Монгол Улсад нэн хохиролтой, Эрдэнэт болон Оюу Толгойг хамарсан, олон улсын түвшний авилгын гэмт хэргийн аварга сүлжээ илэрч олон улсад дуулиан тарьж эхлэв. Энэ талаар өөрийн олсон болон олон улсад түгсэн баримт түшиж ярихийг монгол судлаачийн журамт үүрэг гэж бодож байна…
“Жирийн нэг явдал”
2007-2011 оны хооронд буюу хэдхэн жилийн дотор Монголын “Эрдэнэт “ үйлдвэр хэд хэдэн гадаад шинэ харилцагчтай болов.
1. “Catrison Limited” компани 2011 онд байгуулагдсан Хак Сёон хэмээх солонгос эзэнтэй. Байгуулагдаад ердөө 7-хон хоноод манай “Эрдэнэт”-ээс зэсийн баяжмал авах гэрээ хийжээ. Баримт бичиг дээрээ “нойтон баяжмал” гэж бичжээ. Зэсээ зарж л байвал бидэнд “хуурай нойтон” нь ямар хамаа байна. Уг гэрээгээ 3 жилээр хэд дахин сунган байгуулжээ. Болж л байна. Нэг сэргэлэн солонгос компани байгуулж “Эрдэнэт”-тэй хэд хэдэн гэрээ байгуулаа л биз. Муу юм огт алга…
2. “Cliveden Traiding AG” компани бас л 2011 онд байгуулагдсан, эзэн нь бас л нөгөөх Хак Сёон. Ахиад л Монголоос зэсийн баяжмал авах хэд хэдэн удаагийн гэрээ. Нэг хүн 2 компани байгуулж болохгүй гэсэн хууль хаана ч байхгүй.
3. “Genetrade Limited” бас л 2010 онд байгуулагдсан. Эзэн нь Чёон Чү Ёон хэмээх солонгос. Ахиад л “Эрдэнэт”-ээс зэс авах байнгын гэрээ. Болж л байна. Угаасаа энэ солонгосууд чинь олби оготно шиг сэргэлэн шаарууд. Гэхдээ уг компани Виржинийн оффшор бүсэд бүртгэлтэй аж. Одоо чинь оффшор бүсэд нууц дансгүй хэн байна, ашгаа л олж байвал тэр оффшор энэ тэр яамай л байна.
4. “Lidex Holdings Limited” компани арай эрт 2007 онд байгуулагдсан. Эзэн нь бас л өнөөх Чёон Чү Ёон. Ахиад л монголоос зэсийн баяжмал авах олон удаагийн гэрээ. Юу нь муу байгаа юм ?! Ахиад нэг сэргэлэн солонгос гарч ирээд 2 компани байгуулаа л биз. Болохгүй гэсэн хууль хаана байна ?!
Ийнхүү манай “Эрдэнэт” үйлдвэр 2 солонгос баагийн 4 компанид зэсийн баяжмалаа зардаг “сайхан” ажилтай болов.
Хөгийн муу Оросуудад биш, адгийн шунахай Хятадуудад биш, харин тэднийг “тойруулаад” Солонгос компаниудад зэсээ зарна гэдэг бол Монгол Улсын гадаад худалдааг “олон тулгууртай” болгож, “ухаалаг”, “сайхан” хөгжүүлж буйн тод үлгэр жишээ. Ура ура ура аа…!!!
“Хачирхалтай холбоо”
Ингээд Монгол Улс болон “Эрдэнэт” үйлдвэр зэсийн баяжмалаа солонгосуудад зараад амар сайхан жаргаж байтал хаа хамаагүй гэмээр сонин үзэгдэл болов…
2009 онд Айвенхоу Майнзтай Оюу Толгойн Хөрөнгө оруулалтын анхны гэрээнд гарын үсэг зурсны дараахан 2010 оны 8-р сарын 25-26-нд монголын “дээд тушаалын нэгэн эрхэм” ОТ-д зочлон очжээ. Яг энэ үеэр мөнөөх 4 солонгос компани нэн идэвхижиж, тэдний данс руу үл мэдэгдэх оффшор данснаас их хэмжээний мөнгө шилжин орох болов.
