ИХ ДУУЧИН ДОРЖДАГВА ГУАЙГААС НОМЫН ДУУ СОНССОН МИНЬ:
Бага ахуйд хааяа ээж бор авдраа уудлах үед хажуугаар нь сониучирхан шохоорхох дуртай сан. Ямар нэг нүд хужирлах сонин содон юм олдож магад гэж л тэр. Гэзэгний даруулга, эрхиний бөөр ч юм уу ганц хоёр ширхэг шүр юм уу сувд олно. Ээж минь “айлаас эрэхээр авдараа уудал” гэж энэ дээ. Урьд бол энэн шиг элбэг юм байгаагүй. Одоо бол ч эрээд олдохгүй эрдэнэ, сураад олдошгүй сувд болж дээ хэмээгээд нандигнан үйлийн хуурцагтаа хийдэг сэн.
Одоо бол хуучин гар бичмэл тэмдэглэл сэлтээс ховор сонин юм олох гэж хааяа архивын хавтасаа онгичиход зугаатай сайхан. Бас ч мэр сэр “олз” олно. Өнөө цагт хуучцуулын амнаас унасан
үгс л ховордсон алт эрдэнэс юм даа. Алдарт уртын дуучин Жигзавын Дорждагва гуайтай хоёронтоо уулзсан ярианы зурвас тэмдэглэл байна.
Эхнийх нь 1981 онд Н. Жанцанноровын захиалгаар уртын дууны тухай телевизийн нэвтрүүлгийн зохиол бичих гэж уулзсан аж. Хоёр дахь нь Ж.Саруулбуян бид хоёр 1986 оны 11-р сарын 5-нд “Од” кино театрын ойролцоох 4-р хорооллын гэрт нь зорин очиж уулзсан тэмдэглэл байна.
Алдарт уртын дуучдын тухай, эдүгээ уртын дууны хувь заяа ямар байдалтай байгаа тухай, Монголчуудын уртын дууны гайхамшигийн тухайд сонин содон зүйл олныг ярьжээ.
Тэмдэглэлээ сөхвөл;
– Амархан сайн байна уу? Хэмээн мэндэлсэнд өөдөөс урт аялгуугаар,
– Мэнд байна. Амархан сайн байцгаана уу хэмээн уянгалуулан дуулаад
– Дууч Лувсанбалдан гэдэг хүн мэндлэхдээ ингэж уртын дуугаар мэндэлдэг байж билээ хэмээн жиг жиг инээгээд хоймортоо урьж билээ.
Наян гуравтай өвгөний санааг уртын дууны хувь заяа зовоож байгаа нь илт,
– Ертөнцийн ерийн нэг өгөөжийг хараад хүлээгээд сууж болохгүй. Найрлахаа байсан болохоор уртын дуучин гарахгүй байна. Би одоо бол сэтгэлдээ олон дууг дуулж үздэг. Тэгэхэд зарим дууг дуулахад шинэчлэл хийж болмоор санагдах юм. Тэгье гэхээр хоолой хүрэхгүй болчихдог юм байна. Төгс сайн дуучин болоход хүний нэг нас хүрдэггүй юм байна… гээд бидний зүг ямар нэг үг асуусан байдлаар ширтэв. Бид юу хэлэхсэн билээ. Өвгөн дуучин цааш залгуулаад өгүүлсэн нь;
– Хамгийн сайн дуучин бол Монголд Магсархурцын Дугаржав юм. Миний багш нар өөр өөр нутгийнх. Дугаржав, Чавганц, Гомбо, Поврон багш нарыг хэлж байна. Тэд нар намайг залууд “дуу нь турсгай юм“ гэж голдогсон. Тэгэхээр хуучцуул аварга хоолойтой байжээ дээ. Дугаржав багш бол байлдааны атак шиг дуулдаг хүн. Дуунд ч атак байдаг юм…
