-Оюутолгойн гэрээг байгуулахад Та УИХ-ын гишүүн байсан. 57 дугаар тогтоолыг эсэргүүцэж ганцаараа шахуу эсрэг санал өгсөн. Яагаад тэгсэн юм бэ?
-Оюутолгойн гэрээг хэлэлцэх тухай 40 дүгээр тогтоолыг 2008 оны 9 сард хэлэлцсэн юм. 2008 оны 40 дүгээр тогтоолын агуулга нь
-Хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжуудад нийцүүлэн хийх
-Монголын талын эзэмшлийг 34 хувиас эхэлж, анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа 50 хувь болгох асуудлыг гэрээнд тусгах хувилбар
-Бүтээгдэхүүн хуваах зарчимд тулгуурласан хувилбар
-Ордыг түшиглэн байгуулагдах компанийн хувьцааны 34 хувийг Монголын тал шууд эзэмшихээр тооцож, уг хувьцаанд ногдох хөрөнгийг албан татвар, төлбөр, хураамж, ногдол ашиг, зээл зэрэг хэлбэрээр оруулж болохоор тохиролцох тухай гэхчлэн 9 заалт тусгасан байдаг.
Үүнийг УИХ-ын гишүүд эсэргүүцсэн. Дараа нь УИХ–ын 57 дугаар тогтоол гэж оруулж ирсэн. Тэгэхэд 34 хувиар тогтсон байна, нөгөө 40 дүгээр тогтоолын 9 заалт чинь байхгүй, биелсэн юм байхгүй. Тэр 40 дүгээр тогтоолыг эсэргүүцээд, сайжруул гэж буцаахад бүр дордуулаад, дөрөвхөн заалттай 57 дугаар тогтоол оруулсан. Наадмын өмнөхөн 07 сарын 09-нд оруулж ирсэн юм. Бүр дордоод 40 дүгээр тогтоолын чухал заалтууд байхгүй болоод ороод ирсэн. Би эсэргүүцээд нохой хуцахын чинээ тоогоогүй. Энэ хооронд хууль засагдаад, завааруулаад дууссан. 40 дүгээр тогтоолыг биелүүлэхийг С.Баярт даалгасан чинь нохойтоод биелүүлээгүй. Эндээс эхлээд Оюутолгойн гэрээ буруудсан. Бид Оюутолгойн гэрээг хийхгүй, дэмий гэж яриагүй. Хийе, хийхдээ 40 дүгээр тогтоолын заалтад тулгуурлаж хийгээч гэж хэлсээр байтал 57 дугаар тогтоол гээд дордуулж зассан. Үүнийг Ц.Нямдорж, Д.Дэмбэрэл хоёр хийж л дээ.
-Хоёр тогтоолын дунд Ашигт малтмалын тухай хуулийг зассан гэдэг бил үү?
-40 дүгээр тогтоол, 2009 оны наадмаар далимдуулж гаргасан 57 дугаар тогтоол хоёрын дунд Ашигт малтмалын хуулийг бас засчихсан. Оюутолгойг алдах, ашиггүй хийх гэрээний эх үүсвэр эндээс үүсчихсэн юм. Би эсэргүүцсэн, хамгийн сүүлд хүчээр баталсан. Ердөө 6 гишүүн эсрэг санал өгч, кноп дарсан. МАН-аас би ганцаараа эсрэг санал өгсөн дөө. Ганцаараа зөрөөд эсэргүүцээд ямар ч нэмэргүй. Олон гишүүд дарга нарынхаа хэлсэн даалгаврыг биелүүлээд, өгч авалцах нь өгч авалцчихсан, тэгээд энэ гэрээ хүчээр батлагдсан. Өнөөдрийн болж байгаа үйл явдлыг бүр 2008 онд олж хараад орилоод байсан. Болохгүй ээ, алдах гээд байна гэж мөн ч их хэлсэн дээ. Хэрвээ хийх гэж байгаа бол нэг бол “Эрдэнэт үйлдвэр”-ийн жишгээр хийчих, эсвэл хөрөнгө оруулалтад оролцохгүйгээр авдаг татвараа сайн ав гэсэн. Тэгэхэд ажлын хэсэг 16-17 орчим нэрийн татвар гаргаж ирж байсан юм. Хасагдаад 11 болсон. 