Топ модель Э.Одгэрэл өчигдөр 54 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэлээ. “Мөнхийн залуу нас” Э.Одгэрэлийн хэвлэлд өгсөн ховор ярилцлагыг хүргэж байна.
-Цаг хугацааны галт тэрэг маш хурдтай давхиж байна шүү. Бидний хувьд, анхны ярилцлага маань хэвлэлд нийтлэгдсэнээс хойш найман жил өнгөрчээ. Улирч одсон он жилүүдэд Одгэрэл гэдэг хувь хүний амьдрал, үзэл бодолд ямар өөрчлөлт гарав?
-Уулзалгүй удсан ч хэзээд дотно сайхан сэтгэгдэл төрүүлдэг хүмүүс энэ хорвоо дээр ямар олон юм бэ. Ийм болохоор л би “Амьдрал танд баярлалаа” гэж сэтгэлдээ байнга шивнэдэг. Тантай уулзаж, ярилцана гэхэд ч бас ийм сэтгэгдэл төрж байна. Таны хүсэлтийг хүлээн авч, асуултанд тань хариулж байсан нь саяхан мэт санагдавч хуанлийн хуудсыг эргүүлж сөхвөл үнэхээр олон жил өнгөрчээ. Тухайн үед хэвлэлд өгч байсан ярилцлагаа одоо эргэн уншвал бүр ч сонин байх болов уу. Тэр үеийн сэтгэл хөдлөл, бодол эргэцүүлэл, уйтгар гуниг, хүсэл мерөөдөл гээд л…Ер нь нэг унших юмсан. Хүн бүрийн амьдрал өөр, еөрийн дэг жаяг, хэмнэлтэй шүү дээ. Хүссэн ч, эс хүссэн ч амьдралын жам, цаг хугацаа биднийг ухааруулж, сургаж, аливааг олж харах нүдийг минь нээж өгдөг. Тийм учраас хүсч тэмүүлсэн зүйлсээс маань амьдралд биеллээ олсон нь ч бий. Үгүй нь ч бий. Бас санамсаргүй өөрчлөлт бишгүй гарсан. Харин Одгэрэлийн үзэл бодол айхтар их өөрчлөгдсөн гэж бодохгүй байна.
-Одгэрэлийн ажил, амьдралын нэгэн өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
-Янз, янз даа. Яаруу давчуу ажилтай, хүмүүсийн хэлдэгчлэн өдөржин “гүйсээр” байгаад үдэштэй золгох үе ч байна. Зураг авалт, загварын шоу тоглолт гээд л өглөөнөөс үдэш хүртэл гэрэл зургийн аппарат, камерын өмнө зогсох нь загвар өмсөгч хүний ажил, амьдралын жирийн л нэгэн дүр зураг. Ажил, мэргэжлийн онцлогоос шалтгаалан олны дунд, чимээ шуугиантай орчинд олон өдрийг өнгөрүүлдэг. Тийм болоод ч тэр үү нам жим, тайван, дулаахан гэр рүүгээ л би их яардаг даа. Хотын утаа, дуу чимээнээс хол, цэвэр агаарт өглөөний нарны зөөлөн илчийг мэдрэн алсыг ширтэн зүгээр л суух дуртай. Хэдий завгүй байлаа ч би өөрийгөө хэзээ ч зөнд нь орхидоггүй. Өөртөө тааламжтай орчныг бүрдүүлж, алжаалаа тайлахыг хичээдэг. Үүнд нэг их зүйл хэрэггүй шүү дээ. Намуухан орчинд аяга кофе ууж, дуртай амттанаа таашаан зооглоход тааламжтай санагдаж, алжаал тайлагдах шиг болдог.
-Сонины мухлаг дахь хэвлэлүүдийн эхний нүүрээс л таны тухай мэдээллүүдийг олж хардаг. Тэд дор бүрнээ таны хойноос ангуучилдаг бололтой. Гэтэл топ модель маань өөрийнхөө талаар нэг ч үг унагадаггүй. Чингэснээрээ тэдний аазгайг улам бүр хөдөлгөдөг?
