Нэрт зохиолч, сэтгүүлч Дожоодорж гуайн зохиолоор хийсэн Монголын уран сайхны “Хүргэн хүү”, ”Нийслэл хүү”, ”Аман хуур”, ”Өнөр бүл”, ” Үер”, ”Улаанбаатарт байгаа миний аав”, ”Бид мартахгүй” зэрэг 30 орчим киног үзээгүй монгол хүн байхгүй биз. Монголын зохиолчдоос хамгийн олон буюу 61 ном гаргаж өөртөө номон хөшөө босгосон тэрбээр 81 насыг зооглож бурхны оронд одоход олон хүн энэ хүний авьяас хөдөлмөрийг төр засаг үнэлсэнгүй гэж харамсан халаглаж байсан. Нэгэн цагт Улсын Бага хурлын гишүүнээр сонгогдож төр түшилцэж явсан Дожоодорж гуайн шилдэг уран бүтээлүүд одоо ч ард түмний дунд яригддаг. Бид Дожоодорж гуайн насны хань жүжигчин, СТА Х.Нарантуяа гуайтай уулзаж ажил амьдралынх нь талаар ярилцлаа.
-Дожоодорж гуай амьдралынхаа сүүлийн жилүүдэд бие нь тааруухан хэвтэрт байсаар өнгөрсөн гэсэн. Бүтээлч сэтгэлгээтэй, уран бүтээлийн эрэл хайгуул их хийдэг ховорхон хүн байсан гэж мэргэжил нэгт нөхдүүд нь өндөр үнэлдэг. Олон хүн түүнийг төр засаг амьдад нь үнэлсэнгүй гэж их харамссан.
– Миний хань сүүлийн 10 жил хэвтэрт орж жаахан ядарсан. Уг нь их хөнгөн, бие сайтай хүн байсан ч насны эрхээр хөлөө гэмтээж хэвтэрт орсон. Дараа нь хэд хэдэн удаа цус харвасан нь ч багагүй нөлөөлсөн. Дожоо маань архи тамхи хэрэглэдэггүй, бусадтай нийлж наргиж дарвиад байдаггүй жинхэнэ номын мөр хөөсөн хүн явлаа. Москвагийн кино урлагийн дээд сургуулийг кино зохиолч мэргэжлээр төгссөн монголын хоёр дахь хүн байсан юм. Ц.Зандраа гуай 12 жилийн өмнө энэ сургуулийг ижил мэргэжлээр төгссөн юм билээ. С.Удвал зохиолч миний ханийг мэргэжлийнхээ ид шидийг жинхэнэ үзүүлсэн гэж урам хайрлаж байсан удаатай. Энэ хугацаанд Уран сайхны 30-аад кино бүтээж, роман, тууж, өгүүллэг, нийтлэлийн 61 ном гаргасан нь өндөр үзүүлэлт болсон. Дожоо маань МҮОНТ-ийн суурийг тавилцсан анхны уран бүтээлчдийн нэг болохоор телевизийн олон сайхан бүтээл хийсэн нь алтан фондод хадгалагдаж байна. Телевизийн тухай “Зурагт зулын хойморт” гэдэг ном бичсэн юм. Түүхийг нь сайн мэддэг болохоор их сайн бичсэн гэдэг юм байна лээ. Дожоогийн бичсэн жүжгүүдийг бүх аймгийн театрт тавьсан. Гавьяа шагналын хувьд би бусдын адил жаахан гомдолтой л байдаг юм. Өвгөнд маань “Алтан гадас одон” , СТА цол тэмдгээс өөр гялтайх юм байгаагүй. Тэр олон сайхан кино зохиол бичиж, зөндөөн ном гаргачихаад байсан ч өөрөө надад төр засаг шагнал өгсөнгүй гэж нэг удаа ч гомдоллож байгаагүй. Ямар сайндаа би “хийсэн бүтээсэн гавьтай бүтээлгүй хүмүүс алдар цол аваад л байх чамд яагаад өгдөггүй юм” гэхэд “Түмэн олон маань намайг тэр хүмүүсээс илүү мэддэг юм” гээд инээж байсан. Ер нь Дожоод ном гэж салшгүй хань нөхөр л байсан. Ёстой цуцталаа хөдөлмөрлөдөг хүн байлаа. Тийм болоод л олон сайхан уран бүтээл хийсэн. Бичсэн зохиолоо цүнхэндээ хийгээд л гарч өгнө дөө.