34 хувийн хөрөнгө оруулалт хэрэггүй, сүүлдээ өр болоод, юу ч үгүй болно гэсэн. Одоо юу ч үгүй болж байгаа нь энэ. Энийг ил тод хэлсээр байгаад нам дотроо зөрчилдсөн хүн л дээ. Тэгээд намайг намын бодлого сөрсөн гээд дахиж нэр дэвшүүлээгүй. Би намын бодлого сөрсөн юм биш, Санжийн Баярын алдааг хэлж шүүмжилсэн. Энд УИХ-ын дарга нь оролцоод, Хууль зүйн сайд, ХЗБХ-ны дарга нь оролцоод хуулийг нь засаж өгөөд, “Айвенхоу Майнз”-ын талд ороод байхаар би яах вэ. Зодоон хийлтэй нь биш, бараг хийсэн дээ. Янз бүрийн юм болсон, хэрүүл шуугиан зөндөө дэгдээсэн, амжилтанд хүрээгүй. Тэгээд өнөөдөр байгаа нь энэ. 250 сая доллар авахын тулд энэ олон гэрээг засаж явсаар байгаад Оюутолгой манай биш айлын болчихож байгаа юм л даа. Энэ мөнгөө нохойн баас шиг 100 сая, дараа нь 50, 100 сая долларыг гурван жил цувуулан авсан. Энэ 250 сая доллар нь бас хүүтэй, их гоёо.
Би намын бодлого сөрсөн юм биш, Санжийн Баярын алдааг хэлж шүүмжилсэн
-Оюутолгойн гэрээ улстөрчдийн зэвсэг болж. Саяхан УИХ-ын гишүүн С.Ганбаатар талбай дээр өлсгөлөн зарлалаа?
-Одоо Оюутолгойг буцааж авна гээд нэг хүн орилоод, талбай дээр суугаад нэмэр байхгүй. Асар их хөрөнгө оруулалт орчихсон, буцаагаад зардлаа нөхөх хугацаа бий л дээ. Өрөнд орно гэдэг нь байхгүй болно гэсэн үг, авах юмгүй болгочихсон байна гэсэн үг. Бүр алдчихаад байна. Тэр үед хараад хэлээд сануулаад байхад энэ. Нөгөө 34 хувийн хөрөнгө оруулалт нь өр болоод, манайх тэдэн доллар оруулсан, 34-өөс тэдэн хувь нь орж байна гэвэл хасагдаад байна биз дээ. Одоо 34 хувь чинь байхгүй болчихсон байна. Ч.Сайханбилэгийн хийж байгаа ажил. Энэ гэрээд их бүрхэг, ил уурхайг яаж ашиглах, 40, 57 дугаар тогтоолоор яаж зохицуулах нь байхгүй. Ил уурхайн 34 хувь нь хэдэн тэрбум доллар болох юм бэ. Тэндээс хэдийг нь буцааж өгөх юм бэ гээд асуудалтай… Уг нь 34 хувиа зүгээр зарчихъя, газар доогуур…
-Оюутолгойн гэрээг хийсэн, үзэглэсэн нөхөд авлига авах боломж байсан болов уу?
-Манайх ийм том гэрээ хийж үзээгүй, сураагүй. Гэрээ хийж байгаа хүмүүс нь өөрсдөө амьдрал нь ядуу. Өлсгөлөн, гутлаа чирсэн гуйлгачингууд төрийн ерөнхий сайд хийгээд. Хатуухан хэлэхэд архинд орчихсон нөхөр хийгээд. Энийг цаад гадаадын хүмүүс андахгүй харж байгаа ш дээ. Худалдаад авчихад амархан гэж…Баярцогт, Зоригт, Гансүх хийсэн. Тэгэхэд хөрөнгөжиж амжаагүй ядуу байсан ш дээ. Ингээд энэ том хөрөнгийг алдчихаж байгаа юм. Сольж өмсөх хувцасгүй шахуу байсан улсууд. Ийм улсууд гэрээ гэхээд гадныхны нүдний олз болж байсан. Бод доо, 250 сая долларыг 3 хувааж авсан байна.
