Би 1966 онд Нийслэлийн 10 жилийн 5 дугаар дунд сургуулийг төгсөөд, МУИС-д орсон л доо. 10 дугаар анги төгсөхдөө УГЖ болсон. Намайг томилолтоо аваад очиход МУИС-ийн декан Жамбаажанцан багш “Гавьяат сургаж байхаар ядуу айлын хүүхэд авсан нь дээр, хоолондоо хүрчихсэн хүнийг авахгүй” гээд бөөн юм болсон. Их сургуулийн оюутан байхдаа их хичээж сурдаг, гадаадад тоглолтоор явсан ч хичээлээ давтдаг байсан. Тэр үеийн багш нар хатуу, шударга “Чиний тэр цирк, гавьяат жүжигчин хамаагүй. Хичээл бол хичээл, шалгалт бол шалгалт” гэдэг байсан.–
-Таны багш Монголын циркийн урлагийн бас нэгэн домог Цэнд-Аюуш гуай. Анх багштайгаа хэрхэн холбогдсон талаар яриагаа эхлэх үү?
-Би 1958 онд хөдөөнөөс Цэнд-Аюуш багшийн гар дээр ирсэн. Гурван сарын туршилтын хугацаагаар багш намайг аваад, тэр хоорондоо би гологдчихсон. Яагаад гэвэл тохой нь тахир, дээр нь хүч тамир муутай, сурч чадахгүй гулжиганаад уначихдаг. Циркийн уран сайхны зөвлөлийн хурлаар ороод “Холоос ирсэн хүүхдийн амьдрал ахуй нь хэцүү. Орон нутагт нь буцаая” гэж ярьсан юм билээ.
Манай багш “Би дахиад гурван сар хараад үзье” авч хоцорсон. Тэр гурван сарын хугацаанд багш их ажилласан л даа. Тохой засах гээд загасан тос уулгадаг байсан. Тэр хооронд хүчний дасгал их хийлгэж хүч орсон. Тэгээд тэнцсэн. 1958 оны арван сард багшийн гар дээр очсон, 1959 оны 12 дугаар сарын 31-нд Циркийн төв манежинд тоглосон. Түүнээс өмнө 1959 оны зун дадлага тоглолтоор Хэнтий, Дорнод аймгуудаар тоглох бригадын бүрэлдэхүүнд орж тоглосон. Өвөл “Цэцгэн дээрх эрвээхэй” гээд хонхот цэцгэн дээр хийдэг номер манай багш тавьж өгөөд би тоглосон доо. Түүнээс хойш 1992 он хүртэл нугарсан. Ардын хувьсгалын 40 жилийн ойгоор анхны тэнцвэрт нугаралтыг хийсэн. Энэ үзүүлсэн номерууд бүгд Цэндээ багшийн толгойноос гарсан номер. Би бол гүйцэтгэгч жүжигчин л байсан.
Циркийн өөр жанруудаар ажиллаж байсан. Мажгаа багш, Дамдинсүрэн гуай, Намхай багш гуравтай номер хийж, тоглож үзсэн. Дэмчигээ ахтай вальс этюдийн номер үзүүлж байсан. Намайг Батхүү ахтай цуг Цэндээ багш өөрийнхөө агаарын гимнастикийн номерыг хийлгээд овоо үзүүлээд тоглох гэж байхад би гадаадад тоглолтоор явчихав аа. Батхүү ах “Гадаад руу хаяад явчихдаг хүүхэдтэй номер хийхгүй” гээд гологдчихсон… Хийж чадсан л даа, тэр хүнд байнгын партнер байж чадахгүй учраас намайг больчихсон. Гэхдээ тэр гимнастикийн номероос би их юм сурсан, тэр номер надад их юм өгсөн. Дараа нь би багш болоход, номер тавихад их хэрэг болсон доо. Монголын анхны олсон дээрх номер хийсэн, гимнастик үзүүлсэн анхны эмэгтэй жүжигчин. Анхны цагирган дээр нугарсан циркийн жүжигчин болсон. Ер нь нугаралтын бүх жанрт ажилласан даа.