-Манайхны хэлдгээр элдвийн шар мэдээлэлтэй сонинууд аль ч улсад байдаг л юм,билээ. Хамгийн гол нь тэрхүү мэдээлэл хэр бодитой юм, худал зүйл нийтэлсэн бол тухайн сонин хариуцлага хүлээж чадах уу гэдэгт л асуудал байна. Хэдий би олны танил загвар өмсөгч ч гэсэн баярлаж хөөрөх, гуньж гутрах зүрх сэтгэлтэй эгэл жирийн л хүн. “Одгэрэлийнх” гэсэн амьдрал, хувь хүний эрх чөлөө надад бий. Тиймээс өөрийнхөө тухай мэдээллүүдийг үл тоон хэнэггүй царайлдаг гэж намайг дүгнэхийг би хүлээн зөвшөөрөхгүй. Сэтгэл минь өвдөж, ямар ч хүч тэнхээгүй болсон мэт санагдах үе заримдаа тохиолддог. Гэхдээ “Худал, үнэнийг ялгаж салгах ухаант хүн олон бий” гэж бодохоор тайвширч, өөртөө итгэлтэй болдог юм. Ярилцлагын эхэнд би “Сэтгэлд таатай, дотно сэтгэгдэл төрүүлдэг хүмүүс амьдралд ямар олон юм бэ” гэж хэлсэн шүү дээ. Чухам тийм хүн олон болохоор амьдрал утга учиртай санагдаж, үзэгчдийн таашаал, хүндэтгэлийг хүлээсэн жинхэнэ загвар өмсөгч байхсан гэж хичээдэг. Түүнээс биш хувийн асуудалд маань хаа хөндлөнгөөс хошуу дүрсэн элдэв мэдээлэлд хариу тайлбар хийгээд байх шаардлагагүй. Яагаад гэвэл, би амьдралд хайртай. Түүнийг хайрлаж, сайхныг нь мэдрэхийн хэрээр цаг хугацаа хайран санагдаж, мөч, хором бүрийг утга учиртай өнгөрүүлэхийг хичээж явна даа.
-Загварын тайз л танд одтой, адтай, бусдын анхааралд ямагт өртөж явах хувь тавиланг бэлэглэсэн байх. Алдар хүндийн энэхүү тавцан танд өөр юу бэлэглэсэн бэ?
-Fashion бол үнэхээр гайхамшигтай ертөнц. Гоо сайхан, таашаал, баяр баясгалан, сайн сайхан мөрөөдөл, хүсэл тэмүүллийг бадраадаг учраас хүмүүе түүнд татагдах нь аргагүй. Загварын ертөнцөд хатуу дүрэм, цаг хугацаа, өрсөлдөөн, атаархал, бахархал цөм бий. Загварын тайзнаа анх гарч байсан тэр цаг үеэс эдүгээг хүртэл эргэцүүлж суухад энэ агуу урлаг амьдралд минь олон сайхан дадал, зуршлуудыг хэвшүүлж өгчээ. Хүмүүст бага гэлтгүй сайн сайхан, баяр баясал бэлэглэхдээ аз жаргалыг мэдэрч, урамшиж амьдрахад сургасан.
-Миний санаж буйгаар та дэлхийн загварын чиг хандлагыг тодорхойлогч Парис хотод очиж, ертөнцийн долоон гайхамшгийн нэг Эйфелийн цамхгийн өмнө монгол үндэстний хувцсыг хэд, хэдэн удаа сурталчилсан. Барууны алдарт загвар зохион бүтээгчид, хямсгар баячууд, сая сая европчууд монгол дүр төрхийг хэрхэн хүлээн авсан бэ?
