МОНГОЛЫН ЦАГААН САР
Тусгаар тогтнол, төр улсаа 1911 оны 12 сарын 29-ний өдөр сэргээн мандуулсан монголчуудын 1912 оны 2 дугаар сард тэмдэглэсэн Цагаан сар урьд урьдынхаас тэс өөр болжээ. Монгол хүн бүрийн нүдэнд оч гялалзаж, нүүрэнд баярын мишээл тодрон гэрэл гэгээ сацруулсан Усан хулгана жилийн цагаан сар Богд хааны зарлигаар 1912 оны 2 дугаар сарын 19-нд болсон байна.
Харин тэр жил Хятадын цагаан сар нэг өдрийн өмнө болсон байна. Чухамдаа монголчуудын хувьд тусгаар тогтнол, эрх чөлөөгөө олж авсан монголчуудын хувьд цагаан сараас илүүтэй баяр ёслол, тэмдэглэлт өдөр үгүй байсан хэмээн хэлж болно.
Баруун өргөө буюу гал голомт Өргөө нь эртний Монголын төрийн гал голомтоо хүндэлдэг ѐс заншил хүндэтгэлийг залгамжлан авч, Монгол төрийн галыг бадраан, зулыг асааж бидний үед уламжлуулсан ажээ.
Хамгийн их хүндэтгэл бүхий Чингис хааны удам Автай сайн ханы өвөг удам нь болох их эрх мэдэл бүхий Түшээт хааныхан Баруун Өргөөний хурал ном, ѐслол хүндэтгэлийг эрхлэн гэрийн мод бүрээс хэрэгслийг шинэчлэх, засч сэлбэх, зоог шүүсний бүх зардлыг гаргадаг байжээ.
Битүүний үдэш Түшээт ханыхаас Баруун Өргөөнд ширээ засч идээ шүүс тавин будаалга хийхдээ төмөр зуух хэрэглэдэггүй эртний заншлаар гурван чулуу тулсан тулганд гал асаан ѐслол хүндэтгэл үйлдэнэ. Цагаан сарын шинийн нэгний өглөө наран ургах цагт Өргөөний гол дахь гурван чулуу тулсан тулганд Түшээт ханы алтан ургийн нэгэн тайж хатны хамт ирж, хэт цахиж гал асаан “Хаан аавын цахиж асаасан, хатан ээжийн үлээж хөгжөөсөн гал голомт” гэж хэлэхэд хатан нь галаа бадрааж, хуран цугласан хаад ноѐд, төрийн сайд, түшмэд золголт хийж, шинэлэх ѐсны баяр эхэлдэг байжээ хэмээн Позднеев тэмдэглэсэн буй.
Жил бүрийн Цагаан сарын шиний нэгний өглөө Түшээт ханы төлөөний хүн ирж, “хаан эцгийн цахиж асаасан гал, хатан эхийн үлээж хөгжөөсөн голомт” хэмээн хэлж хэт цахиураар гал асаадаг байсан нь Эзэн Чингисийн гал голомтыг тасралтгүй авч явааг илэрхийлсэн утгатай байв.
1911 онд Монголын тусгаар тогтнол, төр улс дахин сэргэж, Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын эзэн хааны эрдэнийн суудалд залсан билээ. Үүнээс хойш Богд хаан, эх дагинын хамт жил бүрийн Цагаан сарын шинийн нэгний өглөө Баруун өргөөнд ирж, гал асаадаг болсон байна. Энэ бол эзэн Чингисийн төрийн залгамж, уламжлалыг хадгалж буйг илэрхийлсэн хэрэг юм.
Улмаар Богдын Засгийн газрын гишүүд, сайд, түшмэд цөм Цэргийн яамны дэд сайд, бэйс Насанравжих, Гадаад яамны дэс түшмэл Сөстэй нарын санал болгож, Дотоод яамны сайд Да лам Цэрэнчимэд Богд хаантанд айлтгаснаар Нийслэл Хүрээний Баруун өргөөний Улаан сахиусны өмнө тангараг өргөсөн байна.
Хожим 1920 оны 1 дүгээр сард Хүрээний нууц бүлгэмийн гишүүд болох С.Данзан, М.Дугаржав, Д.Догсом, Ө.Дэндэв, Д.Сүхбаатар нар мөн л Нийслэл Хүрээний Баруун Өргөөний улаан сахиусны өмнө тангараг өргөж байжээ.
1912 онд Монголчууд Цагаан сарын баяраа хэрхэн тэмдэглэсэн тухай Норвегийн аялагч Оскар Мамен бээр сонирхолтой зүйлс тэмдэглэснийг эрхэм уншигч танаа хүргэж байна.
