Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ баярынх нь өдөр бухимдуулсандаа уучлал хүсэхдээ “Жендерийн үндэсний хорооны хурал дээр хэлсэн зүйл маань нийгэмд хэлэлцүүлэг өрнөх шалтгаан болсон байсан” гэсэн үг хавчууллаа. Уучлаарай, Ерөнхий сайд аа. Та поп од биш, таны хэлсэн үг олон хүний хүрээг хамарч, “нохой шуугиулах” нь таны ажил биш.
Та өчигдөр хэлсэн үгээрээ “Ажилгүй хүмүүсийн очдог газар гэж “манай цэргийн сүр жавхаа” болсон арми, Зэвсэгт хүчнээ гутаалаа. Эхчүүд, эмэгтэйчүүдийг доромжиллоо, архичин, гүзээтэй сэвстэй, нойр хоолоо зохицуулдаггүй гэж эрчүүдээ ташраар нь гутаалаа. Хүний эрхийг бүр уландаа гишгэлээ. Хариуцлага, ёс суртахуун өндөр оронд бол та өчиггүй огцрох үг хэллээ.
Хэнийг хайрлах, хэнтэй, хэзээ гэрлэх, төрөх, хэдэн хүүхэд гаргах, гаргахгүй байх, хаана амьдрах, үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх зэрэг хүний жам ёсны эрхэнд хэн ч халдах учиргүй. Хүсээд байгаа хүнлэг, энэрэнгүй нийгмийн үндэс суурь нь энэ. Хүнээр хүн хийнэ гэдэг хорвоо дэлхий дээрх хамгийн хүнд бөгөөд хариуцлагатай хөдөлмөр. Цэцэрлэг, ясли нь хангалттай бол ямар ч эмэгтэй гэртээ суухыг хүсэхгүй!
Төрөлтийг нэмэгдүүлж, хүн амаа өсгөх бодлогоо Засгийн газрын тэргүүн нь өөрөө эсэргүүцэн, жендерийн хурал дээр жендерийн мэдрэмжгүй үг хэлж, хүний жам ёсны эрхийг зөрчин, гэр бүл, бэлгийн боловсролын түвшинд шийдэгдэх асуудлаар ийм болчимгүй үг унагасан нь харамсалтай. Ингэхэд Ерөнхий сайд та өөрөө ингэхэд цэргийн алба хаасан уу?
Ажлын байр бий болгох, ажил эрхлэлтийг дэмжсэнээр асуудлыг шийдэх болохоос “Хоол нойр, фитнесс, архидалтын эсрэг арга хэмжээ” авах нь гарц биш. “100 жилийн түүхтэй нам, гэтэл Ерөнхий сайдаар томилогдсон хүн нь амьдарч буй нийгмийнхээ талаар 6 настай хүүхдээс ч дор ойлголттой байна” гэж иргэд шүүмжилж байна.
МҮХАҮТ, Банкуудын холбоо, бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзахаараа газар ширтээд, Ерөнхий сайдын зиндааны үг дуугарч чадахгүй, бизнесмэнүүд, банкируудад амаа алгадуулж байна. Цаадуул нь зовлон жаргал туулж, баялаг бүтээсэн хүн болохоор бэрхшээл, зовлонгоо ярьдаг Ерөнхий сайд шийдэл гаргах байтугай мэтгэлцэж, энэ сэдвээр хэлэлцүүлэг хийх чадваргүй байна. Юу чухал, чухал бишээ ч ялгаж салгахгүй байна.
“Цахим засаг” уулзалтад очоод зүгээр л “Эрхэс.ком”-ын залууд амаа таглуулж байна. Үндсэн гол тулгамдсан эдийн засгийн сэдвээ барьж авч чадахгүй, энэ мэт хөнгөн авсаархан энгийн юм барьж авдаг, эргээд шүүмжлэлд өртөж байна. Эдийн засгийн сэдвийг эхнэр хүүхдийн сэдвээр хааж “Хөшиг-манан” татуулж болохгүй ээ. ДНБ 5 хувь агшсан. Эдийн засгаа босгоё, аж ахуй нэгжүүдээ анхааръя, ажил орлоготой болъё.. Юун хүүхэд, хүүхэн, секс, фитнесс, цэргийн алба…Яг ийм үзэгдлийг мэргэжлийн хэллэгээр “ХӨШИГ ТАТУУЛАХ” гэж нэрлэдэг. Энэ нь ач холбогдол бүхий хүнд сэдэв, асуудлыг шийдвэрлэж чадахаа болингуут, хөнгөхөн нийтэд амны зугаа болгочих хов живийн шинжтэй сэдвээр сэвэх, ийм зүйлд цагаа зарцуулах…Энэ нь хамгийн чадваргүй улстөрчийн муу арга заль гэдэг.
“Сумын ЗДТГ-ын манаач, “Бэрс” дээд сургууль төгсөөд, төрд шууд ороод удирдагч болдоггүй юм байна. Энэ Засгийн газар бас л хол явахгүй нь ээ” гэж эхнээсээ иргэд итгэл алдарч байна. Тэгээд ЭДИЙН ЗАСАГ гэх толгой өвтгөсөн математикийн бодлогыг орхиод архи, хоол, гүзээ ярих нь танд ойр санагддаг бололтой.
Discussion about this post