• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Тордайн Ганболд: Би 40 жил бизнес хийлээ, гэтэл ордонд ороод 4 сараас 4 жилийн дотор намайг хэд нугалан баяжиж байна

admin by admin
09/30/2026
in Онцлох мэдээ
0
Тордайн Ганболд: Би 40 жил бизнес хийлээ, гэтэл ордонд ороод 4 сараас 4 жилийн дотор намайг хэд нугалан баяжиж байна

 –Та ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарлалаа. Парламентад суудалтай улс төрийн намууд нэр дэвшүүлэх хуультай учир таны хувьд боломжгүй биш үү?

-2027 оны ерөнхийлөгчийн сонгуульд орох эрх бүхий таван нам, эвсэл бий. Мэдээж Ардын нам, АН хоёроос нэр дэвшихийг хүсэгчид, шунагчид, горилогчид хэмжээ хязгаараа алдчихсан байгаа. Ерэн оноос хойш өнөөдрийг хүртэл улс төрөөр амьсгалаад, нийтийн хөрөнгөөр амьдраад сурчихсан, худлаа амлаж молигодоод, тэрэнд нь ард түмэн хүлцэнгүй хандаад, үүндээ гаараад улс төр, засаг төрийн эрх мэдлийг өөрт нь бурхнаас заяасан хишиг, хувь заяа гээд ойлгочихсон, байж болох бүх л албан тушаал руу мөлхөж, гэтэж байдаг шунаг, мунхаг, улс орон нь ямар ч өөрчлөлт, өөдөө гарсан үзүүлэлтгүй байхад улам л албан тушаал руу шунаж зүтгэсэн, би л Монголын ард түмнийг хайрладаг гэсэн улстөрчид харамсалтай нь дүүрэн байна. МАН, АН хоёр тийм хүмүүсээр дүүрэн. Нөгөө гурав нь ямар шинэлэг нэр дэвшигч гаргах нь вэ гэж олон нийт харж л байгаа. Хүсэмжит хүн гараасай, системийг өөрчлөөсэй гэж хүлээж байгаа. Ер нь Ардын нам, АН-аас ерөнхийлөгчид нэр дэвшээд ялахад эрсдэлтэй.

Нэгдүгээрт, системийг өөрчлөхгүй бол болохгүй. Дэлхий даяараа тийм чиг хандлага явчихсан. Үүнийг дэлхий даяар anti-establishment гэж нэр томъёогоор тодорхойлж байна. Тогтсон хэв маяг, тогтсон нэг хэвийн системийг өөрчлөх гэсэн утга санаатай. Аnti-establishment ойлголтын дагуу улс төр сүүлийн үед дэлхийн бүх орнуудад явагдаж байна. Аргентинд явагдсан, өнөөдөр Германд явагдаж байна. Эрх барьдаг том нам, манайхаар бол АН, МАН хоёр нийлээд нийлээд 4,5 дахь хүчин болж явсан  “AfD” нам гэдэг намаасаа бага суудал авсан. Тэнд олон нийтийн дэмжлэг авч байгаа нь хэвшмэл тогтчихсон системийг өөрчилье гэсэн нийгмийн хүсэлт байгаа юм. Монголд бас судалгаа хийж байна, манайх тийм судалгаа хийдэг. МАН, АН-ын рейтинг хоёулаа доогуур, гэхдээ ойролцоо. Улс төрийн онолоороо сөрөг хүчин нэгнийх нь рейтинг өсөж байхад, нөгөө нь унаж байдаг. Нөгөө нь унахад, нөгөөх нь өсдөг. Гэтэл энэ манай улсад ажиглагдахаа байчихсан.

–Нөгөө “МАНАН бүлэглэл” гэдэг нь болсон хэрэг үү?