2010 оны 12-р сард манай Засгийн Газар Айвенхоу Майнз болон Рио Тинто-той менежментийн хэлэлцээр хийж эхлэв. Энэ хэлэлцээг монголын талаас дээр дурдсан “дээд тушаалын нэгэн эрхэм” ахалж байлаа. Хачирхалтай нь бас л яг энэ үеэр Вержинийн арал дахь “Bosphut Investment Limited” оффшор компанийн данснаас Монгол руу асар их мөнгө хэд хэдэн удаагийн давтамжтай шилжиж эхлэв. Гэвч оффшор бүсээс “орж ирсэн” мөнгө Монгол Улсын данс руу биш, харин дээр дурдсан “солонгос” компаниудын данс руу орж байжээ.
Хачирхалтай холбоо ?!?!?! Яахаараа ОТ-н Рио Тинто-гийн мөнгө оффшор бүсийн оффшор компанийн оффшор дансаар дамжиж, Монголын “Эрдэнэт” үйлдвэрийг “сааж” амьдардаг монголын “дээд тушаалын эрхэм”-ийн мэдлийн “солонгос” компанийн данс руу ордог юм ?! Хачирхалтайгаар барахгүй том хэмжээний сүлжээ гэмт хэрэг илт ханхлах болов…
Гэхдээ энэ явдал яаж ч хардсан, яаж ч шүүмжилсэн ямар ч “өө сэв” байхгүй, барих сэжүүргүй шахам “үл ялих” зүйл байлаа…
“Азтай хэрүүл”
Ингээд энэ “үл ялих” явдлыг хэнд ч мэдэгдэхгүй, хэн ч мэдэхгүй 10-аад жил болжээ. Хэрэв Монгол Улс болон монголчуудад “азтай” нэгэн том хэрүүл дэгдээгүйсэн бол хэн ч мэдэхгүй өнгөрөх байсан нь эргэлзээгүй.
Энэ “азтай хэрүүл” бол Эрдэнэтийн 49:51-ийн хэрүүл будлиан юм. Энэ хэрүүл дэгдсэнээр дээр дурдсан “үл ялих” сэжиг тааврын сэжүүр баригдаж, улмаар хөвөрч, эзэн холбогдогч, хамтрагчид нь дурайтал тодрон гарах нь тэр. Үүнийг л “азтай” гэхгүй бол өөр юуг азтай гэхийм…
Монголчуудын олонхи 49, 51 гэсэн хоёрхон тоо тогтоож авсан бөгөөд тэр дорхноо “49-ийн талынхан”, “51-ийн талынхан” гэсэн 2 бүлэгт хуваагдаж, эцэс төгсгөлгүй балай хэрүүлд татагдан оров. Харин цаад учир начрыг нь сонирхсон хүн Монголд тун цөөхөн байлаа…
49:51-ийн хэрүүл бол ноцтой том сүлжээний хэргийн ердөө л өнгөн тал, агуулга нь биш хэлбэр нь, мөн чанар нь биш үзэгдэл нь байлаа. Тэгвэл далд тал, агуулга, мөн чанар нь юу байсан бэ ? Миний бат итгэж байгаагаар монголын том толгой баячууд монголын баялгийг намаараа хуваан авахаар шийджээ. Тэдний “шударга тохиролцоо”-гоор ОТ, ТТ-г МАН, Эрдэнэтийг АН “авахаар” болжээ. Гэтэл 2016 оны УИХ-ын сонгуулиар ялах нь тодорхой болсон МАН Эрдэнэт дээр “луу унжиж”, элдвийн хорон явуулга хийж эхэлжээ. Үүнийг нь мэдсэн АН “маш яаралтайгаар” Эрдэнэтийг өөрийн мэдэлд оруулахын тулд шууд дээрэмджээ. Ингээд л хэрүүлийн гал дүрэлзэх нь тэр…
Энэ хэрүүл дэгдсэнээр Эрдэнэтийн асуудлыг маш олон хүн анхаарах болж, судлаачид төдийгүй, түүнийг булаалдагч болон сонирхогч талууд, мөн зарим тулхтай сэхээтнүүд Эрдэнэтийн асуудлыг ухаж төнхөж эхлэв. Эхэндээ зөвхөн Эрдэнэтийн бузар булайг дэлгэж, илчилж байна гэж ойлгож байтал бүхий л баримт сэлт ОТ руу хөтөлж, улмаар луйврын бүхэл сүлжээ тодрон харагдах нь тэр…
Хөврүүлээд ухаад үзтэл…
Гадаадуудтай нийлэн мөнгө сааж, хөрөнгө зувчуулж, оффшор гүйлгээ хийдэг сүлжээг удирдаж байсан ба байгаа “монголын дээд тушаалын эрхэм” хэн байсан гэж бодно ?! Нөгөө туучий Сү.Батболд чинь !!!
