Эв нэгдэлтэй гэж гайхуулдаг МАН хагарч 2024 оноос хойш 3 ч танхим сэлгэчихээд байгаа. Хуучны цагт улс төрийн синдром хавар л эхэлдэг байсан бол одоо мөнхөд “улстөр халж” байх болж. Ерөнхий сайдын суудал ороо морин дээр жолоо цулбуургүй мордсоноос ялгаагүй, амархан огцорч мэдэх халгаатай суудал болжээ. Гай болж төсөв дунд “нуугдсан” 3.5 тэрбумын асуудал дэгдэж, Н.Учрал АТГ-ын үүдэнд уурандаа нүүрээ “язав татав хийлгэн” давхиж очиход хүргэв. Олон нийт “3.5 тэрбумыг хэн төсөвт суулгав, ашиг сонирхлын зөрчил биш үү” гэж байхад Ерөнхий сайдын олон улстөрчийн амны уншлага болсон “улстөржилт” гэсэн жижүүрийн үг унагав. Тэр “Төсвийг харлуулах гэсэн оролдлогыг зүгээр хараад суухгүй. Хэн нэгний өгсөн excel файлыг сэвээд байх шаардлагагүй” гэсэн нь нөгөө эзэнтэй пост гэснээс ялгаагүй.
Ерөнхий сайд Н.Учрал АТГ-ын гадаа хийсэн мэдэгдэлдээ кабинет дотроос өөрийнх нь эсрэг ажилласан уу гэдгийг шалгуулахаа мэдэгдсэн нь анхаарал татав. Засгийн газарт МАН-ын “30”-ын талаас орж ажилласан таван сайд бий. ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан нар. Эхний ээлжид энэ хэдийгээ хардана. Тэрчлэн төсөв оруулж ирсэн Сангийн сайд З.Мэндсайхан, салбарын асуудал нь сөхөгдсөн Боловсролын сайд Л.Энх-Амгалан нарыг хардах үндэслэлтэй. Үүнийг мэдэрсэн үү, Мэндсайхан, Энх-Амгалан сайд яаран мэдэгдэл хийлээ.
Олон нийтээс эерэг үнэлгээ авдаг Төрийн нарийн бичгийн даргын амнаас гарсан үгний араас Сангийн сайд нь үсрэн гарч ирээд үгүйсгэв. “Тэр нөхөр ямар зорилгоор төсвийн тодотголд байхгүй зүйлийг яриад байгааг мэдэхгүй байна” гэж танхимын тэргүүнээ цээжээрээ хамгааллаа. Гадаадад томилолттой явсан Боловсролын сайд нь яаран ирж, “Ерөнхий сайдын гэр бүлийн хамаарал бүхий сургууль ямар нэг хүсэлт гаргаагүйг хариуцлагатай хэлье” гэлээ. Сайд нар нь Ерөнхий сайдаа хамгаалах гэсэн үг үйлдэл нь засгийн газраа, ерөнхий сайдаа бүр муухай харагдууллаа. Нэмээд Төрийн нарийн даргаараа туг тахиад өнгөрвөл олон нийт дэмжихгүй болов уу?
Мөн төсвөөс үүссэн энэ маргаанаас харахад Н.Учралын засгийн газар дотроо зөрчил будилаантай, “будаан дээрээ зодоонтой” байгааг харуулав.

Discussion about this post