 -2016 оноос хойш үндсэндээ  МАН, АН хоёрын санал, сүүлийн 10 гаруй жил унавал хамт унадаг, өсвөл өчүүхэн жаахан функтээр өсдөг. Сүүлд манай хийсэн судалгаагаар АН-ын санал ердөө 0,8 хувиар МАН-аасаа дээгүүр байна лээ. Уг нь АН сөрөг хүчин ш дээ, рейтинг нь гозойж байх ёстой. Гэтэл ердөө нэг хүрэхгүй хувиар МАН-аас илүү байна. Нөгөө жижиг намууд нь бүр сураггүй. 2,7 хувь, 1,8 хувь гэсэн үзүүлэлтэй. Гуравдагч хүчнээс нэлээн өндөр бараг 20 хувьтай явж байгаа нь ИЗНН байна лээ. Энэ гол хүчин зүйл нь янз бүрийн хэл аманд ороогүй, муу ч сайн ч жаахан олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан, засагт ороогүй гэдэг үзүүлэлт харагдаж, нөлөөлж байх шиг байна. Ийм нөхцөл байдлаар өнөөдрийн манай улс төр явж байна. Ийм боломж харагдаж байна. Энэ олон, 8 удаагийн УИХ-ын сонгууль, бараг 7 удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд ард иргэдийн итгэл найдвар бүрэн алдагдаад, цөхөрсөн байдлаар энэ сонгуулийг угтах гэж байна, хэдүүлээ…

-Африк яваад ирсэн гэсэн. Ямар ажлаар яваад ирэв?

-Би Уругвай улсын Өргөмжит консул, Ерөнхий консул гэсэн статустай 2017 оноос хойш явж байгаа. Африкт уул уурхайн жаахан  ажил хийж байна. Тэр болгон амархан юм гэж юу байх вэ. Их л явах юм, 1990 оноос хойш л тасралтгүй явлаа. Урьд насандаа онгоцны эд анги байсан юм уу гэж бодогдтлоо явах юм.

-Африкт амьдрал ямархуу байна? 

-Африкийн 54 улс байдаг. Ерөнхий түүхийг нь гадарлах байх. 400 жил гаран цагаан арьстнууд гэгдэх европын орнуудын колоничлол дор болчихсон. Нэг л азгүй тив улс гэж надад харагддаг. Газрын зургийг нь харвал улсуудын хил хязгаарыг дөрвөлжин шугамдчихсан байдаг. Улс орныг нь хүртэл колончилж байсан улсууд нь тэгж л байгуулж байсан. Белгичүүд, францууд, германууд, англичууд колоничилсон. Асар их газрын баялагтай, гоё цаг агаартай, маш гоё биеийн хөгжилтэй, эр эмгүй. Ийм сайхан тив улсын иргэд маш ядуу амьдардаг, эмгэнэлтэй дүр зурагтай л байдаг. Баялгийн хараал, голланд өвчин гэдэг нэр томьёонууд эндээс гарсан. Тэр дундаа Африкийн орнуудад хамгийн их баялаг ихтэй улсуудад нь улс төр нь маш тогтворгүй байдалтай, хулгай, залилан дээрэм маш өндөртэй, цэргийн эргэлт ихтэй. Уул уурхай, хувийн арми, төрийн арми, босогчдын арми битүү холилдчихсон, хоорондоо баялгийнхаа төлөө алалцаж байдаг. Ер нь хамгийн том албан тушаалтан гэж байгаа нь ерөнхийлөгч, цэргийн генералууд. Тэд нь хөлгүй баян, улс орон нь маш ядуу. Ийм л дүр зураг байдаг.

  Олон газраар явдаг хүний хувьд, олон салбарт ажилладаг хүний хувьд, улс төрийн туршлагатай хүний хувьд хараад бид ийм авлигатай, ийм дампуу, үрэлгэн бодлоготой төртэй учраас яваандаа яг л Африкийн араас орох юм байна даа гэсэн айдас төрдөг. Африк нэг өдөр ийм дампууралд орчихоогүй. Эхлээд асар их баялагтай, асар их мөнгө олоод л, барууны хөрөнгө оруулалт гэж хошгируулах нэрэн дор хууль бус хөрөнгө оруулалт асар их орж ирээд л. Манай Оюутолгойн гэрээг хийж байх үеийн эрх мэдэлтнүүд шиг Монголын том том алдартай орд газруудыг татваргүй аваад гардаг төслүүд, тийм хөрөнгө оруулагчид орж ирээд, эрх мэдэлтэн, шийдвэр гаргагчдад нь шан харамж өгөөд, харилцаа үүсгээд явчихдаг. Хамгийн тод жишээ манай Оюутолгой.