Эрдэнэттэй холбоотой компаниуд, түүний захирлуудыг шалгаж “ухаснаас” болж Сү туучий баригдахгүй юу ?! Тэгсэн чинь дээр дурдсан бүх солонгос компаниуд хийгээд түүний бүх эзэд манай туучий Сү.Батболдтой дам биш, холын биш, харин шууд бөгөөд амин холбоотой болж таарав.
Энд би Эрдэнэт болон Сү-тэй холбоотой бүх гадаад компани, түүний захирлуудын намтар түүхийг бичих зорилго тавиагүй. Надад ийм боломж байгаа ч цаас цаг хэмнэх нь зүйтэй гэж бодож байна. Яахав, дараа жичид ч бичиж болно л доо…
Ингээд жишээ болгож дээр дурдсан Чён Чү Ёон, Хак Сёон нарын тухай товч өгүүлье.
Чён Чү Ёон нь Монгол болон Гонконгод байртай солонгосын иргэн. Тэр эхлээд 1987 оноос Сөүл дэх Самсунгийн нэгэн компанид ажиллаж байжээ. Удалгүй тушаал дэвшиж, Самсунг, Эрдэнэтийн хувь нийлүүлсэн “Эрдсам” компанид ажиллах болсноор монголын эрх баригчидтай дотносон танилцах боломжтой болжээ. 2007 онд хувийн компани байгуулж Сү.Батболдын “гарын хүн”-ээр ажиллах болов. Үүнийг хуулийн хэллэгт “төлөөний хүн” гэж нэрлэдэг аж. Одоо Чён Чү Ёон 8 улсад байрлах 60 компанийн захирал, хувь нийлүүлэгчийн ажил хийж байна. Эдгээр компанийн олонхи нь монголтой шууд холбоотой. Монголтой ч гэж дээ, ганцхан Сү.Батболдтой нягт холбоотой…
Лондон хотноо Сү-гийн гэр бүлийн амьдарч байсан 2 ч байрны гэрчилгээн дээр ноён Чён Чү Ёоны гарын үсэг дурайж буй.
Чён Чү Ёон Сү-гийн гэр бүлтэй шууд холбоотой “Midlink” компанийн захирал хийдэг.
2012-2014 онд Бостон хотноо Сү-гийн хүүхдүүдийн амьдарч байсан байрыг өмчлөгч компанийн захирал байсан.
Сү.Батболдын Чингис зочид буудлын э-майл хаягийг нэр дээрээ бүртгүүлсэн.
Италид болсон Сү-гийн хүү Б.Баттүшигийн ердөө л 50 хүн оролцсон хуримын хүндэт зочин. Энэ нь фото зургаараа баталгаажна.
Нью-Йорк, Лондон, Гонконгод 31 сая долларын үнэтэй олон байрыг Сү-гийн нэрийн өмнөөс эзэмшдэг.
Чён Чү Ёоны эхнэр Хак Сёон нь хэлний мэргэжлийн жирийн судлаач атлаа 8 улсад 25 компанитай, эдгээр нь Сү-тэй салшгүй холбоотой. Хак Сёон Бостон хот, Гонконг, Тайландад 14 сая долларын үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг.
