БИДЭНД БАЙХГҮЙ СОЁЛ II /Мэндлэе, хүндлэе, хайрлая!/

Бидэнд энэ гурван соёлын аль нь ч байхгүй тухай

Бидэнд байхгүй соёл гэчихээд мэндэлж, хүндэлж, хайрах тухай ярих нь гайхалтай байх. Бид нар чинь бас мэндэлж бариад, заримдаа хүнийг хүндэлж, тэр битгий хэл хайрлах нь ч бий шүү дээ кк.

Мэндлэх

Таньдаг, эсвэл зүс таньдаг хүнтэйгээ бид нар мэндэлнээ. Үл мэдэг толгой дохихоос эхлээд дотно байх тусам далан дээр нь алгадаж, бүр амбаарддаг ч хүн байдаг. Харин танихгүй хүнтэй бол мэндэлнэ гэж гонж. Ер нь дугарахгүй. Нэг өрөөнд хоюулханаа байсан ч тэр. Нэгнээ сонжиж харвал харна, тэгээд санаандгүй харц мөргөлдчүүл бушуухан харцаа салгаад өөр тийшээ харж, түүнийг хэзээ ч, яасан ч сонирхохгүй гэдгээ илэрхийлнэ. Энэ юунаас болдог юм бэ?

Нүүдэлчин ахуйгаас уу?

Яг нүүдэлчид хоорондоо бол сайхан мэндэлдэг. Танихгүй хүн байсан ч мэндэлнэ. Бүр холуур зөрөх байснаа болиод дөхөж ирээд мэндэлцгээнэ. Цаг агаараас авахуулаад хаанаас хаашаа яах гэж яваагаа хүртэл хөөрөлддөг заншилтай байсан. Гэхдээ жишээ нь Сэрэлт киноноос харж байхад, гэв гэнэт нэг нүүдэлчнийг толийсон шалтай байшинд, толийтол самнасан үстэй хүмүүсийн дунд оруулчихвал хэнтэй ч юу ч дугарахгүй байх байдал харагддаг. Бидэнд том хот, олон хүн өнөө хэр нь өөр соёлын шок хэвээрээ байгаа юм биш биз дээ?

Нэгнээсээ айдаг уу?

Бүр 18,17-р зууны европын зохиолчдын бүтээл дээр ч хүмүүс нь нэгнээсээ эрээгүй юм гуйж, хүсдэггүй байсан тал харагддаг. Тэнд суурин газрын соёл нэлээд эртнээс тогтсон нь харагдаж байгаа юм. Мэдээж асуух, хүсэх, гуйх юмс хаана ч байна л даа, гэхдээ би “эрээгүй” гэж тодрууаад байгаа юм. Бид хүний боломжийг эхэлж асуухгүйгээр өөрийн асуудлаа тулгадаг гэмтэй. Нөгөө хүн боломжгүйгээ учирлавал хөгийн этгээд болчих эрсдэлтэй. Энэ зангаа бид мэддэг учир ялангуяа гадаадад нэгнээсээ дөлнө гэж тоймгүй. Хүүш гээ л очоод мэндэлчихвэл, “за би баларч явнаа…” гэх, эсвэл “уух уу” гээд шалаад унавал яах вэ гэсэн айдастай. Энэ айдас биднийг хооронд нь мэндлүүлдэггүй юм биш байгаа даа?

Угаасаа дургүй юу?

Бид ерөөсөө л танихгүй хүнд дургүй, мэндлэхээс зэвүү хүрээд байвал яах вэ ккк. Тэр ч юу л бол. Хэрвээ танихгүй хүн тантай эвтэйхэн мэндлээд, энгийн яриа өрнүүлбэл та ярина биз дээ? Мэдээж хэвийн хүн байвал л даа. Согтуу ч юм уу харваас нэг гаж донтой этгээд бол дэлхий даяар л зугтахын түүс болно. Гэтэл бас л үгүй санагдаад явчлаа. Нээрээ нэг танихгүй хүн учиргүй мэндлээд л юм яриад эхэлбэл гайхаж, лав нэг учир байна л гэж бодох юм байна. Тэхээр дургүйдээ биш, бидэнд ийм соёл нэвтрээгүй гэсэн үг тээ?

