1990-ээд оны Монголын утга зохиолынхныг “Мөнгөн үеийнхэн” гэж нэрлэдэг. Энэ үеийнхэнд Л.Өлзийтөгс, Б.Ичинхорлоо, Х.Тэргэл, Г.Мөнхцэцэг, Р.Эмүжин буюу Р.Энхтуяа, Ш.Лхамноржмаа, Ц.Хулан, Б.Батрэгзэдмаа нарын бүсгүйчүүд багтдаг. Тэднээс Лувсандоржийн Өлзийтөгсийг үеийнхэн нь, судлаач шүүмжлэгчид ч 1990-ээд оны Монголын утга зохиолын гол төлөөлөгчдийн тоонд зүй ёсоор оруулдаг билээ. Ингээд “Алтан өд” шагналт, яруу найрагч, зохиолч Л.Өлзийтөгстэй хийсэн ярилцлагыг уншигчиддаа толилуулж байна.
Ш.Э. -Таны нэр надад их содон санагддаг л даа. Хоёулаа нэрийн чинь талаар ярилцлагаа эхлэх үү?
Л.Ө: -Урьд нь бас нэг сурвалжлагч яг ингэж асууж байсан юм аа. Зохиолчид өөрсөддөө содон нэр бодож олцгоодог, ном бүтээлийн хоёр дахь, гурав дахь нууц нэртэй байх нь цөөнгүй. Аз болоход надад тийм шаардлага гарсангүй. Сайхан монгол нэр. Аавын минь өгсөн нэр болохоор би энэ нэрээрээ л ном бүтээлээ гаргадаг. Миний аав бурхан болоод удаж байна. Гэвч овгоо нэртэйгээ бичих болгондоо, энэ хоёр үгийг нэг дор унших болгондоо би аавтайгаа хамт байгаагаа ойлгодог.
-Бага насны чинь талаар… Ингэхэд та Дарханых байх аа?
-Тийм ээ. Гэхдээ манай Дархан чинь хот ч биш, хөдөө ч биш, өвөрмөц газар шүү дээ. Тэнд хөдөөний амгалан тайван байдал, хот газрын соёлжингуй орчин нөхцөл цөм бий. Тийм л сайхан газар миний бага нас өнгөрсөн дөө. Товчхондоо бол хамгийн жаргалтай бага нас…
–Тэгвэл анхны шүлгээ хэзээ…
-Өө, тэр тухай яривал урт юм болно. Ядаргаатай. Уншигчдад ч сонин биш.
-Та шүлгээ хэзээ бичдэг вэ?
-Яг 13 цаг 10 минутад (инээв). За, за тоглосон юм. Шүлэг бичих цагийн хуваарь гэж байх биш дээ. Янз янз. Гэхдээ ихэвчлэн оройн цагаар юм шиг байна. Өглөөгүүр бичсэн нь ч бий.
-Ер нь онгод гэж байдаг уу. Байдаг бол таных хэзээ ордог вэ?
-Миний онгоц өдөр шөнөгүй л нисч байдаг (инээв). Онгод гэдэг чинь онгоц гэсэн үг байхгүй юу (ахиад л инээв).
-Та их шооч юм аа?
-Гэхдээ хорон биш шүү.
-Таны номуудын нэр их л өвөрмөц санагддаг. “Тэнгэрт ургадаг модод” ч юм уу, “Ганцаардлын дасгал” гээд л…
-Анхных нь “Тэргүүн бүлэг”. Манай яруу найргийн ихэнхи номын нэр надад таалагддаггүй болохоор зориуд ийм нэр сонгож билээ. Хоёр дахь нь “Тэнгэрт ургадаг модод”. Энэ номын хамгийн эхэнд байгаа шүлгийн мөрөөр нэрлэсэн юм. Гурав дахь нь “Эрх чөлөөтэй байхын урлаг буюу шинэ ном”. Би зэн-буддизмын нэг ном уншиж байгаад хүний эрх чөлөөтэй байх, эрх чөлөөг жинхэнэ ёсоор мэдрэх туйлын ганц боломж бол зөвхөн зэн-буддизм ч биш, урлаг, тэр дундаа яруу найраг, гоо сайхны эрэл хайгуулаар гэгээрч болно гэсэн санааг өдрийн тэмдэглэлдээ бичсэн байснаа эш болгож энэ номоо ингэж нэрлэсэн. Уг нь “хавар яасан гунигтай” хэмээн нэрлэх гэж байсан юм. Гэвч удаан бодсоны эцэст энэ нэрийг сонгосон. Дөрөв дэх нь “Ганцаардлын дасгал”. Яг ийм нэртэй шүлэг тэнд байхгүй. Гэвч номын уур амьсгалд их тохирсон нэр санагддаг.
