Эрүүл мэндийн дэд сайдтай Говь-Алтай аймагт хийгдсэн хөрөнгө оруулалтын талаар ярилцлаа.
-“Бөөрний чулуугаа авахуулах гээд” гэх шалтгаанаар хөдөөгийн хамаатан садан хотод ирэх тохиолдол цөөнгүй. Ингээд Нэгдүгээр эмнэлэгт хот, хөдөөгүй үзүүлэх гээд төвлөрөл үүсдэг байсан. Харин 2022 оноос аймгуудад мэс заслын тусламж, үйлчилгээ үзүүлж эхэлсэн юм билээ. Одоо нөхцөл байдал ямар байна вэ?
-Хоёр жилийн өмнө л таны хэлснээр хөдөөнийхөн маань бөөрөө үзүүлнэ гээд эсвэл зөвхөн гуурс тавиулах гэж хотод ирдэг байсан. Одоо бол явдал, чирэгдэл бололгүй аймгийн нэгдсэн эмнэлэгтээ үзүүлээд л тусламж, үйлчилгээ цаг алдалгүй авах боломжтой болжээ. ЭМЯ-аас 2021-2022 онд 3,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж, 15 аймагт бөөрний дуранг суурилуулсан. Одоо тэдгээр аймагт найман төрлийн мэс засал, дөрвөн төрлийн оношилгоог хийж байна.
-Нэгдүгээр эмнэлгийн ачаалал мэдэгдэхүйц буурсан болов уу?
Нэгдүгээр эмнэлгийн урологийн тусламж, үйлчилгээний ачаалал 40 орчим хувиар буурсан шүү. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг газарт төвлөрүүлж хүргэх нь эмч, эмнэлгийн ажилтнуудад төдийгүй иргэдэд чирэгдэл ихтэй. Оочер дараалал үүсэж, дугаарлаж байх хугацаанд үндсэн өвчлөл хүндрэх явдал цөөнгүй тохиолддог байсан тул хөрөнгө оруулалтыг цаг алдалгүй шийдвэрлэсэн.
-Та 15 аймаг гэж яриандаа дурдлаа. Одоо жишээ нь аль аймгийн эмнэлэг ямар төрлийн мэс засал болон оношилгоог хийх чадамжтай болсон бэ?
-Жишээ нь, Говь -Алтай аймгийн эмч нар өнөөдөр орон нутагтаа шээдэг сүвний мэс засал, давсагны чулууны мэс засал, дурангаар хийгдэх давсагны хавдрын мэс засал, түрүү булчирхай, бөөр шээсний дээд замын бөглөрөл, жирэмсэн үеийн бөглөрлийн үед гуурс тавих зэрэг мэс заслыг хийж байна. Мөн бөөр, давсагны чулууны улмаас бөглөрөл үүсэж, идээ татсан, ингээд өвчин хүндэрсэн тохиолдолд орон нутагтаа гуурс тавиулж ч болж байна. Өмнө нь гуурс тавиулах гээд л олон километр зам туулж хотод ирэх шаардлагатай байсан бол одоо орон нутгийнхаа нэгдсэн эмнэлэгт гуурсаа тавиулаад эмчилгээний тактикийн дагуу сарын дараа лавлагаа шатлалын эмнэлгүүдээс мэс заслын тусламж, үйлчилгээг авах боломж бүрджээ. Өөрөөр хэлбэл, орон нутагт оношилгооны хувьд шээдэг сүв, түрүү булчирхай, давсагны оношилгоонуудыг бүгдийг хийж байна.
-Тэгвэл Говь-Алтай аймгийн эмнэлэг урологийн багаж тоног төхөөрөмжтэй болсноос хойш хэчнээн хүн хот яцаг, зав, зардлаа хэмнэж орон нутагтаа тусламж, үйлчилгээ авсан бол, энэ талаар статистик бий болов уу?