-Дожоодорж гуай 90-ээд онд “Алтан цөгцний хэрэг”, ” Харь гаригийнхан” гээд олныг шуугиулсан нэвтрүүлэг, ярилцлага хийж олны анхаарлыг татаж байсан. Дараа нь худлаа үнэн гэсэн яриа их гарч чихийг нь багагүй халууцуулсан. Бас “Түүхийн өмнө хүлээх хариуцлага” гэдэг нэвтрүүлгээрээ шуугиан тарьж байсныг санаж байна. Энэ талаар та хэр сайн мэдэх вэ?
-Би ер нь Дожоогийн ажил төрөлд оролцдоггүй, юу болсон талаар нь сонирхож асуудаггүй байсан. Тоглолт сургуулилт гээд цаг зав багатай байдаг болохоор оройтож гэртээ ирнэ. Манай хүн ч телевизийн ажилтай болохоор бас оройтож ирнэ. Хоёулаа завгүй хүмүүс л гүйдэг байлаа. Манай хүн зохиолоо голдуу шөнө бичнэ. Өглөөгүүр хэдхэн минут унтчихаад л ажилдаа явна. Тэр “Алтан цөгцний хэрэг”-ийн талаар болон “Харь гариг”-ийнхний тухай мэдээллүүдийг тухайн үед хүмүүс үнэхээр их сонирхож, одоогийн ярьдагаар сенсаац болж байсан байх шүү. Зарим нэг таньдаг хүмүүс надаас хүртэл асууна. Би яаж мэдэхэв дээ л гэж хариулдаг байсан. “Алтан цөгцний” хэргийн тухайд бол болсон явдлыг нь гаргаж тавьсан. Тэр хүний өөрийнх нь хэлсэн ярьсныг ямар ч засваргүйгээр гаргасан юм билээ. Анх тэр хүн Дожоог сурагласаар ирсэн гэж ярьж байсан. Дараа нь би янз бүрийн яриа гараад байхаар нь болох болохгүй хүний ярьсан юмыг яах гэж бичиж байдаг юм гэж зэмлэхэд ер тоодоггүй, ойшоодоггүй байсан. Өвгөн маань нэг удаа хэдэн хүний хамт Америк явахдаа Харь гаригийн талаар судалдаг том академи дээр очиж музейг нь үзэж, олон сонирхолтой зураг үзлээ, би ч оргүй юм хөндөөгүй юм байна гээд ирээд ярьж байсан. Тэр академи томоохон судалгаа хийж, үнэн худлыг нь судалдаг гэсэн. Америкт хэд хэдэн удаа очсон юм. “Түүхийн өмнө хүлээх хариуцлага” нэвтрүүлэгээ телевизээр 34 удаа цацаж байсан гэдэг. Хот хөдөөгүй олон мянган үзэгчид сайн нэвтрүүлэг боллоо гэж ярьж, урам өгдөг байсан. Сүүлд өвдөхөөсөө өмнө “Би социализмын сүүлчийн хүн” гэдэг зохиол дээрээ ажиллаж байсан. Үлдээсэн олон сайхан зохиол бүтээл, гар бичмэлийг нь үр ач зээ нар нь уншигчдад хүргэж байх гэж найдаж байгаа. Дожоо маань 1960 онд “Зүүний сүвэгч” зохиолоо бичснээс хойш “Ардчилсан хувьсгалын удирдагчийг хэн алсан бэ”, ”Цуст аллагын ерөнхий захиалагч” зэрэг адал явдалт улс төрийн томоохон нийтлэлүүд бичиж уншигчдын анхаарлыг татаж ном болгосон.
