Lancet-аас гаргасан судалгаагаар 2022 онд дэлхий дээр 1 тэрбум гаруй хүн таргалалттай амьдарч байгаа бөгөөд насанд хүрэгчдийн таргалалт 1990 оноос хойш хоёр дахин, хүүхэд, өсвөр насныхны (5-19 насны) дөрөв дахин нэмэгдсэн гэсэн дүн гарсан байна.
ДЭМБ-ын гишүүн орнууд 2022 онд болсон Дэлхийн Эрүүл Мэндийн Ассамблейн чуулганаар 2030 гэхэд таргалалтыг зогсоох төлөвлөгөөг баталж, дэмжин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 31 орон уг төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлж таргалалтын тархалтыг зогсоох тал дээр бусад гишүүн орнуудаа тэргүүлж байна.
Манай улсын үндэсний хэмжээнд хийсэн хамгийн сүүлийн судалгаагаар 15-69 насны хүн амын 49% нь илүүдэл жинтэй үүнээс 18.5% нь таргалалттай байгаа нь тогтоогдсон.
Таргалалт нь олон шалтгаантай цогц асуудал юм. Хоолны дэглэм барихгүй байх, ялангуяа, гадуур хэт их хооллох, цадсан мөртөө үргэлжлүүлэн идэх, чихэрлэг ундаа ихээр уух, архи, тамхи их хэмжээгээр хэрэглэх зэрэг нь таргалалт, илүүдэл жинг үүсгэдэг. Мөн нийгэмд үүсэж буй бухимдал, өөрчлөлт нь стрессийг бий болгосноор хяналтгүй идэх, зурагт үзэх, утсаа байнга оролдох, интернетэд орох зэргээр өөрсдийгөө тайвшруулж цаг нөгцөөх нь биеийн хөдөлгөөний дутагдалд оруулж илүүдэл илчлэгийг өөх тос хэлбэрээр биед хуримтлуулж таргалалтад улам нөлөөлж байна гэж үзэж байна.
Таргалалт, илүүдэл жинтэй холбоотой зарим ген нь хоол хүнсийг эрчим хүч болгон хувиргаж, өөх тосыг хадгалахад нөлөөлдөг ба удамших хандлагатай байдаг. Жишээ нь, таргалалт болон чихрийн шижин хэв шинж 2-т мэдрэмтгий болоход нөлөөдөг бөгөөд таргалалттай нэгдүгээр зэрэглэлийн хамаатан садан нь таргалалтын эрсдэлийг 2-3 дахин нэмэгдүүлдэг байна.
Прадер-Вилли \Prader-willi syndrome\ хам шинж гэх мэт таргалалт үүсгэдэг генетикийн ховор эмгэгийн сонгодог шинж тэмдэг бол 2 наснаас эхлэн байнгын өлсгөлөн байх мэдрэмжийг бий болгож, хоолонд хэт дуршихад хүргэснээр хурдан жин нэмэгдүүлэхээс гадна байнгын хоол хайх зан үйлийн өөрчлөлтөд хүртэл хүргэдэг.
Зарим тохиолдолд өвчний үндсэн нөхцөл, ялангуяа, бамбай булчирхайн идэвхгүй байдал (гипотиреодизм), Кушингийн \Cushing syndrome\ хам шинж мэт эмгэгүүд таргалалтад нөлөөлдөг тул эрт оношлуулж эмчлүүлэх нь шаардлагатай.
Мөн зарим стероидууд, эпилепси, чихрийн шижингийн эмүүд, сэтгэцийн эмүүд болох антидепрессантууд болон шизофрени эмүүд жин нэмэхэд нөлөөлдөг гэж үздэг байна.
2021онд Финляндын Турку ПЭТ /Finnish Turku PET / төвд хийсэн судалгаагаар гэр бүлийн таргалалтын эрсдэлт хүчин зүйлүүд нь тархины үйл ажиллагааны өөрчлөлттэй холбоотой байдаг гэсэн судалгаа хийгдсэн. Үр дүн нь цатгалд, хоолны дуршлыг зохицуулдаг мэдрэлийн сүлжээний үйл ажиллагаа нь хүн таргалахаас өмнө аль хэдийн өөрчлөгдсөн болохыг харуулсан. Таргалалт нь тархины инсулины мэдрэмж, нейротрансмиттерийн үйл ажиллагааны өөрчлөлттэй холбоотой байдаг байна. Гэсэн хэдий ч эдгээр өөрчлөлтүүд нь хүн таргалахаас өмнө тархинд байгаа эсэх, мөн эдгээр өөрчлөлтүүд нь ирээдүйд таргалах эрсдэлийг нэмэгдүүлэх эсэхийг хараахан тогтоогоогүй байгаа талаар Турку их сургуулийн Клиникийн Анагаах Ухааны докторын Тату Кантонен \Tatu Kantonen\ судалгаандаа дурдсан байна.
Кантонен инсулин, μ-opioid receptors (MORs), cannabinoid CB1 receptors (CB1Rs)-н үйл ажиллагааг positron emission tomography /PET/ дүрслэлээр судалж таргалалтын өмнөх үеийн тархинд гарсан өөрчлөлтийг тогтоосон байна. Үр дүн нь эцэг эхийн таргалалт, чихрийн шижин зэрэг гэр бүлтэй холбоотой эрсдэлт хүчин зүйлүүд нь тухайн хүний тархинд инсулины дохиолол өөрчлөгдсөн, түүнчлэн MORs ба CB1Rs системийн үйл ажиллагаа буурсантай холбоотой болохыг судалсан ба тархины молекулын болон бодисын солилцооны өөрчлөлтүүд нь хувь хүний таргалалтын эрсдэлтэй холбоотой болох талаар тэдний судалгааны үр дүн гарсан байна. Энэ нь дунд насны таргалалттай хүмүүсийн тархины инсулины дохиолол, MOR болон CB1R мэдрэлийн дамжуулалт дахь өөрчлөлтүүд нь жин нэмэх эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг харуулсан байна.
“Тиймээс сэтгэл ханасан байдал, хоолны дуршлыг хянадаг мэдрэлийн сүлжээн дэх зөрчил нь таргалалт үүсэхээс өмнө ажиглагдаж болох бөгөөд тархины эдгээр өөрчлөлтүүд нь гэр бүлийн таргалалтын эрсдэлт хүчин зүйлүүдтэй холбоотой байх магадлалтай бөгөөд таргалалтаас урьдчилан сэргийлэх, эмчлэх тактик, стратегийг боловсруулахад нөлөөлж болзошгүй юм гэж үзэж байна.
Ж.ЦОЛМОН
АШУ-ы доктор, профессор
()
Discussion about this post