–Таны унших дуртай дотоод, гадаадын зохиолч, яруу найрагч гэвэл хэн хэнийг нэрлэх вэ?
-Таалагддаг зохиолчоо нэрлэе гэвэл таалагддаггүй зохиолчоо нэрлэхээс ч урт жагсаалт гарах байх аа даа. Метерлинк, Камю, Йонеско, Кортасор гээд л. Яруу найрагчдаас… Японы эртний яруу найргийг биширдэг. Мөн Эмили Дикинсон гайхамшигтай. Оросын яруу найрагчид нэг л ойр санагддаг. Манайхнаас бол.. Нямсүрэн ах жинхэнэ яруу найрагч. Эмэгтэй хүн шиг мэдрэмтгий нэгэн байж. “Хэн нэг маань бурхан байдаг” гэж үг бий. Тийм л нэг бурхан биднээс явчихжээ.
–1990-ээд оны Монголын яруу найргийн гол төлөөлөгчийн тоонд таныг оруулдаг. Та үеийнхээ шилдгүүдийг нэрлээч…
-Аюурзана, Галсансүх, Ануудар гурвын нэр хамгийн түрүүнд санаанд орж ирж байна. Батжаргалын Одгэрэлийг сайн юм хийх байх гэж боддог. Эмэгтэйчүүдээс Дашийн Оюунчимэг магадгүй. Гэхдээ ний нуугүй хэлэхэд би түүний шүлгийн нэг ч номыг бүтэн уншаагүй. Энд тэндээс нь гүйлгэж л үзсэн юм байна. Надад ном нь ч алга. Харин туужийг нь уншсан. Ингэхэд Оюунчимэг ч намайг уншаагүй байж магадгүй л юм. Ер нь манайхан бие биеэ их муу уншдаг шүү дээ.
–Үеийнхээ зохиолч, яруу найрагчдаас хэн хэнтэй дотно нөхөрлөдөг вэ?
-Хэнтэй нь ч дотно нөхөрлөдөггүй.
–Яагаад?
-Үгүй, яах вэ дээ, нөхөрлөе гэж хайж явсангүй. Нөхөрлөхгүй юм шүү гэж ч дөлж байгаагүй. Шүлэг уран бүтээлийн хувьд биш юм аа гэхэд хүн чанар, зан аашаараа сэтгэл татаад байх хүн олон таарсангүй. Яруу найрагчид бага наснаасаа л олны анхаарлын төвд амьдарч эхэлдэг болохоор ихэнхи нь “бээлийтэй хүн” болж хувирдаг. Бээлийний цаана хэн ч байж болдог. Сүржин нэр, бөөн шагналын ард хов хоосон хүн сууж байх нь ч бий. Тийм болохоор уран бүтээлчдийн нөхөрлөл ихэнхидээ удаан үргэлжилдэггүй юм. Нэг бол хоёулаа “том” байх хэрэгтэй. Үгүй бол хоёулаа “жижигхэн” байх ёстой болдог. Энэ тэнцүү биш хүмүүсийн нөхөрлөл яваандаа нэг нь нөгөөдөө тэнцэх гэсэн, аль эсвэл нэгнийгээ гомдоочихгүйг хичээсэн дарамт болж орхидог юм шиг санагддаг. Тэгэхдээ үй зайгүй үерхээд байдаггүй ч гайгүй дотно харьцаатай явдаг залуучууд бол нилээд хэд бий. Тийм хүмүүс байгаа болохоор л утга зохиолын энэ хэрүүл шуугиантай орчинд би амьдарч болоод л байна.
–Яруу найрагчид хоорондоо их өрсөлддөг юм шиг санагддаг. Та бусдын зүгээс атаархал их мэдэрдэг үү?
-Тийм үү, өрсөлдөөд яах гэж байгаа юм бол… (мөрөө хавчив) Ерээд оныхон бүгдээрээ ер бусын авъяастай байлаа гээд бодоход утга зохиолын ертөнц бидэнд барагдахгүй шүү дээ. Уран зохиол бол хичнээн л бол хичнээн авъяастныг багтааж хүрэлцэх асар том орон зай. Тийм том орон зайд нэг жижигхэн тайзны буланг булаацалдах нь инээдтэй хэрэг. Харин ч хэн нэг нь илүү бичээд эхэлбэл магтаж чаддаг байх хэрэгтэй. Чиний найз биш байсан ч, бүр чамайг тоодоггүй байсан ч, сайхан шүлэг бичиж чадсаныгаа хүндэтгэх, хүлээн зөвшөөрөх зоригтой явна гэдэг том шалгуур. Өөрийнхөө хэн болохыг, уран бүтээлч мөн эсэхээ, хэр “том” болсноо үүгээрээ шалгаж болно. Юун өрсөлдөөн. Шүлгээр өрсөлдөөд яах юм бэ.
