Хятадын тэрбумтан Жэк Ма Бээжингийн санхүүгийн системийг шүүмжилснээсээ хойш хэдэн долоо хоногийн турш олон нийтэд харагдсангүй. Тэрээр телевизийн “Africa’s Business heroes” нэвтрүүлгийн эцсийн шалгаруулалтыг шүүх ёстой байсан ч оролцоогүй гэнэ. Тус шоунд Африкийн бизнесмэнүүд 1.5 сая ам.доллартай тэнцэх хувьцааны төлөө өрсөлддөг байна.
Шоуны эцсийн шалгаруулалт 2020 оны арваннэгдүгээр сарын сүүлээр болсон ч Жэк Магийн нэр шүүгчдийн бүрэлдэхүүнээс хасагдаж, нэвтрүүлгийн албан ёсны вэб сайт дээрээс зураг нь алга болжээ. Жэк Ма-г яагаад шоуны эцсийн шалгаруулалтыг шүүхээр ирээгүй талаар асуухад “Алибаба” компанийн хэвлэлийн төлөөлөгч “Жэк Ма захирал ажил ихтэй, шахуу төлөвлөгөөний дагуу ажиллах шаардлагатай болсон тул шүүгчдийн бүрэлдэхүүнд байхаа больсон” гэж тайлбарлажээ.
Жэк Ма өнгөрсөн оны аравдугаар сард улсынхаа удирдагчид болон төрийн банкууд, Бээжингийн санхүүгийн системийг хатуу шүүмжилснийхээ дараа эрх баригчдын эгдүүцлийг төрүүлж, дарамтанд орсон юм байна. Жэк Ма Шанхай хотод илтгэл тавихдаа Хятадын санхүүгийн зохицуулах тогтолцоог буруушааж, шинэчлэл хийх шаардлагатай гэжээ. Үүнээс хэд хоногийн дараа 37 тэрбум ам.доллартай тэнцэх хувьцааны наймаа зэрэг нь цуцлагдах зэргээр ажил хэрэг асуудалд орж эхэлсэн юм. Хачирхалтай нь тэр үеэс хойш Жэк Ма олны нүдэнд огт харагдсангүй. Нэг үгээр хэлбэл сураггүй алга болжээ.
Мөн өнгөрсөн 12 дугаар сарын сүүлээр эрх баригчид Алибаба компанийг шалгах болсноо зарлаж, мөн Ант группийг өөрсдийн хяналтанд байлгахын тулд бүтцийн өөрчлөлт хийхийг шаардсан байна.
Discussion about this post