-Таныг орчуулагч мэргэжилтэй гэдэг. Уран нугаралтын зэрэгцээ яаж мэргэжил эзэмшив?
-Би 1966 онд Нийслэлийн 10 жилийн 5 дугаар дунд сургуулийг төгсөөд, МУИС-д орсон л доо. 10 дугаар анги төгсөхдөө УГЖ болсон. Намайг томилолтоо аваад очиход МУИС-ийн декан Жамбаажанцан багш “Гавьяат сургаж байхаар ядуу айлын хүүхэд авсан нь дээр, хоолондоо хүрчихсэн хүнийг авахгүй” гээд бөөн юм болсон. Их сургуулийн оюутан байхдаа их хичээж сурдаг, гадаадад тоглолтоор явсан ч хичээлээ давтдаг байсан. Тэр үеийн багш нар хатуу, шударга “Чиний тэр цирк, гавьяат жүжигчин хамаагүй. Хичээл бол хичээл, шалгалт бол шалгалт” гэдэг.
Оюутны хавар намрын ажилд явна, үерийн далан босгох ажилд оролцоод явж байсан. 1971 онд МУИС-ийг төгсөхдөө Төрийн соёрхол хүртсэн. Их сургуулиа төгсөөд АИХ-д орчуулагчаар хуваарилагдсан юм. Дадлагаа Монцамэд хийсэн. Өглөө конторт ороод ширээний ард суучихдаг, орчуулах материал өгдөг, өдөр нэг завсарладаг, орой болтол суудаг. Циркид багаасаа босож суугаад, дасгал хөдөлгөөн хийгээд сурчихсан. Байнгын суугаа ажил хийх надад их уйтгартай, залхмаар, сонин санагдсан. Тийм учраас Соёлын яаманд очоод “Би Соёлын яаманд л ирж ажилламаар байна. Танай олон улсын харилцаанд орж ажиллая. Миний хувийн хэргийг аваад өгөөч” гэхэд зөвшөөрсөн. Соёлын яам гоц авъяастны 1000 төгрөгийн цалинтай, Циркид жүжигчнээр өгчихсөн. Цирктээ ажилласан, 1972 оноос шавь сургалтын багшаар ажилласан.
-Одоо хүртэл Циркид багшилж байгаа сайн багш, уран нугаралтад монгол бүжгийн, модерн бүжгийн элемент анх оруулсан гэх юм билээ?
-Анх би хүн сургахдаа муу багш байсан даа. Эхлээд хоёр охин авсан, өөрөө нугарч үзүүлж сургадаг. Намайг хараарай ингэж хийнэ, ийшээ шилждэг юм шүү, ингэж хийдэг юм шүү гээд заадаг багш байлаа. Түүнээс хойш 4 хүүхэд авч сургасан. Тэр үеэс жинхэнэ багш болсон гэж боддог. Цэндээ багш “За бид хэдийн үзүүлсэн номерыг үзүүлээд заадаг юм байж. Дараа нь яах вэ. Бидний хийгээгүй зүйлийг бодож олж хий” гэсэн. Тэгээд би бодож байгаад “Бурхан суудал” гээд хос нугаралтын номер тавьсан. Бойпрын ширээн дээр дороосоо гэрэлтэй, ширээ нь эргэдэг, анх эргэдэг ширээн дээр нугаралтын номер хийсэн, амжилт олсон.
