НАМЗХ-ны Ерөнхийлөгч байхдаа 2,5 тэрбумаар “төрийн албан хаагчдыг англи хэлтэй болгох” төсөл хэрэгжүүлсэн. Одоо Ерөнхий сайд болонгуутаа 10 их наядаар 5000 залуусыг сургаж, ажилтай, орлоготой болгоно…
Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх” төслийг баталлаа. Багц сургалт нэг сарын хугацаатай. Ажил хийх, амьдралаа өөрчлөх хүсэлтэй, 18-34 насны, эрэгтэй, эмэгтэй 1000 залууг сар бүр сонгон шалгаруулж, нэг сая төгрөгийн тэтгэлэгтэй сургах аж.
Төсөл нь залууст эрүүл, эртэч, амьдралын идэвхтэй хэв маяг, ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх хэлбэрээр ажилтай, орлоготой болоход нь дэмжлэг үзүүлэх зорилготой. Энэ хүрээнд өөрийгөө танин мэдэх, зөв дадал хэвшил, харилцаа хандлага, эх оронч үзэл санааг ойлгуулж, бие бялдрын зөв хүмүүжил, гэр бүлийн эерэг харилцаа, соёл төлөвшүүлэхэд чиглэсэн багц сургалт явуулна. Мөн ажил хөдөлмөрт бэлтгэх, ажлын ачаалал зэргийг даван туулах чадавхид сургах, хүн бүрийн онцлогт тохирсон ажил, мэргэжлийн зөвлөгөө өгч, хөдөлмөр эрхлэх хувийн төлөвлөгөө гаргахад нь туслах юм байна.
Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Манай улсад 15 ба түүнээс дээш насны 2.1 сая хүн бий. Тэдний 994 мянга эрэгтэй, 1.1 сая нь эмэгтэй байна. Ажилгүй иргэдийн 58 хувь нь хүнсний эрхийн бичиг авч байна. 15-39 насны буюу хөдөлмөр эрхлэх боломжтой атлаа ажил хийдэггүй иргэд олон байна. Сүүлийн жилүүдэд бид ядуурлын талаар их ярилаа.
Халамжаас хөдөлмөрт шилжиж л бид ядуурлаас гарна. Иймд 18-35 насны залуучуудыг 1 сарын вакуумжсан сургалтад суулгана. Тэднийг хөдөлмөрийн зах зээлд бэлдэнэ. Энэ сургалт тэтгэлэгтэй. Залуусын хандлагыг өөрчлөх нь бидний гол зорилт. 20-30 мянган ажлын байр эзнээ хүлээсээр л байна. Залуус тогтвор суурьшилтай ажиллахгүй байна гэж ажил олгогчид байнга хэлдэг. Иймд залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар баталлаа. Нийт 10 их наяд төгрөгийг зарцуулах хөтөлбөрийн нэг хэсэг болох юм. Ирэх сард 500 залууг сургалтад хамруулна. Цаашлаад энэ тоо 1000 болж өснө. Энэ загвар амжилтад хүрвэл сард 5000 хүртэл тооны хүнийг сургана. БШУ, Соёлын яам, НХХЯ хамтран “Ажилтай залуус” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ” гэлээ.
Энэ “том” төсөл Л.Оюун-Эрдэнийн 2015 онд “хэрэгжүүлсэн” Төрийн албан хаагчдыг англи хэлтэй болгох төслийн загварыг санагдуулж байна.
Одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НАМЗХ-ны тэргүүн байхдаа Америк явахаар болж ажлаа Н.Номтойбаярт өгөөд явсан. Удалгүй Л.Оюун-Эрдэнэ буцаж ирээд, НАМЗХ-ны ерөнхийлөгчийн ажлаа буцааж авахаар, үүрэг гүйцэтгэгч Н.Номтойбаяртай ширүүн маргаан дэгдээж байлаа. Энэ үед Л.Оюун-Эрдэнэ өөрийгөө “Ардын хүү” гэж өргөмжилж, НАМЗХ-ны тэргүүний үүрэг гүйцэтгэгч Н.Номтойбаярын тухай ямар муу залуу, яаж улстөрд орж ирсэн тухай нийтлэл нэвтрүүлгүүд цуварч эхэлсэн юм. “Одоо бодоход ооно, шаргачин хоёр байсан…” гэдэг шиг ард нь найруулагч ах нь байсан байж магадгүй.
