200 мянган доллар хулгайлсан “Хас” банкны нягтлан үрж зүрхлэлгүй зочид буудлын тээшинд өгөөд зугтжээ. Тус банкны Сонгинохайрхан дүүрэг дэх 106-р салбарын хянагч нягтлан Б.Энх …-д доллар хулгайлах санаа байсан ч завшсан мөнгөө үрж зарцуулах ямар ч төлөвлөгөө байгаагүй нь цаасан хайрцагт хийгээд нуугдсан зочид буудлынхаа гар тээшинд өгсөнөөс харагдаж байна. Хэрэг явдал жилийн өмнө гарч саяхан шүүхээр шийдвэрлэгджээ. 2025 оны 11-р сарын 20-ны өдөр банкны төвөөс 106-р салбарт 100 ширхгээр багцалсан 100-тын хоёр багц дэвсгэрт доллар авчирчээ. Гурав хоногийн дараа өглөөний 10 цаг 10 минутанд хянагч нягтлан үндсэн кассыг нээж боодолтой доллар авч байгааг дараа нь цагдаа камер шалгаад илрүүлсэн. Тэрээр 11-р сарын 24-нд өдөр ажлаасаа гараад ахиж ирээгүй байна. Салбарынхан тэр өдрийн оройны 17 цагт буюу хэзээ хойно нь доллар сох дутсаныг олж мэдсэн гэнэ.
“ … Шалгаж үзтэл 100 ширхэгээр багцалсан 100 долларын хоёр багц дэвсгэрт байхгүй байхаар нь ахлах теллерээс мөнгө хаана байгааг асуухад “үндсэн касст байрлах том сейфэнд байгаа” гэхээр нь шалгасан. Тэгтэл дээрх 200,000 доллар болох валют байхгүй байсан. Тэгээд удирдлагууддаа ийм асуудал гарсан талаар мэдэгдээд заалны болон үндсэн касс буюу том сейфэн доторх хяналтын камерыг шалгаж үзэхэд өнөөдөр буюу 11 дүгээр сарын 24-ний өдөр мөнгө байсан эсэх талаар мэдэж чадаагүй. Хяналтын камерыг ухрааж шалгаж үзэхэд 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр баримтан дээр зузаатгал авч тухайн 200,000 долларыг баримтаараа хүлээн авсан байсан бөгөөд тус мөнгө сейфэнд байршсан байсан эсэх талаар ахлах теллерээс тодруулахад байсан гэсэн. Тэгээд валют хаана байгаа болон хэн авсан талаар тодруулж чадаагүй учир цагдаад хандсан …”
Салбарынхан нь цагдаатай бужигнаж байх үед хянаг ч нягтлан 717 сая төгрөгтэй тэнцэх 200 мянган доллароо аваад нэгэн зочид буудалд бүгсэн байжээ.
“… Өдрийн 15 цагийн үед Энх… гэх хүн 20 хоногоор энгийн стандарт өрөө авсан. Төлбөрийг бэлнээр төлсөн. Тухайн төлбөр 4,130,000 төгрөг болсон. Захиалсан 816 тоот өрөөндөө орохын өмнө тээш үлдээх цаасан хайрцаг өгөөч гэсэн. Би олж өгсөн. Мөн “намайг хүн асууж ирвэл мэдэхгүй гэж хэлээрэй” гэсэн. 10-15 минутын дараа надаас скоч асуусан, би скочийг хамгаалагчаар өгч явуулсан. Хэсэг хугацааны дараа буюу 15 цаг 30 минутад ирээд “Би өрөөндөө тээш үлдээсэн. Хүн ирж авахгүй бол тээшин дээрх дугаараар холбогдож өгч явуулаарай” гэсэн. Тэгээд өрөөний картаа өгөөд буудлаас гараад явсан. Тэр тээш нь сэжиг бүхий санагдсан тул би ажлын групп чат дээр энэ тухай мэдэгдээд менежерүүдэд аваачиж өгсөн …”
Тээшинд хулгайлсан доллар нь бараг бүтнээрээ байжээ. Хянагч нягтлан тэр дороо л баригдсан. Доллароо их хэмжээгээр үрээгүй тул 12-р сарын 11-нд хохирлоо бүрэн барагдуулж чаджээ. Тэрээр 42 хоног баривчлагдсан агаад хохирол бүрэн төлөгдсөн тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж 14,3 сая төгрөгөөр торгожээ.
WWW.TAIZ.MN


Discussion about this post