Д.Жигжиднямаа агсны хүү Ж.Гарьд угаасан 600 мянган ДОЛЛАРОО буцааж өгөхөөр болж 1,6 жилийн зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлжээ
УБТЗ-ийн дарга асан Д.Жигжиднямаагийн хүү Ж.Гарьд 600 мянган доллар угаасан гэх хэрэг шийдэгджээ. Түүнийг аавынхаа албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглаж олсон “Скай профешнл ложистик” компанийн үйл ажиллагааны орлого болох 600.000 ам.долларын хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор уг мөнгийг Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Дубай хотод өөрийн үүсгэн байгуулсан “Ansu trading limited” компанийн “Emirates NBD Bank PJSC” банк дахь данс руу 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 500.000 ам.доллар, 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 100.000 ам.доллар буюу нийт 600.000 ам.долларыг /1.578.924.000 төгрөг/ тус тус шилжүүлсэн гэж тогтоосон. Улмаар “Ansu trading limited” компанийн данснаасаа өөрийн Монголд үүсгэн байгуулсан “Жи ар ди реалти” ХХК-ийн дансанд шилжүүлэн авчээ. Үүний дараа “Ё эс би” ХХК-ийн захирал Д.Б-гийн дансанд шилжүүлж, улмаар түүнтэй Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Амарсанаагийн гудамж, 4 дүгээр хороололд, 1495 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай объект, 305 м.кв талбайтай эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг “Жи ар ди реалти” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн авч, мөнгө угаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. “Жи ар ди реалти” компанид Ж.Гарьдын хамаатнууд буюу үеэлүүд нь ажилладаг гэнэ. Худалдаж авсан обьект нь зоорьтой таван давхар агаад зочид буудал, караоке, хоолны газрын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Мөрдөн байцаалтын явцад Ж.Гарьд хоёр хоног цагдан хоригджээ. Тэрээр угаасан 600 мянган доллароо бүрэн буцааж өгөхөө илэрхийлсэн тул хорих ял бус харин 1,6 жилээр зорчих эрхийг хязгаарлах ял авчээ. Хохирлын хувьд обьектоо зараад 600 мянган доллар 1,5 тэрбум төгрөгийг төлөх гэнэ.

Discussion about this post