Энэ банк дампуурсан нь мэдээж гүйцэтгэх удирдлагатай нь холбоотой. Тэгвэл гүйцэтгэх захирал А.Ариунболд нь банкир гэхээс илүүтэйгээр барилгын компанийн захирал шиг ажиллаж иржээ. Түүний барилгын “даамал” нь Б.Бүд гэхэд болохоор байна. Тэр хоёр итгэлцэл дээр “тулгуурлан” хамтран ажиласан аж.
“Банкир” нь “би барилга барьж байгаа хүмүүсийг танихгүй, чи таних учраас хариуцан ажилла, уг компаниудад зээлийг нэр дээр нь гаргаж өгнө, гэхдээ авсан зээл нь Бүд чиний данс руу шилжинэ шүү, ингэснээрээ чи тухайн зээлийг зориулалтын дагуу зарцуулагдахыг хариуцна” гэж өндөр их “итгэл” хүлээлгэжээ.
Б.Бүд гэх нууцлаг эрхэм банкирт хөрөнгийн дутагдлын улмаас барилгын ажил зогссон компаниудыг олж өгч харин “банкир” нь зээл өгч барилгыг бариулаад улмаар ашиглалтанд оронгуут банк зээлэндээ авдаг байсан гэнэ. Зээл тухайн компанийн нэр дээр гарсан ч дансанд нь ордоггүй заавал “даамал”-ын дансаар дамждаг. Үүнд нь хүргэн Буянбат нь оролцжээ. “Даамал” эхлээд өөрийн “Каракум” компанийн нэрээр Баянзүрх дүүргийн 14-р хорооны Веллмарттай барилгын ажилд суурь ухахаас эхлэн зээл авч уг зээлээ Зайсангийн 11-р хороонд байх 1,4 га газрыг компанитай нь “банкир”-д өгөөд зээлээ хаажээ. Дараа нь хүргэн Буянбатын нэр дээр 10 тэрбум төгрөгийн зээл уг зээлээр “Нийслэл Өргөө” компанийн 10 тэрбумын зээлийг хаажээ. Уг зээлийг хаасны төлөө “Нийслэл Өргөө”-гийн барьцаанаас чөлөөлөгдсөн дөрвөн үл хөдлөх хөрөнгийг хүргэний нэр дээр шилжүүлжээ. Дээрхи үл хөдлөхийн зарим нь “Өргөө” хотхоны дутуу баригдсан блокууд байжээ. Уг барилгуудыг зээлийн хөрөнгөөр барьж дуусгаад хүргэн нь “Капитал”-ын балансад шилжүүлсэнийг “Бишрэлт пропертиз” зарж борлуулсан. Хоёр газар байсны нэг болох Сүхбаатар дүүргийн 1-р хороо, “Континенталь” зочид буудлны хажуу талын газрыг “Бишрэлт”-ийн нягтлан С.Мөнхтуулийн нэр дээр шилжүүлж өгчээ. Нөгөө газрыг нь “банкир” долоон тэрбумаар зараад хүргэний нэр дээр авсан 10 тэрбумын зээл ингэж хаагджээ. Дараа нь “даамал” 10-р хороололд таван давхар хүртэл цутгалд хийгээд мөнгөгүй таг зогссон компанийн захиралтай уулзаж “хөрөнгө оруулагч олж өгөөд хөлсөө авах”-аар тохирчээ. Ингээд “банкир” 3,8 тэрбум төгрөгийн зээлийг сарын хоёр хувийн хүүтэй өгч уг зээлээр барилгаа дуусгаж зараад зээлээ ч төлжээ. Харин “даамал” зуучилсаны хөлсөнд 3-4 орон сууцны байр, найман граш, 200м.кв талбайтай үйлчилгээний заал авчээ. Энэ мэтээр олонтоо “гар нийлсэн” ч хоёр хашир Замын-Үүдийн 65 айлын орон сууцны 700 саяын ажил дээр “бүдэрчээ”. Барилгын эзнийг “Капитал”-иас хотод дуудаж ирүүлээд “даамал”-тай уулзуулжээ. Тэрээр газар, барилгаа барьцаанд тавиад зээл авч болно,гэхдээ барьцаагаа “Голден Серкл” гэдэг компанийн мэдэлд шилжүүл гэж тулгасан. Энэ компанийг төлөөлж хүргэн ирсэн агаад барилгын эзэн хэлсэнээр нь хийжээ. Барилга ашиглалтанд ороход ашгийн 25 хувийг барилгын эзэн, 65 хувийг хүргэн авахаар гэрээ ч байгуулжээ. Ингээд зээл авч ажил эхэлсэн ч нэмэлт санхүүжилт шаардлагатай болоод ажил зогссон. “Даамал” барилгын ажил гүйцэтгэж байгаа компанийн эзнийг “удахгүй Капитал мөнгөтэй болно, тэгэхээр нэмэлт санхүүжилтийг өгнө” гэж аргалсан ч тэр хоёр сар хүлээгээд эцэст нь ажлаа хаян явжээ. Компанийн захирал дараа нь “даамал”-тай уулзахад “энэ чинь Капиталын л барилга, ер нь надад хамаагүй” гээд “бултсан” гэнэ. “Банкир” банк болон эхнэртээ машин авахдаа “даамал”-ын дансаар орсон зээлийн мөнгөнөөс авахуулдаг байсан аж. Уг мөнгөөр банкны нэр дээр бүртгэлтэй “лексус-570”, мөн Б.Ундармаагийн нэр дээрхи бүртгэлтэй “Бенз Эс Эл 500” маркийн машиныг авчээ. Банк татан буугдсаны банкны эрх хүлээн авагч хүргэнийг нь шүүхэд өгөхөд “даамал” хоёр машины хэргээр сөрөг нэхэмжлэл гаргасан удаатай. Ийнхүү банкир шиг ажиллах ёстой А.Ариунболд барилгачин болох шахжээ. “Даамал” болон түүний хүргэний нэрээр авсан авсан зээлүүдийн ихэнхи нь “банкир”-ын захиалгаар, түүний өмчлөлийн газарт барилга барихад ашиглагдаж улмаар барьсан барилгаа банканд хүлээлгэн өгсөнөөр зээл хаагдаж иржээ. Бусдад зээл өгч хүү аван ажиллах ёстой “банкир” баахан обьекттэй болох гэж өөрөө өөртөө зээл өгч явсаар сүүлдээ банк нь уруудах зам руугаа орсон гэнэ.
()
Discussion about this post