Дараа нь “Монгол бүсгүй” номер Үүрийнтуяа гэдэг охиноор хийлгэсэн. Тэр охинтойгоо хамт тэмцээнд явсан хоёулаа. Италийн Верона хотноо болсон олон улсын хүүхдийн циркчдийн тэмцээнд явж хүрэл медаль авсан. Хүрэл медаль авсандаа аз гэж их баярласан. Яагаад гэвэл бид хоёр 10-аад хоног хоцорсон. Улаанбаатараас гараад Бээжинд ирсэн чинь шууд нисэх байсан бидний билетийг аваад, Хятадын жүжигчид нисээд явчихсан байсан. Буцаад билетээ захиалаад явтал хоёр хоног алдсан. Бид Италийн Миланд очоод буугаад аппаратаа авах гэтэл байхгүй, Франкфуртэд үлдчихсэн байсан. Хүмүүст хэлсэн чинь яаралтай арга хэмжээ авна гэсэн. Миланаас Верано хот явах автобусанд манай Үүрийнтуяагийн нулимс нь урсаад л явсан. Том том нулимс бөмбөрөөд явсан чинь хүмүүс нь өрөвдөөд шөнөдөө арга хэмжээ аваад аппарат хэрэгсэл авчирсан байсан. Нэгдүгээр, хоёрдугаар турээсээ хоцорчихсон. Маргааш нь шууд 3 дугаар туртээ орохгүй бол өнгөрнө. Маргааш нь тоглолт болох гээд гэрэл тавиад поргон хийж байж байсан чинь аппарат ирээд, бид хоёр зөвхөн манежинд тавиад гэрлээ нэг тааруулаад тэмцээнд орсон. Тэгээд хүрэл медаль авна гэдэг том аз, амжилт. Манай Үүрийнтуяа шагналаа голоод, үнэхээр сайн үзүүлбэр л дээ. Түрүүлнэ гэж бодсон. Хэрвээ 1,2 дугаар туртээ орсон бол алтаа байг гэхэд мөнгөн медаль авах байсан.
Дараа нь “Могойн чуулга” гээд номер хийсэн. Бурхан суудал бурхан шашны талдаа, Монгол бүсгүй монгол бүжгийн тавилттай номер. Миний өмнө Цэндээ, Мажигсүрэн багш байсан, энэ багш нараас ялгагдаж өөр юм хийх шаардлага гардаг. Би Баруун Германд таван жил ажилласан. Тэр хоорондоо барууны орны үзэгчид юу сонирхож байна гэдгийг хараад Монгол уран нугаралтад модерн стилийг анх оруулсан. Модерн бүжгийн тавилттай, хурц хөдөлгөөнтэй, хувцсаа зориуд Германаас захиалж авчирсан. Энэ номер БНАСАУ-д болсон Хаврын баяр тэмцээнд орж алтан цом авсан. Тэнд Хятадын Ухань болдог олон улсын тэмцээн байгуулдаг хүн явж таарч бид хоёрт оролцох урилга өгсөн. Намар нь Ухань болсон олон улсын циркчдийн тэмцээнд орж мөнгөн медаль авсан. Тэгэхэд Канадын Нарны циркийн Жейл гэдэг хүн ирээд “Манай Нарны цирк том шоу хийх гэж байгаа. Танайхаас 4 нугаралт авна, энэ хоёр охиныг чинь авч тоглуулмаар байна. Энэ хоёртой адилхан 4 хүүхэд байна уу” гэсэн. Тэр үед Атлантын олимп болж байсан. Тэнд болдог шоу тоглолтонд Москвагийн усан цирк яваад, тэнд манай “Могойн чуулга”-ын дублёр хоёр байсан. Оригианаль хоёр нь Японд бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглолтоор яваад, дублёр нь явсан. Би дөрвөн хос үзүүлбэр бэлдэж байсан.
