Одоогоос арав гаруй жилийн тэртээ УИХ-ын гишүүн, “Миний Монголын газар шороо” хөдөлгөөний тэргүүн О.Энхсайхан агсны бэлэвсэн гэргий, өнчирч хоцорсон хоёр охин нь өв хөрөнгө эзэмших эрхээ баталгаажуулах хүсэлтийг шүүхэд гаргаж, багагүй дуулиан дэгдээж байлаа. Тухайн үед талийгаачийн төрсөн дүү, О.Отгонсайхан, талийгаачийн ээж Г.Надмид тэргүүтэй хүмүүс энэхүү өв хөрөнгөний маргааныг эхлүүлсэн байдаг. Харамсалтай нь О.Энхсайхан агсны нэрийг муу зүйлд хутгаж, хөрөнгө мөнгө нэхэн нэг нэгнийгээ шүүхэд дуудах ах дүү нарын хэрүүл өнөөдрийг хүртэл намжсангүй.
Энэ удаа О.Энхсайхан агсны эгч О.Чулуунцэцэг шүүхэд нэхэмжлэл гаргаж, О.Отгонсайхан итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож, талийгаач ахынхаа төрсөн охиныг шүүхийн танхимд дуудаад байна. Аавыгаа хүнд өвчнөөр өөд болоход дөнгөж 10 гаруйхан настай байсан Э.Зулаас тэд энэ удаа талийгаач эмээд нь оногдох ёстой байсан “Хөвсгөл ХАА” ХХК-ийн 20 хувийг, талийгаач ээжийнхээ ач хүүдээ гэрээслэн үлдээсэн гурван өрөө байрыг нэхэн шүүхэд ханджээ.
Анх хөрөнгийн маргаан дэгдэх үед шүүхийн шийдвэр гарч, маргалдагч хоёр тал гэрээ байгуулан 2007 оны долдугаар сарын 20-ны өдөр гэхэд бүхий л зүйлийг өгөлцөж, авалцаж дуусахаар тохирчээ. Гэрээ ёсоор маргаан үүсгэгчид хөрөнгөө хувааж авсан бөгөөд талийгаач О.Энхсайханы ээж Г.Надмид “Хөвсгөл ХАА” ХХК-ийн өөрт ноогдох 20 хувиа аваагүй, О.Энхсайхан агсны том охин Э.Зултай уулзахдаа “Ээжийг нь ч эмээ нь их л гомдоох шиг боллоо. Тэр Хөвсгөлд байгаа компанийн хувь эмээд нь хэрэггүй. Миний охин аваарай, аавынхаа ажлыг сайн үргэлжлүүлээрэй” хэмээн захиж байсан гэнэ.
О.Энхсайхан агсны ээж Г.Надмид өөрийн хүү О.Баярсайханы том хүүхэд Б.Эрдэнэбаярт 3 өрөө байр итгэмжлэхээр өгчээ. Г.Надмид гуай 2009 онд талийгаач болсон байна. Мөн түүнээс байр итгэмжлэхээр авсан ач хүү Б.Эрдэнэбаяр нь ч нас баржээ. Гэтэл О.Энхсайханы эгч О.Чулуунцэцэг, дүү О.Отгонсайхан нар нь жилийн өмнөөс шүүхэд хандан Э.Зулаас эмээд нь ноогдох ёстой байсан “Хөвсгөл ХАА” ХХК-ийн 20 хувь, талийгаач ахынхаа нас барсан хүүхдээс өнөөх 3 өрөө байрыг нь нэхэмжлэн шүүхэд хандсан байх юм.