Үүнийг нягт дотно холбоо сүлбээ, луйврын сүлжээ гэхгүй юм бол өөр юуг хэлэх юм ?!
Би дээр “хоёр сэргэлэн солонгос Эрдэнэтийн зэсийн баяжмалыг дамлан зардаг 4 компанитай” гэсэн. Энэ дүгнэлт “хуучирч” байна. Одоо бол “эхнэр нөхөр 2 солонгос зэсийн баяжмалыг сааж амьдардаг 4 компанитай” гэсэн дүгнэлт гарч байна. Яг үнэндээ энэ дүгнэлт ч “хоцрогдсон” эд. Энэхүү “солонгосын” 4 компани Монголын Ерөнхий сайд асан Сү-гийн шууд мэдлийн, түүний шууд удирдлага дор ажилладаг компани гэж дүгнэж бүрэн болно.
Царцсан, царцаасан аварга их хөрөнгө
Ийм том сүлжээний сэжүүрийг атгасан гадаад, дотоодын олон хүн улам цааш ухаж эхэлжээ. Олон жилийн нүсэр их хөдөлмөр зарцуулав. Их ч юм олж, зарим нь олон улсын олон шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Улмаар Монголын Төрийн өмчийн бодлого Зохицуулалтын газар, Эрдэнэт ТӨҮГ, Эрдэнэс Оюу Толгой ХХК нэхэмжлэл гаргаж, уг хэрэг Нью-Йорк мужийн Дээд Шүүх хүртэл томрон ихээхэн том түвшинд хүрчээ. Улмаар хэд хэдэн улсын шүүх шийдвэр гаргаж Сү болон тэдний хамсаатнуудын асар их хөрөнгийг царцаажээ.
Энэ ажилд алдагдсан эд хөрөнгийн талаарх мэдээлэл цуглуулах, зөвлөгөө өгч ажилладаг “К2 Intelligence” компани, түүнийг үүсгэн байгуулагч Жэрэми Кролл, “Hunton Woods Ltd” компанийн дижитал ул мөрийн эксперт Дол Хантон нар шаргуу ажиллаж, ухаж төнхжээ. Энэхүү Ж.Кроллыг “жижиг хүн” гэж ойлгож болохгүй, тэрээр Филиппины Фердинанд Маркос, Гаити-ийн Жан Клод Дувалье Перугийн Альберт Фужимори нарын “алдарт” дарангуйлагч нарын хулгайлсан эд хөрөнгийг илрүүлэх, буцаан шилжүүлэх хэргүүд дээр ажиллаж байсан арвин баялаг туршлагатай нэгэн. Энэ удаад Монголын Сү.Батболд дээрх дарангуйлагч хулгайч нартай “нэг зиндаанд” орох болж, олон улсад муу нэрээ “дуурсгаж” эхлэв…
Хэн хэн хэрэгт холбогдов? Толгойлогч нь мэдээж нөгөө туучий Сү.Батболд, цаашлаад Эрдэнэтийн Ч.Ганзориг, Уламбаярын Туул, Очирбатын Нямдалай, гадаадаас “бидний танил” Чёон Чү Ёон, түүний эхнэр Ким Хак Сёон, мөн И Юү Жон гэгч орооцолджээ.
Яахаараа Эрдэнэтийн Ч.Ганзориг орчихдог юм гэвэл тэр баагий санаатай ч юмуу, шахалтаар ч юмуу дээр дурдсан 4 солонгос компанитай Монголд ямар ч ашиггүйгээр үл барам маш хохиролтой гэрээ хийж гарын үсгээ зураад хаяжээ. Ингэхээр чинь яах аргагүй холбогдож таарна биз дээ…
Харин бусад хүмүүс нь “жижиг гарын” баагийнууд учраас одоохондоо дэлгэрэнгүй ярих шаардлага алга. Гэвч баримт бичгээс үзэхэд тийм ч “жижигхэн”, “гэнэн хонгор” баагийнууд биш гэдэг нь нэн тодорхой.