Нарны циркийнхэн ирээд санал тавьсан болохоор 1997 онд манай шавь нар, Цэндээ багшийн хоёр шавьтай Нарны циркийн Лас Вегаст болсон О шоунд оролцсон, тэндээ 12-13 жил ажиллаад зарим нь ирсэн, зарим нь тэндээ үлдэж ажиллаж байгаа. Дараа нь 4 хос нугаралт хийсэн. Санаагаа харь гаригийн хүмүүс дэлхий дээр буугаад, үлдэж байгаа зохиомж бодсон. Дээрээс буудаг, татдаг аппарат надад олдоогүй учраас уран сэтгэмжээр л хийсэн. Хөгжмөө зориуд Хангалын хүү Булганд захиад, хувцас хунараа оёдолчинтойгоо ярьж оёод, Монголын анхны дөрвөн уран нугаралт номерыг хийсэн. “Могойн чуулган”-ы хөгжмийг ч Булган бичиж өгсөн. Тэр 4 уран нугаралтын номероор Хятадад болсон тэмцээнд оролцоод Мөнгөн арслан авсан. Тулгын гурван чулуугаар, галын номер хийе гэж боддог байсан. Тэгээд дараа нь “Галын шүтээн” гэдэг номер хийсэн. Энэ номер амжилттай болсон. Бас л Хангалын хүү Булган энэ номерын хөгжмийг бичиж өгсөн. Энэ номероороо Ухань болсон наадамд уригдсан. Тэнд хүүхэд том хүний хоёр категоритой байдаг. Манай хүүхдүүдийг томчуудын категорит оруулчихсан байсан. Хүүхдүүддээ хэлээгүй ээ, Хятадын 20 хэдэн хүүхэд дугуйтай үзүүлбэр хийдэг, тэр сайн номер. Энэ номертой л өрсөлдөж байгаа шүү гээд нөгөө гуравтаа хэлээд байсан. Хүүхэд бол хүүхэдтэйгээ л өрсөлдөх сэтгэхүйтэй байдаг юм билээ. Гурван “тур”-тээ орсны дараа та хэд томчуудын тэмцээнд орсон ш дээ гэхэд “Ий” гээд айдастай болсон. Тэд томчуудын категориор ороод мөнгө авсан. Дараа нь Сахад болсон олон улсын тэмцээнээс Гран при авсан, Монте Карлд болсон олон улсын циркийн тэмцээнээс мөнгө авсан. Олон улсын дөрөв таван тэмцээнд орсон.
-Анхны шавь шууд Гранпри авах ховор тохиолдол байх даа…
-Миний хамгийн анхны шавь маань 1980 онд Кубын Гавана хотноо болсон олон улсын циркчдийн тэмцээнд явсан. Тэр тэмцээнд манай шавь их бахархалтайгаар Гран при авсан. Тэнд хүүхэд, том хүний категори байгаагүй, жанрын хуваарилалт байгаагүй, Хятад, Солонгосоос хүчтэй номер орсон л доо. Тэр үед халуурдаг, халуун орны өвчин гарсан. Шавь маань өвчин тусаагүй бол загнах байсан. Халуураад хамаг тамир тэнхээ барчихдаг муухай өвчин. Шавь маань өвдөөд нэгдүгээр “тур”-тээ орж чадаагүй. Сүүлийнхээ шатанд орохгүй бол болохгүй байсан. Элчин сайдын яамны атташе орчуулдаг. Бид хоёр борцтой шөл хийж өгөөд тэмцээнд оруулчихсан. Дараа нь шүүгчдийн хурал боллоо, би шүүгчдийн бүрэлдэхүүнд ордог. Гэтэл шүүх бүрэлдэхүүний ахлагч “Энэ тэмцээний хамгийн өндөр оноо авсан номероос эхэлж ярья” гэсэн. Би дотроо хойд Солонгосын баганат гимнастик гэж хэлэх байхдаа гэж бодоод сууж байтал “123 баллаар Гранпри авсан Монголын уран нугаралт” гэсэн. Манай орчуулагч бүр хашгираад боссон. Тэгж гранпри авсан, дараагийн байр нь 10 гаруй оноо бага авсан. Тэмцээнд нэг долийн зөрүү ч чухал байдаг. Тийм өндөр амжилтаар Балтавын Энхцэцэг Гранпри авчирсан даа.