ЦАГААН САР
Монгол тооллоор жилийн эхний сарыг Цагаан сар гэх бөгөөд цаг хугацааны “Цагаан сар” буюу илүү оновчтойгоор тэнгэр эрхсийн “Цагаан саран” гэсэн утгатай юм. Басхүү уг нэршлээр зөвхөн шинэ сарын эхний өдөр буюу шинэ жилийн өдрийг нэрийднэ. Тусгайлан жилийн эхний сар буюу саранг хүндэтгэлтэйгээр ийнхүү нэрлэх ба бусад сарыг хоёр, гурав, дөрөв гэх мэтээр дуудна. Манай шинэ жилтэй адилавтар энэхүү “Цагаан сар” нь хамгийн хүйтэн улирлын дунд үеэр тохиох бөгөөд хэдий Цагаан сарын үеэр Монгол газар нутаг цасан хучлагаа гээж орхиод жавар ноёнтон цан хүүрэгт бууралтсан хамар хацрыг таалж, үстэй малгайн чих цан хяруунд цайран бүрхэгдэхүй дор нар салхинд зүдэрсэн царай нь орог саарал харагдавч нэр нь үлэмж зохицсон гэлтэй.
Цагаан сар голдуу Хятадын шинэ жилийн дараа болох ба чингэхдээ нэг өдрийн хойно тохионо. Гурван жил тутам нэг сарын дараа болно. Тиймээс 1912 онд Хятадын шинэ жил 2 дугаар сарын 18-нд, Цагаан сар 2 дугаар сарын 19-нд, 1913 онд Хятадын шинэ жил 2 дугаар сарын 6-нд, Цагаан сар дараагийн өдөр нь тохиож, харин 1914 онд Цагаан сар 2 дугаар сарын 25-ны өдөр тохиосон нь Хятадын шинэ жилээс бүтэн нэг сарын дараа болсон хэрэг байв.
Шашны үүднээс илүү чухал тэмдэглэлт өдрүүд байдаг хэдий ч Цагаан сараас илүүтэй баяр ёслол, тэмдэглэлт өдөр үгүй нь илэрхий байдаг…
Харин Цагаан сар тэдний бэлгэшээлт төрсөн өдөр буюу хүн бүрийн аз жаргалтай өдөр нь билээ. Цагаан сар нь монголын бусад тэмдэглэлт өдөр, баяр ёслолоос хавь илүү бэлтгэл ажил, мөнгө цаас болон амьдралын элдэв зүйлсийн бэлэг сэлт шаардсан баяр болдог юм.
Зул сар болон шинэ жилийн баяртаа бэлтгэх дийлэнх барууныхны адилаар монголчуудын цагаан сарын бэлтгэл ажлыг хоол ундаа зэхэх, гэр орноо цэвэрлэж цэгцлэх, бэлэг сэлт солилцох гэсэн гурван үндсэн хэсэгт хувааж болох юм.
Шуудангаар харилцан мэндчилгээ зурвас илгээдэг барууны заншлыг монголчууд үл мэдэх ба тийн үйлдэж буй гадаадынхныг анзаарсан нэгэнд их л сонин санагдах ажээ. Гадаадад багагүй амьдарсан нэгэн монгол оюутантай ярьж суутал ярианы сэдэв баярын мэндчилгээ болон өөрчлөгдөхөд тэрээр “Миний бодлоор илгээж байгаа хүндээ ил захидал, шуудангийн зардлаас цаашгүй, хүлээн авч байгаа хүн нь олныг авч байж баярлах ёстой юм шиг нэгэн зүйлийн нийгмийн өмнө хүлээсэн үүрэг аятай, утгагүй хачин заншил” гэж хэлсэн юм. Тэр оюутны зөв мэтээр бодогдох үе олонтоо тохиож байлаа.
Цагаан сарын бэлгэнд хэм хэмжээ гэж огт үгүй. Үнэ цэнэтэй хуйлаа торго, гадаадын үнэтэй ангийн буу, нагаан буу, хурдан гар буу, янз бүрийн үслэг эдлэл, хурдны морь, хятад болон гадаадын төрөл бүрийн тавилга, гэр ахуйн бараа, цаг гэх мэт олон зүйл Цагаан сарын өмнөхөн шинэ эзэндээ хүрнэ. Нэг удаа манай гэрийн эзний ноёд түшмэдэд илгээж байсан бэлгийн дунд унадаг дугуй байсан бөгөөд тэр дугуйг нь морьтой хоёр хүн дундаа урт саваа модноос бэхлээд авч явж байлаа.
Миний хувьд харилцаа холбоотой байдаг монгол найз нөхөд, ноёд түшмэд бүгдээс нь Цагаан сарын бэлэг хүлээн авах тул хариуд нь нэлээд бэлэг өгөх хэрэгтэй болдог байв. Монголчууд надтай өөриймсүү хандахыг бүхий л талаар хичээж байгаа нь илэрхий байсан бөгөөд Монголын энэ байдал надад юу юунаас илүүтэй таалагддаг байсан юм….
