Монгол Улсын Засгийн газрын 2018 оны есдүгээр сарын 5-ны өдрийн хуралдаанаар Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ бүхий авто зам болгон өргөтгөж, шинэчлэх шийдвэрийг гаргасан билээ. Учир нь замын далан, суурь, хучилтад гарсан эвдрэлийн нөлөөгөөр машины дугуй хагарах, эд ангиуд эвдрэх, зам тээврийн осол ихээр гарах болсон. Сүүлийн гурван жилд тус замд 73 хүн амь насаа алдаж, 245 хүн гэмтэж бэртсэн. Дээрх чиглэлийн 204 километр /км/ авто замыг өнгөрсөн 2019 оны зургадугаар сард хааж, 2020 оны арваннэгдүгээр сарын 6-нд нээсэн юм.
Үндэсний аудитын газраас “Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын төсөл”-ийн хэрэгжилтэд 2020 оны есөөс 12 сар буюу 4-хөн сарын хугацаанд хяналт, шалгалт хийхэд хэд, хэдэн ноцтой зөрчил илэрсэн байна.
ЗАМЫН ХУЧИЛТЫН ЗУЗААНЫГ 1 СМ-ААР БАГАСГАЖЭЭ
Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км хатуу хучилттай авто замын хучилтын хийцийн төлөвлөлтөд 2019 онд өөрчлөлт оруулж, суурь үед 6 см, өнгөн үед 4 см нийт 10 см зузаан асфальт бетон хучилттай хийхээр төлөвлөсөн. Гэтэл зөвхөн өнгөн үед 5 см зузаантай асфальт бетон хучилт хийхээр өөрчлөлт оруулжээ.
Азийн хөгжлийн банкны зээл, тусламжийн хөрөнгөөр төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд гүйцэтгэгчээр шалгаран ажилладаг жишиг бий болоод багагүй хугацаа өнгөрч буй. Тиймдээ ч Дархан чиглэлийн 204 авто замын ажлын таван багц тус бүрийг БНХАУ-ын таван өөр аж ахуйн нэгж хариуцан ажиллаж байна.
20.6 САЯ АМ.ДОЛЛАРЫГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ НЬ ТОДОРХОЙГҮЙ
Дээрх таван багц ажлын гэрээний нийт дүн буюу 62.9 сая ам.долларыг гэрээ байгуулсан өдрийн буюу 2019 оны зургадугаар сарын 12,14-ний өдрийн /2654.30 төгрөг/дундаж ханшаар тооцсон дүн 166.9 тэрбум төгрөг бөгөөд энэ нь батлагдсан төсөвт өртгөөс 52.7 тэрбум төгрөгөөр буурсан. Мөн төслийн хөрөнгө оруулалтын нийт 83.4 сая ам.долларын санхүүжилтээр авто замын барилга угсралтын үндсэн ажлуудыг гүйцэтгэхээр төлөвлөж, зураг төслийг боловсруулж, төсөвт өртгийг тооцсон ч гэрээ байгуулах шатанд энэ дүнг 62.9 сая ам.доллар болгож бууруулсан ба дүнгийн зөрүү 20.6 сая ам.долларыг хэрхэн зарцуулах нь тодорхойгүй байна.
Discussion about this post