-Ю.Цэдэнбал гуайг Москвад амьдарч байхад очиж сурвалжлага авч монголчууддаа хүргэсэн ганц хүн бол Дожоодорж гуай. Тэр нэвтрүүлгийг хийх гэж багагүй хөглөсөн тухайгаа өөрөө ярьсан байсан. Монголын ард түмэн тэр нэвтрүүлгээр 40 жил төр барьсан удирдагч маань ямархуу байдалтай аж төрж байгааг хараад их эмзэглэж, өрөвдөж нулимс унагасан хүмүүс ч олон байсан.
-Өвгөн маань Ю.Цэдэнбал гуайг Москвад ямар шуухан аж төрж байгааг Монголын ард түмэнд хүргэх гэж чамгүй хөөцөлдөж явсан юм. Увс, Ховд, Баян-Өлгий зэрэг аймгийн ард иргэдээс маш олон захидал ирдэг байсан. Нэг ёсны ард түмнийхээ захиа даалгаврыг авч явсан гэж болно. Тэд Цэдэнбал даргын талаар та очиж сурвалжилж өгөөч, ямар байдалтай байгааг нь ард түмэнд үнэн зөвөөр нь та л хүргэж өгч чадна гэж бичдэг байсан. Би хэд хэдэн хүний захидлыг сонирхоод уншсан юм. Олон захиа ирсэн дээ. Тэгээд л өвгөн маань Москва явахаар зориглож Намын төв Хороонд захидал бичиж явуулсан. Тэгэхэд визнээс авахуулаад улс төрийн том хүнтэй холбоотой асуудал болохоор өөрөө шийдэж чадахгүй, эрх мэдлээс нь давсан асуудал бишгүй л байсан. Дээрээс зөвшөөрсөн хариу аваад зардал мөнгөө хувиасаа гаргаад Москвад очсон. Тэнд суугаа манай Элчин сайд Дожоог хүлээж аваад “Таны энэ асуудлыг би ч шийдэж чадахгүй, Учир нь Филотова гуай хэнтэй ч уулзуулдаггүй юм. Олон хүн энд ирээд уулзаж чадаагүй буцсан” гэж хэлсэн гэсэн. Тэгээд хэд хонож байтал элчин сайд нь утсаар яриад “Танд Цэдэнбал даргатай уулзах ганц л арга байна. Удахгүй цагаан сар болно. Тэр үеэр би очиж золгоно. Та золгоё гээд хадагтай очвол Филотова гуай оруулж магадгүй. Тэр үеэр эвтэйхэн аргалж байгаад ярилцлага авахыг бод” гэсэн юм билээ. Манай хүн зураглаачтайгаа ороод сайхан яриа дэлгээд бичлэг хийж эхлэхэд нь эхнэр нь дургүйцэж зураг авахуулахгүй гээд камерыг нь хааж нилээд эсэргүүцэж байсныг ард түмэн үзсэн болохоор сайн санаж байгаа байх. Хойноос ирээд авсан ярилцлагаа НТХ-нд үзүүлж танилцуулаад Монгол телевизээр орон даяар цацсан. Тэр үеийн томчууд бичлэгийг нь үзээд “Ард түмэн нэхээд байгаа болохоор үзүүлэхээс яахав” гээд гаргахыг зөвшөөрсөн. Тэрнээс хойш манай гэрийн утас шөнө өдөргүй дуугарч “Үнэн бодит сайхан нэвтрүүлэг хийсэн байна. Бид хэдэн жил сургийг нь сонссонгүй, хөгшин хүнийг одоо нутагт нь авчрах хэрэгтэй, дээш нь дамжуулж хэлж өгөөрэй” гээд олон санал сэтгэгдэл хэлдэг байсан. Тэр нэвтрүүлэгийг хийгээд Дожоо маань маш олон хүнээс талархлын сайхан үг сонсоод сэтгэл хангалуун үлдсэн. Олон хүн бид даргынхаа амьдралыг ямар байгааг харлаа, зөв хүнээ сонгож явуулсан байна гэж баяр хүргэж байсан.Монголыг ард түмэн Бал даргадаа ямар их хайртай, хэр хүндэлж явдаг нь тэндээс тод харагдсан.
