АУЗ БАЛЖИРЫН ДОГМИД
(Дурсамж)
Намайг Санхүүгийн техникумын хоёрдугаар курст сурч байхад Дондогдоржийн Дашдондог гэж нэг намхан бор хар хүн манай сургуульд багшаар томилогдон ирж, бидэнд “улс ардын аж ахуйн салаа мөчрийн санхүүжилт” гэдэг хичээл зааж эхэлсэн. Хүмүүсийн ярилцахыг сонсвол тэрбээр цагтаа цалгиж явсан эрдэм, боловсрол төгс төгөлдөр, гадаад дотоодод их бага олон сургууль дүүргэсэн авьяастай , алдартай нэгэн гэх. Тэр цагт хүн бүхний ширээний ном болоод байсан “орос хэлний гурван дэвтэр” хатуу хавтастай цэнхэр номыг тэр Виноградов нарын орос, монгол хоёр хүнтэй хамтран зохиосон орос хэл бичигт ус, цас болсон эр гэдэг байлаа.
Хожмоо сонсохноо Зөвлөлтөд АН-2 онгоцны техникчийн сургууль төгссөн, хаана ч юм бэ эдийн засгийн сургуулийг улаан дипломтой дүүргэж, Сангийн яамны валютын хэлтэс, Эдийн засгийн дээд сургуульд багшилж байгаад бага саг балгаж алба алдсаны учир нутаг заагдан манай сургуульд цагийн багшаар ирсэн юм гэнэ. Зөвлөлтөөс онц сурлагтаны улаан диплом, орос авгай хоёртой эх орондоо буцаж ирсэн тэрбээр юм юмны захтай хэр баргийн хүнд гар баригдахааргүй эрдэм авьяас нэгэн биед заяасан, тухайн цагтаа Монголд хэрэгтэй том сэхээтэн байсан нь үнэн юм. Хангалын хөгжим “Аяны шувууд”-ын үгийг бичсэн яруу найрагч Дондогдоржийн Дашдондог гэдэг намхан чийрэг биетэй, давхраа алаг нүдтэй нэгэн эрхэмтэй хөдөөнөөс ирсэн бидний хэдэн банди нар ийнхүү танилцсансан.
Тэр үед шинэ тутам зохиогдсон “Аяны шувууд” гэдэг дууг хүн бүхэн амандаа хүлхэж явсан цаг.
Аялан дуулах чиний минь хоолойтой
Адилхан өнгөөр уянгалан ганганаад
Алаг нүдний сормуус шиг дэвээд
Аглаг тал дээгүүр шувууд буцлаа
“Алаг нүдний сормуус шиг дэвээд аглаг тал дээгүүр шувууд буцлаа” гэж мөн ч сайхан хэлж байна шүү. Яаж ингэж бичиж чадна вэ. Агуу их Явуухулан ч ийм гоё шүлэг төдий л олныг бичсэн бил үү. Манай Дашдондог цадиггүй их авьяастай хүн юм гэж тэр үедээ шүлэг зохиолын амтанд орж ганц нэг мөр, бадаг тэрлэн яруу найргаар өвчилж явсан миний найз нөхөр Дуламын Нозойдорж бид хоёр, толгой сэгсрэн шагширч, яаж ийм шүлэг бичдэг билээ, гэж хий дэмий л санаашрах. Нозойдорж маань Маяковский, Гайтав гуай нарыг дуурайж шаталсан мөр, бадгаар улс төр, иргэний уянга хайлах санаатай.
Би болохоор бүтэлгүй хайрын дууль гэмээр нийгмийн идэвхгүй шүлэг бичиж нөхрийнхөө дургүйг хүргэх. Нозойдорж маань намайг улс төрийн ноён нуруугүй, хөнгөн хийсвэр нэгэн гэж дүгнэх боловч бид хоёр ихэр хурга шиг гаравч, оровч үргэлж хамт явна.