Орой нь тахилын цөгцнүүдийг шинэ идээ ундаагаар сэлбэн дүүргээд зулын голыг шинээр ороон цөгцийг нь шинэхэн тосоор дүүргэнэ. Айл өрх тахилын ширээгээ аль чадах чинээгээрээ өнгөлөн сэргээж, ерөнхийдээ гэрийнхээ сахиус буюу “бурхан” залсан гууг томхон шиг “хадгаар” бүтээсэн байна. Бараг л айл бүр бурхан тахилынхаа өмнө томхон тавагтай чанасан мах тавьсан нь хаалганы баруун тал руу бага зэрэг хажуудсан янзтай байх бөгөөд мөн л том хадаг нөмөргөсөн байх ажээ. Ихэнх тохиолдолд авдар саваа ухаж, зарим нэг эртний ховор нандин “бурхны” хуйлмал танка гарган гэрийн хойморт хүндтэй газраас өлгөсөн харагдана. Гууль, ган буюу мөнгөн чимэглэл бүхий гоёмсог зэс цайны домбо, бас бус зэс сав суулга байдгаараа гэрэлтэн гялалзана. Авдар сав, жижиг ширээ бүгд цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй байх бөгөөд харсан хэн бүхэнд жилийн сүүлийн үдшийн хиргүй тунгалгийг аргагүй санагдуулна.
Ингээд Цагаан сарын бүх зүйл бэлэн болно…
Хуучин оноос шинэ он руу шилжих шөнө лам нарын хувьд баярлаж суух бус үүрэг хүлээх цаг юм. Битүүний өдөр лам нар зүг бүрээс ирцгээж, шөнийн турш хурал ном хурахаар тус тусын хийд дээр орой нь цугларна. Олны бүдүүн баргил хоолой сэтгэлд нийцтэйхэн нэгэн жигд өнгөөр хүнгэнэн залбирал үйлдэхүйд үе үе хэнгэрэг, дамар дүнгэнэж, заримдаа цан цангинан завсарт нь хөгжмийн зэмсгүүд уухилсаар бүгдийн анхаарлыг аргагүй татна. Олон янзын хэнгэрэг цан, хүний дунд чөмгөний ясан ганлин бүрээний гаслах дуун, басхүү арван хоёр тохой гаран урттай их бүрээ тэргүүтэй лам нарын хурал номын хэрэгт хөг нэмэх бүхий л зэмсгүүд хангиналдаж, шөнийн цагаар алс хол сонстоно. Хааяахан хийдээс гарах дуу чимээ хэсэг зуур намжих бөгөөд лам нар энэ үеэр түр амсхийн манз цав барина. Голдуу манз төдийхнийг зооглодог бололтой байдаг юм. Гэвч нам гүм завсарлага нь цөөн хийгээд хоорондох зай нь холхон лам нар үүр цайтал зогсолтгүй хурна.
Оскар бээр цааш нь Сайн ноён ханд “Америк зуух” өгсөн тухай, монголчууд банш хэрхэн хийдэг, битүүний өдөр долоогоос багагүй удаа зоог барьдаг монгол заншилын тухай зэрэг олон сонирхолтой зүйлсийг өгүүлсэний зэрэгцээ гэрийн эзэн Лувсанжанцан бэйсийн хамаатан болох Манзушир хутагтын ах Лувсандоржийнд мориор Богд уулыг даван очиж, шинэлсэн тухайгаа дэлгэрэнгүй бичсэн бий.
Оскар Мамен цааш өгүүлэхдээ:
Цагаан сараар Өргөөд байх миний хувь олон ч удаа тохиожээ. Монголчууд эр эмгүй өвөл цагийн бүхий л гоёлын хувцас зүүсгэлээ өмсөхөөрөө гайхалтай сайхан харагдана. Тэдний дунд урт удаан амьдрахын хэрээр ганган дэгжин хувцасласан байхыг нь харж дассан хэдий ч ямарваа нэгэн байдлаар энэхэн биеэ гайхамшигтай болоод мөрөөдлийн үлгэрийн нэгээхэн хэсэг болсон мэт бодол сэтгэл минь хэзээд үл замхарна. Цагаан сарын бэлтгэл ажлыг удаа дараа нүдээр үзэж, гар бие оролцон басхүү өөрийн хүмүүстээ хийх ажлыг нь зааж хэлдэг болов. Би энэ бүхний гүнд нэвтэрч, дотоод мөн чанарыг нь бүхий л талаар ойлгон хуваалцах болсон бөгөөд монголчууд, цөмөөрөө, тиймээ Богд хаанаасаа эхлээд харц ядуу хүн нь хүртэл сэтгэлийг минь ойлгож, чин сэтгэлээсээ талархаж байсан гэдэгт би одоо хэр итгэлтэй байдаг юм.
Оскар Мамен бээр монголчууд бэлгийнхээ “үргэлж хамгийн үнэ цэнэтэйг Богд хаандаа өргөн барихыг мэдүүлэх нь олзуурхууштай сайхан зан чанар” хэмээн үнэлснийг өнөөгийн монголчууд бид эргэн тунгаахад илүүдэхгүй биз ээ.