Үнэндээ бол ийм байдлаар гэрээнүүд нь хийгдчихсэн, баялгийн экспорт гарч байх үедээ, их баялаг олж байх үедээ инфляциа удирдаж чадаагүй. Асар их мөнгө зах зээл рүү нь орж ирдэг, энэ нь нөгөө талдаа хэрэглээний зах зээлээ асар хүчтэйгээр өдөөж өгдөг. Нөгөө талд нийлүүлэлтийн зах зээл бэлэн байж, инфляциа барих ёстой. Гэтэл нийлүүлэлтийн зах зээл нь бэлэн биш. Ингээд эрэлт нийлүүлэлт хоёрын баланс алдагдаад, үүнээс үүдээд инфляциа дийлэхээ больдог, баахан хэрэгцээгүй цаасан мөнгөнүүдтэй.

Манайхтай ижил төстэй ямар шинж тэмдгүүд юу харагддаг вэ гэхээр асар том том мега төсөл нэрийн дор хэдэн тэрбум доллар шингэсэн, гэхдээ дандаа хаягдсан орхигдсон төслүүдтэй. Усгүй газар хүртэл усан цахилгаан станц хагас бариад, өчнөөн олон доллар аваад хаягдчихсан.

 – Манайд жишээ нь нефть боловсруулах үйлдвэр гээд нэг домог явж байна, асар их мөнгө иддэг, үр ашгаа өгдөггүй. Метро гэж хэдэн удаа ч ТЭЗҮ-ийнх нь мөнгийг идэв. Богд уулыг нүхлэх гэж байна гээд 55 тэрбум төгрөгөөр ТЭЗҮ хийнэ гээд аваад идчихсэн, мухар төмөр зам саяхан бариад, саяхан хаясан, түүгээр  1 тонн ч нүүрс зөөдөггүй. Ийм утгагүй жишээнүүд манай дээр яг африктай давтагдаж байна. Энэ бол улс орны баялаг, хөгжих боломжийг, татвар төлөгчдийн орлогыг үндсэндээ төр нь захиран зарцуулаад, төрийн эрх мэдлээр ард түмний нэрийн өмнөөс ард түмний баялгийг менежэлж байна. Экспортод гаргаж байгаа түүхий эдийн орлого болон ард иргэд, ААН-үүдээс авч байгаа тавар хоёр нийлээд төсөв бүрдүүлж бүрдэж байгаа ш дээ.

Төсөв ямар байгааг өнөөдөр та бид харж байна. Өнгөрсөн жил 33 их наяд шахуу төгрөгөөр улсын төсвөө хийсэн. Энэ жил 30 хувиар нэмэгдээд орж ирж байх жишээний. Нөгөө талд нь зах зээл дээр мөнгө гаргаж болохгүй гээд Монголбанк нь бодлогын хүүгээ 12,5 хувь болгоод, зах зээл дээр мөнгө гаргахгүй гээд татчихаж байгаа. Мөнгө зах зээл дээр гарахгүй гээд та хоол идэхээ болихгүй. Хууль эрх зүйн хариуцлагагүй, ийм их авлига цэцэглэсэн газар доод дунд дээд бүх шатанд хулгайгаар ч хамаагүй мөнгө ол, ажил хий, бизнес хий гэдэг сэдлийг өдөөж өгч байна. Нөгөө талдаа төр нь зах зээл рүү асар их мөнгө цутгах гээд 44 их наяд төгрөгийн төсөв батлах гээд сууж байгаа.  Монголбанк нь мөнгөний бодлого гэж, Засгийн газар нь улс орны эдийн засаг гэж яриад байгаа. Энэ хоёр хийж байгаа үйлдэл яг 100 хувь эсрэг тэсрэг. Өнөөдрийн энэ төсвийг эдийн засгийн өнцгөөс нь харвал хувийн хэвшилд бодлогын хүү өндөр болгочихсон, банкнаас зээл авч чадахгүй, зах зээлд мөнгө гаргахгүй, хувийн хэвшил бол ажиллахгүй шүү.

