зохион байгуулсан юм. Тэр тэмцээнд анх 80 гаруй бүсгүйчүүд бүртгүүлж оролцсоноос шилдэг 24-ийг сонгож сүүлийн шатанд 18 бүсгүй үлдэж өрсөлдөхөд би тэргүүн байрт шалгарч Кипр улсад зохиогдох дэлхийн миссийн тэмцээнд оролцох эрх авсан юм. Саяхан Кипр улс руу Москвагаар дамжиж нисээд визгүйн улмаас хил дээр саатуулагдаж тэмцээндээ оролцож чадалгүй онгоц буудал дээр 5 хоноод буцаж ирсэн. Буудлын сандал дээр хувцастайгаа 5 хонохдоо эхний хоёр өдөр нь хэлэн дээрээ юу ч тавилгүй бараг л унах шахаж буудлынхныг сандаргаж хөглөсөн. Эхэндээ камертэй өрөөнд оруулна гэхээр би орохгүй гээд заалны сандал дээр нь хонодог байсан. Кипр улс лалын шашинтай болохоор хууль дүрэм нь маш чанга юм билээ. Гар цүнх үлдээгээд утас, чемоданыг маань хураагаад авчихсан. Чемодантайгаа мөнгөө хураалгачихсан болохоор би хоол ундгүй бүтэн хоёр өдөр болохдоо агааргүй бүгчимдээд толгой эргээд жаахан тэвдсэн шүү. Тэр хоёр хоногийн хугацаанд дусал ус ч уугаагүй. Мөнгөө авч хооллоё гэхэд ч зөвшөөрөхгүй байсан. Тэгээд миний биеийг хямрахаар буудлын ажилчид нь сандарч цааш нь уламжилсан юм уу 3 дахь өдрөөс нь эхлээд өдрийн 3 хоол өгч эхэлсэн.Би тодорхой түвшний англи хэлтэй болохоор хэлний хувьд бэрхшээлгүй тэдэнтэй сайн ойлголцож байсан.
-Яагаад виз авалгүй шууд явчихсан юм бэ? Зохион байгуулагчид нь хамт яваагүй юм уу?
-Би эндээс ганцаараа явсан юм. Уг нь Бээжинд очиж визээ авах байсан юм билээ. Өмнөд Кипр улсад дэлхийн 110 орны гоо бүсгүйчүд оролцсон том нэр хүндтэй тэмцээн болдог юм билээ. Зохион байгуулагчид нь яагаад визтэй орон луу виз авахуулахгүй явуулсаныг би сайн мэдээгүй л дээ. Уг нь урьдчилж сайн судлаад явуулах хэрэгтэй л дээ. Намайг Кипрт очоод онгоцноос буухад хил дээр визгүй гээд оруулаагүй. Би чадлынхаа хэрээр л учир байдлаа тайлбарласан. Би эндээс явахдаа буцах билетээ авчихсан байсан юм. Тэгээд хугацаанаасаа өмнө ирсэн болохоор Москвад ирээд 150 долларын билет дахиж авсан. Цаашид сургамжтай явдал болсон шүү.
-Чамайг оролцсон тэмцээн болгондоо түрүүлдэг гэдэг юм билээ. Нэг удаа миссийн тэмцээнд ороод 80 мянган юань авсан гэж сонссон. Мөнгөө яаж зарцуулдаг вэ?
-Би анх 2005 онд 14 настай байхдаа “Мисс интернейшнл” тэмцээнд оролцож 3-р байрт орж “Фото мисс” өргөмжлөл хүртсэн. Дараа нь “Мисс глобаль” тэмцээнд оролцож түрүүлээд ОУ-ын тэмцээнд оролцох эрх авсан. 2009 онд Бээжинд болсон “Miss tveindshir internaianel” тэмцээнд 70 гаруй орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөж тэргүүн байр эзэлж, 2000 ам долларын хамт титэм, өргөмжлөл авсан. Хятадын Ухань гээд том хотуудаар 1 сар үргэлжилж шалгаруулсан тэмцээнд оролцож шилдэг “Топ- 15”- д шалгарч түрүүлсэндээ их баярласан. Бүтэн сар хятад орноор явж ард түмнийх нь аж амьдралтай танилцаж гадаадын миссүүдэд эх орноо сурталчлах тал дээр цөөнгүй ажил хийсэн. Гадныхан биднийг европжуу төрхтэй их нуруулаг гэдэг юм билээ. Англи, Солонгос хэлтэй болохоор миссүүдтэй ойлголцоход бэрхшээл бараг байгаагүй. 2009 онд Манжуурт болдог ОУ-ын “Найрамдал” миссийн тэмцээнд оролцож тэргүүн байрт шалгарч 80 мянган юаны шагнал хүртсэн. Энэ тэмцээнд Орос, Хятад, Монголын миссүүд оролцдог юм. “Найрамдал” миссийн тэмцээн маш өндөр шагналын сантай байдаг юм билээ. Би хөрш зэргэлдээ 3 орны 100 гаруй мисстэй өрсөлдөн түрүүлж 16 сая төгрөгний шагнал авч шимтгэлд 7 саяыг нь өгч гар дээрээ 9 саяыг авсан. Энэ тэмцээнийг манайхаас хотын Соёл урлагийн газраас хамтарч зохион байгуулдаг юм.