Түүнчлэн “Богд хаан өгснөөс минь илүүтэй их бэлгийг надад өгсөн байсныг хожим би ухаж мэдсэн юм” гээд “Эл учир нэгэн удаа Цагаан сараас арваад хоногийн өмнө хааны сэтгэлийг хөдөлгөж, сонирхлыг төрүүлэх санаатай элдэв бэлэг сэлтийг орос дөрвөн дугуйт морь тэргийг дүүртэл ачлаа”, “Хэдэн цагийн дараа гэрийн эзэн болон бусад нь буцаж ирвэл сүйх тэрэг нь хоосон авч бүгдээс баярын инээмсэглэл тодорно. Лувсанжанцан баярласандаа хөл газар хүрэхгүй болоод надад хандан мэлмий нь булингартах болсон Богд хаан бээр бэлэг сэлтийн нарийн ширийнийг таалан болгоож, шадар хүмүүс нь нэг бүрчлэн тайлбарлан өгөхөд сэтгэл хөгжин улам нь сэргэж байсаныг хэлсэн юм” хэмээн бахдан тэмдэглэсэн нь содон харагдана.
БОГД ХААНЫ БЭЛЭГ
Цагаан сарын өдрүүдийн нэгэнд Богд хаанаас элч заран Оскар Маменд бэлэг хүргүүлсэн байна. Гадаад, дотоодын хэн бүхний сонирхлыг ихэд татсан Богд хааны бэлгийн талаар тэмдэглэснийг сонирхоцгооё.
Богд хааны түшмэл “хадгаа” гар дээр минь тавиад Богд хааны хишиг, ерөөлийг тосон авахыг хүсэмжлэв… Түшмэл намайг гэртээ байхад таарсандаа баяртай байгаагаа илэрхийлж, бэлгийг шууд надад хүргэж өгөх хатуу зарлиг авсан учир өглөө эртийн цагаар ирсэн болохоо хэлсэн юм. Удалгүй зочдыг цай, боовоор дайлав. Мөн би хатуухан юм санал болгосон ч тушаал гүйцэтгэж яваа Богдын албат уух учиргүй хэмээн мэдэгдээд цөмөөрөө уухаас татгалзав. Харин бүгд тамхи татацгааж, мордоход нь би нэжгээд тамхи ахиухан өгч билээ.
Энэ удаад хүлээн авсан бэлэг маань миний сэтгэлийг хөдөлгөж, сонирхлыг төрүүлсэн юм. Бэлгийг үзвэл дээд зэрэглэлийн үнэгний найман арьс, ялангуяа дөрөв нь гайхалтай хар үнэгний арьс, хэн хүний сэтгэлийг булаах хосгүй сайхан сорлог үстэй асар том шилүүсний хоёр арьс болон өнгө төгөлдөр хар булганы хоёр арьс байсан юм. Богд хааны элч нарыг дөнгөж явахтай зэрэгцэн манай хашааны бүх хүн, түүний дотор гэрийн эзний гэр бүлийнхэн, түүгээр ч зогсохгүй ойр дотны олон монгол хөрш маань цөмөөрөө Богд эзнээс нь хүртээсэн бэлгийг харахаар яаран орж ирцгээсэн юм. Бүгд л бэлгийг маань гайхан бишрэхийн сацуу хүндэтгэлтэй басхүү болгоомжтой хандаж байв.
Тэд эдгээр арьсны зах зээлийн үнэ ханшны талаар нэлээд үг булаалдсан авч хэн нь ч бодит үнийг нь тааж чадаагүй юм. Хожим би булганы арьсаа одоо хэр нь хүзүүний ороолт хийн зүүж байгаа нэгэн хатагтайд бэлэглэсэн бөгөөд тэрээр энэ арьс элэгдэх нь үгүй хэмээн хэлж билээ. Үлдсэн арьсыг бүхэлд нь монголчуудын хэлсэн хамгийн өндөр үнэлгээнээс хавьгүй дээгүүр үнээр зарсан юм. Би дотроо Богд хаан надад ийм бэлэг илгээснээс хойш намайг эх оронд нь үлдэхэд татгалзах зүйлгүй байх хэмээн бодож билээ.
Өргөөд Цагаан сарын өглөө хамаг сайхнаараа гоёж гангалсан монголчуудыг харахын тулд баруун хотын алтан ганжууртай хийдийн ойр тойронд очих хэрэгтэй болно. Хийдийн орчимд тоймгүй олон лам нар бултаараа цоо шинэ эвсэл шинэ шахуу сайхан дээл, малгай, гуталтай алхалж явна. Тод янзтай улаан, шар өнгө нэлэнхийдээ тунаран мэлмэрч, завсрын өнгө үзэгдэх нь үгүй. Хаа сайгүй нэлийх тод улаан, шар өнгийн дүр зургийг мартах аргагүй билээ. Ингээд өглөөтэй золгоход энгийн олны хөл нэмэгдэж, лам нартай харьцуулахад илүү чамин хээнцэр бүр үл ялиг хэтрүүдүү ч гэмээр хувцаслах бөгөөд наад зах нь эрэгтэй, эмэгтэй хэн хэнийх нь дээл хувцас өнгөний хувьд олон янзаар алаглах ажээ.