Тэгээд одоо яах вэ?

Яахав дээ тэгээд мэндэлж, инээмсэглэж л сурна даа. Нэгэндээ хэлцгээе, сошиал хаягуудаараа уриалъя. Хүн харахад бүрзийгээд, уурлацан хүн шиг энэ чигээрээ үлдэлтэй биш. Нээрээ уурлацан хүүхдүүд шиг байдаг тээ манайхан. Зарим нь бүр хүн рүү харахдаа аль болох хялайж, аль болох тоомжиргүй зэвүүн харахыг ч хичээдэг. “Чамай мэтийг тоож харахгүй” гэдгээ харцаараа илэрхийлэнгээ хараад байх шиг санагддаг. Бид бие биендээ ямар гэм хийцгээсэн улс вэ ккк. Залуу үедээ л найдах юм.

Хүндлэх

Буурайгаа хүндлэх, аав ээжийгээ хүндлэхийг бол яриагүй. Зүгээр хүнийг хүндлэх тухай юм. Human dignity буюу хүний эрхэм чанар гэж байдаг. Архичин ч байсан чиний амны зугаа болж, утсан дээр чинь зураг нь дарагдаж сошиалд тавигдах ёсгүй. Алуурчин байсан ч, ер нь ямар ч адгийн шаар байсан ч тэр чамаар доромжлогдох ёсгүй гэсэн санаа.

Монголчууд ноён зантай гэж яриад байдаг. Жаахан дээрэлхэчмээр хүн харагдвал ашиглаад дээрэлхээд авахыг хэлж байгаа юм. Зандарч ярих л гэсэн үг дээ. Бааранд ороод л зөөгч хүүхдүүдийг загнаад унадаг улсууд байдаг даа. Бас залхуурч хэвтэхийг ч хэлж байгаа байх. Сүүлийн хэдэн зуун жил дамнан хүний гарт байсан ард түмний зан юм болов уу даа хөөрхий?

Их гүрнээс хойш нэг хэсэг нэгнийхээ уулгалгад нэрвэгдэж, удалгүй Манжийн хараат болж, салангуутаа шууд Зөвлөлтийн хараат байсан. Сулраад дөнгөж гучин жил болж байгаа. Энэ хооронд хувь хүний эрх, эрхэм чанар гэдэг зүйл оргүй алга болж дарга, багш, захирал, эмч, төрийн албаныхан гээд шат шатаараа доошоо нэгнийгээ загнасан хүмүүс болжээ. Бодлоо хамгаалах гэх юм удирдлагаа эсэргцүүцлээ гээд бүр нэмээд арга хэмжээ авахуулна.

Ийм болсон ард түмний дотор өөрөөсөө дорд нэгнийг олж загнах хэрэгцээ үүсдэг байж болох уу? Боол байсан хүн хамгийн харгис эзэн болдог гэсэн америк ардын зүйр үг байдаг. Манай цэргийнхний дэглэлтийн дуусашгүй тойрог ч байна. Тэгвэл нийгэм дэх хамгийн тод үзэгдэл нь бааранд орж зөөгчийг загнах байна тээ. Тэхээс тэр зөөгч хүү ямар ч гэм хийгээгүй, бүр танд туслах гээд дэргэд чинь ирцэн байгаа. Бас гудамжинд нэг архичин шалчганаад ирэхэд нь далимдуулаад нээх эр бяр гаргадаг улсууд байдаг.

Өөр нэг эффект нь өөрт хамааралгүй, дарга нь биш хүн өөрийг нь загнах гэж оролдох л юм бол хариуг нь чангахан барьж, ёстой бахаа ханатал хэлж авдаг рефлекстэй болжээ. Энэ нь явсаар “энэ ер нь намайг дээрэлхэх гээд байна уу гүй юу” гэдэг урьдчилсан сэргийлэх инстинкт болцон.