– Дожоодорж гуай та хоёр хэрхэн танилцаж гэр бүл болсон бэ? Хүүхдүүдээс чинь аавынхаа авьяасыг өвлөсөн уран бүтээлч төрсөн үү?
-Миний хань Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уугуул хүн байлаа. Бид хоёр анх 1962 онд танилцаж 50 жил сайхан амьдарсан. Жинхэнэ гүндүүгүй, сайхан монгол эр хүн байсан даа. Би нэг удаа ч хүнтэй муудаж, том дуугарч байхыг нь үзээгүй. Дутагдал нь гэвэл гэр орныхоо ажлыг ер хайхардаггүй хүн байсан. Манайх хоёр хүүхэдтэй болохоор би түүртэх биш, ар гэрийнхээ бүх ажлыг зохицуулчихна. Номоо л бичнэ. Архи тамхи огт хэрэглэдэггүй болохоор найз нөхөд ч цөөхөн. Харин шатар сайн тоглоно. Ажил дээрээ тэмцээнд оролцож түрүүлээд алтан медаль авлаа гээд л ирнэ. Зуны улиралд амарч зугаална гэдгийг мэдэхгүй, айлд уригдахаар очих их дургүй. Хааяа хэдэн зохиолчид л манайхаар орж ирдэг байсан. Чойжилын Чимэд гуай үе үе утасдаж “Дожоо хө намайг таксигаар гэрт хүргээд өг” гэж ярьдаг. Өвгөнийг маань архи уудаггүй болохоор Цэвэлсүрэн гуай хүргүүлээд очихоор загнадаггүй гээд Чимэд гуай хүргүүлэх дуртай байсан юм. Цэвэлсүрэн гуай угийн дөлгөөн хүн болохоор учиргүй их загнаж сүйд болдоггүй ч айхгүй ч аягүй гэгчээр мань хүн заримдаа жаахан эмээдэг байсан бололтой юм билээ. Манайх хүү, охин хоёртой. Одоо нэг ач охин, хоёр зээ охинтой. Хоёр зээ охин маань Америкийн Вашингтон хотод ээж аавтайгаа амьдраад 10 жил болж байна. Ач охин маань энэ жил гадаадад сурахаар явсан. Би их сайхан бэр, хүргэнтэй, ханийн тэнгэртэй азтай эмэгтэй гэж өөрийгөө боддог. Бэр Алтантуяа маань аавыгаа олон жил хэвтэрт байхад их сайн өргөж асарсан хүн дээ. Манай хүү Эрдэмбилэг Германд сургууль төгссөн, англи, орос хэлтэй хүн бий. Охин Эрхэмхатан унаган орос хэлтэй, англи, хятад хэлтэй.
-Дожоодорж гуайн нэг охин Оросод байдаг гэж сонссон. Та хэр холбоотой явдаг вэ?
– Дожоо маань хойно оюутан байхдаа нэг Буриад бүсгүйтэй үерхэж дотносоод нэг сайхан охинтой болсон юм билээ. Тэр тухайгаа надтай анх танилцахдаа л хэлсэн. Өөрөө охинтойгоо байнга холбоотой явдаг байсан. Охин нь Монголд дөрвөн удаа ирэхдээ манай нэг өрөөнд найз бүсгүйтэйгээ хамт байж байгаад явдаг байсан. Монголд их элэгтэй, одоо 50 гарсан эмэгтэй бий. Ээж нь дараа нь нэг хүнтэй сууж, сайхан амьдарч байгаад өөд болсон гэсэн. Охиных нь нөхөр Улаан-Үдэд томоохон компанитай, авто машины бизнес эрхэлдэг гэсэн. Аавыг нь өнгөрөхөд нь оройтуулж хэл дуулгаад ирж амжаагүй юм. Би удахгүй Улаан-Үд хотод очиж охинтойгоо нэг уулзаж, монголд ирэхээр нь аавынх газар дээр дагуулж очих бодолтой байгаа.
-Таныг анхны дээд мэргэжлийн драмын жүжигчдийн нэг гэдгийг мэднэ. Дөнгөж 8-р ангиа төгсөөд дээд сургуульд орсон гэдэг бил үү? Урлагт хэдэн жил ажиллаж байна даа.