Лам нарын доод хот дахь алтай оройтой хийдээс урагш голын хөндий дэх Богд хааны ордон хүртэлх замыг тэмдэглэн хаан ширээнд залах ёслолын нэгэн адил Амьд бурханыг морилох үеэр цэргүүд үргэлж хоёр эгнээ болон жагсана. Өглөө арван цагийн үед Богд хаан, хатан хоёр хаан ширээнд залах ёслолын адилаар сүйх тэрэг болон дагалдах хүмүүсийн хамтаар эдгээр жагссан цэргүүдийн дундуур морилон өнгөрөх ажээ. Тэр бүртээ мөнөөх хоёр шар сүйх тэргээр залрах бөгөөд тэргийг хэдэн морьтой лам нар залж, цэргүүд цувааг өнгөртөл өвдөг сөгдөн сууна. Богд хаан дуганд хүрээд хэдэн цаг болох зуур хол ойрын ноёд түшмэд түүнд орж бараалхана. Гадаа нь янз бүрийн ангийн олон тооны монголчууд хүйтэнд тэвчээртэй хүлээж, эцэст нь Богд хаан ирсэн ёс жаягийн дагуу ордны зүг морилох үед хийд болон замын ойролцоох зон олон өвдөг сөгдөцгөөнө.
Өдөр нь хээнцэр ганган хувцасласан хүмүүс айлаас айлд орж, сүйх тэрэг, мориор зүг бүртээ явцгааж харагдана. Орой хэрд элдэв зүйлийн ундаагаар дайлуулж, багавтархан халамцсан эсвэл улаан зээрд болсон харчуул цөөнгүй болох бөгөөд үе үе морьтой ер бусын урлагийн үзүүлбэр нүднээ тусна.
Оскар Мамен Монголд
2022 оны эхээр МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгээс эрхлэн Норвегийн аялагч, цуглуулагч Оскар Мамены (1885-1955) бичсэн “Зүүнш зорчсон нь” (Going East) хэмээх аялалын тэмдэглэлд үндэслэсэн шинжлэх ухаан танин мэдэхүйн гар бичмэл зохиолыг Норвегийн Осло их сургуулийн Соёлын түүхийн музейн ажилтан, докторант Мария Картвейтын бэлтгэснээр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод монгол хэлээр хэвлүүлсэн байна. Энэхүү зохиолыг МУИС-ийн Их Британи, Америк судлалын тэнхимийн багш, доктор Ж.Эрдэнэбат англи хэлнээс монгол хэлнээ хөрвүүлэн, мөн сургуулийн Монгол судлалын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга др. Ж.Лхагвадэмчиг, Ази судлалын тэнхимийн багш доктор Д.Ундрах нар хянан тохиолдуулж, эрхлэн хэвлүүлжээ. Харин Оскар Мамены Монгол Улсад авсан гэрэл зургуудыг мөнхүү Мария Картвейтын эмхэтгэснээр Олон улсын Монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, түүхийн шинжлэх ухааны доктор С.Чулуун эрхлэн “Монгол орон ба монголчууд” цувралынхаа 10 дугаар ботьд оруулан хэвлэжээ. Норвегийн аялагч, бизнесмен Оскар Мамен өөрийн үеэл Альфред Рустадын хамтаар 1911 оноос эхлэн Монголд байхдаа авсан Монголын түүхэнд холбогдох ховор нандин зургууд нь Норвеги дахь Оскар Мамены ач зээ нарынх нь байшингийн дээврийн хөндийд зуу орчим жил хадгалагдаж байсан нь таашгүй оньсого бөгөөд монголчуудын хувьд түүхийн ховор олз, ХХ зууны Монголын түүхийн шинэ эх сурвалжид зүй ёсоор орно гэдгийг юуны өмнө тэмдэглэж байна. Оскар Мамены тэмдэглэл нь уншихад гойд сонирхолтойгоос гадна түүхэн гэрэл зургуудаар баталгаажуулсанаараа нэгэн онцлогтой байна.
1911-1945 он хүртэл Монголд удаа дараа ирж, он удаан суурьшин амьдарч байсан Норвегийн аялагчийн Монгол орон, монголчуудын талаар нүдэнд харагдахуйцаар дүрслэн зурсан энэхүү гайхалтай тэмдэглэл нь урьд өмнө нийтлэгдээгүй байсаар анх удаа англи хэлнээс монгол хэлээр хөрвүүлэн гарч буй нь үнэхээр гойд сонирхол татам байсаныг юуны өмнө тэмдэглэх учиртай.
Энэ зохиол бол Монголчуудын хувьд үнэхээр том олз хэмээн хэлж болно. ХХ зууны эхээр Монголыг зорьж ирсэн Өрнөдийнхөн олон байдаг, тэдний бичиж үлдээсэн олон тэмдэглэл бас англи, монгол болон бусад хэлээр хэвлэгдсэн нь бий. Харин энэ удаа хэвлэгдсэн Оскар Мамен хэмээх эрхэмийн бичсэн Монголын тухай зохиол хийгээд түүний гэрэл зургууд нь барууныханы нүдээр урьд өмнө харж байсан өнцөгөөс тэс өөр монгол орон, монголчуудын үнэн магад байдал, дотоод сэтгэлийн мөн чанарыг олж харан гайхамшигтайгаар дүрслэн зурсанаараа онцлогтой байна.