-Загварын ертөнцөд хөл тавихад анх хэн нөлөөлсөн бэ? Багшийн эрдэм шавиасаа гэдэг шүү дээ. Хэний шавь вэ? Амжилт гаргахад олон хүний хүч хөдөлмөр ордог шүү дээ.
-Тэгэлгүй яахав. Манай аавын талынхан өндөр болохоор би дууриасан байх. Анх 12 настайдаа “Леди”төвд очиж Содтуяа, Мөнх-Эрдэнэ багшийн шавь болсон. Загварын дамжаанд суралцсанаар их зүйл сурч ирээдүйд сайн загвар өмсөгч болно гэж тууштай явж байна. Намайг уралдаан тэмцээнд ороход гэр бүлийнхнээс минь гадна Сувд захиралтай “Монгол костюмс” төвийн хамт олон минь маш их тусалдаг. Эндхийн гэрээт загвар өмсөгч болохоор үндэсний хувцасны тал дээр санаа зовдоггүй. Миний хамгийн том спонсор бол гэр бүлийнхэн минь байдаг. Би дээрээ 4 эгчтэй айлын отгон охин болохоор жаахан эрх танхи өссөн. Замын зардал мөнгөнөөс эхлээд хэрэгцээтэй бүх зүйлийг маань тэд нар маань бэлдээд өгчихдөг юм. Мэдээж авсан шагналаа эргээд гэр бүлдээ зарцуулна. Намайг гадагшаа тэмцээнд явахад “Торго” салон, Урлах эрдмийн дээд сургууль бас ивээн тэтгэдэг. Монгол уран үйлчид, загвар зохион бүтээгчдийнхээ ур ухаанаа шингээж бүтээсэн үндэснийхээ хувцсыг гадаадынханд донж маягийг гаргаж үзүүлж сурталчилна гэдэг биднээс их зүйл шаарддаг. Үндэсний хувцасны шоунд оролцож Москва, Тайвань, Япон, Солонгос, Бээжин гээд Азийн орнуудаар явж байсан. 2009 онд Солонгос улсад болсон “Азийн модель”-д Солонгосын нэрт загвар зохион бүтээгч Андрей Кимийн урилгаар эх орноо төлөөлж оролцож байлаа. Андрей Ким гуай манай үндэсний хувцсыг их өндөр үнэлж байсан. Манай төвийн 3 загвар өмсөгч Их аварга Д.Дагвадоржийн зодог тайлах ёслолд очиж оролцсон. Японд загварын чиглэлээр сурдаг манай 3 загвар өмсөгч тэндээс оролцож, Япончуудад төдийгүй дэлхий нийтэд монгол үндэсний хувцсаа сурталчилсандаа их бахархсан. Бидний ирэх очих зардал гээд бүгдийг Их аварга даасан. Аварга маань биднийг өндөр зэрэглэлийн зочид буудалд байрлуулж, маш сайхан үйлчилсэн.
-Загварын бүсгүйчүүдийг янз бүрийн эрчүүд их эргүүлдэг. Найз залуутай юу?
-Би залуу байгаа болохоор гэр бүл хань ижлийн тал дээр яарахгүй л байна. Одоогоор үерхдэг залуу байхгүй. Үерхэж, найзалъя гэсэн залуучууд таардаг л юм.
-Гэр бүлийнхнийхээ талаар ярихгүй юу. Олон эгчтэй гэсэн. Загвар өмсдөг хүн бий юу?
-Манайх Увс амйгийн харьяат айл л даа. Намайг төрөөд удаагүй байхад хотод шилжиж ирсэн гэсэн. Аав минь жолооч хийдэг. Одоо нэг хувийн компанид ажиллаж байгаа. Ээж маань өөрийн гэсэн хувийн бизнестэй. Хамгийн том эгч маань тусдаа гарсан. Гурван эгч маань намайг юунд гар хүргүүлдэггүй юм. Ер нь манай гэрийнхэн намайг маш их дэмжиж тусалдагт баярлаж явдаг. Ярилцсанд баярлалаа. Н.УДВАЛ. WWW.TAIZ.MN
Discussion about this post