Ийм зүйл дээр дуугарч, хэрүүл шуугиан хийж явсан л даа. Оюутолгойн гэрээн дээр санал зөрөлдөж, бүлгийнхээ хурлыг 2-3 удаа тараасан. Даанч миний хүч хүрээгүй. Одоо гэрээг болиулна, буцаана гээд улс төрийн шоу хийж байна. Одоо С.Ганбаатар больчих хэрэгтэй. Найман жил улс төр болголоо. Гэрээ хийж байхад орилоод байсан би чадаагүй юм чинь нэгэнтээ гэрээ хийсэн хойно хэцүү. 34 хувиа газар доогуур нь гулгуулж хийгээд, анхны хувилбараар яривал яадаг бол. Одоо тэгээд хэн ч яриад нэмэргүй дээ.
-Ер манайд ашигтай, нааштай шийдэх арга байгаа болов уу?
-Одоо Оюутолгой дээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гурав нэг хүн шиг нэгдмэл байр суурьтай байх хэрэгтэй. Ямар аргаар, аль хэсэгт нь цэгийг нь олж хатгах вэ, гадаадынхны… Манайх руу дайрч орж ирэхгүй нь тодорхой. Орос, Хятад хоёрын дунд ашигтай байрлалтай. Одоо нутгаасаа гарахгүй байж байгаад энэ улстай яривал, гарвал хэцүү амь насанд нь ч аюултай. Эх нутагтаа сайхан сууж байгаад, төрийн гурван өндөрлөг гэдэг ҮАБЗ-ийн гишүүд нэг амаар, нэг байр сууринаас ярих хэрэгтэй. Одоо байгаа хүмүүс чадахгүй л дээ. ҮАБЗ-ийн гишүүд нэг байр суурьтай байж Оюутолгойг цэгцлэх хэрэгтэй. Түүнээс биш ард түмэн мянга орилоод нэмэргүй.
–Харж байхад Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх ажил хийлгээгүй гэж ярих юм. Үнэхээр засгийн газрын тэргүүн ажил хийх боломжгүй байдаг юм байхдаа…
-Н.Алтанхуяг, У.Хүрэлсүх, Ж.Эрдэнэбат тэгж ярихаар гайхдаг. Шүдгүй арслан болж байна гэсэн, шүд ургуулаад, баахан араа шүд зоож өгөхөөр өөрөө зугтаад явчих юм. Ерөнхий сайд болчихоод юм хийж чадахгүй бол, хэзээ юу хийх юм бэ.
-Коронатай ноцолдох, нефтийн үйлдвэр барина гэж орилох, авто зам барих, ноолуур, хүүхдийн мөнгө өгнө, төрийн албан хаагчдыг цөөлнө гэх ажил биш ээ. Би лав ажил гэж тооцохгүй, өдөр тутам хийх ёстой албан тушаалдаа дүйцсэн ажил нь. Цахилгаан хөнгөлөлт энэ тэр ч ер ажил биш. УИХ-ын дарга нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрыг базаж, өөртэйгээ нэгтгэж, УИХ-ын гишүүдээ нэг зүгт хандуулж, төр ингэж ажиллах ёстой юм. Одоо бол хамгийн том ажил Оюутолгой байна. Коронаг нэг их тоохгүй байгаа. Энэ өвчин, вакцин нь гарч байна. Дотооддоо алдаагүй байхад хий дэмий баахан хорьж цагдчихаад, яг өвчин гарангуут амь амиа бодоорой гээд бүгдийг нь чөлөөлөөд тавьчих юм. Манайх ажил хийх туршлагагүй, төлөвлөж чаддаггүй, төрийн алсын хараагүй хүүхэд тоглоод явж байна.