За эндээс л нэгэндээ хүйтэн хахир ханддаг, зандардаг өнөөдрийн нийгэм маань бүрэлдэчихэв үү дээ. Сошиал медиа, твитрийг харвал битүү маргаан, хэрүүл. Хаа сайгүй л байдаг л даа. Гэхдээ 15 насаар ахмад, танил хүнтэй хүртэл “чи” гэж хэрэлдэж байгаа залуусыг өдөр бүр, цаг тутам харж болно. Та гэчихэд л гутаад алга болчих… юутай ч гэхийм дээ одоо нэр төр ч гэхиймуу нэг юмтай байна бид нар. Уур нь шатаад л. Тэгэнгүүт ямар ч соёл, утга, ер нь хүнүү амьтануу гэдгээ ялгахгүй болоод л явцгаачдаг.

Тэхээр одоо яах вэ гэж үү. Өөрчлөлтийг өөрөөсөө гэдэг алдартай үгийг л хэлмээр байгаан. Та хүнийг хүндлээд эхэлчих. Танаас юууу ч унахгүй. Та түүнд буюу тэдэнд ярих боломж олгож, өөрийгөө зөвтгөх цаг өг. Хэрэв ахмад бол та гэж дуудаж сурцгаая. Нэг хүнийг чи гэлээ гээд та түүнээс илүү болчихгүй.

Өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлвэл нэг л мэдэхэд нийгэм маань инээд наргиантай, зөөлөн яриатай, тусархаг, хүндлэлтэй нийгэм болж хувирна. Хүн бүхэн энийг хүсэж байгаа мэдээж. Тэгвэл өөрөөсөө л…

Хайрлах

Бид аав ээж, үр хүүхэд, авгай нөхөртөө хайртай. Эднээс жаахан халихаараа найз нөхөд, хуурай ах, дүү, гэр орныхоо эд хогшилд хайртай. Гэрийхээ цэвэр цэмцгэр байдлыг хайрлана. За ингээд л бидний хайр дуусаа.

Тэхээр энэ сэдэв бол өөрийн хүрээнээс гаднах хайрын тухай юм. Гэрийнхээ хаалганаас гараад орц, давхрынхаа цэвэр байдлыг хайрлах, ажлын хамт олонтойгоо тогтоосон харилцаагаа хайрлах, өөрөө амьдрах гудамж талбайгаа, үр хүүхэд нь амьдрах нийгмээ хайрлах, ардчиллаа хайрлах, эрх чөлөөгөө хайрлах тухай яриа юм. Энэ бүхэн танд хайран санагдсан цагт бид сайхан амьдрал, хөгжлийн тухай ярих боломжтой. Юу ч хайрангүй хэвээрээ байвал яг энэ нүхэндээ үүрд үлдэнэ.

Гэхдээ нөгөө талаар орчин нь сайжраад, дарга нарын хандлага шударга болоод ирвэл хайр өөрөө төрж магадгүй юм. Нэг нэгнээсээ хамаарсан парадокслог энэ байдал манай орны бүх зүйлд байна. Тиймээс дээр дурдсан, “өөрөөсөө эхэлье” гэдгийг л дахиж хэлэх гээд байна. Өөрийн эхний үйлдэл л биднийг парадоксоос гаргана.

Өөрийн “хувийн” юмсаас гаднах зүйлсэд, нийтийн бүхэнд хайр төрдөг болчихвол, тэр юмс хайран санагдаад эхэлбэл, хүний сэтгэлээр хандаж байгаа хүмүүс зэвүүн харагддаг болчихвол монгол хүний сэтгэлгээ, хөгжилд маш их хөгжил дэвшил ирсэн гэж үзнэ.

Ингээд бодохоор мэндлэх ч, хүндлэх ч, хайрлах ч тухай ярианууд бидэнд байхгүй соёлууд мөн байгаа биз

()

Next Post

Discussion about this post