Төр бол 44 их наяд төгрөгийн төсөвтэй, төртэй нийлсэн, төрийн эрх барьж байгаа намтай нийлсэн тэдний хамаатан садны компаниуд, төрийн компаниуд үрэлгэн, авлигажсан, өндөр өртөгтэй бизнесийг хийнэ л гэсэн үг. Өнөөдрийн төсөв, Монголбанкны мөнгөний бодлого хоёрыг шууд орчуулбал энэ. Энэ болгоныг мэдээж хараад харамсах юм. Одоо залуу хүн засаг барьж байна гэж хүн болгон горьдож байх шиг байна. Талаас илүү нь “за ялгаагүй дээ” гэж бодож байгаа. Тодорхой хэмжээний хэсэг нь горьдож л байгаа байх. Тиймээс одоо мэддэг чаддаг эдийн засагчдаа манай танай нам бус гэж ялгахгүй тойрч суугаад эдийн засгийнхаа бодлогыг ярих хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо бид яг нурж байна. Цөөхөн хэдэн татвар төлөгч, ААН, иргэдийн нуруун дээр 240 мянган төгрийн албан хаагчид, нэмэх нь 100 гаруй мянган дандаа ашиггүй ажилладаг төрийн өмчит компанийн ажилтнуудын зардал, цалин, үрэлгэн төсвийг энэ татвар төлөгчдийн нуруун дээр тавьчихаад байна. Сонгууль болгоноор л ямар ч татвар өсгөхгүй гэж амладаг. Бүх төрлийн татварыг өсгөөд, сүүлдээ хулгайгаар дулаан гаражид хүртэл татвар тавьж байна. Гэх мэтчлэн. Татвар, торгууль гэдэг чинь төрийн хийж байгаа өөдгүй, ард иргэдийнхээ халаас руу гараа шургуулж байгаа хэлбэр. Үүгээрээ мулгуу том төсвөө бүрдүүлэнгүүтээ ТӨК, төрийн албан хаагчдыг тэжээнэ гэж байна. Төрийн албан хаагчид гэж хүмүүст хайртай болоод энэ үү гэтэл үгүй ш дээ. Энэ чинь нам дагасан, МАН-ын 300 мянган гишүүн, АН-ын  200 гаруй мянган гишүүн төрийн албан дотор шингэж явдаг. Тэндээс хооллож, үр хүүхдийнхээ сургуулийн хөнгөлөлт, тэтгэлгийг авдаг, өөрсдийнхөө ямарваа нэгэн харамж тусламж, аялал янз бүрийн юмаар тэжээгдэж, шимэгч маягаар явдаг. Тэр мөнгө чинь бидний мөнгө. Бидний өдөр болгон, үйлдэл болгон дээрээ төлдөг татварын орлого байхгүй юу.

  Тэр төрийн алба нь юунд хэрэгтэй вэ гэхээр нөгөө өөдгүй, шударга бус сонгуулиа хийхэд нь ашигладаг. Одоо 2027 оны сонгууль төрийн албан хаагчдын цалинг өсгөнө гэнэ, ердөө л энэ. Сонгууль болгоны өмнө попордог. Эдийн засгийн баахан попролууд хийдэг, энэ нь эдийн засгаа буцаагаад алдаг. Эдийн засгийн, танин мэдэхүйн, амьдралын туршлагагүй ийм хүмүүсээр өөрсдийнхөө мөнгө санхүү, ахуйгаа удирдуулахаар ийм л үр дүн гарна. Үеийн үед тэгж л ирсэн. Өнгөрсөн цаг хугацаанд бодитой эдийн засагч, бизнес хийж байсан хүн нэг ч удаа удирдсангүй. Дандаа худлаа ярьсан улстөрчид, сэтгүүлчид, орчуулагч нар, янз янзын худлаа мэргэжлийн сайн худлаа ярьдаг хүмүүс л удирдлаа. Үр дүнгээр батална ш дээ. Би сэтгүүлчдийг муулж байгаа юм биш, хэн хаана, юу хийх вэ гэдгээ ойлгодог байх ёстой. Би очоод балет бүжиглэх гээд гүйгээд байж болохгүй. Би мөнгөөр зодоод хамгийн топ дуучин болох гээд явж болохгүй. Мэс заслын эмч болох гээд гоё хувцас өмсчихөөд, мөнгөөр зодоод чагнуур хүзүүн дээрээ ороочихоод яваад байж болохгүй. Яг үүнтэй л адилхан.

-Лосолын Болдбаатарын тоглолтын үзэгчдийн тухай таны оруулсан постыг харсан?