Харин 1911 оны намар, өвлийн энэ цаг үед Монголд улс төрийн томоохон үйл явдал ид өрнөж, Монгол хоёр зуу гаруй жилийн дараа Манж Чингийн эрхшээлээс гарч, тусгаар тогтнол, төр улсаа сэргээн байгуулж, Бурханы шашны Богд Жавзандамба хутагтаа Монгол Улсын эзэн хаанаар өргөмжлөх төрийн ёслол болж, тэрхүү гайхамшигт үйл явдлыг нүдээр үзэж, монголчуудын хувьд баярын нулимс дуслуулан угтсан түүхэн эргэлтийн гэрч нь болох хувь зохиол Оскар Маменд ногдсон байна.
1911.12.29
Тусгаар тогтол, төр улсаа сэргээн мандуулсан 1911 оны 12 сарын 29-ний өдөр Хүрээнд ямар үйл явдал болсон талаар цаг минутаар бичсэнийг үзвэл монгол хүний сэтгэлийг өөрийн эрхгүй гойд татна.
Ингээд Богд хааныг хаан ширээнд залах түүхэн 12 дугаар сарын 29-ний өдөр тохиов. Өмнөх өдрүүдийг бодвол цаг агаар дулаахан, таатай сайхан өгөөд миний хувьд мартагдашгүй нэгэн өдөр болж билээ. Бид өглөө эртлэн босож, өдрийн өл даахуйц цай унд уусан авч юмыг яаж мэдэх вэ халаасандаа хэдэн шоколад хийлээ. Бид ноён Ларсон, Алмблад нарынд очоод тэндээсээ дөрвүүл мориндоо мордож, баруун хотын алтан оройт хийдийн урд талын том задгай талбайд өглөөний арван цагийн үед хүрэв. Жаран дэлэм орчим газрын зайтай, хоёр жигүүрээр жагссан монгол цэргүүд алтан оройт хийдээс ордон хүртэлх хоёр бээр орчим газрыг хүрээлэн хамгаалж, зүүнээс баруун тийш чиглэсэн бүх хөдөлгөөнийг зогсоожээ. Хоорондоо нэг дэлэм орчим зайтай, мөр зэрэгцэн жагссан цэргүүд цөмөөрөө мориноосоо бууж, цулбуураас нь хөтөлсөн байх бөгөөд хоёр жигүүрийн энд тэнд төвөд болон монгол бичээстэй цэргийн туг өргөжээ. Гэвч цэргийн урт жагсаалаас илүүтэй сэтгэлд минь буусан дүр зураг бол цугларсан олон түмэн байсан юм. Монголчууд эр эмгүй хуран цугларч, хамгийн сайхнаараа хувцасласан байв. Монгол ноёд, эхнэрүүд дэгжин хээнцэр хүндэтгэл ёслолын хувцсаа өмссөн байхыг миний бие анх удаа энд харсан бөгөөд хэзээ ч үл мартагдах, хараад ханшгүй гайхалтай дүр зураг байсан билээ. Орой дээрээ албан зэргийн жинс, ар руугаа унжсан тас хар тогосын өдөн отготой, шовгор булган малгай, өнгө хийцээрээ хуучин цагийн манж түшмэлийн дээлээс хол илүү уран шаглаас оёдолт дээл, хээ угалз урласан ёслолын гутал энэ бүхэн цогцоороо мөнгөн эмээлтэй, өнгө зүс шилмэл, омголон морьд унасан үлгэрийн баатрыг амилуулах ажээ. Би эхэндээ энэ бүх гоёлын өмсгөл, зүүсгэл болсон найз нөхөд, танилуудаа гэнэтхэн тааралдах мөчид танихгүй будилж байлаа. Өнгө бол энэ хүмүүсийг илэрхийлэх хамгийн гол чанар бөгөөд хэчнээн сайн авсан зураг түүнийг илэрхийлж чадахгүй нь харамсалтай. Лам нар ч мөн энэхүү ёслолын арга хэмжээнд зориулан хувцасласан байсан бөгөөд тод улаан, шар өнгө нь тэдний хаа сайгүй байгааг харуулж байлаа. Тэр бүү хэл элдвийг сонирхох балчирхан хүүхдүүд хүртэл гоёлын хувцсаа өмссөн байв. Энэ бүхнийг харахад жирийн морин аялагчийн хувцастай гаднын дөрвөн иргэн бид л олны газар нийцэхгүй, үзэсгэлэнт дүр байдлыг гутааж байгаа мэт сэтгэгдэл төрөхийн зэрэгцээ зүүн жигүүрт жагссан цэргүүдийн талд биднээс өөр гадаад хүн байсангүй. Харин нөгөө талд дөрөв, таван орос хүн явж харагдсан бөгөөд Өргөөгийн оросууд энэ мэт үйл явдлыг төдийлөн сонирхохгүй байгаа нь их л хачирхалтай байв. Цөөн боловч ирсэн оросууд нь хэсэг зуур байснаа тэгсхийгээд алга болоход дараагийн хэдн ь гарч ирж энэ тэрүүгээр түр ч болов явна. Бидний адилаар оросууд ч бас энэ олны дунд нийцгүй мэт харагдавч, энэ мэт гайхамшигтай цугларсан олны зүг энгийн дүр байдалтай ирчихээд европчуудын сониуч зангаар өөрсдийгөө зөвтгөх нь зохижмгүйн дээр бид хамгийн сайхнаараа гоёсон ч энэхүү ард түмний хажууд хямдхан, молхи толхи харагдах буюу.