–Ерээд оныхон бараг бүгдээрээ л хөдөөнийх байх юм. Хотоос модернист Мөнхбаяр, талийгаач Ануудар хоёр л байх шив. Ингэхэд Ануудартай хэр дотно байсан бэ?
-Дотно байгаагүй, танилцаж ч амжаагүй. Нэг л удаа нүүр нүүрээ харсан юм байна. Ануудар миний танил яруу найрагчтай гудамжинд хамт явж байхад нь таарсан. Би танилтайгаа нилээд удаан ярьсан, Ануудар түүний араас над руу хараад зогсож байсан. Танил маань биднийг танилцуулаагүй болохоор бид хоорондоо дуугараагүй. Товчхондоо ийм л.
–Та ямар мэргэжилтэй вэ?
-Монгол судлаачийн дипломтой. Гэхдээ дипломыг нь өвөртөлчихсөн л бол тэр мэргэжлийн хүн гэж хэлж болохгүй шүү дээ. Өөрийгөө энэ ажилдаа чин сэтгэлээсээ зориулж чадаж байгаа эсэхээр их юм үнэлэгдэнэ. Тэгэхээр миний мэргэжил бол уран зохиол.
-Тэгвэл таныг уран зохиолоор мэргэшиж яваа хүн гэж үзэж болох уу?
-Тийм ээ. Би мэргэжлийн уран зохиолоор мэргэшиж яваа. Энэ явц гэхдээ хэзээ ч дуусахгүй л дээ. Уран зохиолын жинхэнэ амтыг авсан хүн өдөр ирэх тусам л өөрийнхөө хэн ч биш болохыг олж хараад байдаг нь хэцүү. Тэгэхээр энэ явц дуусахгүй үргэлжилнэ гэсэн үг. Мэргэжлийн гэдэг үгийг их тод хэлмээр байна л даа. Утга зохиол бол мэргэжлийн урлаг. Би мэргэжлийн уран зохиолыг бүр гүнд нь ортол мэдэрч, түүний бодитой нэг хэсэг болмоор байна. Ажлынхаа хажуугаар л шүлэг бичмээргүй байна, зүгээр нэг хообийгоо болгочихсон гүйж явмааргүй байна. Уран зохиол хүнээс сүүлчийнх нь дусал хөлсийг ч шаарддаг. Хэн нь жинхэнэ физикч, хэн нь жинхэнэ философич, бас хэн нь жинхэнэ зураач болохыг ялган олж хардаг болоход их хэцүү. “Физик гэдэг болбоос…” гээд яриад байгааг нь л олон түмэн “Аа, энэ их мундаг физикч юм байна” гэсэн төсөөлөлтэй болдог шүү дээ. Яг үүнтэй адилхан тайзны тэмцээнүүдэд түрүүлээд л байгаа шүлэгчдийг “энэ их мундаг яруу найрагч юм байна” гэж бодоход хүрдэг. Дунд сургуулийн физикийн багшийг онолын физикчтэй андуурахгүй байх хэрэгтэй. Монгол судлаач гэдэг том мэргэжил. Судалгааны ажил ер нь их амттай л даа. Гэвч би хоёр туулай руу зэрэг ухасхиймээргүй байна. Утга зохиол ч бас ёроолгүй судалгааны ажил, бүхэл бүтэн шинжлэх ухаан учраас…
–Оюутан байхдаа алдаршчихсан байсан байх аа. Залуус хэр эргүүлдэг байв?
-Хэн ч эргүүлдэггүй байсан.
–Танд залуус их дурладаг байсан юм шиг санагддаг. Тэдгээрийн дотроос нэг яруу найрагч залууг их онцгойлон ярьдаг…
-Тийм юм болоогүй шүү дээ. Харин хүмүүс тэгж яриад л байдаг юм билээ.
-Таны нөхөр СГЗ, зохиолч, яруу найрагч Аюурзана гэдгийг хүмүүс мэднэ. Ингэхэд та хоёр яаж танилцсан юм бэ?
-Бид хамтдаа “Ардын эрх” сонинд ажиллаж байсан.
–Хоёр яруу найрагч нэг гэрт байх хэцүү юу?
-Хоёр эдийн засагч нэг гэрт байдгаас ялгаатай зүйл биш шүү дээ.