Яаж хулгайлав? Сү.Батболдын үүсгэн байгуулсан энэ бусармаг сүлжээ Эрдэнэтийн зэсийн баяжмалыг дамлан зардаг байсан ба олсон асар их хөрөнгөө дээр дурдсан компани, баагийнуудаар дамжуулан оффшор бүсэд нуун дарагдуулдаг байжээ. Мөн ОТ-оос авилга авч түүнийгээ оффшор компаниудаараа дамжуулан нуун дарагдуулж, мөн гадаадад асар олон үл хөдлөх хөрөнгө худалдан авч байжээ. Тэр байтугай хүү Б.Баттүшигийгээ бузар ажилдаа татан оролцуулжээ. Сү-гийн шунал үр хүүхдээ хүртэл золиослох хэмжээнд хүрчээ. Олон улсад тархсан баримтуудад: Сү-гийн “2-р эхнэр болон түүний хүүхдүүд”, “тэдний нэр дээр байгаа өмч” гэх мэт хачин балай нэр томъёо гарахад өөрийн эрхгүй яс хавталзана.
Хулгайлсан эд хөрөнгийг нуун дарагдуулах 2 үндсэн арга байдаг. Нэг нь оффшор бүсэд нууц данс нээж хадгалах, элдэв төрлийн хуурамч гүйлгээ хийх. Удаах нь дэлхийн энд тэнд үл хөдлөх хөрөнгө худалдан авч хулгайн мөнгөө баталгаажуулах. Нэгэнт “хууль ёсоор” баталгаажсан тохиолдолд дараа нь яаж л бол яаж зарж үрж, үржүүлж, эргэлдүүлж болно. Сү.Батболд энэ 2 аргын аль алийг хэрэглэжээ.
Хэр ихийг хулгайлав? Сү хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн гадаад компани, оффшор данс, гадаад дахь үл хөдлөх хөрөнгөө тусгаагүй нь мэдээж хэрэг. Сү-гийн байгуулсан аймшигт сүлжээний нийт хөрөнгийн хэмжээг одоохондоо хэлэх боломжгүй. Эдүгээ ил болсон баримтууд нь Сү-гийн нуун дарагдуулсан хөрөнгөний тун өчүүхэн хэсэг юм. Гэхдээ “одоо илэрснээр” нь багцаалдаж болно…
Сү болон түүний хамтрагчид гадаадын 10 гаруй улсад 100 орчим компанитай, энэ олон компани тус бүр олон арав зуун сая долларын үл хөдлөх хөрөнгөтэй нь одоохондоо ил болоод байна. Үүний дэргэд С.Баярын хэдэн байрны авилга энэ тэр бол зүгээр л “үдийн будаа”, ердөө л “хүүхдийн тоглоом” юм.
Энд би одоохондоо гэмт хэрэг нь илэрч, баталгаатай гардуулсан “солонгосын” 4 компанийг л ярьж байна. Үнэн хэрэг дээрээ Монголыг шулан мөлждөг, дэлхийн энд тэнд байрласан 100-аад компанийн гэмт хэргийн аварга сүлжээний асуудал сөхөгдөх нь гарцаагүй, энэ бол ердөө л цаг хугацааны асуудал юм.
Улс улсын шүүх дээр
Аль ч улсын шүүхийн хэлэлцсэн асуудал, шийдвэрийг уншиж ойлгох нь ямар ч хүнд хүндрэлтэй, тун зовлонтой ажил байдаг. Ялангуяа монгол баагий бол шүүхийн, тэр тусмаа гадаадын шүүхийн протокол, шийдвэрээс тал хуудас уншихад л тухайн асуудал ямар чухал ач холбогдолтой эсэхээс үл хамааран мань эрийн залхуу, нойр хоёр зэрэг хүрдэг. Би эрхбиш судлаач тулдаа шүд зуун гүрийж байж, арай ядан “ойлгож” авдаг юм. Иймээс шүүхийн зарим шийдвэрээс “дундаж” монгол хүн “ойлгохоор” маш товч дурдая…
Англи, Уэлсийн Шударга ёсны Дээд шүүх дэх Аж ахуй өмчийн харилцааны шүүхүүд, арилжааны хэргийн шүүх (Хатан Хааны Шүүх Танхим) 2020.11.18-нд хуралдаж: “энэ бол мөн чанартаа авилгын асуудал байна”, “Ноён Чёон Чү Ёон, түүний эхнэр Ким Хак Сёон нар бол Сү.Батболдын төлөөний хүмүүс мөн байна”, тэд Эрдэнэтээс “нийтдээ 400 сая орчим долларын гэрээ хэлэлцээр хийхэд шууд хяналтаа хэрэгжүүлж байжээ”, мөн “ОТ-н орд газрыг ашиглан мөлжлөг хийсэн”, “ОТ-оос олсон хөрөнгөө үр дүнтэй аргаар нуун дарагдуулсан” гэж дүгнэжээ.
