Юань гүрний сүүлчийн хаан Тогоонтөмөрийн Хонгарид овгийн их хатан “Жижен”-ы 25 дугаар оны 8 сард, 42 насандаа нас таалал төгсжээ. Харин Тогоонтөмөрийн солонгос хатан Ки түүний үлдээсэн хуучин хувцсыг хараад: “Улсын хатан хүн байсан байж, яалаа гэж ийм хуучин, ноорхой хувцас өмсдөг байна аа?” гэж шоолон инээсэн гэдэг…
Таалал төгссөн их хатан бол хонгирадын Болдтөмөрийн охин, Тогоонтөмөрийн их хатан Баянхутаг юм. Жижен гэж Юань улсын үеийн оны тоолол, 25 дугаар он гэхээр 1365 онд таалал төгссөн болно. Энэ хатнаас хойш Юань гүрэн уруудан доройтож, Тогоонтөмөр хаан орноосоо хөөгдөхөд хүрчээ.
Монголжсон кипчаг Элтөмөр сайдын охин, Тогоонтөмөрийн анхны их хатан Данашир ах нарынхаа хийсэн бүтэлгүй төрийн эргэлтээс болж цаазлуулжээ. Түүнээс хойш Баянхутаг охин 1337 онд 14-хөн настайдаа 17 настай Тогоонтөмөртэй ураг барилдан их хатан залагдсан түүхтэй.
Баянхутаг хатан хаан Тогоонтөмөрт Чингим /Зенжин/ гэх Хубилай хааны -2р хүүтэй адил нэртэй хүү төрүүлж өгсөн ч, ханхүү хоёрхон настайдаа бурхан болжээ.
Баянхутаг хатан ухаалаг уужуу, арвич хямгач, их хаа өвгийнхөө үлдээсэн улс, их өв хөрөнгө дээр туйлсан Тогоонтөмөр хааныг зөв чиглүүлэх гэж хичээдэг хатан байжээ:
Тиймээс таалал төгсөхдөө хуучин хувцас, эдлэлтэй гэж солонгос хатанд шоолуулж суусан биз ээ.
Харин Монголын их хатныг амьсгал хураасан хойно нь шоолж доромжилсон хатан солонгосоос зарц нарын дунд хавчуулагдан ирээд шивэгчин болж, сүүлд Тогоонтөмөр хааны хайрыг ихэд татаж, хүч нөлөө олсон солонгосын Ки юм. Ки угсаа залгах ханхүү төрүүлсэн нь аавынхаа дараа Монголын, Умард юаны хаан 1370 онд суусан “солонгосын эрлийз” Аюушридар юм. Аюушридар их хатан Баянхутагийг таалал болоход араас нь гашуудан чин сэтгэлээсээ уйлж хайлсан байсан гэхээр Хонгарид овгийн их хатан Баянхутаг их ухаантай, энэрэнгүй, өр зөөлөн, сайн эмэгтэй байсан бололтой.
Тогоонтөмөр хааны ивээлд өртсөн Ки хатан солонгост ах дүүсээ төрийн өндөр албанд томилуулж, ах дүү нар нь Солонгосын хааныг дээрэлхэж, Гонмин ван эсэргүүцэж Ки хатны гэр бүлийг хядаад, Монгол /Юань улсаас/-оос тусгаарлан хөндийрсөн түүхтэй аж.
Ки хатан Тогоонтөмөр хааны ордонг солонгос түмшмэлээр “дүүргэ”, бас Мэргидийн Тогтох чинсанг зайлуулахад гар бие оролцжээ.
Тэртээ 1364 онд салжиудын Болдтөмөр ноён (Баянхутагийн аав биш, өөр адил нэртэй хүн) нийслэлийг эзэлж, Кигийн авчирсан Пак Бул Хва тэргүүт солонгосчуудыг, төвөд лам нарыг хөнөөхөд, Аюушридар Хөх төмөр жанжин руу зугтаж, Болдтөмөр Киг барьж хорьж байжээ. Харамсалтай нь Болдтөмөр ноён удахгүй хөнөөгдөж, цэргийг нь Аюушридар, Хөхтөмөр хоёр 1365 онд цохисон байна.
Үүнээс сар орчмын дараа Баянхутаг их хатан нас барж, Ки их хатан болсон байна.
Манай Их Монгол Улсын түүхэнд дэндүү гэмээр гунигтай, гутамшигтай түүх ганц бий. Түүний нэг нь Ки хатны түүх биз ээ. Зүгээр нэг солонгос шивэгчин Чингис, Өгөдэйн их хаадын үеэс их хатан болж ирсэн хонгирад овгийн Монгол эмэгтэйг доромжилж, хожим их хатан болсон нь гутамшигтай гэж болох юм.
Энэ хатны тухай Солонгосчууд нэг кино хийсэн нь “Ки хатан”. Харин манайхан сайн мэдэхгүй тул “Бүргэдийн дэвэлттэй бүсгүй” нэрээр орчуулан гаргаж бахархан үздэг. Энэ кинонд жүжигчин Ха Жи вон, Ки хатны дүрд, харин Баянхутаг хатны дүрд жүжигчин Лим Жү Еүн, Баянхутаг хатны дүрд тоглосон билээ.
Discussion about this post