Галын шүтээнээс хойш олон номер хийсээн. “Загийн төгөл” гээд хоёр охины номер хийсэн. “Ихэр ураг” гээд ихэр хүүхдээр хийлгэсэн. Дан зохиомжтой номерууд хийсэн. Амьдралаа залгуулах гээд Нарны циркт хоёр охиноо аваад таван жил ажиллаад ирсэн. 2010 онд ирээд хэдэн хүүхэд аваад хичээллүүлсэн. 2012 онд Ухань хотноо болсон олон улсын циркийн тэмцээнд “Цасны ирвэс” номероор орсон. Дархан цаазтай ирвэсээ бодож ийм номер хийсэн. Тэр үзүүлбэрээр мөнгөн медаль авсан. Миний хамгийн сүүлд орсон олон улсын тэмцээн тэр. “Мөрөөдөл” гээд номер хийсэн, бас бодож байгаад аалзны талаар нэг номер хийсэн. Тэмцээнд орж амжаагүй л байна. Тэр үзүүлбэрт нугардаг охин маань жирэмсэн болоод хүүхэд гаргасан. Сүүлийн үед тэмцээний номер хийхээсээ худалдааны номер их хийж байна аа. Хос, гурван, дөрвүүлээ хийсэн номер, хаанаас ямар тавилттай үзүүлбэр авна гэнэ, тэр бүгдэд гарч байгаа. Өнгөрсөн жил Герман руу цэцгийн тавилттай дөрвөн хос явуулсан. Зах зээлийн эрэлт хэрэгцээнд зориулж номер бэлдэж байгаа. Сүүлийн үед бэлдэж байгаа хүүхдүүдийн дотроос Аззаяа гээд сайн нугарч байгаа охин бий. Бариул дээр нугаралт хийж байгаа. Монгол тавилттай хос номер хийсэн, энэ хоёр үзүүлбэр амжилтанд хүрэх байх. Хулан гэж нэг охинд найдлага тавьж байгаа. Баярцэцэг, Эгшиглэн, Дэлгэрмаа, Анужин гээд 7 настай хэдэн охин байна. Энэ хэдээ бэлдэж гаргана. Энэ хэдийн өмнө 11-12 настай ес, есөн охин сайн яваа.
-Уран нугаралт Монголоос эхтэй, эрэгтэй хүн ч нугардаг байсан гэсэн. Та мэдэх үү?
-Манай багш уран нугаралтыг өлгийдөж авсан хүн, анхны мэргэжлийн уран нугаралт тоглосон хүн Цэнд-Аюуш багш. Намайг циркт анх ирэхэд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Шарав гээд 50-60 хүрчихсэн настай өвгөний нугарч байгаа зураг байсан. Одоо тэр зураг олддоггүй юм. Циркийн 70 жилийн ойгоор “Монголын уран нугаралт” гэсэн ном хийсэн. Чүлтэм гуайн Монгол зурагтай адилхан. Ямар уран нугаралт манай цирк үзүүлж байв гэдгийг харуулсан зурган альбом маягийн ном хийсэн. Уран нугаралтын түүхээ бага зэрэг бичээд Монголын уран нугараачид очсон хот газруудыг бичээд монгол, англи хэл дээр хийсэн л дээ.
-18 настай УГЖ, 22 настай Төрийн соёрхол хүртсэн хүн хэзээ Ардын жүжигчин болсон бэ?
-1980 онд Ардын жүжигчин болсон. Тэр их түүхтэй. Олон улсын циркт үйлчлээд төсөв бариад, орчуулагч хийгээд явж байсан чинь ГЯЯ-наас дуудлаа гэж байна. “Энэ хэдэн жүжигчид маань ямар хэрэг тарьчихсан юм бол доо” гэж бодоод очтол Соёлын яамныхан ирчихсэн “4 хоногийн дараа Ардчилсан Германд ир, олон улсын эстрадын хөтөлбөр болно. Тийшээ ганцаараа явна” гэдэг юм байна. Би явж чадахгүй гэлээ. Тэр хөтөлбөрт дуучин Нандинцэцэг явах байсан юм билээ. Жүжигчдээ явуулж байгаа орон нь зардлаа даах болчихсон. Нандинцэцэг