-Сү.Батболдтой холбоотой нийтлэлийг судлаач Ганхуяг гуай бичлээ. Дараахан нь У.Хүрэлсүх огцорч, Ерөнхийлөгч Сү.Батболдод хандсан үг чуулган дээрээс хэллээ. Шинэ ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэр ажиллаж чадах бол?
-У.Хүрэлсүх яагаад огцорсон, хоорондоо юу булаацалдсаныг мэдэхгүй ш дээ. Оюутолгойтой хамгийн холбоотой хүн нь Сү.Батболд байгаа нь үнэн л дээ. Аймаар юм хийчихсэн байна. Нэг нь гараад хийх гэхээр намайг хийлгэхгүй байна, би болилоо алга болчихож болохгүй ш дээ. Одоо Оюун-Эрдэнэ юу хийж чадах юм. Өглөө 8 цагт уулзалт хийхдээ “Яахав ийм нэгэн уулзалт хийж байя гэж бодлоо” гэж байгаа юм. “Ийм нэгэн” биш ээ, жинхэнэ ажил хэрэгч, үр дүнтэй ажил байх ёстой. Энэ хүнийг яах нь вэ, янзыг нь үзье гэж байгаа юм шиг, ийм нэг хурал хийе гэж бодлоо гэнэ. Ийм нэгэн хурал гэж би лав мэдэхгүй. Одоо төр засгийн удирдлага, төр засгийн жолоог, алтан чарган дээр сууж тоглодог хүүхдүүдийн тоглоомын талбар болчихож. Ээлж дараалаад сайд болдог, ямар хүн сайд болж байгааг харчих. Ард нь байгаа эцэг эхийг нь харчих. Дандаа мөнгөөр, алтан чарган дээр суулгаж хүүхдээ тоглуулдаг газар болж хувирлаа. Муу байна. Одоо улстөрчдийг харахаар их шударга байсан гэж яриад байх юм. Тийм бол яагаад тэр нь ажилд нь тусдаггүй юм бэ.
Би Ч.Сайханбилэгийн засгийн газрыг Ц.Элбэгдоржийн тоглоомын засгийн газар гэсэн, энэ хүүхдээр ч ялгаагүй тоглох нь
-Ц.Нямдорж гуай УИХ-ын сонгуульд Эрдэнэтэд унасан ч эргээд ЗГХЭГ-ын дарга боллоо. Иргэд энэ хүнээс залхсан ч МАН эргээд албан тушаалд залах юм?
-Дээр үед төрд удаан ажилласан Улс төрийн товчооны гишүүн ч юм уу, таалал болохоор нь төрийн ордноос гаргадаг байсан. Тэгүүлэх гээд байгаа юм байна. Тэгж л ойлгосон, тэрнээс биш өөрөө явахгүй нь ээ. Төрийн ордноос хүндэтгэлтэй гаргуулах гэдэг юм уу, хаашаа юм. Тэгээд хугацаа аваад байна, тэрнээс ч хийгээд үеэ өнгөрөөсөн хүн дээ. Оюун-Эрдэнэ ийм хүнээр засгийн газрын гал тогоог бариулна гэвэл үнэн бүтэхгүй. Энэ засгийн газар удахгүй л дээ. Тоглоомын засгийн газар.