  -Улс орны доройтол, сонгуулийн хамгийн том завхрал, нийгэм ямар хүлцэнгүй, өөрсдийнх нь эрх ямар их зөрчигдөж баларч байхад эвлэлдэн нэгддэггүй, тэгсэн мөртлөө концерт дээр стадион дүүртэл ирдэг. Энэ бүхний буруутан та бүхэн шүү. Сэтгүүлчид аяга хоол, ажилчдынхаа цалинг тавих гээд эрх мэдэлтнүүдэд худалдагдаж, тэднийг даган баясаж, хамгаалж, тэдний шүүмжилсэн хүн рүү бөөнөөрөө дайрч, тэдний эрх ашгийг хамгаалж, худлаа хөөргөдөж, хулгайчдыг төрийн эрх мэдэлд хүргэсэн. Үүнд хамгийн их гар бие оролцсон улс манай эрхэм хүндэт сэтгүүлчид, сэтгүүл зүйн салбар. Сонгогчид, ард иргэдийнхээ тархийг угааж ирсэн. Мань мэт нь төрийн төлөө оготно боож үхнэ гэгчээр яршиг төвөг, тэгээд болох л биз гэж өөрийнхөө довыг шарлуулж, өдөр тутмынхаа ажлыг анхаарч, төр улсын ажлыг хаясан. Эргээд харахад ийм мунхаг, ийм өөдгүй хүмүүсийг толгой дээрээ гаргаад, улсаараа самруулж байна. Улстай юутай хээтэйгээ шүү…

-Та 4 сая доллароо дээрэмдүүлсэн асуудал УЕП асан Д.Дорлигжавтай холбогдон шалгуулсан. Тэр хэрэг юу болж дууссан бэ?

-Тэрийг та нар маш сайн мэдэж байгаа. Би баримттай юутай хээтэй нь илчилсэн. Хоёр ерөнхийлөгч дараалаад нам дарагдлаа. Х.Баттулга, У.Хүрэлсүх гэсэн хоёр ерөнхийлөгчийн үед дараалаад дарагдлаа. Ийм л байна.

-Сая Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ирээд “Гуравхан яамтай байхад Монголд ажиллаж болно” гэлээ…

-Ц.Элбэгдорж хэлсэн хэлээгүйдээ биш, 3 сая 600 мянган хүн амтай 33 сая долларын ДНБ-тэй улс юм бол менежмэнтийн баг нь цомхон байх ёстой. Гэтэл нөгөө бялуу хүртээх зарчмаараа Засгийн газрын бүтцийг хийдэг. Оновчтой, хэмнэлттэй, ард иргэддээ ашигтай гэдэг бодлогыг шууд хойшоо тавьж байгаа. Тэрийг гомдоохгүй, энийг гомдоохгүй, тэрний фракц, энэний хүнд бялуу хүртээх, тэгж байж олон кнопоо контролдож, засаг огцрохгүй байх аюулгүйн даатгалаа бүрдүүлэх гэх мэтээр Засгийн газрыг бүрдүүлдэг, бүтцийг нь зурдаг.

-АН, МАН-д итгэл алдарлаа. Гуравдагч хүчний нэр хүндийг ХҮН унагалаа. Одоо яах вэ?

-Бид улс орныхоо амьдралд идэвхгүй оролцож байна. Бидний хамгийн том идэвх нь гарсан мэдээний дор лайк дарах л юм даа. Хөөрхий хамгийн том улс төрийн идэвх тэр л байна. Уг нь бол концерт үзэхээр цугладаг шигээ Сүхбаатарын талбай дээр цуглаж чаддаг л бол энэ засаг төр хачин гоё болно ш дээ. Баруун тийшээ, зүүн тийшээ нэг буруу алхахгүй, яг цэгц номхон явдаг болно ш дээ. Хулгай хийж, авлига авахаас айдаг болно. Сүхбаатарын талбай дээр шаагилдаад зогсож байвал.

Дэлхийн аль ч улстөрч, аль ч Засгийн газар айдаг цорын ганц зүйл нь гудамжны жагсаал, иргэдийн эсэргүүцэл байдаг. Иргэний хөдөлгөөнөөс айдаг. Ийм хүчтэй нөлөөлөгчтэй, завхралгүй явуулах том коридор нь байхгүй юу. Гэтэл бид тэгэхгүй хаячихаар нөгөөдүүл чинь улам завхарч байна. Энэ малнууд явж л байна, байж л байна, яасан ч яах вэ гээд л. Хэдэн мал нь хуцангуут өөдөөс нь өөр малнуудыг хуцуулаад тавьчихна, та нар шиг сэтгүүлчдэд жоохон үртэс шидээд өгнө. Тэгэхээр та нар тэрэндээ цадаад магтаад сайхан донгосоод өгнө. Яг бодит байдал энэ шүү. Хиймэл хийсвэр зөгнөлт юм яриад байгаа юм биш. Өнөөдрийн бодит байдал ийм юм.