орчуулагчтай явах байсан. Манайх хоёр хүний зардал төлж болохоо болиод, Монголын жүжигчдээс хэл мэддэг, мөнгөтэй ажилладаг, номер нь эстрадын программдаа тохирсон тийм жүжигчин эрж хайгаад би тохирсон юм билээ. МУИС-ийн англи хэлний төгссөн, олон улсын жүжигчдийн төсөв хөтлөөд тууж явсан хүн л дээ. Ганцаараа өчнөөн мянган доллар, дойч марк халааслаад, Африкийн орнуудаар явна, тэндхийн банктай ямар ч харьцаа байхгүй, ЭСЯ байхгүй, тийм газраар явуулах ёстой. Герман зохион байгуулж байгаа ч, орон орноос үзүүлбэр бэлдэж, хамгийн эхэнд Этиопын нийслэлд тоглохоор болоод явсан. Би одоо Монголбанкны валют олгодог байсан Булган гэдэг эгчид баярладаг. Би олон мянган доллар, дойч марк, рубль тоолоод авч байхад тэр эгч “Хэнтэй хамт явах юм бэ” гэж асуусан. Ганцаараа явна гэхэд ийм их валюттай ганцаараа явах юм бол гаалийн деклараци бөглөхдөө доороо цаас битгий тавьж бичээрэй, шалгуулахдаа кабинд орж шалгуулъя гэж хэлээрэй. Москва, Берлин, Унгараар дайрна. Африкийн орноор явахад зардлаа яаж гаргаж байгааг асуувал Элчингээс өгч явуулна гэсэн гэж ярьж яваарай гэсэн. Хүмүүс зардал мөнгө сонирхож асуудаг юм билээ. Одоо бодохоор айдаг.
Өглөөний 5 цагийн үед Москвагийн цагаар Шреметьевийн онгоцны буудал дээр бууж байгаа юм. Намайг хэн ч угтаж аваагүй. Тоглолтынхоо ширээ, чемоданаа тээш хадгалах газар өгчихсөн. Толгой дээрээ тавьдаг ваар, гар цүнхээ барьчихсан метро руу явдаг тролейбусанд ороод суучихсан. Дамжиж сууж хүрнэ. Тэндээс Элчингийн байр ортол бас жаахан алхана. Шөнийн хоёр цагт тийм их мөнгөтэй Элчин дээрээ алхаж очиж байсан. 20 хэдэн мянган доллар, 20 хэдэн мянган дойч марктай, очсон газрынхаа хоол байрны зардал, онгоцны зардлаа бүгдийг нь авч яваа. 45 хоног явах ёстой. Мөнгөтэй гэдгээ хоёрхон хүнд хэлэх ёстой. Москвагийн соёлын атташё Борхондой гэж байсан, цаана Германд Соёлын атташе залуу байсан. Тэр хоёр хүнд мөнгөтэй гэдгээ хэлэх эрхтэй. Тэр үед залуу насны зоригоор явж байсан. Уругвайд очсон чинь жүжигчид ярьж байна. Мөнгөө тавьж өгөхгүй болж байна гээд. Харьцахад хэцүү. Аз болоход Кубын нэг таньдаг жүжигчин ирсэн. Намайг Кубад шүүгч хийхэд жонглероор гуравт орсон жүжигчин. Тэр англи, орос хэлтэй. Тэрүүгээр дамжуулаад Кубын ЭСЯ дээр очоод факс явуулсан. Борхондой гуай руу. “Мөнгө гуйвуулаагүй шинжтэй, эдийн засгийн байдал сайнгүй байх шиг. Мөнгөө гар дээрээ авах уу” гэхэд Борхондой гуай ав гэж хэлсэн. Мөнгөө гар дээрээ авав аа. Өчнөөн мөнгө миний гар дээр ирнэ шүү дээ. Буудалд очихоор мөнгө хадгалуулдаг тусгай сейфтэй. Нэг хотоос нөгөө хот руу, өөр улс руу явахаар мөнгөө авч явдаг. Москвад тэр их мөнгөтэй онгоцны буудал дээр буухад Борхондой гуайд хэлж, Борхондой гуайн халаас руу хийгээд, тэгээд орж шалгуулсан.
