Хоёр жилийн өмнө ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар монгол иргэд гадын хөрөнгө оруулагчийг зодож дарамтлан концесс эзэмших эрхээсээ татгалзах бичигт хүчээр гарын үсэг зуруулсан хэргийн талаар зарлаж байсан. Тэр хөрөнгө оруулагч нь урд хөршийн хөрөнгө оруулалттай “Шинжиан Шинфа” компанийн захирал Вө Жэн Жү болж таарсан. Энэ компани хоёр хувьцаа эзэмшигчтэй бөгөөд дарамтлуулсан захирал 51, өөр нэгэн хятад иргэн болох Сун Гаунг Чен/Sun Guangchen/ 49 хувийг эзэмшиж байжээ. Гүйцэтгэх захирлаар нь Ж.Бизьяабал гэх монгол иргэн ажилладаг. Түүний мэдүүлснээр энэ хэргээс болоод хоёр хувьцаа эзэмшигч түнжин хагарсан гэнэ. Түүнээс гадна Сун Гаунг Чен нь “дарамталбал намайг л дарамталмаар юм” гэж гайхжээ.
“…2008 оноос эхлээд өнөөдрийг хүртэл Монголд 800 гаруй км замын ажил, нэг нисэх онгоцны буудлын ажлыг хийж гүйцэтгэсэн. Манай компани хэдэн хэдэн компаниас авлагатай, мөн өглөгөтэй, өc xoнзонгийн шинжтэй хүн байхгүй. Хэрвээ өс хонзонтой хүн байгаа бол Вөг биш, намайг хайж ирэх ёстой…”
Булаацалдсан концесс нь 2017 онд Засгийн газартай гэрээ байгуулсан Дамшинчлэн-Орхоны гүүр чиглэлийн замаас Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 120 км хатуу хучилттай автозамын гэрээ байжээ. 49 хувийн хувьцаа эзэмшигч Сун Гаунг Чен замын ажлыг хийх хөрөнгөгүй тул зарна гэж ярьж байжээ. Манай эрүүгийн ертөнцөд содонд орох энэ хэргийн захиалагчид нь өвөрмонгол иргэн Б.Эрдэнэдалай, Монголын “талаас” П.Оргил Ч.Бат-Амгалан нар оролцжээ. Гүйцэтгэгчид нь Т.Хүрэлжанжины “цэргүүд” болох Д.Батаа, Ц.Мөнхбат, А.Даваасүрэн нар байсан. Өвөрмонгол Б.Эрдэнэдалай нь цагтаа Вөгийн түнш байжээ.
“… Эрдэнэдалайн компанийг концессийн гүйцэтгэгчээр оруулсан. Гэхдээ концессийн хяналтын зөвлөхийн төлбөрийн 30 хувь буюу 1.5 тэрбум төгрөгийг тэрний компани гаргах ёстой байсан. Уг мөнгийг Үндэсний хөгжлийн газарт шилжүүлсэний дараа гүйцэтгэгчээр орох гэрээ хүчин төгөлдөр болох ёстой ч Эрдэнэдалай мөнгөө хийгээгүй. Бүр шилжүүлсэн гээд хуурамч баримт авчирч өгсөн …”
Энэхүү ажиллагаанд идэвхитэй зүтгэсэн П.Оргил өмнө нь НЗДТГ-д ажиллаж байсан гэнэ. Тэрээр концесстйг шилжүүлж авах талаар өдгөө Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн зохицуулагчаар ажиллаж буй Ч.Гантулгатай уулзжээ.
“…Би Оргил гэх хүнийг 2021 оны 6-р сараас хойш таних болсон. “Булган аймагт хийгдэх концессийн ажлыг авсан компани 4-5 жил юу ч хийгээгүй. Монголд бүртгэлтэй хятад, өвөрмонгол эзэдтэй компани энэ ажлыг хийж дуусгах боломжтой байна. Уг концессын гэрээг хэрхэн яаж, ямар бичиг баримт бүрдүүлж шилжүүлж авдаг юм бэ” гэж надаас асуусан. Би энэ тухай шадар сайд А-гаасс асуухад “анх гэрээ байгуулсан компани нь Төрийн худалдан авах ажиллагааны газарт гэрээнээс татгалзах тухай өргөдөл гаргасны үндсэн дээр гэрээг шилжүүлж болно” гэсэн. Үүнийг Оргилд утсаар хэлсэн. 2021 оны 9-р сард ярьж байсан асуудал нь юу болсон талаар лавлах гээд утас руу нь залгасан боловч холбогдохгүй байсан…”
Т.Хүрэлжанжины цэргүүд П.Оргилыг захиалагч гэж мэдүүлжээ.
