Захиалагчийг зарлах хүн нь Л.Оюун-Эрдэнэ юм биш үү!?


 Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зоригийн хөшөөнд цэцэг өргөлөө… Дэд бүцтийн сайд агсан С.Зоригийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ… Ийм нэгэн гарчиглал бүхий агуулга ардчиллын алтан хараацай гэгддэг С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн өдрөөс хойших он жилүүдэд нийт монголчуудын ой тоонд хадагдаж бас “дархлагджээ”. Улс төр нь ч, нийгэм нь ч С.Зориг хэмээх хувь хүн дээр төвлөрч, Төв шуудангийн чанх урдах АН-ын цэнхэр байрны бөөрөнд байх хүрэл хөшөөг тойрсоор 24 жилийг үдсэнээс өөрөөр хэргийг мухарлаж, захиалагчийг зарлах “бөх зүрхтэй, бүдүүн голтой” нэгэн гарч ирсэнгүй. Үндсэндээ С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн учиг 1998 оны аравдугаар сарын 2-ны өдрийн хамт мөрдөгчийн шүүгээндээ шарлав. Энэ хугацаанд тагнуул, цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг, тэнд багтаж ирсэн мөрдөгчид ажлаа хийгээгүй биш хийсэн, хангалттай сайн гүйцэтгэсэн ч байж мэднэ. Гагцхүү эл хэрэг ахуйн хүрээнийх үү? эсвэл улс төрийн зорилготой, ардаа захиалагчтай байв уу? гэдэг нь өнөөдрийг хүртэл АСУУЛТЫН ТЭМДЭГ хэвээр яваа нь эргэлзээ төрүүлэх бодит шалтгаан. Харин хуанлийн хуудаст үлдсэн олон арван шийдвэр тогтоол, хардлага, шүүмжлэл дагуулсан үйл явдлаас үнэнд хамгийн дөхөж мэдэх гуравхан жишээг сийрүүлье.

1.

Хэрэг гарсан өдрөөс л хэсэгтээ олон нийтийн анхаарлын төвд байсан хүн нь гавьяат хуульч Д.Мөрөн. НАХЯ-ны Цэргийн тусгай дунд сургуулийг дүүргэж, хэсгийн төлөөлөгчөөс Цагдаагийн ерөнхий газрын дарга болтлоо дэвшсэн энэ эрхэм “Хэргийг илрүүлнэ” гэж хэлээд УИХ-ын гишүүнээр сонгогдсон цорын ганц хуульч. Гэвч хэрэг илрээгүй, захиалагчийг зарлаагүй. Хожим тэр өөрөө “Энэ хэрэг хангалттай нотлох баримттай” гэж үг унагааснаас бусдаар хурандаагийн мөрдэсөө хууль тогтоогчийн товчлуураар сольсон тэрбээр тэгсхийгээд бүрэн эрхээ дуусгавар болгосон түүхтэй.

Угтаа бол хэрэг гарсан орой хохирогчийн гэрээр 70 гаруй хүн яагаад орж, гарсан. Хэргийн бүх ул мөрийг яагаад баллуурдсан зэрэг хэд хэдэн асуулт тухайн үеийн ЦЕГ-ын дарга Д.Мөрөнд хамаарах уу? гэвэл мэдээж тийм. Хэргийн газарт олон хүн орж, гарах төдийд бүх сэжүүр алдагддаг гэдгийг 1980 оноос цагдаагийн байгууллагатай амьдралаа холбосон хашир хурандаа байтугай жирийн нэг мөрдөн байцаагч ч мэдэх бас мөрдөх учиртай энгийн дүрэм. Гэхдээ энэ асуудлын гол биш. Ганц үнэн нь хэрэг гардаг өдрөөс эхэлж, хүн бүрийн анхаарал тийш чиглэсэн бүтэн жилийн хугацаанд хурандаа Д.Мөрөн ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан уу, байсан. Хэргийн гацаа хаана, хэрхэн үүссэнийг гарын арван хуруу шигээ мэдэхгүй юм гэхэд ямар процесс өрнөж буйг хөндлөнгөөс сайн гадарлах нэгэн. Өөрийнх нь хэлснээр үнэхээр энэ хэрэг хангалттай нотлох баримттай юм бол шүү дээ!

Ямар ч байсан хэрэг болсноос нэг хоногийн дараа буюу 1998 оны аравдугаар сарын 3-ны өдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдааны тэмдэглэлийг саяхан Төрийн нууцаас гаргасан нь зарим зүйлийн зангилааг тайлах гол сэжүүр болох магадлал нь өндөр. Тухайн үед Ерөнхий сайдаар Ц.Элбэгдорж, Хуулийн сайд нь С.Батчулуун агсан, ЦЕГ-ын дарга нь Д.Мөрөн, нийслэлийн цагдаагийн дарга нь Н.Ганболд нар байсан юм. Өөрөөр хэлбэл, хэрэг гарсны маргааш яаралтай хуралдсан Засгийн газрын ээлжит бус хуралдаанд хуулийн тэр дундаа цагдаагийн байгууллагаас буюу Д.Мөрөн тэргүүтэй дарга нар урьдчилсан байдлаар ямар мэдээлэл хийсэн нь саяхныг хүртэл нууцын дардастай явсныг ил болгосон нь энэ.

