Цагдаагийнхан Жон Мартин Кийний ээжийн Ч.Баттуулын данс руу шилжүүлсэн 10 мянган ам.долларыг авахын тулд, шунахайн зорилгоор энэ хэргийг үйлдсэн гэж үздэг. Энэ хэргийн талаар уншигчдад хүргэе.
Маргерит Кийнд шинэ хаягаар хүүгийнх нь захидал очих болов
2012 оны нэгдүгээр сард Монголд ирсэн АНУ-ын иргэн Жон Мартин Кийн сураггүй болж, хоёр сар гаруйн дараа Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ-нд түүнийг бусдад хорлогдсон гэсэн мэдээлэл иржээ. Тэрбээр Тайваньд авч байгаагаасаа өндөр цалинтай ажил, бизнес Монголд хийхээр явах болж, байр, унааны мөнгө гэж 10 мянган ам.доллар ээжээсээ шилжүүлэн авснаас хойш сураг тасарсан нь хатагтай Маргерит Кийний сэтгэлд элдвийг бодогдуулжээ. Тиймээс хүүгийнхээ цахим хаяг руу өдөр бүр шахам захидал бичиж байв.
Жон Монгол руу хэний урилгаар, ямар ажил хийхээр очих тухайгаа Тайваниас гарахынхаа өмнө ээждээ бичсэн захидалдаа тодорхой дурджээ. Мөн Ч.Баттуулын зураг холбоо барих утасны дугаарыг нь ч цахим захидалдаа илгээсэн байсан аж. Жон Мартин Кийн Монголд 2012 оны нэгдүгээр сарын 5-нд ирсэн бөгөөд түүнээс хойш сураггүй болонгуут хатагтай Маргерит Кийн Ч.Баттуул руу захидал бичжээ.
Ч.Баттуул хариуд нь “Жон Мартин Кийн Монголд ирээд ажлаа сайн хийж байгаа. Энд ирээд шинэ залуу монгол найз эмэгтэйтэй болсон. Тайваньд байгаа эхнэр, охиноо “Амьдралын минь нэг алдаа байсан” гэсэн.
Би Жонд “Тантай холбоо барь, таныг асуугаад байна” гэж зөндөө ятгасан боловч ярихгүй байна. Удахгүй холбогдох байлгүй дээ” хэмээн хариу бичжээ. Үхтэл үр харам гэж үг байдаг. Хүүдээ санаа нь зовсон хатагтай Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ руу хоёр сарын турш и-мэйл илгээснээр тус яамнаас Интерполын Монголын товчоонд хандаж эрэн сурвалжлах ажиллагаа эхлүүлсэн байна. Гэтэл 2012 оны гуравдугаар сарын 10-нд Жон Мартин Кийн хэмээх шинэ хаягаар хатагтай Маргерит Кийн рүү нэгэн захидал очжээ.
Уг захидалд “Хүү нь сайн, Монголд ирээд шинэ найз хүүхэнтэй болсон. Эндээ амьдрахаар шийдсэн. Ч.Баттуул надад “Ээжтэйгээ холбоо барь” гэж олон хэлсэн. Удаан холбоогүй байсанд уучлаарай. Монголд Цагаан сараар их гоё байсан, Монгол дээл өмсөж үзсэн” гэж бичжээ.
Түүнээс хойш найм хоногийн дараа Монгол дахь АНУ-ын ЭСЯ-наас Маргерит Кийнд эмгэнэл илэрхийлсэн захидал очив. ЭЦГ, УМБГ-аас энэ хэрэгт холбогдуулан Ч.Баттуулыг шалгаж эхэлсэн тухай ч захидалд дурджээ. Мөрдөн байцаалтын явцад сэжигтэн бүсгүй хохирогчийн нэрээр шинэ хаяг нээж, талийгаач эрийн өмнөөс захидал бичээд зогсохгүй, Цагаан сараар авахуулсан зураг хэмээн Жон Мартин Кийнийг монгол дээл өмссөн байдлаар эвлүүлсэн зургийг хавсаргасан байжээ.