Тэрбээр Гайтав гуайг дуурайн шүлгийн эх, төгсгөлийг холбож пуужин, луужин гэж бичих жишээтэй. Бид хоёр өөрсдийн бичсэн юмаа Дашдондог багшид үзүүлье гэвч зориг үл хүрнэ. Багш маань самбарын өмнө цагаан зах, эрээн зангиа солонгоруулан, ус сүрчиг ханхлуулан хичээл заах нь хаанаас ч харсан архичин гэж хэлэхийн аргагүй соёлтой, шаавай дэгжин үзэгдэнэ. Сахлаа цэвэрхэн хусч, крем тос тавьсан түүний хүзүү, шанаа цонхны гэрэлд шил, шаазан шиг гялалзан, богинохон махлаг гараараа самбар дээр хичээнгүй гоё бичнэ.
Тэгж байснаа хичээлийнхээ сэдвээс гэнэт хальж “Орост иргэний дайн юунаас болж гарсан бэ, хариулах хүн байна уу” зөв хариулбал онц дүн тавина шүү гэх. Эсхүл Тройцкий, Плеханов хоёр Ленинийг юу гэж шүүмжилсэн бэ гэж хөдөөний хөөсөн мантуунууд биднээс ахадсан юм асууна.
Юун Орост болсон иргэний дайн, дэлхийн интервенц байтугай 1939 онд Халхын голд болсон тулалдаан юунаас болж гарсныг үл мэдэх бидний хүүхдүүд хэлэх үгээ олж ядан духандаа гар буу тулгуулсан мэт таг чиг болно. Энэ үед Дашдондог багш маань биднийг аварч, энэ бол та нарт томдсон асуулт. Гэвч зах зухыг нь мэдэж байх ёстой.
Оросын үгээгүй ядуучууд, тариачид хаант засаг, нударган баячуудын хэрээс хэтэрсэн татвар, түрээс тэсвэрлэхийн аргагүй дарлал мөлжлөгийг эсэргүүцэж иргэний дайн эхэлсэн юм. Та нар Шолоховын “Атарыг эзэмшсэн нь”, “Дөлгөөн дон” романыг заавал олж уншаарай. Зохиолч Шолохов бол манай гарагийн бахархал болсон хүн.
Та нар боддоо. “Дөлгөөн доны” Аксиня бол Оросын хөдөө тосгоны бүдүүлэг бүсгүй мөн боловч завхай зайдан муу хүн биш. Яагаад гэвэл тэр өөрийн сэтгэлийн шүтээн болсон хайр дурлалдаа үнэнч бүсгүй.
Тийм ч учраас тэр өөрт буй хамаг бүхнээ Гришкад гамгүй зориулж явсаар амь үрэгддэг. Сонгодог зохиол уншихгүйгээр та нар нүдээ нээж, өөдтэй хүн болж чадахгүй шүү гэж Дашдондог багш маань бидэнд захидаг байлаа.
Тэрбээр намайг сургуулиа төгсөөд Дорноговь аймгийн АДХГЗ-нд ажиллаж байхад бас л нөгөө гайтай архинаасаа болж зэрэг, дэв буурч аймгийн төлөвлөгөөний комисст мэргэжилтнээр томилогдон гартаа барьсан ганц гар цүнхнээс өөр юмгүй хүрч ирсэнсэн.
Тэр үед бид хоёр дотносон зовлон жаргалаа хуваалцаж эхэлсэн. Багш маань ганц эвхмэл ортой ч тэнд өөрийн гэсэн оромжтой болж бүхэл бүтэн аймгийн таван жилийн төлөвлөгөөн дээр ээлж халаагүй жижүүрлэн суусан. Ганц ишиг байсан ч таван жилийн дараа хэдэн ямаа болох вэ, хичнээн сүү ноолуур улсад өгч хэдий хэрийн өвс, тэжээл, зардал гарах вэ гэдгийг нэг бүрчлэн нарийвчлан гаргадаг төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн алба үнэхээрийн тамын тогоо байжээ.
Багш маань хааяа нэг халамцсан үедээ:
Монгол хүн морь, нутаг хоёроороо гайхуулна
Могодын уулс мод, буга хоёроороо гайхуулна
гэж шүлэглэснээ нутгийнхаа барааг харалгүй мөн чиг удлаа даа гэж шүүрс алддагсан.