-Таны гэр бүлийн асуудал дуулиантай, хувийн амьдралд өөрчлөлт орсон уу?

-Өгөөшинд ороод байгаа болохоос хүний амьдралд байдаг л асуудал. Салдаг, нийлдэг. Монголд гэр бүл салалт өндөр, бүр 50-иас дээш хувьтай. Хүний амьдралд таарч тохирохгүй зүйл гарна. Тэр юу нь чухал байгаа юм бэ. Нийгмийн амьдрал, улс төрөөс илүү тийм чухал асуудал уу? Ийм юманд хууртаж болохгүй, ийм тэнэг байж болохгүй. Бүр 6 жилийн өмнө манай хүн ууртай, гомдчихсон, бухимдсан үедээ бичсэн зүйлийг сая гаргаад сэвээд байна лээ. Монгол Улсынхаа төсвийн төсөөллөө уншихын оронд тийм утгагүй юм уншиж байна ш дээ. Улсын төсөв хэлэлцэгдсэн хуулийг тайлбарлаж өгье гэхгүй байна.

Төрийн эрх мэдлийг барьж байгаа өөдгүй хорчингууд албаар ийм өгөөш шидэж өгнө. Та нар тэр лүү нь Гандангийн будаан дээр тагтаа овоорч байгаа юм овоорчихно. Өөрсдийнхөө хулгайг ийм шуугианаар нам дарна, цайруулна. Би олон хүүхэнтэй унтаа л биз, эхнэрээсээ салаа л биз, тэр хэнд чухал юм. Би хүүхдийнхээ ээжийг муухай, муу явуулахгүй. Тэр хүн баян чинээлэг сайхан амьдарч л байгаа. Тэр хүний амьдрал ш дээ, тийм чухал уу? Би эрүүл саруул хүн. Надад гоё охид таалагддаг. Би тэгээд мөнгийг үзэн ядддаг, хөөрхөн охидод дургүй гэж худлаа ярьдаг хүн биш. Миний амьдрал, ажил бүгд ил тод байдаг. Би гоё хоолонд дуртай, ажил их хийдэг, тэрүүгээрээ цэнэглэгддэг. Би эрсдэл хийдэг, дэлхийн хаана ч эрсдэл хийж явж чаддаг, цэнэглэгддэг. Адал явдал, аз, эрсдэлийг амьдралдаа хангалттай хийж байгаа хүн. Үзсэн харсан, уншсан судалсан мэдлэг хангалттай бий. Хэдэн хэл сурчихсан, тэрнийхээ ачаар дэлхийгээр чөлөөтэй явж чаддаг.

-Африкт орд авсан гэсэн үү?

-Үгүй, орд эзэмшдэг улстай хамтарч ажилладаг. Боломж бололцоонд нь тааруулаад шинэ бизнесийн зам нээх гээд эрсдэл хийгээд явж байгаа хэлбэр. Хүний амьдралыг судлахаасаа илүү нийгмийн амьдрал, улстөрчдийн булхай луйвар, төсвийн мөнгийг яаж зарцуулж байгааг судлах хэрэгтэй. Би гоё сайхан зүйлд дуртай, мөнгөнд дуртай. Гэхдээ мөнгийг харах филисофи гэдэг өөр. Манайхан мөнгө хүнийг эвддэг гэж буруу юм ярьдаг. Мөнгө хүний мөн чанарыг гаргадаг юм. Мөнгө хэзээ ч хүнийг эвддэггүй юм. Мөнгөтэй харьцаж байгаа янз янзын характертэй, бодолтой, үйлдэлтэй хүмүүс байгаа. Тэд бүгд адилхан гэсэн үг биш.

-Та эрсдэл хийдэг болохоор мөнгө ч сайн олдог гэлээ. Хамгийн их ашигтай бизнес гэвэл?