Шударга ёсны Дээд Шүүх дэх Англи, Уэлсийн Аж ахуй, өмчийн харилцааны шүүхүүд, Арилжааны хэргийн шүүх (Хатан Хааны Шүүх танхим) мөн өдөр Сү.Батболд, Чёон Чү Ёон нарт хандаж: “Таныг энэ захирамжийг дагаж мөрдөхгүй тохиолдолд Таныг шүүхийг үл хүндэтгэсэн үндэслэлээр хариуцлагад татах, улмаар хорих, торгох, эсвэл хөрөнгө хураах ялаар шийтгэх болно” гэж сануулсан шийдвэрээ илгээжээ. Улмаар Англи, Уэлсэд буй Сү-гийн 15.235.500 еврогийн хөрөнгийг битүүмжилсэн тухайгаа мэдэгдээд “шилжүүлэх, захиран зарцуулах, үнэлгээг өөрчлөхийг” хориглож, “Англид буй 10.000 еврогоос дээш хөрөнгөө тодорхой мэдүүлэх”-ийг Сү.Батболдоос шаарджээ.
Гонконгийн шүүх Сү.Батболдын Гонконг дахь 30 сая ам.долларын хөрөнгийг битүүмжилжээ.
Мөн хэд хэдэн улсад олон саяын хөрөнгө битүүмжлэх ажил үргэлжилж байна. Олон улсын дуулиан шуугиан дөнгөж эхэлж байна…
Тэгээд одоо яахийм?
Манайхан надаас яг ингэж асууна гэдгийг би сайн мэднэ. Ингэж асуугаад лавтайяа 30-аад жил болж байна. Би ямар Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд байгаа биш. Мөн Дээд Шүүх, Тагнуул, Цагдаа, Шүүх, Прокурор, АТГ-ын дарга байгаа биш !!! Одоо бол миний бодлоор Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нараас асууж шаардах ёстой.
Эдний дундаас хэн дуугай байна, хэн Сү-г өмөөрч байгаа нь Монголын ард түмний дайсан гэдэг нь ямар ч эргэлзээгүй. УИХ-ын 65 гишүүн Сү-гийн авилгын сүлжээний эсрэг “тэмцэнэ” гэдэгт итгэх дүүрчихсэн тэнэг Монголд л лав байхгүй. Гэхдээ тэдэнд эсвэл хувь заяагаа олон улсын олон шүүх дээр дэнслүүлж байгаа авилгач Сү-гээ дэмжих үү, эсвэл өөрийнхөө улс төрийн амь насыг аврах уу гэдэг 2-хон сонголт бий.