Хохирогчийн цогцсыг 6.3 км чирч яваад шатаажээ
Ч.Баттуул Жон Мартин Кийнийг Монголд ирсэн өдөр нь тосон авч, ахынхаа хамт хоол идэж, улмаар Цонжин болдогийг үзүүлэхээр авч явжээ. Түүнийг ирэхээс 2-3 хоногийн өмнө ахынхаа машиныг түрээсээр хэрэглэхээр болж, дөрвөн сая төгрөг бэлнээр өгчээ. Улмаар ахыгаа дагуулан “Их ав” дэлгүүрээс нэг сая 450 мянган төгрөгөөр “Сайга- 3м” загварын хагас автомат ангийн буу худалдан авч, тусгалыг нь тааруулна хэмээн хоёр хайрцаг сум бас авчээ.
Энэ тухай түүний төрсөн ах Ч.Батсайхан “Америк найзыгаа Монголд урьж байгаа. Тэр хүн ирээд ан хийнэ. Тиймээс таны машиныг хэд хоног хэрэглэе, мөнгө төгрөгийг нь өгнө, буу худалдаж авахаар заавал монгол хүний нэр дээр авдаг гэнэ. Таны нэр дээр авмаар байна гэсэн. Буу авах гэж тэр их л яарч байсан.
Дэлгүүрээс бууг аваад гарангуут Ч.Баттуул би тусгал тааруулна гэж хэлээд хоёр хайрцаг сумтай аваад явсан. Хайрцаг сумаараа тусгал тааруулах гэж буудсан гэж байсан” гэжээ.
Ийнхүү бэлтгэл хангасан Ч.Баттуул америк эрийг хээр аваачин буудаж хөнөөн, цогцсыг нь цасаар булж орхижээ. Маргааш нь найз эмэгтэй Ж.Батчулуун, түүний үерхдэг залуу Б.Отгонбаяр нарыг дагуулан аваачиж, нуусан цогцсыг гаргаж, машинаараа чирч, анх хэрэг үйлдсэн газраасаа зүүн хойш 6.3 км яваад шатаажээ. Энэ тухай Ж.Батчулуун “2012 оны нэгдүгээр сарын 7-ны 22.00 цагийн үед Ч.Баттуул над дээр уйлж ирсэн. Тэрбээр “Тайваньд сурч байхад танилцсан багш маань Монголд ирээд бид хоёр Цонжин болдогт очсон чинь нөгөө хүн яасан сайхан агаартай юм бэ гээд унтаад байх шиг байсан, тэгтэл нас барсан. Энэ хүн саахарын өвчтэй гэсэн, цочирдоод нас барсан бололтой. Түүний цогцсыг тэнд нь үлдээсэн. Хоёулаа оччихоод ирье гэсэн. Нөгөө газар нь очоод Ч.Баттуул машинаасаа бензин гаргаж ирээд шатаана гэсэн. Хохирогчийг ороолтоороо чирээд хөдлөх үед ороолт нь тасарсан. Тэгтэл Ч.Баттуул машиныхаа бүсийг хутгаар огтолж аваад Б.Отгонбаярт өгсөн. Тэгээд бид гурав талийгаачийг анх байсан газраас нь чирч холдуулаад, бензин асгаад шатаасан. 2012 оны нэгдүгээр сарын 8-нд Ч.Баттуул “Би санаа амрахгүй байна, дахиж очъё” гээд талийгаачийг дахин шатаасан” хэмээн мэдүүлсэн байх юм.
