АН-ын томчуудаас авлига, албан тушаалын хэргээр “дээлээ нөмөрсөн” нь Эрчим хүчний сайд асан М.Сономпилыг Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга өршөөлөөр суллажээ. Цэргийн командлагч мэргэжилтэй экс сайдад хятад компанид давуу байдал бий болгож гаалийн болон НӨАТ-ын 8,7 тэрбум төгрөгийн татвараас үндэслэлгүйгээр чөлөөлүүлсэн, мөн Дарханы ДЦС-д хаягдал үнсэн сав шинээр барих ажлын гүйцэтгэгчээр “Хотгор зам”компанийг сонгон шалгаруулсаны төлөө 266 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт буруутгаж шүүхээс ял оноосон. Экс сайдыг ийнхүү дараалан ялласан шийдвэр гарахад “Залуу Монгол” болон тендерт ялагч “Хотгор зам” компаний хооронд байгуулсан түншлэлийн гэрээ, тендерийн сонгон шалгаруулалт, хамаарал бүхий этгээдийх нь өгсөн мэдүүлэг, 266 саяар худалдсан гэх эвдэрхий ковш зэрэг нь түлхэц болсон. 2014 онд “Залуу Монгол” болон тендерт ялсан “Хотгор зам” компаниуд нь “Түншлэлийн гэрээ” гэгчийг байгуулжээ. Гэрээнд “… тендер зуучлалын хөлс гэрээний үнийн дүнгийн 10 хувь болох 800.000.000 төгрөг, хөрөнгө оруулалтын 1.200.000.000 төгрөгийн ашгийн 50 хувийн хамт, нийт 2.600.000.000 төгрөгийг авна” хэмээн үнийн дүнг тохирсон “гайтай” гэмээр заалт байсан. Уг нь хоёр тал банкнаас зээл авах зорилгоор л уг гэрээг хийсэн гэж мэдүүлсэн ч хуулийхан хахууль авахын тулд байгуулсан халхавч гэрээ гэж үзжээ.
Өөрөөр хэлбэл түншлэлийн бус харин тендер зуучлалынх болж таарсан. Тэгээд ч “Хотгор зам” нь М.Сономпилийг сайдын алба хашиж байхад зөвлөхөөр нь ажиллаж байсан А.Муратын дүүгийн компани байдаг. Захирлаар нь А.Хайрат ажиллаж байсан. Сайдын зөвлөхийн дүүгийн компани ялсан тендер ч маапаантай болжээ. Экс сайд Дарханы дулааны цахилгаан станцын үнсэн сан барих тендерт “Хотгор зам” компанийг ялуулахын тулд тухайн үеийн ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Дэлгэрцогтод үүрэг өгч Үнэлгээний хорооны даргаар Я.Пүрэвжавыг томилуулж, ирц бүрдээгүй тендерийн хороог хуралдуулсан нь тогтоогдсон гэж үзсэн. Хороо нь долоон гишүүнтэй бөгөөд тендер шалгаруулах хурлын ирц бүрдээгүй тул дарга Я.Пүрэвжавын тушаалаар хорооны нарийн бичгийн дарга Е.Ерболат нь нэр бүхий гишүүдээр хурлын тайлан, протоколд нөхөж гарын үсэг зуруулснаа хүлээн зөвшөөрчээ. Бас нэг зүйл нь Эрчим хүчнийхэн Я.Пүрэвжавыг сайдын хүн, гэдэг, өмнө нь “Залуу Монгол”-д ажиллаж байсан болон М.Сономпилийг сайд болоход дагаж ирээд Эрчим хүчний хөгжлийн төвийн дарга болсон хэмээн жиг жуг гэдэг байжээ. Үнэлгээний хорооны зарим гишүүд тендерт шалгарсан “Хотгор зам” компаний нэрийг ч мэдэхгүй байсан. Мөрдөн байцаалтын явцад “Хотгор зам”-аас “Залуу Монгол” компани руу 200 сая төгрөг дансаар орж ирсэн байдаг. Дараа нь экс сайдын хүү болох компанийх нь гүйцэтгэх захирлын данс руу 66 саяыг шилжүүлсэн гэнэ. Ингээд хахуульд авсан гэх 266 сая төгрөг бүрджээ. Харин хэргийн явцад хоёр тал хоёулаа уг мөнгийг “Залуу Монгол”-оос худалдаж авсан ковшийн мөнгө хэмээн мэдүүлсэн. Ингээд хуулийнхан “Хотгор зам” компанид очиж экс сайдын компаниас авсан гэх ковшийг нь үзжээ. Гэтэл өнөөх ковш нь улсын дугааргүй, аккумуляторгүй, асаах боломжгүй техник байжээ. Ийм авто ачигчийг 266 сая төгрөгөөр худалдан авсан гэхэд хуулийнхан мэдээж итгээгүй. Экс сайд нь эхнээсээ хоёр компанийн хоорондох тооцоог үндэслэн хахууль авсан гэж дүгнэсэн нь хэт өрөөсгөл болсон, төрийн алба хашиж эхэлсэн үеэс “Залуу Монгол”компаний дотоод ажилд оролцохоо больсон, өдөр тутмын санхүүгийн үйл ажиллагааг бүр ч мэдэхгүй хэмээн мэдүүлсээр иржээ. Гэтэл гүйцэтгэх захирлаар ажилладаг хүү нь мэдүүлэг өгөхдөө 100 сая төгрөгөөс дээшхийг аав мэддэг, доошхийг би шийддэг хэмээн “ам алдсан” гэнэ. Энэ нь экс сайдтан үүсгэн байгуулсан компанийнхаа үйл ажиллагаанд оролцдог болохыг баталсан нэг нотолгоо болон үнэлэгджээ. Хэргийн явцад “Хотгор зам” компаний захирал А.Хайрат нь мэдүүлгээсээ хэдэнтээ буцжээ. Мөн АТГ-ын байцаагч түүнийг мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан гэж үзсэн, прокуророос таслан сэргийлэх арга хэмжээ авсан байхад 2018 оны 11-р сард Турк явсан байсан. Түүнээс гадна өмгөөлөгчид нь үйлчлүүлэгчдээ хорих бус торгууль ял өгүүлэх санаатай байсан ч том компанитай, төлбөрийн чадвартай экс сайдад ийм төрлийн ял өгөхгүй нь тодорхой болж, шүүхээс ял сонссон юм.
Discussion about this post