Сониноос нөгөөх “муу нэртэй луу данстай” АТГ чинь илрүүлэх ажилд идэвхи гарган, их тус болсон гэж гадаад сурвалжид тэмдэглэжээ. Хэрэв АТГ энэ ажлаа тууштай үргэлжлүүлж, энэ муу ёрын сүлжээг бүрэн илчилж чадвал Эрдэнэт, ОТ-оос дутахгүй их хөрөнгө Монголдоо оруулж ирнэ гэдэгт эргэлзэх явдал байхгүй. Иймд би АТГ-ын энэ ажилд амжилт хүсч байна. Шалгах явцад зөвхөн Нью-Йорк хотод гэхэд л Сү.Батболдын 2 үл хөдлөх хөрөнгө (байр гэж ойлгов-Х.Д.Г), нэг нууц дансыг олж илрүүлжээ…
Хамгийн том авилгын сүлжээ хийгээд эх аалз
Аль эрт 2002.03 сард дэд доктор Б.Ганбат нэртэйгээр “Аалзны тор” өгүүлэл гарч шуугиан тарьж билээ. Уг нь нэн тодорхой баримттай 5 цуврал байсан юмсан. Манайхны олонхи үүнийг аль хэдийн хоолтойгоо холиод идчихсэн нь мэдээж хэрэг. Тэр үед үүссэн улс дамнасан “авилгын коронавирус” хувьсан өөрчлөгдөж өнөөдрийн “Сү мутаци” болсон хэрэг шүү дээ…
Тэр үед аалзны торны эх аалз нь Н.Энхбаяр байсан. Дараа нь С.Баяр, Ц.Элбэгдорж нар залган авч “аалзлав”. Эдгээр аалзтай бүгдтэй нь хамт байж, хамтран идэж, хамтдаа олон жил амьдарч, аажимдаа бусад бүх аалзаа барьж идээд орь ганцаараа үлдсэн хамгийн том эх аалз бол Сү.Батболд мөн.
Олон хүн У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч Х.Баттулга “алах” гэж байгаа гэж тун эндүү боддог. Үнэн хэрэг дээрээ Сү “өнөөх муу” У.Хүрэлсүхийг чинь хааш нь ч хөдөлгөхгүй “барьж идэх” гэж байна. Тэр ч байтугай илчлэх ажилд чадлаараа зүтгэж, ихээхэн гавъяа байгуулсан Л.Оюун-Эрдэнийг багалзуурдаж байна. Сү хэтэрхий улайрч байна. Харин үүнийг л “амь тавих сүүлчийн амьсгал” гэдэг юм. Гэвч Сү-аалзны гэдэс хагарах тун дөхжээ. Ямар муу ёрын юм гарах бол гэхээс дотор муухайрна…
Луйврын бүдүүвч нь эхлээд шударга бус гэрээгээр Эрдэнэтийг сааж амьдардаг 4 “гадаад” компани байгуулж тэр нь цаашаа 100 гаран болж үржжээ. Эрдэнэт болон Монголоос авилгадаж олсон асар их мөнгөө оффшор дансанд байршуулж, нуун дарагдуулдаг байжээ. Улмаар Оюу Толгой руу орж Рио тинто-гоос авилга авдаг болсон ба тэр мөнгөө мөнөөх олон компанийхаа оффшор дансанд хийх буюу дэлхийн өнцөг булан бүрд үл хөдлөх хөрөнгө худалдан авдаг авилгын болон мөнгө угаах аварга сүлжээ болон хувирчээ. Таван Толгойг бол ярих юм биш, тэр чигээрээ Сү-гийн мэдлийнх…
Энэ нь Рио Тинто Сү.Батболдод авилга өгсөн гэж дүгнэх боломж олгож байна. Ингэвэл Оюу Толгойн гэрээний асуудал яаж эргэх нь хэн бүхэнд тодорхой.
Энэ хэр Монголд ийм өргөн цар хүрээтэй, ийм их далайцтай, ийм их мөнгөний авилгын сүлжээ огт илэрч байгаагүй. Энэ удаад илрэхээр үл барам эх аалз нь тов тодорхой болов. Нөгөө туучий Сү чинь эх аалз байж…
Эндээс маш олон зүйл ойлгомжтой болж байна. Ерөнхийлөгч Х.Баттулга олон оффшор данс илрүүлсэн тухай, тэр мөнгийг ард түмэнд хүртээх талаар битүү хатуу ярьчихаад “зогсчихоод” байгаа. Үнэндээ бол түүнийг ил далд элдэв аргаар “гацаачихаад” байгааг би сайн мэдэж байна.