Ийнхүү Н.Номтойбаярыг чичилж муулахтай зэрэгцээд Л.Оюун-Эрдэний тухай таагүй цухалзаж эхэлсэн. Л.Оюун-Эрдэнэ “Голден бриж” сургалтын төвөөр дамжуулан төрийн албан хаагчдыг /Боловсролын яам/ англи хэлний сургалтанд хамруулах нэрээр төсвөөс 2,5 тэрбум төгрөг гаргуулсан хэрэг “задарч” байлаа. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй олон арван хэлний төвөөс онцолж яагаад тус төвийг сонгож ийм их хэмжээний мөнгө шилжүүлэх болсон нь тендер энэ тэрд шалгарав?
Харин тус төвийн ард “Харвард Оюун-Эрдэнэ” байдагтай холбоотой гэж бичиж байлаа. “Голден бриж” сургалтын төвийн захирал нь П.Мэндбаяр нь, Л.Оюун-Эрдэний багын найз гэгддэг. Л.Оюун-Эрдэнэ нь тэдэнтэй зүгээр ч нэг найзын холбоотой бус хамтран “Бест дрийлэнг” ХК байгуулж багагүй хэмжээний хувь эзэмшдэг гэж мэдээлж байв.
Н.Номтойбаярын баян гэж “харлуулж”, өөрийгөө “Ардын хүү” нэрээр өрөвдүүлэх тактик барьж ажилласан Л.Оюун-Эрдэнэ “давсан”. Тухайн үед НАМЗХ-ны “хэт барууны” үзэлтэй залуус, “Ардын хүү давж болдоггүй наадам уу” хэмээн киноны хэсгийг өөртөө зориулан дэглэж, PR хийж олон нийтээр өрөвдүүлэх арга хайж байгаа Л.Оюун-Эрдэнэ үнэхээр ардын хүү юу, арын хаалганы Дэнзэн үү? гэж ил тод асууж байлаа.
Учир нь тэр үед Монголын Ардчилсан социалист залуучуудын холбооны дөрөв дэх ерөнхийлөгчөөр сонгогдсон Л.Оюун-Эрдэнийг МАН-ын Удирдах зөвлөлөөс нэр дэвшүүлсэн нь чухамдаа У.Хүрэлсүхийн санаачлага байжээ. Тэрээр улстөрч У.Хүрэлсүхтэй нэг нутгийнх. Тодруулж хэлбэл, Хэнтий аймгийн угшилтай. Намдаа нэр нөлөө бүхий даргатай нэг нутгийнх болж төрсөн нь МАН-д дардан замаар дарга болох үүдийг нь нээсэн гэдэг.
Тиймдээ ч Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Энхбаяр, О.Содбилэг нарыг “жийн” 100 хувийн саналаар үнэмлэхүй НАМЗХ-ны ерөнхийлөгч болж байв. Одоо ганцхан кранаар өргүүлж, мөн л Ж.Энхбаяр, С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил нарын ах нараасаа өрсөн Ерөнхий сайд боллоо.
Төслийн мөнгө ихээр эргэлддэг Дэлхийн зөнгийн бүсийн захирал хийж байсан Л.Оюун-Эрдэнэ сайдад сургалт, семинар, зохион байгуулах “хур туршлага” бий. Жишээ нь, төрийн албан хаагчдыг сургахаар төсвөөс гаргуулсан “Голден Бриж”-ын гэх 2,5 тэрбум төгрөгийн асуудал. Үнэндээ тухайн үед буюу 2015 онд, 2,5 тэрбум төгрөгөөр сурсан тэр төрийн албан хаагчид хаана байгаа бол… Одоо 11, тэрбум цаашлаад 10 их наядаар залуусыг ажил орлоготой болгоно гэнэ. Мөнгөн дүн нь өссөнөөс арга нь “Төрийн албан хаагчдыг англи хэл сургах” 2,5 тэрбумын өртөгтэй, үр дүнгүй төсөлтэй адил байна бус уу. “Адууныхаа хэрээр исгэрнэ” гэдэг шиг арга барил хэвээр ч Ерөнхий сайдын хэргэмээ дагаж, төслийн мөнгө нь 11,8 тэрбумаар хэмжигдэх болжээ” гэж иргэд шүүмжилж байна.
Discussion about this post