-Африк явахад буудлын мөнгө 50 доллароор бодож өгсөн. Гэтэл 100-150 долларын байранд буудаг. Хүлээж авсан газар таалагдсан номерынхоо байр хоолны зардлыг даасан, манай уран нугаралтыг ихэвчлэн онцлон үнэлж, байр хоол дааж явсан болохоор би мөнгөө хэмнээд ирсэн. Хэрвээ миний номер таалагдаагүй байсан бол жүжигчдээсээ салаад 50 долларын буудал хаашаа явж, яаж эрэх байсан юм бүү мэд. Онгоцны зардлаа сохор азаар хэмнэсэн. Би Германаас гарахдаа Берлинээс гараад Унгар, хамгийн сүүлд очих Конго хүртэл онгоцны зардлаа өгөөд тушаасан, тэр нь ч зөв болсон юм. Тэгээд онгоцны тал зардлаас бусдаа хэмнээд ирсэн. Их ч хичээж явсан. Ирэхэд надад Ардын жүжигчин шууд өгчихсөн.
-Та дараа нь Латин Америкийн орнуудаар бас тойрч тоглосон шүү дээ.
-Гавьяат Энхцэцэг бид хоёр Латин Америкийн орнуудаар 1985 онд олон улсын “Найрамдал” хөтөлбөрт орж явлаа. “Монгол импекс” гэрээ хийсэн. Нэг хүн, нэг тоглолтыг 100 доллароор тоглож байгаа юм. Хоёулаа 200 доллар авна. Өдөрт хоёр тогловол 400 доллар болно. Гэхдээ нэг хүн өдөрт 20 доллар зарцуулах эрхтэй. Ийм гэрээтэй. Бас л Элчин сайдын яамгүй газруудаар явсан. Африк ганцаараа явснаа бодвол хоёулаа болохоор илүү зоригтой.
-Социализмын үед Ардын жүжигчин Норовбанзад гуай хоёр их гадаадад тоглосон гэдэг юм билээ. Хамт явж байсан уу. Ер нь гадаадад адал явдалтай аялан тоглоно биз?
-Гадаадад жинхэнэ адал явдал дүүрэн явна. 1962 онд Вьетнамд очиход хоорондоо дайтаж байсан. Афганистанд аялан тоглоход бас л дайтаж байсан. Суэцийн суваг дээр Израйль Палестин байлдаж байсан. Эх орондоо амар тайван амьдардаг ч гадаадад тоглохдоо дайны утаа харж, дарь үнэрлэж явсан. Нэг удаа биднийг бушуухан яв гээд автобусаар аваад давхисан, Кайрын нисэх буудлаас биднийг хөөрөөд удаагүй байхад тэр нисэх буудлыг бөмбөгдсөн. Румыны дайныг нүдээрээ харсан. Байшингийн дээгүүр гүйлдээд хоорондоо буудалцаад аймаар. Туркмен, Афганистаны хилийн зааг дээр хэд хоносон. Шөнө гарахад бэлэн гээд хувцсаа бэлдээд тавьж байхад Норовбанзад гуай “Чи бид хоёр гарч зугтаад хаачих вэ дээ” гэж байсан. Үнэн л дээ.
-Та 1992 он хүртэл нугарсан гэсэн. Одоо ч уран нугаралтын хичээл зааж байна. Жингээрээ шавь охидоосоо ялгарах юм алга. Ер нь хэдэн кг жинтэй вэ, формоо байнга барьдаг уу?
-Би залуудаа ид нугарч байхдаа 46-48 кг жинтэй л явдаг байсан. Одоо 50-51 болсон. Наймдугаар ангид байхдаа нэг таргалсан. Зун юу ч хийхгүй явж байтал Японоос нэг зурагчин ирж ил захидлын зураг авах болдог юм. Тэгээд нэг тоглолтонд орсон чинь зовж байж номероо гүйцээсэн. Тэрнээс хойш турах гэж зовсон. Дээс тоглож, баахан гүйсэн. Түүнээс хойш хашраад дахиж таргалахгүй гэж бодоод байнгын сургуулилт хийгээд, формоо алддаггүй байсан.
-Холивудын оддыг харж байхад өсвөр насандаа тан шиг од болсон, гавьяа шагнал авсан хүмүүс хар тамхи татах гэх мэтээр буруу зуршилтай болдог, араншин нь эвдэрдэг. Та төрийн том шагналууд эрт авсан ч “эвдрээгүй” хүн юм.
