Юань улсын нэрт зураач Жэнь Жэньфагийн “Согтуу таван ханхүү морьтой буцаж буй нь” зураг
Азийн дуудлага худалдааны түүхэн рекорд тогтоосон. /Ren Renfa’s ‘Five Drunken Princes Returning on Horseback’ Soars to HK$307 Million / US$40 Million Hong Kong/
2020 онд Хонконгийн Sotheby’s дуудлага худалдаанд Юань улсын үеийн нэрт зураач Жэнь Жэньфа (Ren Renfa 1254–1327)-гийн XIII зууны төгсгөл—XIV зууны эхээр бүтээсэн “Согтуу таван ханхүү морьтой буцаж буй нь” хэмээх хуйлмал зураг зарагдахаар оржээ.
Энэхүү бүтээлийн төлөө 75 минутын турш 100 гаруй үнэ хаялцсан бөгөөд эцэст нь 306,551,000 Хонконг доллар буюу ойролцоогоор 39.6 сая ам.доллароор зарагдсан байна.
Ингэснээр уг бүтээл: Sotheby’s Hong Kong-д зарагдсан хамгийн өндөр үнэтэй Хятадын бэхэн зураг болж, тус дуудлага худалдааны байгууллагын Хонконгт борлуулсан бүтээлүүдээс хоёр дахь өндөр үнэд хүрсэн урлагийн бүтээл болжээ.
Тэрчлэн 2020 онд Азид дуудлага худалдаагаар зарагдсан хамгийн үнэтэй бүтээл болсон юм.
Зургийг Шанхай хотын Long Museum үнэ цохин худалдан авчээ.
Мин улсын бичгийн хүн, зураач Жан Нин (1426–1496) энэхүү бүтээлийн морьдыг:
“Хар, шар, улаан, цагаан, алаг морьд. Морь бүр мянган лан алтны үнэтэй” хэмээн магтан бичсэн байдаг.
Бүтээлд юу дүрслэгдсэн бэ?
Урт хуйлмал зурагт таван ханхүү найрлаж, согтуурсаныхаа дараа зарц, дагалдагсдын хамт морь унан харьж буй үйл явдлыг дүрсэлжээ.
Морьтон бүрийн:
– биеийн хөдөлгөөн
– нүүрний хувирал
– согтуурсан байдал
– морины алхаа, хатираа
– хувцас, эмээл, тоноглол өөр өөр бөгөөд маш амьд, бодитой нарийн дүрслэгдсэн байна.
Зарим ханхүү морин дээрээ биеэ барьж ядан суух бол зарц нар тэднийг түшиж, морийг нь хөтөлж буйгаар зуржээ. Зурагт буй хар, цагаан, шаргал, улаан хүрэн, алаг морьд нь өөр өөр төрх, хөдөлгөөнтэй бөгөөд Жэнь Жэньфагийн морь дүрслэх хосгүй ур чадварыг харуулдаг.
Энэ бүтээл нь зөвхөн найрын дараах хөгжилтэй үзэгдэл биш. Юань улсын язгууртны амьдрал, хувцаслалт, морь уналга, эмээл хэрэглэл, ордны соёлыг хадгалан үлдээсэн түүхэн баримт юм.
Энэ бүтээлийн бас нэг рекорд
2016 оны өөр нэг рекорд Жэнь Жэньфагийн мөн “Согтуу таван ханхүү буцаж буй нь” нэртэй хуйлмал бүтээл 2016 оны Beijing Poly намрын дуудлага худалдаанд мөн олны анхаарлыг татжээ.
Уг зураг: 68 сая юаниас үнэ хаялцаж эхэлсэн бараг нэг цаг 100 гаруй удаагийн ширүүн үнэ хаялцсаны дараа 303.6 сая юаньд зарагдсан байна. Ингэснээр 2016 онд дэлхий даяар дуудлага худалдаагаар борлогдсон хамгийн өндөр үнэтэй Хятадын урлагийн бүтээл болж байжээ.
Энэ зураг өмнө нь Чин улсын хааны ордны цуглуулгад хадгалагдаж байсан бөгөөд Цяньлун, Жячин, Сюаньтун хаадын цуглуулгын тамгуудыг агуулдаг. Цяньлун хааны цуглуулгад Жэнь Жэньфагийн есөн бүтээл байсан гэдэг бөгөөд тэдгээрийн найм нь өнөөдөр музейнүүдэд хадгалагддаг байна.
Жэнь Жэньфа гэж хэн байсан бэ?
Жэнь Жэньфа (1254–1327) нь Юань улсын төрийн түшээ, усны инженер, уран бичээч, нэрт зураач байв.
Өргөмж нэр: Зымин
Уран бүтээлийн нэр: Юэшань
Төрсөн газар: Сүнжян, өнөөгийн Шанхай орчим
Амьдарсан үе: Юань улс
Гол мэргэжил: Усны инженер, зураач
Алдарт бүтээлүүд:
“Хоёр морь”, “Хашаанаас гарч буй морьд”, “Согтуу таван ханхүү буцаж буй нь”
Тэрээр Юань улсын үед Ус, тариалангийн газрын дэд түшмэл болон Зүүн Жэжяны захиргааны өндөр албан тушаал хашиж байжээ. Яньгуаний далан, Жэньжяны Ляньху нуур, нийслэл Дадугийн Тунхуй гол зэрэг томоохон усны байгууламжийн ажлыг удирдсан байна.
Мөн “Усны аж ахуйн тухай хэлэлцүүлэг”, “Усны аж ахуйн эмхэтгэл” зэрэг бүтээл туурвижээ. Тэр зөвхөн зураач бус, тухайн үеийн шилдэг усны инженерүүдийн нэг байсан юм.
Жэнь Жэньфа хүний хөрөг, шувуу, цэцэг зурдаг байсан ч хамгийн ихээрээ морь дүрслэх ур чадвараараа алдаршжээ. Түүний ур чадварыг Юань улсын өөр нэг агуу зураач Жао Мэнфүтэй эн зэрэгцүүлэн үнэлдэг байв.
Түүхэн ач холбогдол
Жэнь Жэньфа бол морийг зөвхөн гоо үзэсгэлэн, хөдөлгөөнөөр нь зурсан зураач биш юм. Тэр морьдын төрх, биеийн хэлбэр, хөдөлгөөн, тоног хэрэгслээр дамжуулан хүний зан чанар, төрийн ёс суртахуун, нийгмийн байдлыг илэрхийлж чадсан уран бүтээлч байлаа.
“Согтуу таван ханхүү морьтой буцаж буй нь” бүтээл өнөөдөр бидэнд XIII–XIV зууны Юань улсын язгууртнуудын бодит төрх, морь унах соёл, хувцас, ордны амьдралыг бараг бодит гэрэл зураг мэт ойроос харах боломж олгож байна.
ЭХ СУРВАЛЖ: Old Bird Distillery







Discussion about this post