Багш маань тоонд үнэхээрийн толгойтой, данс тооцооны ажилд хурд сайтай байв.
Хөдөөгийн залуучуудын спартакиадаар Дорноговь аймгаас хоёр ч удаа шатрын аваргаар тодорч, зүүн таван аймгийн бүсийн тэмцээнд шалгарч байсныг нь би мэдэх юм.
Нэг удаа надтай хамт гар бөмбөгийн тэмцээн үзэж сууснаа улсын шигшээ багийн дасгалжууагч, спортын мастер Халзанд зориулж,
Цохиход нь хүмүүс дуу алдаж
Цонхны шил чичирхийлэн дуугарав
Гар бөмбөг хоёрынх нь дундаас
Гал манасхийн хиншүү үнэртэв
гэж ганцхан хоромд шүлэглэн бичээд гарынхаа үсгийг зурж волейболчин Халзанд дурсгаж байсныг нь би тод санаж байна. Ийм хурц содон авьяастай хүн байв.
Удалгүй багш маань Галя гэдэг орос нэртэй монгол бүсгүйтэй гэрлэн нэг хөөрхөн охинтой болж, архийг тэвчин орхиж хэд хэдэн том найраглал бичсэний зарим нь аймгийн “Ялалт” сонинд хэвлэгдэн Дорноговийнхнийг шуугиулж билээ.
Гэрлэхээсээ өмнө нэг удаа согтуу явж байгаад цагдаад баригдсан юм байх.
Цагдаа, нэр хэн бэ, ажил алба бий юу гэхэд мань эр гэнэт онгод нь оволзож ийнхүү шүлэглэсэн гэдэг.
Сайншандад хөл сэлүүртэй
Сархад, дарсанд хошуу сэлүүртэй
Сайхан хүүхэнд сэтгэл сэлүүртэй
Сампингийн эрхэнд хуруу сэлүүртэй
Аймгийн захиргааны төлөвлөгөөний комисст
Ахлах эдийн засагч тушаалтай
Дорноговьд томдсон яруу найрагч
Дондогдоржийн Дашдондог гэгч би байна.
Орос хэл мэдэх үү, танилцъя
Онгоц жолоодуулж шалгаач, нисье
Орчуулга хийлгэж гэгээрээч, бичье
Архи дарс байхгүй ч гэсэн хоёулаа
“Аяны шувуудыг” дуулж
Уйлах уу цагдаа гуай минь
гэсэн юм гэнэ билээ. Тэр үнэхээр бэлэн цэцэн үгтэй, онгодтой яруу найрагч байжээ.
“Би бол гайхалтай сайн шатарчин биш. Нарийн яривал шатрын онол, чойр ч мэдэхгүй. Гэвч их мастеруудаас дутахгүй хурдан сэтгэж чаддаг учраас л томчуултай тоглоод байгаа юм” гэж ярьдагсан.
Хожим сонсвол багш маань насныхаа эцэст их ядарч, гутарч явж Хялганатад байдаг төрсөн дүүгийнхээ гар дээр очиж нас барсан сураг дуулдсан.
Нөгөө авгай, хүүхэд нь ч хаачсан юм бэ, бүү мэд. Олон жил туурвиж бүтээсэн ном зохиолууд нь сураг тасарч Дондогдоржийн Дашдондог хэмээх тэр эрдэмт хүнийг эдүгээ дурсах хүн ч үгүй болж. Харин телевиз, радио зарим нэг ном сэтгүүлд “Аяны шувууд” хэмээх дууны шүлгийг Ж.Дашдондог зохиов гэж бичих болжээ. Тэр дууг дуулсан дуучин Төмөр, зохиож туурвисан яруу найрагч Д.Дашдондог, Монголын улсын төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Хангал нар ч ертөнцийг орхин одоод хэд хэдэн жилийн нүүрийг үзэв. Гэвч “Аяны шувууд” гэдэг энэ алдартай дуу хүн бүхний зүрхэнд уянгалан “алаг нүдний сормуус шиг дэвээд, аглаг тал дээгүүр аяны шувууд ирж, буцсаар л…
()
Discussion about this post