Үйлдсэн хэргээ нуухын тулд ихэд сандарчээ
“Хүний амь бүрэлгэсэн этгээдийн хормой байнга чичирдэг” гэж хуулийнхан хэлц зохиосон байдаг. Түүн шиг хэрэг үйлдэх үеэсээ л Баттуул чичирч эхэлсэн бололтой. Тэрбээр АНУ-ын иргэнийг хөнөөх үедээ ахынхаа автомашины хаалгыг буудчихжээ. Үүнийгээ нуун далдлахын тулд маш яаралтай хаалгыг нь сольж, Вьетнам засварын газрын ажилчинд мөнгө хайрлаагүй гэнэ. Энэ тухай гэрч Нгүэн Ван Тин мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “2012 оны нэгдүгээр сард нэг эмэгтэй манай засварын газарт ирж уулзсан. Тэрбээр цайвар өнгийн автомашины хаалга өгөөд энэ хаалгыг яаралтай будаад, хаалгыг угсрах хэрэгтэй байна гэсэн. Ийм жаахан эвдэрсэн юмыг засахгүй, яагаад бүтнээр нь сольж байгаа юм бэ гэж асуусан чинь уг эмэгтэй хаалгаа заагаад гараараа буудсан гэсэн дохио үзүүлсэн” гэжээ.
Монгол охидыг бүдүүн гадаад эр доромжлох сайхан байх уу
Энэ хэргийг үйлдсэн Ч.Баттуул нь 1988 оны наймдугаар сарын 19-нд Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, бүрэн дунд боловсролтой бүсгүй. Тэрбээр хэрэгт холбогдох үедээ Дархан-Уул аймгийн ШУТИС-ийн Хүнсний эрүүл ахуйчийн ангийн тавдугаар дамжаанд суралцаж байжээ. Тэрбээр АНУ-ын иргэнийг хөнөөснөө огт хүлээгээгүй аж. Харин шүүх түүнийг гэрчүүд болон нөгөө хоёр холбогдогчийн мэдүүлэг, бусад нотлох баримтаар гэмт хэрэг үйлдсэнийг нь тогтоосон юм. Тэрбээр “Би 2004 онд 10 дугаар ангиа алтан медальтай төгссөн. 2004-2007 онд Сувилахуйн сургуульд эмчилгээ, сувилгааны арга зүйчээр сурч байсан. Эмийн жор хэрхэн найруулдгийг сурч байсан учраас Жоныг хөнөөх санаатай байсан бол их мөнгөөр буу худалдан авч, машин хөлөглөн хээр гарч бүрэлгэх шаардлага байхгүй. Зочид буудалд ороод эм тариагаар хордуулах эсвэл өөр аргаар егүүтгэх бүрэн боломжтой байсан. Ахтай хамт 2012 оны нэгдүгээр сарын 3-нд “Их ав”-аас буу авсан. Тухайн өдөр ах “Наад буу чинь бичиг баримтгүй юм байна. Аваад ир” гэсний дагуу аваачиж агуулахад хийсэн. Хохирогч 2012 оны нэгдүгээр сарын 5-нд Монгол Улсад ирэхэд түүнийг буудсан гээд байгаа буу агуулахад байсан юм. Би сэтгэл санааны цочролд орж, цагдаа нарт “Би энэ хэргийг хийсэн, намайг цаазаар аваад өг” гэж худлаа хэлсэн” хэмээжээ. Ч.Баттуулыг гэмт хэрэг үйлдсэнийг нотлох нэг баримт нь баригдаад хэрэг үйлдсэн газрыг огт төөрч будлилгүйгээр цагдаагийнханд зааж өгсөн явдал. Хэргийн газарт үзлэг хийж байх үед тэрбээр “Би түүний цогцсыг шатаахдаа талийгаачийн авчирсан чемодантай хувцсыг дээр нь тавиад галдсан. Би энэ хэргийг үйлдсэн. Бушуухан цаазын ял авмаар байна. Бүдүүн гэдэстэй гадаад хүн эх оронд минь ирчихээд монгол охидыг доромжлох сайхан байх уу” хэмээн уйлж байжээ.
()
Discussion about this post