2.

Өөр хоорондоо эрх ашгийн ямар зөрчилтэй явдгийг хэлж мэдэхгүй ч “Санжаасүрэнгийн Зориг” хэмээх сэдвийн хүрээнд хамгийн ил тод зөрж, зөрчилдөж, нэгнээ үгүйсгэдэг хоёр хүн байдаг нь Ц.Нямдорж, Б.Хурц. Нэг нь хуулийн салбарын бодлогыг 20 гаруй жил зангидсан бол нөгөөх нь 2000 оноос тагнуулын төв газарт ажиллаж, дарга болтлоо дэвшсэн хошууч генерал. Ц.Нямдоржийг Хуулийн сайдаар ажилласан он жилүүдэд үнэн бодитой мэдээллийг 500 сая төгрөгөөр үнэлэх Засгийн газрын тогтоол гарч байсан бол Б.Хурц тагнуулчийн хувиар иргэн Д.Энхбатыг Франц, Англи, Герман тэргүүтэй гурван улсын хил дамнуулан авчирч байв. Аль, альных нь үндсэн зорилго С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийг илрүүлэх…

Сонирхолтой ч гэх үү, адармаатай нь хэрэгт холбогдогчдыг илрүүлж, мөрдөн шалгасны эцэст 18 жилийн дараа шүүхээр оруулсан нь 2016 оны арванхоёрдугаар сар. Ц.Нямдорж УИХ-ын дэд дарга, Б.Хурц тагнуулын даргын албатай явсан үе. Анхан шатны шүүхээс Ц.Амгаланбаатарт 25, Б.Содномдаржаад 25, Т.Чимгээд 24 жилийн хорих ял тус тус оноосон нь тухайн үедээ л шуугиан тарьж байлаа. Хэрэгт холбогдогчдын зүгээс Давж заалдах, Хяналтын шат хүртэл жил дамнан шүүхээр явсан ч тус бүр 20 жил болгож бууруулснаас өөрөөр хаалттай хорих ангид эдлэх ялыг хэвээр үлдээсэн юм. Харин Ц.Нямдорж Хуулийн сайд болж, Б.Хурц тагнуулаас явсан билээ. Энэ үеэс Ц.Нямдорж, Б.Хурц хоёрын зөрчил ширүүсч хөшигний ард явсан эрх ашгийн хагарал нь хэвлэлийн хуудсаар дамжиж түрүүчээсээ олон нийтийн сонорт хүрсэн юм.

Б.Хурц нь “Ц.Нямдорж ажлын хэсгийг дөрвөн удаа тараасан. Захиалагчийг нэрлэх болохоор дахиад тараах гэж байна. Ц.Нямдорж дандаа С.Зоригийн хэргийн ажлын хэсгийг тарааж ирсэн” хэмээн бухаж байв. Хариуд нь “Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрт хилсээр хэрэг үүрүүлсэн. Ингэхдээ эрүүдэн шүүсэн. Тэр хүмүүс нь сая хоёр зүйлээр ял авлаа. Би Б.Хурцад алдаа гарч байна шүү гэж хүний ёсоор зөндөө захиж байсан” гэдгийг Ц.Нямдорж сөргүүлэн хэлж байлаа. Хөндлөнгийн нэгэнд хоёр хүний зөрчил мэт харагдавч Хуулийн сайдын хувиар, тусгай албаны шугамаар бусдаасаа хамгийн том бас жин дарах асар их мэдээлэл дунд явсан хоёр дүр гэдгээрээ тэдний байр суурь хэн бүхэнд сонирхолтой, зарим талаараа ор үндэстэй, баримтад тулгуурласныг үгүйсгэхгүй. Эцэст нь Б.Хурц нарыг ажил үүргээ гүйцэтгэх явцдаа бусдыг эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр яллагдагчаар татаж, шүүхээс 1.6 жилийн хорих ял ногдуулсан юм. Улмаар Ерөнхийлөгч асан Х.Баттулга бүрэн эрх нь дуусгавар болохтой зэрэгцэн 13 хүнд уучлал үзүүлсний дотор тагнуулын дарга асан хошууч генерал Б.Хурц багтсанаар тэрбээр суллагдсан билээ.

3.