-Та “Ардын эрх” сонинд ажиллаж, “Өчигдөр” сонинг эрхлэн гаргаж байсан. Сэтгүүлчийн ажлаа яагаад хийхээ больчихсон юм бэ?
-Бага зэрэг залхсан гэхэд болно. Сонины ажлаас байтугай сониноос залхаад… Манайх сонин захиалахгүй байгаа. Гадуур юу болоод байгааг мэдэхийн тулд одоо сонин унших шаардлагагүй ч болчихож. Мэдээд ч миний амьдралд юу ч өөрчлөгдөхгүй нь чи бид хоёрын яриад сууж байгаа шиг үнэн. Манай сонин хэвлэлийн нийгэмд үзүүлэх нөлөө эерэг талаасаа бол огт байхгүй болчихож. Хэрүүл, шуугианыг бол тарьж чадаж байна. Миний л хувьд сонин уншина гэдэг цагийн гарз. Хэн нь хэнтэйгээ амьдарна, хэн нь хэнээсээ сална надад ямар хамаатай юм бэ. Үнэндээ бол энэ тухай бичиж байгаа сурвалжлагчид өөрсдөө ч гэр бүлийн амьдрал нь элдэв асуудалтай, түмэн паянтай л байгаа. Өөрөө муу юмтай их орооцолдсон хүн л бусдын мууд дурладаг байх магадлалтай. Дээр нь манай ихэнхи сэтгүүлч яг адилхан бичлэгтэй. Цаад ярилцагчаа харуулъя гэхээсээ өөрийгөө л харуулах гэсэн байдалтай. “Та ямар өнгөнд дуртай вэ?” гээд л асуучих юмыг чинь “Би тийм өнгөнд дуртай л даа… нэг удаа нэрт улс төрч тэр гуайтай ярилцлага хийж байсан чинь тийм өнгөнд дуртай гэж байна билээ, Холливудын од Шер улаан өнгөнд дуртай тухай би бас англи сэтгүүлээс уншсан л даа, харин та ямар өнгөнд дуртай вэ?” гэж асуух хэрэг байна уу? Заримдаа инээдтэй ч юм шиг… Сэтгүүл зүй гэдэг бол уг нь бас л авъяас, ур чадвар, мэдрэмж, нарийн ухаан шаардах ажил.
-”Болор цом”-д оролцож байсан уу?
-За болъё л доо… шар сонины араас очиж очиж “Болор цом” яриад яах вэ дээ.
-Одоо та дахиж сонинд ажиллах уу?
-Би костюм оёчихож чадахгүй, бүжиглээд дуулчихаж чадахгүй, түмэн хүний өмнө зогсоод шоу хөтөлчихөж ч чадахгүй юм чинь сониндоо л орж таараа. Яг над шиг олон юм хийж чаддаггүй хүмүүсийн хувьд л сонин гэдэг жинхэнэ хоол байхгүй юу. Ер нь бол сэтгүүлчид шиг юу ч мэддэггүй мөртлөө мэдэмхий, юу ч хийж чаддаггүй мөртлөө бүхнийг дүгнэх гэж оролддог хүмүүс ховор байх аа.
-Танд дууны үг бичих бодол төрдөг үү?
-Бичсэн шүлгээс маань зарим нь дуу болчихсон л байдаг. Яг тийм замаар шүлэг минь өөрөө хөг аяа олбол олог. Түүнээс биш хэн нэгний зохиосон хөгжимд тохируулан шүлэг бичих гээд сууж байхгүй л болов уу. Тэгээд ч Монголоор дүүрэн дууны яруу найрагчид байхад… Ингэхэд манай нэг эрдэмтэн гайгүй сайн ном бичлээ гэхэд зурагтаар хамрынх нь үзүүр ч харагдахгүй. Тэгэхэд ямар нэгэн зохиолын дуу хэрхэн зохиогдсон тухай, дуулсан хүн нь багадаа ямар хашаанд амьдарлаг байсан тухай бараг л баримтат кино гарах юм (инээв). Цагийн аяс гэдэг хүний хөөрүү зан шиг түр зуурын өрөвдмөөр зүйл байдаг. Тэгэхээр цагийн аяст тохируулж амьдарна гэвэл бүр ч өрөвдөлтэй хэрэг болно.
–Эцэст манай сонины уншигчдад хандаж юу гэж хэлэх вэ?
-”Сайхан хайр гэж байдаг юм шүү, олдвол алдаж болохгүй” гэдэг юм бил үү (инээв). Танай уншигчдад гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, сэтгэлийн амар амгалан, эрүүл энхийг хүсэн ерөөе.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
-Чамд ч бас баярлалаа.
“Хонгорзул сонин” (2011 он)
Ш.Эрдэнэтөр
Discussion about this post