-Хувцас загвар гэдэг тухайн улсынхаа соёлын үнэт өв нь байдаг. Тийм учраас төрийн албан ёсны болон хоёр улсын соёлын арга хэмжээ, олон улсын загварын шоунд улс орныхоо нүүр царай болон олон удаа оролцсон. Дэлхийн аль ч улсад очсон Монгол үндэстний хувцас хүмүүсийн сонирхлыг ихэд татаж, анхаарлынх нь төвд ямагт байдаг. Мэргэжлийн дизайнеруудынх нь хувьд, Монгол үндэстний хувцаснаас өнгө, донж, загварын шийдэл зэрэг санаа авахуйц зүйл арвин байдаг нь дамжиггүй. Загварын ертөнц цаг үргэлжид шинэ сонин, өвөрмөц дүр төрхийг эрэлхийлдэг учраас Ази төрх европчуудын сонирхлыг татдаг болов уу.
-Хамгийн сүүлийн аяллын маршрутаа аль зүгт хандуулав. Маргааш, нөгөөдөр, дургүйцэхгүй бол нэг, хоёр сарын дараах ажлын төлөвлөгөөгөө бидэнд танилцуулаач?
-Аяллын сонин гэвэл, хамгийн сүүлд Европын хэд хэдэн оронд амарч байгаад ирсэн. Ирэх жил Азийн зарим улсаар аялахсан гэж хүсч байна. Байгалийн ховор сонин тогтоцтой, өвөрмөц соёл, ёс заншилтай, хүн ард нь эвдрээгүй сайхан зантай, хүнд чин сэтгэлээсээ үйлчилдэг үйлчилгээний газартай нууцлаг газар орноор зорчихыг аяллынхаа төлөвлөгөөнд тусгачихсан байгаа. Ажил хэргийн тухайд, хамтарч ажилладаг байгууллагууд маань жилийнхээ ажлыгурьдаастөлөвлөчихсөн байдаг. Гуравхан хоногийн дараа “Торго” загварын шоутай. Түүнээс өмнө хувцасны хэмжээ авахуулж, найруулагчтайгаа уулзах ёстой. Харин долоон хоногийн дараа Тоёо” компанийн сурталчилгааны зураг авахуулна. Мөн 10 хоногийн дараа шинээр гарах гэж буй сэтгүүлийн зураг авалттай гээд ажил нэлээд байна.
-Мөнхийн залуу Одгэрэл. Ийм тодотголыг танд олон нийт өгчээ. Нэг ёсондоо таны ямагт залуу, цоглог, эрч хүчтэй байдгийн нууцыг тайлах гэж тэд чармайж байна. Үүнд өгөх ямар нэгэн хариулт байна уу?
-Тийм ээ, уг нь энэ үг АПУ компанийн үйлдвэрлэдэг мөнгөжүүлсэн цэвэр усны чанарыг илэрхийлсэн сурталчилгааны мессеж байсан юм. Тэрхүү рекламанд тоглосноос минь хойш Одгэрэл гэдэг нэрийг энэ үгтэй хамтатган бичих болсон. Үнэндээ би “Мөнхийн залуу Одгэрэл” гэдэг үгийг сэтгэлдээ ойр хүлээж авдаггүй ээ. Хүн амьдралд хайртай, эрүүл бие, зөв сайхан сэтгэлтэй явбал сайхан амьдрал, гоо сайхан аяндаа цогцолно гэж боддог.
-Төгс төгөлдөр байхад асар их хөдөлмөр шаардагдах нь мэдээж. Одгэрэл гэсэн автортой залуу, гоо сайхан байх ямар жор байна вэ?