Богд хааны ордноос үе үе буун дуу ганц удаа сонсогдож, тэр болгонд нүүгэлтсэн өтгөн хар утаа ордны хаалганы гадна талын нэгэн цэгээс эгц дээшээ цэнгэг агаарт манарах бөгөөд ёслолын буудлагын буу болон их хэмжээгээр хэрэглэж буй дарийн байршлыг заана. Арван цаг хагасын үед буун дуу гурвантаа гарсан нь Богд хаан морилж айсуйн дохио бололтой цэргүүд үл ялиг хөдөлцгөөж, жигд зайгаа барихад хэсэг албаны хүн жагссан цэргүүдийн урдуур нааш цааш яаран давхиж, чангаар тушаал өгч байв.
Удалгүй ордноос баярын жагсаал гарч, жагссан цэргүүдийн зүг ирж яваа харагдав. Бид алтан хийдийн урд талын томхон талбайн хавьд зогсож байсан учраас ордноос хийдийн хаалга хүртэлх зам нэлээд сайн харагдаж байлаа. Жагсаал нэг их удалгүй бидний өмнө тушаа хүрч ирвэл эхэнд нь хосгүй сайхан морьд унасан, гайхамшигтай, үзэмж төгс хувцасласан олон ноёд, өндөр дээд албан тушаалтнууд түүчээлэн явах ажээ. Ноёд, түшмэдийн араас тавь, жаран дэлэм орчим газарт төвөд бичээс бүхий том шар туг барьсан цэргийн бие бүрэлдэхүүн орж ирэв. Түүний араас мөн адил хоорондын зай авч нэлээд сүр жавхлант хоёр түшмэл хэд хэдэн шар, цагаан туг барьсан томхон морьт цэргийн бие бүрэлдэхүүн дагуулсаар гарч ирэв. Цэргүүд цэнхэр дээлээр жигдэрч, орос жадат буу үүрч, ташаан тушаа сэлэм зүүжээ. Эдгээр цэргээс нилээд хойно морь унасан, тод шар ангийн дээлтэй олон тооны лам, мөн архан талд нь хэсэг хүрэн дээлтэй лам нар орж ирэв. Лам нарын арын чөлөөнд хоёр том цагаан зүсмийн тайга нохой дагуулсан нэгэн түшмэл явах ажээ. Нохойны хойхон морьтой таван хүн шоо дөрвөлжин хэлбэрээр жагссан байх бөгөөд төв дунд нь яваа хүн нь асар том шар туг барьж, тугийн оройгоос дөрвөн этгээдэд намирах шар дурдан дээснээс бусад нь барьсан харагдана. Энэхүү тугийн архан талд хоёр дугуйтай, хятад маягийн дээвэр, хэв загвар бүхий гоёмсог жууз сүйхэнд Богд хаан морилох бөгөөд жуузыг тал бүрээс нь тод шараар өнгөлжээ. Жууз тэргийг хэдэн морьтой лам нар залж явах бөгөөд мөн тэрэгний арлаас шар дээсээр бэхэлсэн хөндлөн дамнуурыг хоёр талд нь тус бүр дөрвөн лам эмээл дээрээ дүүрсэн байв. Богд хааны жууз тэрэгний чанх ард басхүү адилхан сүйх тэрэг явах бөгөөд мөн л лам нар залж яваа харагдана. Энэхүү сүйх тэргэнд эдүгээ хатан болоод зогсохгүй их дагинаар өргөмжлөгдсөн хааны гэргий морилох ажээ. Энэ хоёр сүйх ойртон ирэхэд зам хамгаалж зогссон цэргүүд сөгдөн сууцгааж, тэрэг цааш зуу орчим дэлэм газар холдоход босоцгооно. Хаан эзний хоёр тэрэгний архан талд шар, хүрэн өнгийн хувцастай хэсэг бөөн лам, дагаад өөр өөр туг намируулсан цэргийн ангиуд ар араасаа орж ирэв. Эцэст нь цэргийн цувааны сүүлч явж өнгөрөн, алтан хийдийн эргэн тойронд жагссанаар баярын жагсаал өндөрлөв. Бидэнд сүм рүү ойртох ямарваа боломж үгүй байсан тул дулаацах зуураа хавь ойрын хүмүүсийг ажин явлаа. Хийд дотор хаан ширээнд залах ёслолын арга хэмжээ болж, монголын бүхий л ноёд Богд хаан болон эх орондоо үнэнчээр зүтгэхээ тангараглаж буй хэмээн бидэнд хэлсэн юм.