-Би 1963 онд УБДС-ийн кино драмын ангийг төгссөн анхны мэргэжлийн 20 жүжигчний нэг. Манай ангиас Ардын жүжигчин Мэндбаяр, Лхамхүү, гавьяат жүжигчин Буржгар зэрэг олон сайн жүжигчид төрсөн. Бид одоогийнх шиг сургууль төгсөөд ажил хайгаад явдаггүй байлаа. Биднийг сургууль төгсөхөд тусгай комисс гарч ямар дүнтэй суралцаж төгссөн, дипломоо хэрхэн хамгаалсан зэрэг үзүүлэлтээр шилж сонгож Драмын театрт таван хүн жүжигчнээр авахад Мэндбаяр, Лхамхүү, Бужгар, манай театрын дарга байсан “Алтан өргөө” киноны Сүмбээд тоглосон Зориг бид тав хуваарилагдсан юм. Тэрнээс хойш өдийг хүртэл 50 жил тасралтгүй жүжигчний ажлаа хийж явна. Авъяас тэтгэвэрт гардаггүй гэгчээр урилга ирсэн үед кино, клип, телевизийн рекламд тоглож л байна. Хамгийн сүүлд “Огцом эргэлт” гэдэг кинонд нэг дүр бүтээсэн. Би энэ хугацаанд 30-аад кино, 150 жүжгийн гол ба туслах дүр, телевизийн жүжиг киноны 40-өөд гол ба туслах дүрд тоглосон. Дэлгэцийн бүтээлд дээд сургууль төгсөх жилээ анх “Баясгалан” гэдэг кинонд УГЖ “Түгжил”-д тоглодог Готовтой хамт тоглосон. Бие гайгүй бол нүд анитлаа л урлагтаа зүтгэнэ гэж боддог. 2013 онд миний 70 насны ой тохиох болохоор телевизийн хөрөг нэвтрүүлэгт ороод цаг зав муухан л явж байна. Манай театр ахмад жүжигчдийнхээ насны тэгш ойг тэмдэглэдэг юм. Тавин жил урлагт зүтгэхдээ эх орноо олон удаа бүтэн тойрсон. Надад очоогүй аймаг, сум байхгүй. Би сургууль төгсдөг жилээ уушигны хатгаа аваад Айрагны эмнэлэгт хэвтэж байхдаа киноны дадлагаа хийгээгүй болохоор эмчээсээ түр чөлөө аваад Кино үйлдвэр анх очиход Дожоо маань хойно сургууль төгссөн, шижигнэсэн сайхан залуу Кино үйлдвэрт зохиолч, редактороор ажиллаад удаагүй байсан юм. Тэр үед манай ангийн 10 бүсгүйн надаас бусад нь бүгд нөхөрт гарчихсан байсан юм. Тэгээд нэрт жүжигчин Элбэгсайханаас намайг асуухад “Манай Нарантуяа хэр баргийн эр хүнтэй үерхэхгүй ээ, их чамбай охин байгаа юм” гэсэн юм билээ. Манай ангид Мэндбаяр бид хоёр л дөнгөж 8-р ангиа төгсөөд оюутан болсон болохоор формынхоо хувцсан дээр цамц өмсчихөөд явдаг байсан. Бас хоёулаа ээжгүй байсан болохоор хэлж зөвлөх хүнгүй хүүхдээрээ яваа нь тэр. Миний ээж Өвөрхангайн Хужирт сумын хүн байлаа. Намайг дөнгөж таван настайд өнгөрсөн юм. Нэг өдөр манай Клара багш Мэндбаяр бид хоёрыг дуудаад “Та хоёр маань одоо 2-р курсийн том оюутнууд боллоо. Хувцаслалтандаа анхаарч формоо тайл даа” гэж хэлсэн. Тэр үед гоё ганган хувцас авах мөнгө төгрөг муутай байсан болохоор формоо өмсөөд л гүйдэг байсан.
-Та нэг хэсэг гадаадад амьдарч байгаа сураг дуулдсан. Ямар ажил эрхэлж байв.