Үнэндээ бол оффшорт байгаа олон “нууц” дансны бүх валют МАН-ын нэр бүхий эрх баригчдын өөрсдийнх нь авилгын мөнгө юм. Чухам ийм учраас МАН-ынхан, ялангуяа Ч.Хүрэлбаатар “хувийн өмчид халдаж болохгүй”, “тусгай хууль гаргаж байж шийднэ” гэх мэтээр улин хуцаж байгаа. Эрдэнэтийг хувьчилсан, ОТ-н гэрээ хийсэн бүх шатны үйл явц Сү-гийн бүлгийн шууд удирдлага хяналт дор явагдсан, түүнд оролцсон МАН-ын бүх хүн авилгын аймшигт сүлжээтэй их бага ямар нэг хэмжээгээр холбоотой гэсэн дүгнэлтийг би бүрэн итгэлтэй хийж байна.
Х.Баттулга, Г.Занданшатар, Ц.Хүрэлсүх 3 зориг гарган Сү-г хуулийн байгууллагад шилжүүлэн, улс дамнасан авилгын энэ аварга сүлжээтэй тэмцэж, мөнгийг нь Монголдоо авчрах үүрэг хүлээсэн гол хүмүүс юм. Түүгээр үл барам эл ноцтой асуудлыг ҮАБЗ-өөр хэлэлцэж, ард түмэнд ил тод мэдээлэх ёстой…
Линк өгөөдөх…
Одоо надаас линк болон сурвалж нэхэх нь гарцаагүй. Би “линк, сурвалж” гэдэг үгнээс үнэндээ залхаж гүйцээд байна. Албатай юм шиг линк нэхнэ. Тийшээ орж шалгадаг хүн өдрийн од шиг цөөн. Мэдлэггүй, урагшгүйгээсээ болж олохгүй болохоороо намайг л загнана. Гэвч яахав өгье л дөө…
http://iapps.courts.state.ny.us.isroll. Энэ хаягаар ороод “Index Number” хэсэгт нь “656507-2020” тоог бичээд Сү-гийн хэрэгтэй танилцаж болно. Ингэлээ ч гэсэн олохгүй, намайг загнана гэдгийг чинь би мэдэж байна. Заасан хаягаар орохоор шууд эхний хуудсан дээр нь “Монголын Сү.Батболдын гэмт хэрэг” гээд дурайтал гараад ирнэ гэж олон монгол боддог шиг байгаа юм. Ингээд л буцаж буух, загнах хүн нь би болж таардаг юм. Иймээс Сү-гийн хэрэг рүү шууд орох хаягийг өгч байна…
Эндээс олохгүй бол өөртөө л гомд…Ингээд энэ бяцхан бичвэр дуусч байна. Энэ хэмжээний 100 өгүүлэл бичсэн ч элбэг хүрэлцэх мэдээлэл надад байна. Гэвч эхний удаад энэ хангалттай. Цаашид үйл явдлын өрнөлийг харгалзан хэд хэдэн цуврал бичнэ гэдгээ амлаж байна…
Ямар ч гэсэн “оффшорт байгаа мөнгө” гэсэн битүү хатуу, тодорхойгүй нэр томъёог орхиж, “Сү.Батболд болон түүний бүлгийн оффшорт нуусан хулгайн валют” гэж нэрлэх ёстой. Нэрлэхээр үл барам оффшорт нуусан бүх валютыг шууд хурааж, нийт иргэдээ вакцинжуулах мөнгө олох, өрх бүрд 1 сая төгрөгийн ваучер болгон хүртээх зэргээр ашиглах нь зөв бөгөөд хамгийн шударга үйл болно.
Уг нь би өөрийгөө бэлэн зэлэн ёж үгтэй, хараавал ч харааж чадна гэж боддог байлаа. Гэвч эндүүрчээ. Одоо Сү-г хараах гэсэн чинь таарч тохирох монгол хараал олддоггүй, таг сууж байна. Учир нь Сү-г хараахад монголын хамгийн адгийн хараал ч жижигдэж, гологдох бөлгөө…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2021 оны 01 дүгээр сарын 18.
Discussion about this post