-Ертөнц дээр төгс төгөлдөр зүйл гэж байдаггүй. Тийм байх гэж хичээх нь утгагүй бөгөөд биелшгүй юм. Харин түүний оронд тухайн хүн өөрийнхөө давуу болон сул талыг мэддэг байх нь л чухал. Ний нуугүй хэлэхэд, миний амьдрал элдэв жор, нарийвчилсан төлөвлөгөөгөөр явдаггүй. Эмэгтэй хүнийхээ хувьд хамгийн түрүүнд өөртөө цаг гаргаж, фитнесс, усан спортоор хичээллэж байна. Хамгийн гол нь эрүүл байхыг хичээдэг учраас чанартай хүнс хэрэглэж, сэтгэл санаагаа амар тайван байлгадаг.
-Ингэхэд та загварын ертөнцөөс өөр шоу бизнест хүч сорих болоогүй гэж үү. Супер модель Наоми Кемпбелл, Тайра Банкс нар шиг дэлгэцийн шоу бизнесийг яагаад хөтөлж болохгүй гэж?
-Кино, жүжигт тоглож, телевизийн нэвтрүүлэг хөтлөх саналууд ирдэг л дээ. Гэхдээ мэргэжил бүхэнд өөрийн гэсэн зүй ёсны шаардлагууд байдаг учраас би тэр болгонд сэтгэл хөдлөлөөр яаран ханддаггүй юм. Надад төлөвлөсөн зүйл бий. Цаг нь арай болоогүй байна.
-Дэлхийн загварын ертөнцийн хар сувд гэгддэг Наоми Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавестай ярилцлага хийсэн нь шуугиан тарьсан. Танд хэн нэгнээс ярилцлага авах мөч тулгарвал ямар асуултыг хамгийн түрүүнд тавих вэ?
-Их сонин асуулт байна шүү (инээв). Тухайн хүний сайн сайхан чанарыг илтгэхүйц хамгийн энгийн асуултыг бодож олно доо.
-Америк орны загварын шинэ дүр төрхөөр махлаг биетэй, хөөрхөн царайтай бүсгүй шалгарлаа. Дэлхийн загварын ертөнцийнхөн ямар өөрчлөлт хийх гээд байгаа юм бол?
-Сэргэн мандалтын үеийн зураачдын бүтээлд махлаг, булбарайхан дүр төрх давамгайлдаг нь тухайн нийгэмд эмэгтэй хүний гоо сайхныг үнэлэх үнэлэмжийг илэрхийлсэн хэрэг юм болов уу. Орчин үед бүсгүйчүүдийн гоо сайхныг үнэлэх үнэлэмж огт өөр болсон. Цаг үеийн онцлог, техник, технологийн дэвшил, хүмүүсийн хэрэгцээ зэргээс шалтгаалан өөрчлөгдсөөр ч байгаа. Загварын ертөнцөд 1990-ээд оноос эхлэн “0″ размерын хувцас өмсдөг шинэ дүр төрхтэй загвар өмсөгчид хүч түрэн орж ирснээр охид, бүсгүйчүүд тэдэн шиг туранхай болохын тулд эрүүл мэнддээ эрсдэлтэй алхмуудыг хийх болсон. Магадгүй, энэ нь олон нийтийн шүүмжлэлд ихээхэн өртөж буйгаас ийм шалгаруулалтыгхийсэн байх аа. Түүнээс биш бүсгүй хүний гоо сайхныг үнэлэх нийгмийн сэтгэл зүйн үнэлэмж өөрчлөгдтөл тодорхой хугацаа шаардагдах болов уу.
-Топ модель Одгэрэлийг загварын тайзнаа анх гарч ирсэн үеийнхээс Монголын загварын ертөнцийн өнөөгийн чиг хандлага хэр өөрчлөгдсөн бэ?