“… Тус хэргийн захиалагч нь Оргил гэдэг хүн байгаа. Зуучилж өгсөн хүн нь Хүрэлжанжин юм. Хүрэлжанжин нь “гарын үсэг зуруулах ажил байна. Уг ажлыг хийвэл 100 сая гаран төгрөгтэй болох юм байна” гэсэн. Би “гарын үсэг зуруулаад л ийм их мөнгө өгнө гэж байгаа бол наадах чинь том асуудал юм биш үү, хэрэгт орчхов доо” гэхэд “зүгээрээ О ярихдаа Э-н ард шадар сайд А байгаа, асуудалд орохгүй гэж хэлсэн. Та нар гарын үсэг зуруулаад шууд Оргил руу холбогдоход болно, тэгэнгүүт тэр хятад дээр Тагнуул, Хар тамхитай тэмцэх газраас гүйцэтгэх ажил явуулна, тэр хятад та нарт ямар нэгэн байдлаар гомдол санал гаргахгүй” гэсэн…”
“Шинжиан Шинфа” ХХК-аас Төрийн худалдан авах газартай байгуулсан гэрээний загвар, Гэрээ шилжүүлэх тухай албан бичиг болон БНХАУ-ын иргэний гадаад паспортын хуулбарыг тус тус агуулсан флаш дискийг П.О надад өгсөн…“
“….Өөрийгөө худлаа яриагүй гэдгийг итгүүлэх зорилгоор утасныхаа чанга яригч дээр тавьж байгаад Оргил гэдэг залуугаас “манай гарын үсэг зуруулах хүмүүс эргэлзээд айгаад байна, асуудалгүй биз дээ, мөнгө төгрөг нь бэлэн биз дээ” гэхэд “ямар ч асуудалгүй, хоёрдугаарт би наад хужаа дээр чинь гүйцэтгэх ажил явуулчихна, та нарт ямар ч гомдол санал гаргахгүй, гуравдугаарт шадар сайд өөрөө мэдэж байгаа яаралтай гарын үсгийг нь зуруулаад аваад ирвэл асуудалгүй, мөнгө ч бас асуудалгүй, хэлсэн ярьсандаа” гэсэн …”
”… Хүрэлжанжин бид хоёртой уулзаад “нэг хужаа дарамтлаад гарын үсэг зуруулах ажил байна, 20 саяыг өгнө” гэхээр нь машинтайгаа очсон.
Харин хохирогч хятад иргэн ийн мэдүүлжээ.
“…Хэрэг болох үед хамгийн түрүүнд машины хойд талын хаалгаар хоёр хүн орж ирээд намайг арын суудал дээр намайг цохиж зодож эхэлсэн. Мөн жолоочийн хажуу талын суудалд суусан хүн арагш болж намайг цохиж зодсон. Миний хоёр талд суусан хоёр хүн хоёулаа хутгатай байсан. Одоо бодоод байхад жолооч нь бас хутгатай байсан санагдаж байна. “Томоотой суухгүй бол ингэнэ шүү” гээд хоолой хэрчиж байгаа юм шиг үйлдэл үзүүлсэн, мөн үйлдлээрээ “гарын үсэг зурахгүй бол хоолойг чинь хэрчинэ шүү” гэж үзүүлсэн, мөн утсаар ярьвал гээд үйлдэл үзүүлээд “хоолойг чинь хэрчинэ шүү” гэж үзүүлж сүрдүүлсэн. Миний харснаар нийт дөрвөн бичиг байсан, дөрвөн удаа гарын үсэг зурсан, тамга дарагдаагүй байсан. Эхний гурав бол юу ч мэдээгүй гарын үсэг зурсан, дугтуйнаас цухуйлгаж байгаад гарын үсэг зуруулсан. Дөрөвдэх удаа гарын үсэг зурахдаа харахад “Шинжиан Шинфан”- ийн бланк байсныг харсан…”
Хохирогчийн монгол эхнэр ийн мэдүүлжээ.
“…Манай нөхөр гаднаас орж ирээд шууд унтлагын өрөө рүү орохоор нь харахад ам нь цус болоод, доод уруул нь зүүн хэсгээрээ хавдсан байдалтай байсан. Юу болсон талаар асуухад тэрээр үг дуугарахгүй байсан. Цагдаа дуудах гэхэд нөхөр “байж бай” гэж байгаад сүүлд нь дуудлага өгсөн. Дараа нь цагдаад очоод компанийн орчуулагч орчуулга хийж байхад xaжyyнaac нь сонсоход үл таних 3-4 хүнд хутга тулгуулж гар утсаа алдсан, цаасан дээр гарын үсэг зуруулсан гэж ойлгосон…”
Гарын үсэг зуруулсан бичгийг Т.Хүрэлжанжин нар Төрийн ордоны шууданд хийсэн байна. Цагдаа хэргийг дор нь илрүүлсэн. Хэрэгтнүүд 1-2 хоногийн дараа баригдаж 82-365 хоног цагдан хоригджээ. Тэдний цагдан хоригдсоны нэг хоногийг торгох ялын 10 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож торгох ялаас хасаад П.Оргилд 11,1 сая, Т.Хүрэлжанжинд 10,7 сая, Ч.Батааг 11,1 сая, А.Даваасүрэнг 9,1 сая, Ц.Мөнхбатыг 8,6 сая төгрөгөөр торгожээ. Харин Д.Бат-Амгаланд 1,7 жилийн хорих ял оноосон. Өвөрмонгол Б.Эрдэнэдалайд 12,5 сая төгрөгийн торгох ял оноосон. Тэрээр мөн өөр хэргээр хорих ял эдэлж байгаа гэнэ.
ЭХ СУРВАЛЖ: ALIM.MN
Discussion about this post