-Би Ч.Сайханбилэгийн засгийн газар гарч ирэхэд Ц.Элбэгдоржийн тоглоомын засгийн газар гэж ярилцлага өгч байсан. Энэ хүүхдээр бас ингэж тоглолоо л доо. Хамаг мууг үүрнэ. Нефтийн үйлдвэр баригдахгүй, Дарханы энэ жил зам баригдахаасаа өнгөрлөө, өөр юу амлалаа. Одоо ямаагаа самнах цаг ирлээ. Коронагоо орхиод ноолуур луу шилжинэ. Хоёр жил наадам иргэд наадамлаагүй, наадахын өвчин тусаж байна. Цагаан сар хийхгүй гэхээр, хийгээд дэмий л дээ ёс юм байна гээд хэвийн боов барьчихсан, дугаарлаад зогсож байна. Юун зай барих. Муу зан сургачихаж, ажил хийх хүн олдохоо байлаа, компаний захирлууд зовж байна. Таван хүүхэдтэй айлд сард сая төгрөг өгөхөөр яаж ажил хийх юм бэ. Дээр нь ажил хийлгэхгүй, өвчнөөр далимдуулж хориод, эдийн засгаа давхар унагачихсан. Бусад орнууд эдийн засаг нь уначихсан юм алга. Хятад гэхэд эдийн засгийн хувь нь 3-4 өссөн байна. Том эдийн засагтай, дайн байлдаан хийгээд, өвчин зовлон үзсэн улс орнууд туршлагатай байна. Манайхан төрөө удирдах нь битгий хэл хорио цээр тогтоогоод ажиллачих чадвар алга. Төрийн нэр барьж, албан тушаалаараа ядарсан иргэдээ дээрэлхэж доромжилно. Энэ өвчнөөр дөрвөн хүн нас барлаа гэнэ, мэдэхгүй. Амбасэлмаа гуай нас барсан, нас бараагүй гээд байх юм. Үргэлжлүүлээд гараад явж байгаад нас барчихсан гээд байх юм. Энэ эмч худлаа ярих гэж зовж байнаа.
-Улс төр тогтворгүй байна, сонгууль яаж явах юм. Х.Баттулга өөр дээрээ бүх галыг татлаа. Уг нь У.Хүрэлсүхтэй хуваалцах ёстой хүн. Нөгөөх нь буу шийдмээ хаяад, хаачив. Олон мэдэгдэл хийнэ гэсэн яав? Хамаг юмыг өөр дээрээ авчихаад ерөөсөө болохгүй байна гээд явчихлаа. Хүүкийг би сайн мэднэ л дээ. Цуг байсны хувьд мэднэ, тэгдэг л хүн байгаа юм. Нэг ёсондоо Х.Баттулгыг хаячихаад явж байгаа юм. Энэ хүн Оюун-Эрдэнэтэй хамт хамаг юмыг үүрнэ. Г.Занданшатар сайхан шатрын ноён шиг сууж байна. Тойруулаад бэрс, морь, тэмээ хүүхдүүдээрээ хамгаалуулчихсан байна. Яг шатрын ноён, хэзээ ирээд урд нь шаг гэж унагах юм байгаа юм, бүү мэд. Үнэхээр хэрэггүй УИХ-ын дарга.
-Танай охин С.Эрдэнэтуул Оксфорд төгссөн. Баянзүрх дүүрэгт НИТХ-аас нэр дэвшүүлээгүй. Сонгогчид нь Эрдэнэтуул хаана байна гэж асууж байсан. Яагаад дахин НИТХ-д нэр дэвшүүлээгүй юм бол?
-Бизнес эрхлээд, компанийхаа цэвэр ашгаар Эрдэнэтуулын сургалтын төлбөрийг төлж, Оксфордын их сургуулийг төгссөн. Төрөөс нэг ч төгрөг аваагүй. Монголд Эрдэнэтуул шиг Оксфорд төгсөөд ирсэн хүүхэд байхгүй. МАН-д байхгүй, Сингапурт 6 дугаар ангид байхдаа яваад, ахлах сургуулиа төгссөн, Харвард, Оксфорд хоёулангаас тэнцсэн гээд урилга ирээд, ээж нь эргэж очиход ойрхон Оксфордыг сонгож төгссөн. Намайг хорлож ийм хүүхдийг дэвшүүлээгүй. Тэгэхэд луйварчингууд хүүхдээ төрийн сангаас зээл авч сургачихаад мөнгийг нь өгөхгүй байна. Би өөрийнхөө мөнгөөр сургасан. Оюутолгойгоос болж намайг гаргаж хаядаг юм байгаа биз. Хүүхдийг хохироож болохгүй. Англид ажиллаж болно, би эх орондоо ир гэсэн. Эрдэнэтуул ч өөрөө Монголдоо ажиллаж амьдрах хүсэл зорилготой хүүхэд. Гэтэл МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан НИТХ-д нэр дэвшүүлэлгүй хасчихсан байна лээ.
-Ярилцсанд баярлалаа
Discussion about this post