-Тэртээх 1986 оныг 2008 онтой харьцуулахад асар их өөрчлөлт гаралгүй яах вэ. Загварын тайзнаа анх гарч байсан тэр үеийг өнөөдөртэй харьцуулахад эрс ялгаатай санагдаж байна. Тухайн үед өргөн хэрэглээний шинэ барааг нийтэд сурталчлах зорилгоор загварын үзүүлбэр зохион байгуулдаг байсан. Загвар өмсөгчид ховор байсан тул дизайнерууд өөрсдөө загвараа өмсч үзүүлэх үе ч байлаа. Тэгвэл өнөөдөр загвар охион бүтээгчид маань бие даасан уран бүтээлээ хийж, олон нийтэд, бас нийгмийн тодорхой хүрээнд толилуулж буй нь загварын ертөнцийг улам л баялаг болгож байна. Ер нь Монголын дизайнерууд дэлхийд хүлээн зөвшөөрөгдөхүйц өвөрмөц шийдэлтэй загвар зохион бүтээх бүрэн боломжтой, тийм чадвартай гэж бодцог шүү.
-Та Монголын томоохон брэндүүдийн нүүр царай болдог. Брэнд менежерүүд тантай гэрээ хийх гэж, басхүү танаар брэндээ сурталчлуулах гэж нэлээд хөөцөлддөг байх даа?
-Топ моделийн маань хувьд, надаар бүтээгдэхүүнээ сурталчлуулах санал олон байгууллагаас ирдэг. Гэхдээ надад тэр болгоныг хүлээж авах боломжбайдаггүй. Миний хувьд, тухайн бүтээгдэхүүний чанар чансаа, гэрээний нөхцөл, хөдөлмөрийн үнэлэмжийг харгалзсаны үндсэн дээр хамтарч ажиллах эсэхээ шийддэг. Хамтарч ажиллахад хариуцлагатай, ажил хэрэгч хүмүүстэй ажиллах нь сайхан санагддаг юм.
-Мөнхийн залуу Одгэрэл маань яагаад шавь нартай болохгүй байна вэ. Нам жим энэ байдлын цаана “Одгэрэлийн” гэсэн тодотголтой загварын сургууль хэзээ мөдгүй үүдээ нээх гээд хүлээж байна уу?
-Би багшлах талаар боддоггүй. Гэнэн балчир ахуйдаа ч ингэж мөрөөдөж байгаагүй. Хэн нэгэнд хэрэгтэй үед нь тохирох зөвлөгөөг өгч, чин сэтгэлээсээ туслахыг хүсдэг.
-”Одгэрэл шоколаданд хэр дуртай бол, биеийн харьцаагаа хадгалах гээд хоол сойдог болов уу, спортоор хэр их хичээллэдэг бол, дуртай брэнд, үнэртэй ус нь юу вэ” гэхчлэн таны шүтэн бишрэгчдийн асуултыг тэдний өмнөөс тавья гэж бодлоо. Учир нь охид энэхүү асуултын хариуг танаас авахын хүслэн болчихоод байна?
-Би шоколаданд үнэнхүү дурлагч. Шоколадан дундаас хамгийн гашуун амттай хар шоколадыг сонгодог. Энэ бол таашаал. Өтгөн хар кофе. Энэ бол миний дуртай ундаа. Хөргөгчинд хадгалж, хүв хүйтэн болгосон хар шоколадыг халуун кофены хамт амтархан таашаахад ер бусын мэдрэмж төрдөг. Сонин жор байгаа биз. Үүнээс гадна хоолоо хэзээ ч сойдоггүй, бас их идээд ч байдаггүй. Мэдээж хэрэг, спортоор хичээллэнэ. Гэхдээ өөрийгөө хэт хүчилж биш, бас хэт фанат хандалгүйгээр ачаалал, цаг хугацаагаа тохируулан хичээллэдэг.
-Таны имижмейкер хэн бэ?