-Өнөөдрийн байдлаар 300 гаруй иргэн энэ төрлийн тусламж, үйлчилгээг орон нутагтаа авсан гэдгийг аймгийн эмнэлгээс танилцуулж байна. Ер нь багаж, төхөөрөмж сайжирснаар ажлын байр ч нэмэгдэж, эмч нар ч чадавхжиж туршлагажиж байна гэж хэлж болно. Говь-Алтай аймагт л гэхэд 2-3 урологийн эмч ажиллаж байна. Эдгээр эмч нар маань багаж, тоног төхөөрөмжгүйн улмаас энэ төрлийн эмчилгээ, үйлчилгээг орон нутагтаа үзүүлэх боломжгүй байсан бол өнөөдөр сэтгэл ханамжтай ажиллаж байгаагаас гадна иргэдээс ч мөн их талархал хүлээн авч байна. Ингээд эмч, иргэн хоёрын дунд үүсдэг үл ойлголцол ч багассан гээд хаа, хаанаа хүндрэл, чирэгдэлгүй сайн тал ажиглагдаж байна. Монгол Улсад 100 гаруй эмч яг энэ чиглэлээр ажиллаж байна. Увс, Говь-Алтай, Баян-Өлгий, Дорнод, Хөвсгөл, Сүхбаатар зэрэг аймгийн ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч нар нь урологийн чиглэлээр суралцаж, хос мэргэжилтэй болсон.
-Говь-Алтай аймгийн эрүүл мэндийн салбарт өнгөрсөн хугацаанд хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн бол? Халиун суманд анх удаа жишиг Эрүүл мэндийн төвийн баригдсаныг санаж байна.
-Говь-Алтай аймагт 2021 онд Улсын төсөв болон зээл тусламжийн хөрөнгөөр нийт 8,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн бол 2022 онд нийт 11,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна.
Энэ хөрөнгө оруулалтаар эмнэлгийн барилга, сумдын Эрүүл мэндийн төвүүдийг ашиглалтад оруулахаас гадна Зооноз өвчин судлалын төвийн барилгын ажлыг эхлүүлсэн. Говь-Алтай аймагт малын гаралтай өвчин цөөнгүй бүртгэгддэг. Тиймээс үүнд анхаарал хандуулж, тус төвийн барилгын ажлыг 2022 онд эхлүүлсэн. Энэ оны 7 дугаар сард ашиглалтад орно.
Би 2022 онд Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн олон улсын стандартад нийцэхүйц жишиг зургийг гаргуулсан юм. Энэ зургийн дагуу Говь-Алтай аймгийн Халиун суманд анх удаа жишиг Эрүүл мэндийн төвийн барьж ашиглалтад оруулсан. Энэ эмнэлэг үндсэндээ улсад ч жишигт тооцогдох барилга болсон. Тэгэхээр цаашид баригдах ЭМТ-үүд дээрх зураг төслийн дагуу баригдах юм.
Орон нутгийн эмч, эмнэлгийн ажилтнуудад тоног төхөөрөмжөөс гадна өөр нэг хамгийн чухал хэрэгцээтэй “багаж” бол туулах чадвар сайтай автомашин. Идэр есийн хүйтэнд холын дуудлагад гарна, замдаа цасанд суухаас эхлээд бэрхшээл тулгарна. Тиймээс өнгөрсөн 04 дүгээр сард Засгийн газраас сумдын эрүүл мэндийн төвүүдэд пургон автомашин нийлүүлэхгүй, харин туулах чадвар сайтай Land Cruiser-80 маркийн машинаар хангах шийдвэрийг гаргасан. Энэ хүрээнд Говь-Алтай аймгийн гурван суманд тус машиныг гардуулан өгөөд байгаа. Цаашид сумдын ЭМТ-үүдийг дээрх машинаар хангах ажил үе шаттай хийгдэнэ.
Үүнээс гадна 2021-2022 онд Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэхэд шаардлагатай нийт 3,3 тэрбум төгрөгийг шийдвэрлэж, хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр, гемодиализийн аппарат, 25 нэр төрлийн сет тоног төхөөрөмж, Аймгийн Нэгдсэн эмнэлэгт туулах чадвар сайтай бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгсөн.
-Говь-Алтай аймагт АШУҮИС-ийн орон нутгийн салбар сургууль байрладаг тул боловсон хүчний хувьд давуу талтай. Энэ сургуулийг түшиглэн эмнэлэг байгуулах талаар сонссон?
-АШУҮИС хажуудаа таван их сургуулийн эмнэлэгтэй. Тухайн эмнэлгүүдээрээ дамжуулан иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэхээс гадна судалгаа шинжилгээний ажлыг хийдэг. Харин орон нутагт анх удаа АШУҮИС-ийг түшиглэсэн их сургуулийн эмнэлэг байгуулж, ашиглалтад оруулахаар болсон. Их сургуулийн эмнэлэг гэдэг бол асар чухал ач холбогдолтой институц.
-Ярилцсанд баярлалаа.
Discussion about this post