-Социалист оронд юун тийм зүйл байх вэ дээ. Хүнтэй суулгахгүй, хүүхэд гаргахгүй гэж 25 нас хүртэл хорьдог байсан. 1958 онд Хятадын циркийнхэн ирж тоглосон юм. Шо Жу Ха гээд Монте Карлаас алтан медаль авсан вандан дээр гоё нугардаг хүүхэн 30 настай нугарч байсан. Хятад хүн 30 настай нугарч байхад Монгол хүн нугаралгүй яахав гээд хүүхэд гаргуулахгүй гэдэг. Манай Мажигсүрэн эгч 19 настайдаа хүүхэд гаргаад нугарахаа больсон, дараагийнх нь нугараач Доржпалма эгч 19 настай хүүхэд гаргаад бас нугарахаа больсон. Тэгээд хүүхэд гаргахаар нугарахаа больдог гээд намайг хүүхэд гаргахгүй гэж хориглодог байсан. Төрийн төлөө, төрийн туршлагын туулай болсон. Заримдаа янз бүрийн юм бодогдож л байдаг. Ядраад зүдрээд хэвтэхэд залуудаа 3-4 хүүхэд төрүүлээд сайхан хүмүүжүүлж өсгөсөн бол асрах байсан даа гэж боддог. Бусад талаар харамссан, зовсон юм алга. Өвдөхийн цагт хэцүү юм билээ. Ялангуяа хүний ганц хүүхэд. Би эхээсээ ганцаараа хүний ганц хүүхэд. Би 38 настай ганц хүү гаргасан. Одоо 30 нас хүрч байна. Эхнэр хоёр хүүхэдтэй.
-Их зан гаргах үе байсан уу?
-Одон тэмдгээ ч ховор зүүдэг байсан. Би нэг удаа гавьяатын тэмдгээ зүүчихсэн явахад Лу багш харчихаад нэг зүйл ярьж өгсөн. Нэг сайхан хатан байж. Ноён нь хол аянд яваад ирэхэд нь улам гоё харагдах гээд баахан чимэг зүүлт зүүчихээд угттал эр нөхөр нь “Төрсөн биеэ төмрөөр солиод чи чинь юу болоо вэ” гэсэн гэнэ лээ. Түүнээс хойш ер нь тэмдгээ зүүхээ больсон. Ванган ахын найруулж байсан тоглолтонд оролцох гэж бэлдэж байхдаа нэг удаа “Гэрэлд ойрхон байна, хазгай байна” гээд шалтаг тоочсон. Ванган ах намайг Навшаахай гэж дууддаг. “Навшаахай манайд очиж хоол идээд ирье” гэлээ. Би дагаад явсан. Гэртээ очиж хоол хийгээд, аягалж өгөөд хоол идэж суухдаа “Тайз хүнийг голохоос хүн тайзыг голдоггүй юм” гэж байсныг мартдаггүй, байнга санаж явдаг. Ванган гуай манай ойрын садан л даа.
-Онц сураад харшийн ёлканд орж Ж.Самбуу даргаас уут дүүрэн баавгайтай чихэр авсан нь төрөөс авсан хамгийн том шагнал гэж ярихыг сонссон. Зургаадугаар ангидаа хилийн дээс алхан нугарснаасаа хойш олон орноор явсан байх.
-Ээжийн сурвалжлагчид ярьснаар “таван тивд явж нугарсан”. Социализмийн үед л 30 гаруй орноор явсан, сүүлд хоёр шавиа аваад бас дэлхийг тойрсон. Японоос эхлээд Англи, Америк явсан, Латин Америкийн орнуудаар хоёр дахиа явсан. Гадныхан манай уран нугаралтыг их сонирхдог. Бразилийг хөлбөмбөгчид нь тэжээдэг гэдэг шиг Монголыг уран нугаралт нь тэжээхийг үгүйсгэхгүй.
-Ярилцсанд баярлалаа.
ЭХ СУРВАЛЖ: ТAIZ.MN
()
Discussion about this post