Г.Надмид хуулийн дагуу “Хөвсгөл ХАА” ХХК-ийн 20 хувийг эзэмшдэггүй байсан. Тиймээс эзэмшиж байгаагүй хөрөнгийг нь нэхэмжлэх эрх хэнд ч байхгүй атал тэд хууль бусаар 2014 онд өв залгамжлагчийн гэрчилгээ авч шүүхэд өгчээ. УИХ-ын гишүүн, “Миний Монголын газар шороо” хөдөлгөөний тэргүүн О.Энхсайханг өөд болсноос нь хойш зөвхөн өв хөрөнгөтэй л булаацалдсаар ирсэн О.Чулуунцэцэг, О.Отгонсайхан нар түүний охин Э.Зулыг Эх нялхаст хэдэн сараар хүүхдээ сахиж, хүүхэд нь үхэл амьдралын зааг дээр байх хүнд хэцүү үед нь эрэн сурвалжлуулах захирамж хүртэл гарган тохуурхжээ.
Өнөөдөр хэрүүлийн алим болон өнхөрч байгаа “Хөвсгөл ХАА” ХХК-ийг авахаар О.Отгонсайхан олон жилийн өмнөөс оролдож байжээ. Тэрээр ахыгаа бие нь маш муу, Япон руу онгоцоор ниссэн өдөр буюу 2006 оны гуравдугаар сарын 24-ний өдөр “Хөвсгөл ХАА” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Хуягбаатар гэгчтэй үгсэн хуйвалдаж дүрмийн санг өөрчилж байсан баримт бий. Харамсалтай нь тэдний энэ хуйвалдаанаас хоёр хоногийн дараа буюу 2006 оны гуравдугаар сарын 26-д УИХ-ын гишүүн, “Миний Монголын газар шороо” хөдөлгөөний тэргүүн О.Энхсайхан таалал төгсжээ.
Тухайн үед том охин нь Э.Зул нь 14, бага охин Э.Энхзул нь 5 настай өнчирч үлдэж байсан юм. Ахыгаа амьд байхад ч, нас барсны дараа ч эд хөрөнгөд нь шунаж, олон жил үргэлжилсэн хөрөнгийн маргаан дэгдээгээд байгаа О.Отгонсайхан нь өнөөдөр Шүүгчдийн Ерөнхий зөвлөлийн ёс зүйн хороонд референт, найзынхаа хөрөнгийг завших гэж хичээгч нөгөө М.Хуягбаатар нь Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч болон томорчээ. О.Отгонсайхан Шүүхийн Ерөнхий зөвлөлд ажилладаг эрх мэдлээ далайлган, нас барсан ахаас нь ээжид нь үлдсэн хөрөнгө, талийгаач ээжийнхээ ач хүүдээ итгэмжлэхээр үлдээсэн ганц байрыг нь хүртэл авахаар улааран шунаж, итгэмжлэгдсэн төлөөлөгч гэсэн цаас барьчихаад гүйж явна.
Түүний нэхэмжлээд байгаа хөрөнгө мөнгө нь дандаа талийгаач нартай холбоотой байгаа юм. Хамгийн том ах О.Баярсайхан ч бурханы оронд одсон. Эмээгээсээ гурван өрөө байр авсан Б.Эрдэнэбаяр ч бас нас барсан. “Хөвсгөл ХАА” ХХК-ийн 20 хувийг эзэмшлээсээ татгалзаж, амьд ахуй цагтаа өөрийнхөө хувийг ач охин Э.Зулдаа үлдээсэн Г.Надмид нь ч бас талийгаач болчихоод байгаа юм. Үүнийг ах дүү хамаатан садан нь ч гэрчилж, шүүхэд мэдүүлэг хүртэл өгчээ. Эзэмшдэггүй байсан хөрөнгө, өөр хүний нэр дээр байсан байр савыг хүртэл талийгаач ахынхаа охиноос нэхэж, үүнийг нь СБД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хэлэлцэж байгаад олон хүн гайхаж байна. Шүүгчдийн ёс зүй яригдаж байгаа энэ үед Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ёс зүйн хорооны гишүүн О.Отгонсайханы ёс зүй ч бас яригдах ёстой нь дамжиггүй.
Эх сурвалж: Шударга шуугиан
Discussion about this post