Дорждагва гуай өөртөө нэг аялгуу дотогшоо аялснаа, яриагаа үргэлжлүүлж,
– Энэ цохилтыг өгөхдөө болоогүй байна гээд л дахиулаад байдаг сан. Элэгдсэн хоолой хэрэгтэй. Багаасаа дуулсаар байгаад элээх. Дуулсаар байтал элэгдэж тунгалаг хурц хоолой гарна. Түүнийг элээвэл өнгө нь улам сайхан болно доо гэснээ яриагаа үргэлжлүүлэн,
– Ард түмний дотор байхгүй юм гэж байхгүй. Цэцэн хааны Мөрренчин аварга бол жинхэнэ дууч. Батын Дамдин гуайг дуулж байхад хажууд нь хоорондоо ярьж болдоггүй, хүмүүс бие биенийхээ дууг сонсдоггүй. Би Гомбо багшаар “Урт сайхан хүрэн” дууг заалгасан юм. Ерөнхий сайд Амар гуай надад үүрэг өгч сураарай гэсэн юм. Амар сайд Гомбо багшийг малтай хоттой нь нүүлгээд нутгаас нь аваад ирсэн байв. Гомбо багш “Чамд морь харагдана уу”гэж асууна.
“Урт сайхан хүрэн гэдэг чинь морь байгаа юм. Сайхан морь унаж үзсэн бол түүнээ сэтгэлдээ хар даа! Морио сэтгэлдээ тод харж бахдаж дуулахгүй бол наадах чинь дуу болдоггүй юм ” гэдэг сэн. Би ингэж дууны сэтгэхүйг ойлгосон.
Дугаржав багш бол дууны ясыг нь гартал цэвэрхэн аялгуулдаг хүн дээ, би бас сурах гэж хичээсэн ухаантай. Чавганц багш, Аварга |Мөрренчин| багшийн багш нь Дамба гуай юм. Ямаа зажилсан даавуу шиг нүүртэй хүн байсан. Зарим хүн гуунд хийж хөшиг татчихаад дуулуулмаар юм гэнэ. Бидний тухайд бол Дамба гуайн дуу нь дэндүү урлаг болохоор, тэр нүүр царай юу ч биш, бүх юм сайхан санагдана. Сүүлдээ хоолой нь гарахаа больсон үед дууны өнгө дээшээ болоход тэнгэр лүү хуруугаараа гогодож дуулж байдаг сан хэмээн сайхь дуучны байдал нүдэнд харагдана уу гэлтэй их дуучин мишээж сууна.
Тэгснээ,
– Хардэл аялгууны тухайд хэдэн үг хэлье. “Замбутив” бол Хардэл аялгуу. Хардэл гэж одоогийн Хэнтийн Галшар, Буянт, Өлзийт сум. Хардэл аялгууг зураглая гэвэл Байтаг Богдын гүнзгий сархиаг л зурах болно доо. Тийм аялгуутай гэснээ,
– Хүүхдүүд цай зоогло хэмээн халуун сав руугаа зааснаа яриагаа үргэлжлүүлэв.
– Төрийн гурван дууг дуулаагүй найр наадмыг ямар найр гэхэв. “Хуурын магнай”, “Түмэн эх”, “Төрийн товч” энэ гурван дууг дуулахад найр хавтгайрна. Хоёр өдрийн найранд дуу дахихгүй дуулдаг дуучин бол Дугаржав багш л даа. Дугаржав багш бол чадалтай тэгш дууч. Хэцүү дуунд дуртай. “Өвгөн шувуу”, “Замбутив”, “Дөрвөн цаг”, “Алиа саарал” гээд л явж өгнө. “Холч морь” дууг хоёр цаг гаруй дуулна шүү дээ. Маш сайхан уртын дуунууд хаягдах гээд байна. “Хээр халтар”, “Асрын өндөр”, “Энх мэндийн баяр”, “Очир Дар” гээд л. Дуулмаар өчнөөн сайхан дуу чимээгүй хэвтэж байна.