-Надад имижмейкер байхгүй. Аз болоход хамтарч ажилладаг байгууллагууд, гэрэл зурагчид маань надаас огт өөр дүр төрх шаарддаггүй. Мэдээж хэрэг, загвар өмсөгч учраас би тухайн нөхцөл байдалдаа хувирч, онцлог дүр төрхийг бүтээдэг. Учир нь загвар өмсөгч хүн ямар ч дүрийг илэрхийлэх чадвартай байх ёстой. Хэдий ингэж илэрхийлдэг ч би дотоод ертөнцдөө өөрийнхөөрөө байдаг. Зарим үед үнэртэй усаа цацаж, өөрийгөө мэдэрч, тэрүүхэн тэнд өөрийн гэсэн ертөнцийг бий болгон зургаа авахуулах нь ч бий. Түүнээс биш хиймэл дүр эсгэх нь урт насгүй зүйл шүү дээ.
-Та багадаа гэртээ голдуу ганцаараа үлддэг, заримдаа ээжийгээ дагаж ажил дээр нь очдог байсан гэж ярьж байсан. Тэр үеийг эргэн дурсвал?
-Хүний амьдралын хамгийн дурсгалтай, гэгээлэг, аз жаргалтай мөч бол хүүхэд нас. Миний бага нас олон сайхан дурсамжтай, хөгжилтэй, гэнэн, их сайхан үеийг санагдуулдаг. Ээж маань кино үйлдвэрт насаараа ажилласан энэрэнгүй, зөөлөн сэтгэлтэй хүн байсан юм. Өглөө бүр ажил руугаа явахдаа дэрэн доогуур минь чихэр хийдэг байсан сан. Жаахан охин би нүдээ тас аниастай чигээр дэрэн дороосоо чихэр авч иддэг байлаа. Би ээжийн эрх танхи охин байсан учраас ажил дээр нь очих их дуртай. Яагаад ч юм бэ, нэг л өөр, сонирхолтой тэр орчин намайг татдаг байлаа. Зундаа ээж минь ажлынхантайгаа хамт кино зураг авалтанд явчихна. Би бас л хамт явна. Архангай аймагт “Хоньчин Найдан” киноны зураг авалтыг хийх үеэр кино үйлдвэрээс хамгийн муу гэрийг авч очсон ч киноныхоо үйл явдалд гоёдоод байсан юм. Ингээд тэр нутагт амьдардаг олон хүүхэдтэй айлын гэрийг нөгөө гэрээрээ сольж билээ. Тэр үеийг эргэн дурсахад, ээжийн минь очсон газар бүрт нутгийн хүмүүс маш дотно хүлээн авч, ядруухан зарим нь бидний байрлаж байсан гэрээр орж, гардаг байсан. Миний ээж тэдэнд чадах чинээгээрээ тусалж, энэрч байдаг, тийм л хүн байлаа. Хаа ч очсон ядарсан хүмүүст тусалдаг байсан нь надад гүн сэтгэгдэл үлдээжээ. Охиных нь өдий зэрэгтэй сайн сайхан яваа нь ээжийн минь тэр өгөөмөр сэтгэлийн үр шим байх аа. Хааяахан кино үйлдвэрт ажиллаж байсан хүмүүстэй тааралдаж, ээжийгээ сайн сайхнаар дурсан ярихыг нь сонсоход ээж минь дэргэд байгаа юм шиг санагддаг.
-Хамгийн сүүлд театрт хэзээ очсон бэ?
-Парист амарч байхдаа “Шо” кабаре үзсэн. Надад саяхан сонгодог урлагийн шилдгүүдийн тоглолтыг үзэх хоёр урилга ирсэн. Охинтойгоо хамт үзнэ гэж бодож байгаа. Охиноо ирээдүйд цаг үеийнхээ онцлогийг дагаж, хөгжмийн ямар ч урсгалыг сонирхлоо ч хөгжмийн суурь боловсрол нь сонгодог хөгжим байгаасай гэж би хүсдэг. Миний охин төгөлдөр хуураар таван жил хичээллэж байна. Багш нь магтахаар их л урамтай байдаг юм. Би охиноосоо хөгжмийн зохиолч Б.Шаравын “Гэгээн алсад одох юмсан”-г тоглож өгөөч гэж байнга хүсдэг.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье! WWW.TAIZ.MN
Discussion about this post