Хэд хэдэн удаа гурвантаа буудсаныг эс тооцвол нэлээд удаан хугацаанд хийдийн гадна дорвитой юм болсонгүй.
Хоёр цаг орчим хүлээсний дараа өмнө зүгээс жагссан цэргийн дундуур тоос манарсаар хурдтай ойртон айсуй байв. Энэ бол Богд хаанд нутаг нутгаас өргөн барьж буй 300 цагаан зүсмийн морь, 100 цагаан тэмээнээс бүрдсэн баярын бэлэг байлаа. Эдгээр малаа хийдийн зүг туусаар бидний хажуугаар өнгөрч, цэргүүдийн цаагуур ороод бараа нь тасрав. Энэ бүхэн үнэхээр сайхан харагдаж байсан юм. Сүргийн түрүүнд адуу хатирч, араас нь тэмээ зөөлөн тэших ажээ. Адуугаа шар торгон ногтоор ногтолж, хүзүүг нь үнэгний арьсаар ороожээ. Тэмээ бүрийн хүзүүнээс хоёр булганы арьс зүүж, хамрыг нь цэвэр мөнгөн буйлаар буйлаж, шар торгоор бурантаглажээ. Энэ бүхэн чухамхүү хаан хүнд нийцэх бэлэг байсан бөгөөд харин монгол нутагт цагаан тэмээ ховорхон учир энэ бүх цагаан тэмээг цуглуулах амаргүй ажил байсан нь лавтай. Ингээд бид дахиад л удаан хүлээж, дулаацахаар нэг бол мориндоо мордож, нэг бол алхсаар байв. Дотор газраас өр нэхэх бүрийд шоколадаа идсэн боловч өдрийн уртад аргагүй ихээр өлсөж байв.
Энэ үед алтан хийдэд өрнөж байгаа үйл хэрэг намжиж байх шиг байв. Цугларсан олон Богд хаанд бэлэг сэлтээ өргөж байна гэснээс бусдаар юу болж байгааг бид мэдсэнгүй. Орой болоход хийдийн гадаа гурвантаа буун дуу гарсан нь цэргүүдэд бэлэн байх дохио өгч байгаа бололтой байв. Хагас цагийн дараа ямар шалтгаанаар юм бүү мэд буун дуу дахин гурвантаа гарч, хэсэг чимээгүй байснаа хоёр дахь удаагаа дахин гурвантаа буудав. Нар баруунтаах уулын цаагуур хэвийж, харуй бүрий болох цагт ёслолын жагсаал ирсэн дарааллаараа хийдээс хөдөлсөн бөгөөд энэ удаад нэлээд хурдавтар ордны зүг жолоо залав. Бид жагсаалын түрүүчийг л тодхон харж, бусад нь хатирах морьдын туурайн өтгөн тоосонд дарагдаад харагдахгүй болж, харуулын цэргүүд хүндэтгэлтэйгээр өтгөн тоосон дунд сөхрөн суух зуурт урдуур өнгөрөх хоёр шар тэрэгний барааг арайхан олж харав. Жагсаалын сүүлч өнгөрөхөд харуулын цэргүүд мориндоо ухасхийн мордож, ширүүхэн давхиж одоцгоов. Тэдний хувьд хөл дээрээ өдөржин зогссон хүндхэн өдөр байлаа. Бид ч мордож, үдшийн бүрийд гэрийн зүг жолоо залахад унасан морьд маань урагш зүтгэж давхиж, Наймаачин хүрэх таван бээр орчмын чулуурхаг замын турш тэмүүлэв. Морьд маань унасан эздийнхээ нэгэн адил даарч, өлссөн бололтой, өдрийн гэрэлтэйд их л хянуур болгоомжтой явдаг чулуу ихтэй замдаа эзэн морь хоёул сэтгэлээ чилээх сөхөөгүй явлаа. Ус, кофе, овьёос, үхрийн жигнэсэн мах бүгд сэтгэлийг эрхгүй догдлуулах буюу.
Ийнхүү 1911 он, мөн Монголын хувьсгалын эхний үе шат өндөрлөв. Монгол улс ямар ч байсан Хятадын засаг захиргааг халж, эзэн хаанаа хэлэлцэж тогтож, Хятадыг энэ хэр тоглоомоос гаргав. Энэ хүртэл миний бичсэн бүхэн бидний Өргөөд нүдээрээ харж, чихээрээ сонссон зүйл мөн билээ хэмээн Норвегийн аялагч Оскар Мамен бичсэн нь үнэхээр сонирхол татах ажээ.
Монгол Улсын төрийн шагналт, түүхийн шинжлэх ухааны доктор Оохнойн Батсайхан
ЭХ СУРВАЛЖ: IKHMONGOL.MN ()
Discussion about this post