-Гайхуулж ярих юу байх вэ, цагаан хэл ам хүрчихнэ. Би бараг 40 жил бизнес хийж байна. Ордонд ороод 4 сараас 4 жилийн дотор намайг хэд нугалсан баян болж байна. Тэгэхээр хамгийн том бизнес төрийн ордон дотор байна. Ойлгосон уу, улстөр гэдэг юмыг чинь бизнес болгочихсон, үүнээс болоод улс орон ядуураад, нийгмээрээ бухимдалтай, нийгмээрээ харанхуй болж эхэлж байна. Африкийн бас нэг шинж тэмдэг нь маш олон баяр тэмдэглэдэг, Мартын 8-наас авахуулаад. Яг манайхтай адилхан тэмдэглэнэ. 1960 оны эхэн үеэс эхлээд ЗХУ-ын үед Кубын Фидель Кастрогийн нөлөөлөл дор хэд хэдэн улс орнууд тусгаар тогтнол гэж колони улсуудаасаа салж, үндсэндээ хууль эрх зүйн талаасаа тусгаар тогтносон улс болсон. Гэвч де факто барууныхаа нөлөөн дор, сүүлийн 20 гаруй жилийн дотор Хятадын нөлөөн дор орсон. Дандаа авлигач, өөдгүй удирдагч нартай болохоороо. Маш их баяр тэмдэглэнэ. Манайхаар наадам, цагаан сар, Мартын 8, Валентин, муслим, христ буддын бүх баярыг тэмдэглэнэ. Манайхан halloween, Талархлын өдөр, Крисмас христийн шашинтнуудын баярыг ч тэмдэглэнэ, буддын шашны баяруудыг ч бүгдийг тэмдэглэж, бүр нийтээрээ амардаг болсон. Сүүлдээ Наурызын баяр гээд яриад эхэлдэг болсон байна лээ. Удахгүй  мусальман шашинтнуудынхаа баярыг тэмдэглэнэ, ажиллах өдөр ч олдохоо болино. Яг африк шиг. Африкийн АПУ нь хамгийн баян байдаг юм. Архи, пиво үйлдвэрлэдэг компани нь илүү баян байдаг. Бид энэ дүр зураг руу л явж байна. Тэнд мөн үзвэр, үйлчилгээнд маш их анхаарлаа хандуулдаг. Концерт дээр хэдэн саяараа цугладаг. Модон жорлонтой, хотын төвдөө ч засмал замгүй байж төр засгийнхаа эсрэг жагсдаг ч үгүй. Тэнд хов ихтэй, тэр дуучин нөхрөөсөө саллаа, тэр дуучин энэ жүжигчинтэй нийллээ гэхээр тэр нь супер сенсаци болдог. Ерөнхийдөө манай шинж тэмдгүүд байгаа биз? Бид тийм зүйл рүү явж байгаа, түүнд нь хамгийн том үүргийг сэтгүүлчид гүйцэтгэж байгаа. Тийм болохоор та нар өөрсдөөсөө өөрчлөлт хий, та нар бол нийгмийг чиглүүлэгчид. Та нар нийгмийн дуу хоолой, нүд чих нь болдог салбар. Та нар ийм харалган, дүлий, буруу хэлээр ярьдаг болчихсон байхад нийгэм та нарыг дагаад төөрч эхэлж байна. Энэ хэсгийг хасахгүй оруулбал сайн байна.

-Танд баярлалаа. WWW.TAIZ.MN

Previous Post

180 см өндөртэй махлаг эмэгтэй 160 см өндөр туранхай эрэгтэйг төмрөөр цохиж унаган боогоод гар утсыг нь дээрэмджээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Тордайн Ганболд: Би 40 жил бизнес хийлээ, гэтэл ордонд ороод 4 сараас 4 жилийн дотор намайг хэд нугалан баяжиж байна
  • 180 см өндөртэй махлаг эмэгтэй 160 см өндөр туранхай эрэгтэйг төмрөөр цохиж унаган боогоод гар утсыг нь дээрэмджээ
  • Ц.Жавхланбаатар: Өлөн явахад өглөө боссон хий тэр өдөржингөө биеийг хямраадаг
  • НУТГИЙН ЗАМ дуу ТӨРСӨН ЗУРВАС ТҮҮХ…
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.