-Би театраас түр холдоод бусдын жишгээр урагшаа явж торго дурдан авчирч зарж үзсэн. Зүгээр сууж чаддаггүй болохоор амьдрал боломжтой байсан ч наймааны амт үзээд авсан шүү. Манайханд жаахан хэлний авъяас байдаг юм болов уудаа. Би чинь орос, хятад, франц хэлтэй, гайгүй гадарладаг болохоор гурван жил шахам Москвад байрладаг хятадын нэг компанид хэлмэрч хийсэн. Бас хажуугаар нь Кубын нэг компанид хааяа орчуулагч хийдэг байлаа. Кубын тэр компани Оросуудаас онгоцны сэлбэг хэрэгсэл авахаар гэрээ хийх гэхэд нь нөгөөдүүл нь манай онгоцны загвар, мотор нь шинэчлэгдсэн, үнэ нь нэмэгдсэн гээд өгөхгүй болохоор нөгөө хятад эзэнтэйгээ яриад зохицуулж өгсөн. Би тэр хятадын компаниас тогтмол цалин авдаггүй байсан. Харин байраар хангасан. Захирал маань намайг ээж гэж их хүндэлдэг байсан. Тэгээд нэг удаа би хэдэн жил тантай хамтарч ажиллахдаа тогтмол цалин хөлс өгч чадсангүй. Танд надаас хүсэх зүйл байвал нэрэлхэлгүй хэлээрэй гэхээр нь би “Ганц охиноо хятадад сургамаар байна” гэж хэлсэн. Захирал маань “тэр бололгүй яахав” гээд манай охиныг Хөх хотын их сургуульд 4 жил сургаж, сургалтын зардал, байр, хоол, хармааны мөнгө, ирэх очих зардал гээд бүгдийг дааж сургасан. Энэ бол маш том хөрөнгө оруулалт болсон доо. Одоо охин маань Америкт гэр бүлээрээ сайхан амьдарч байна. Би хэдэн жилийн өмнө 10 жилийн виз даруулаад охин дээрээ хэдэн удаа очиж их юм үзэж, сайхан амарсан. Ойрд охин маань “Та ганцаараа юу хийгээд байна, хурдан ир” л гээд байгаа. Хийх ажил мундахгүй байгаа болохоор амжихгүй л байна. -Та урлагт олон жил зүтгэлээ. Гавьяа шагнал авах хүмүүсийн нэг гэж үзэгчид таныг үнэлдэг. Шагнал таныг нэг л тойроод байна даа гэж нэг нэртэй жүжигчин ярьж байхыг сонссон. Лениний гэргий Н.И Крупскаяд таныг маш чадварлаг тоглосон гэдэг юм билээ. Шагнал урамшууллын тал дээр өөрөө ямар бодолтой явдаг вэ? -Шагнал хүнд улам ихийг хийж бүтээх урам өгдөг гэж би боддог. Миний хувьд 70 нас гартлаа их урлагт зүтгэж явна. Хань маань надаас илүү хөдөлмөрөө үнэлүүлэх ёстой хүн байсан. Яахав бид хоёр хоёулаа “Алтан гадас“ одон авсан. Би СТА болоод удаагүй “Хөдөлмөрийн хүндэт” медаль авсан. Манай хүнд зарим нэг хүн шиг заль мэх, овсгоо , ар өврийн хаалга гэдгийг ер мэддэггүй хүн байсан. Их шударга, байгаа юмыг байгаагаар байлгах гэдэг зантай хүн байсан. Тэрнээс өөр овсгоотой хүн байсан бол аль хэдийнэ алдар цол авчих л байсан гэж боддог. Миний ханийн киног үзээгүй хүн ч ховор доо гэж бодож бахархдаг юм. Ард түмэндээ нөхдийнхээ хамт олон сайхан кино бүтээж үлдээсэн нь том шагнал юм даа. Намайг театрын ойгоор “Гавьяат жүжигчин” цолд тодорхойлсон ч өгөөгүй. Бодвол болоогүй юм байлгүй дээ. Ярилцсанд баярлалаа. Н.УДВАЛ. WWW.TAIZ.MN
Discussion about this post