Монгол бүсгүй Болдбаатарын Мөнхшүр “Marvel”-ийн “Локи” цувралд тогложээ. Энэ кино зургаан ангитай бөгөөд ирэх 2021 оны тавдугаар сард албан ёсны нээлтээ хийх аж. Энэ цувралд Том Хиддлстон, Оуэн Уилсон зэрэг алдартай уран бүтээлчид тоглосон байна. Б.Мөнхшүр “Marvel” студийн “Локи” цувралд тоглох болсон тухайгаа ярихдаа “Анх “Мarvel” студийн кинонд тоглох монгол хүнийг хайж байна” гэсэн зар олж харсан. Тэгээд өөрийгөө дүрийн сонгон шалгаруулалтад сорихоор шийдэж, найзуудтайгаа зургаа явуулсан. Тэгсэн намайг дүрийн сонгон шалгаруулалтанд оролцохыг урьж, тэнцсэн. Би өмнө нь кинонд тоглож байгаагүй. Энэ бол миний киноны анхны дүр. Өнгөрсөн гуравдугаар сард Атлантад хоёр өдөр киноны зураг авалтаар явсан. Киноны хэсгүүдэд Араб, Монгол орны говьд очиж байгаа үзэгдэл гардаг. Надтай монгол хэлээр ярилцдаг. Миний дүрийн хувьд англи хэл мэдэхгүй, монгол эмэгтэйн дүр юм. Монгол үндэсний хувцсыг дизайнерууд нь судалж, Монголын говийн хүмүүсийн дүр төрхийг судалж, нүүр будгийг хийсэн. Мөн мэргэжлийн хэл шинжээч ажиллаж, кино зохиолын зарим хэсгийн монгол хэл рүү орчуулсан байсан. Киноны нэг хэсэгт би гол дүрийн жүжигчин Локигоос “Чи хэн бэ?” гэж асуудаг. Монголчууд анх тааралдаж байгаа хүнээ “чи” гэж дууддаггүй юм. Энэ асуултыг “Та хэн бэ?” гэж асуусан нь зөв байх гэж хэлээд, зассан” гэжээ.
Discussion about this post