Нэг л юм асуумаар санагдаад,
– Яагаад Чавганц багш гэсэн юм бол? гэхэд,
– Лувсангомпил багшийн нөхөр гуч гарч дөнгөж дөч шүргэх насанд нь нас барсан. Манай багш шууд үсээ хусуулж сахил хүртээд, хүнтэй суухгүй гэж тангараглаад чавганц болсон гэдэг. Чавганц багш гэхийн учир энэ хэмээн хариулаад яриагаа үргэлжлүүлэв.
– Дууны аялгуу, нугалаа цохилт хэм хэмнэлээс болоод зарим үгэнд “завсарын үг” хэрэглэдэг юм. Зарим хүн “засвар үг” ч гэж хэлдэг.
Хадтай (юу лаа) сүмбэр ууландаа гэдгийн (юу лаа) нь завсарын үг юм.
“Сийлэн бөөр” гэж дуу байна. Сийлэн (дар) бөөрийгөө… гэх завсрын үгийг дуулахдаа “Сийлэн өндөр борыгоо” гэж дуулаад байх юм. Сийлэн бөөр чинь хүн юм шүү дээ. Одоо чинь морь болчих гээд байна уу даа. Аан? Хэмээн асуусан ёжилсон байдлаар их дуучин биднийг нухацтай хараад яриагаа төгсгөе хэмээв болтой,
– Монголын уртын дуу гэдэг бол классик урлаг юм. Залуучууд мэдэхгүй байгаа учраас уртын дуунаас юу гээгдэж ямар гарз гарах гэж буйг мэдэхгүй байна. Би мэдэж байгаа учраас энэ сайхан юмыг үхүүлчихгүй юмсан гээд үглээд байгаа юм даа гээд их дуучин боссон нь хичээл дууслаа гэсэн хэрэг болой.
Би цаасан дээр “зэрэмгэр” гэсэн ганц үг тэмдэглэж үлдсэн байна. Хэн нэгэн хүний дүр төрхийг өвгөн дууч дүрсэлж хэлэхдээ энэ үгийг хэрэглэсэн нь сэтгэлд тод хадгалагдан үлджээ. Биднийг үдэж өгөх зуураа,
– Зэрэмгэр гэхээр нэг дүр бууж байгаа биз. Туранхай, мөгөөрс нимгэн соотон чихтэй, шанаа шуумгар, нүд жийтгар, нарийн армаг тармаг хөмсөгтэй, зальжин сэргэлэн нүдтэй, шарангуй цонхигор царайтай тийм хүний дүр харагдаж байна уу хэмээн наян гурван сүүдэртэй өвгөн дуучин жиг жиг инээгээд
– За дараа ирэхэд чинь Монгол үгийн хичээл заана аа хэмээн хаалгаа хаавай.
Хожим нь би Их дуучны хэлж өгсөн “ зэрэмгэр” хэмээх үгийн дүрслэлд тохирох нэгэн дүрийг романдаа төсөөлж оруулаад энэ үгийн утгыг амилуулсан удаатай.
Уртын дууны тухайд гэвэл, нэг нэвтрүүлгийн зохиол бичсэнээс илүү гавьтай юм бичсэнгүй. Харин Ж.Саруулбуян анд маань уртын дууч Мөрринчин аваргаар голлон “Хэрлэн Тэнүүн” хэмээх шинжлэх ухааны судалгаа, уран сайхны соёл хослон найрсан өвөрмөц сайхан роман бичсэн билээ. Мэдээж манай хүн Ж.Дорждагва гуайтай олон уулзаж, илүү ихийг дахин дахин лавлан суралцсан нь лавтай.
Өвгөдийн цээжний эрдэм мөн ч хосгүй байсан сан билээ!
2024.08.09 Соёлын гавьяат зүтгэлэн Гомбожавын Мэнд-Ооёо
Discussion about this post