Ардчилсан намын “4:11 мэдээллийн цаг” ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр /2026.10.08/ Төрийн ордонд болж, 2026 оны төсвийн тодотгол болон Засгийн газар УИХ-ын бүрэн эрхэд халдаж буй талаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн С.Цэнгүүн, Ардчилсан намын Олон нийттэй харилцах бодлого хариуцсан Нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж нар оролцов.
Мэдээллийн эхэнд Ардчилсан намын Олон нийттэй харилцах бодлого хариуцсан Нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж “2027 онд цаасан дээр байгаа шинэ Хархорум хот дээр 7.4 тэрбум төгрөгийг зарцуулах гэж байна. 2026 онд 10 хүнтэй зөвлөлийн ажлын албыг байгуулаад нэг хүнд хамгийн багадаа 12 сая төгрөгийг зарцуулаад 9 сар өнгөрчээ. Үлдэгдэл мөнгөө төсвийн тодотгол дээр суулгасан байна. Гэтэл иргэд сард хэдэн төгрөгийн цалин авдаг билээ. Дундаж цалин 2.4 сая төгрөг. Гэвч бодит байдал дээр иргэд 1.5-2 сая төгрөгийн цалин авч байгаа. Үүнээс хэд дахин өндөр цалинг цаасан дээр байгаа Хархорум хотын ажлын албаныхан авч байна” гэдгийг онцлов.
Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн С.Цэнгүүн “Ерөнхий сайд Н.Учрал урсгал зардлыг нэмэхгүйгээр зайлшгүй нэн шаардлагатай байгаа төсвийн тодотголыг УИХ баталж өгөөч гэх хүсэлтийг тавьж ээлжит бус чуулганыг зарласан. Гэвч юунд зарцуулах нь тодорхойгүй татаас, олон удаагийн томилолт, бичиг цаасны зардал гэх мэтээс эхлээд шинэ Хархорум хот дээр зөвлөлийн ажлын албанд 1.5 тэрбумыг нэмж оруулсан байх жишээний. 2026 оны батлагдсан төсөв дээр байсан төслийн нэгжүүдийг дахиж 2026 оны төсвийн тодотгол дээр 0 хувийн гүйцэтгэлтэй буюу шинээр орж ирж байгаа гэх агуулгаар давхар бичиж оруулж ирсэн. Ардчилсан нам 2026 оны төсвийн тодотгол дээр ялангуяа урсал зардал буюу захиргааны зардлыг нэмж болохгүй гэж үзсэн учраас 1 их наяд төгрөгийн алдагдлаас 23 тэрбум төгрөгийг бид амжилттай хасуулж чадсан.
Гэтэл хасуулсан 23 тэрбум төгрөгийг аль хэдийн зарцуулсан учраас заавал баталж өг гээд сайдууд шахалт үзүүлж байна. Улсын төсөв 60-100 тэрбумаар бүхэлдээ батлагддаг. Төсвийн задаргаа нь иргэд, УИХ-ын гишүүдэд байдаггүй. Улсын төсөв дээр байгаа 50 төгрөгийг хаана, юунд зарцуулсныг иргэд, УИХ-ын гишүүд мэдэх эрхтэй. Улсын төсвийг иргэдэд нээлттэй болгох хэрэгтэй. Тиймээс Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцүүлнэ. Уг хуулийн төслийн зорилго нь төсвийн бүх задаргаа, тооцоолол, төсвийн ерөнхийлөн захирагч бүрийн орлого, зарлагын мэдээллийг олон нийт болон УИХ-ын гишүүдэд нээлттэй байлгаж, цахим хэлбэрээр байршуулах буюу ил тод байдлыг хангах юм” гэв.
Ардчилсан намын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин: Боловсролын сайд Л.Энх-Амгалан багш нарын цалингийн нэмэгдэлд зориулан төсөвт суулгасан хөрөнгийг олгохдоо дараагийн саруудын нэмэгдлийг урьдчилан хуваарилан олгож, үлдэгдэл санхүүжилтийг төсвийн тодотголоор шийдвэрлэнэ гэж хэвлэлд ярьсан. УИХ-аас батлаагүй чиглэлд төсвийн хөрөнгийг зарцуулснаа өөрөө ийнхүү хэлсэн. Ийм яриа олон сайдын амнаас гарч байна. Зарим сайдууд яриандаа “Засгийн газрын тогтоолоор” гэдэг үгийг ч хэлж байна лээ.
Төсөв батлах эрх нь УИХ-ын онцгой бүрэн эрх. Үндсэн хуульд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгалагдана гэж заасан. Гэтэл Засгийн газар хэзээнээс өөрсдөө дур мэдэж төсвөө баталдаг болчихвоо. Энэ бол эмгэнэлтэй бөгөөд увайгүй үйлдэл.
Эрүүгийн хуулийн 22.8 төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан бол 1-5 жилийн хорих ял оногдуулах гэмт хэрэг. Хэрэв энэ гэмт хэргийг Засаг дарга үйлдсэн бол шууд шоронд орно. Харин Засгийн газрын гишүүд Эрүүгийн хуулийн дээгүүр давж байна. Эрх баригч намын гишүүд намынхаа нэрээр хуулийн дээгүүр алхаж болох уу.
Сүүлдээ бүр УИХ-ын гишүүдийг загнаж зандардаг, заадаг том артай сайдуудаар дүүрсэн Засгийн газар үүсжээ. Энэ асуултад хариулт хэрэгтэй байна. Үндсэн хуулийн зөрчил маш тодорхой харагдаж байна. Засгийн газар УИХ-ын толгой дээр гарсан байна. Хуулийн байгууллага одоо ажлаа хийх цаг болсон. Энэ удаагийн парламентад ямар ч туршлага алга. УИХ парламент шиг парламент болох ёстой. Засгийн газраас ангид байж, хуулиа хэрэгжүүлэх ёстой. Энэ л дутагдаж байна” гэлээ.


Discussion about this post