Оюу Толгой, Тавантолгой, Салхитын мөнгөний орд, утаагүй түлш, тос нэрэх үйлдвэр тэргүүтнийг “ТУГ”-аа болгох нь үе үеийн Ерөнхий сайд нарын нэрийн хуудас байснаас С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэг тойрч, тусгайлан дуугарсан нь үгүй. Ерөнхийлөгч нарын хувьд ч болгоомжилж, цэрвэх сэдэв нь энэ байв. Ил үзэлцсэн нь Ц.Нямдорж, Б.Хурц болохоос бусдаар шүү дээ. Угаас улсын нууцад хамаарах асуудал учраас хуулийн хязгаар нь тэдэнд тийм боломж олгоогүйг үгүйсгэхгүй. Гэхдээ л одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд өөр юм. Алдах юмгүй юм шиг л үсрээд орсон нэгэн. Хуулийн сайдаа дагуулаад хорих анги руу очсон, хэвлэлийнхний өмнө хүмүүжигч Т.Чимгээтэй уулзсан.

Улмаар “Шүүхийн алдаа завхрал, хууль хяналтынхны ялзралын дээд цэг нь Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын асуудлаар шийдэгдэж, ёроолдоо унаж байна уу даа гэж харж байна. Үүнээс цааших шүүх, прокурор, тагнуул, цагдаагийн байгууллагынхан ийм зүйл битгий хийгээсэй” хэмээн мэдэгдэж байв. Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн нь тогтоогдвол хуулийн дагуу шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас өмнө нь оноосон хэргийг хүчингүйд тооцож, шинээр мөрдөн шалгах хууль, эрхзүйн үндэслэл бүрдэнэ гэдгийг ч онцолж байлаа. 2021 оны гуравдугаар сарын 8-ны өдөр юм. Ерөнхий сайд болсноосоо сар гаруйн дараа. Ерөнхий сайдын хэлсэн ч үнэн болж таарсан. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэргийг прокурорт буцааж, тэднийг сулласан юм.

Ерөнхий сайд гэдэг мөрдөн байцаагч, эсвэл прокурор бүр шүүгч биш. Гэхдээ хэргийн мөрөөр 20 жилийн турш мөшгөсөн тагнуулын ерөнхий газар түүний харьяаных. Цагдаа нь Хуулийн сайдын шууд удирдлагад явдаг. Шаардлагатай тохиолдолд хэрэгт хамаарах хамгийн олон эх сурвалжаас мэдээлэл сонсох эрх нь өнөөдөртөө түүнд бий гэсэн үг. Асуудлыг Засгийн газрын хуралдаанд санал оруулж алх цохих эрх нь ч байна. Эрх биш энэ хэрэгт холбогдох асуудлыг он, сар, өдөр, цагтай нь мэдэх бас хэлэх Ц.Нямдорж МАН-ынх. Эндээс харахад Л.Оюун-Эрдэнэ улсын Ерөнхий сайд гэдгээрээ биш, хувь улстөрч талаасаа бүр ч биш ерөөсөө л эл хэрэгт холбогдох ямар нэгэн том сэжүүрийг атгасан учраас ийм бардам байгаа бололтой.

Өөрөөр хэлбэл, яагаад Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллуулав?. Яагаад 1998 оны аравдугаар сарын 3-ны өдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдааны тэмдэглэлийг нууцаас гаргах ЦЕГ-ын хүсэлтийг хүлээн авав? Энэ бүхний ард нэг л шалтгаан байна. 1998 оны аравдугаар сарын 1-нд “Ардчилсан холбоо” эвслийн Үндэсний зөвлөл нь хуралдаж дараагийн Ерөнхий сайд нь хэн байх тухай хэлэлцэх байсан нь нэг хоногоор хойшилсон гэдэг. Улмаар аравдугаар сарын 2-нд болсон хурлаар санал хураалт явуулахад С.Зориг олонхийн санал авснаар Ерөнхий сайд болох дэмжлэг хүлээсэн ч тэр оройдоо бусдыг гарт амиа алдсан байдаг.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээлэл нь саяхан нууцаас гаргасан 1998 оны аравдугаар сарын 3-ны өдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдааны протоколд тэмдэглэгдэн үлдсэн нь ойлгомжтой. Магадгүй Цагдаагийн ерөнхий газраас ирүүлсэн хүсэлтийг үндэслэж, тухайн протоколыг нууцаас гаргах асуудлыг хэлэлцүүлж, дэмжсэн Ерөнхий сайдын цаад зорилго энэ байж болох. Нэг ёсондоо С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн цаад жинхэнэ эзнийг, захиалагчийг зарлах хүн нь Хуулийн сайд асан Ц.Нямдорж, хошууч генерал Б.Хурц ч биш Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө юм биш үү?! Тийм бол тэр нь цаг хугацааны л асуудал байх нь!

UZEG.INFO

()

Next Post

Discussion about this post