Монголд 1960 онд Зүүн Германы дээд хэмжээний зочид төлөөлөгчид албан ёсоор айлчилсан байна. Засгийн газар, Гадаад хэргийн яам зочдод өгөх бэлэг бэлтгэ хэмээн Урчуудын эвлэлийн хороонд үүрэгдлээ. Урчуудын эвлэлийн хороо нь Урчуудын артельд даалгавардлаа.
Урчуудын артель нь 1952 онд байгуулагдсан бөгөөд сийлбэрчин Хархорины Дорж, Гүнд (хожмоо хоёул урлагийн гавьяат зүтгэлтэн болсон), мөн Жамьяншарав, Дарьгангын дархан Балдан-Осор, нэхмэлчин Цэрмаа (Урлагийн гавьяат зүтгэлтэн) нарын, эх орны өнцөг булан бүрээс цугласан гоц авьяастай урчууд ажиллаж байсан үе. Дээрээс герман зочдод өгөх уг бэлэг юу байх талаар тодорхой чиг өгөөгүй учраас эдгээр урчуудаас хэн нь ч бэлэг дурсгалыг хийхээр зориглосонгүй, бүгд зүрхшээж байсан гэдэг. Харин Завханаас ирж артельд ороод ганцхан жил болсон уран Ц.Минжүүр “Европынхон бүрх малгай, таягаар гангардаг бус уу. Зочдод сийлбэртэй таяг хийж бэлэглэвэл яасан юм бэ” хэмээн санаа оноогоо хэлсэн байна. Бусад урчууд уг саналыг сайшаан дэмжиж, улмаар уран Ц.Минжүүрээр өөрөөр нь хийлгэе гэцгээжээ.
Ц.Минжүүрийн хийсэн луу ороож, бариулд нь угалзтай хайрцаг шигтгэж урласан зандан модон таяг Германы зочдын санаанд их нийцсэн байна. Артельд ирснээсээ хойш аяга, тавагны хээ тавьж, янз бүрийн тоглоом төдийхөн хийж байсан Ц.Минжүүрийг өөрсдөөс нь давсан авьяастан гэдгийг бусад урчууд нь ч хүлээн зөвшөөрсөн байна. Түүнээс хойш төрж өссөн Завханмандал сум, Завхан аймаг даяар алдаршсан “Уран Минжүүр” хэмээх алдар нь Урчуудын артель, Урчуудын эвлэлийн хорооныхны дунд нэр болон түгжээ. Ингээд Урчуудын эвлэлийн хорооны дарга Н.Цүлтэм (Төрийн шагналт, ардын зураач) түүнийг Урчуудын эвлэлийн хороонд 1961 онд зураачаар урьж ажиллуулжээ.
Уран Ц.Минжүүр 1961 онд “Адуучин” зургаа монгол зургийн аргаар бүтээж, Германы үзэсгэлэнд тавьсан байна. Тэрхүү олон улсын үзэсгэлэнд дөрөвдүгээр байрт шалгарсан “Адуучин” зургийг тухайн үед ил захидал болгон хэвлэж байсан түүхтэй. Түүнээс хойш “Нэгдэл”, “Отгонтэнгэр”, “Цаст оргил”, “Баяр наадам”, “Багануур” зэрэг олон шилдэг бүтээлээ монгол зургийн аргаар зурсан билээ.
Уран Ц.Минжүүрээс Б.Ринчен доктор долоо, Ц.Дамдинсүрэн академич дөрөв ах хэрнээ түүнтэй нэгэн үеийнх мэт дотно харилцаатай байв. Уран Ц.Минжүүрийн хүү М.Дорждэрэм тэдний тухай ингэж өгүүлж байна. “Б.Ринчен гуай ааваар “Бөөгийн тэнгэр” гэдэг зураг зуруулах гэж Хөвсгөлийн алдартай зайран Дамдинг дагуулж ирэн манай гэрт бөөлүүлж байсан юм. Хоёр метр урт, наян см өргөн улаан торгон дээр аавын зурсан тэр зургийг Б.Ринчен гуай бичгийн ширээнийхээ ард өлгөсөн байдагсан. Тэрээр манайхаар их орж ирнэ. Ороод ирэхээр нь ээж нэг олбог дэвсэж өгнө. Б.Ринчен гуай “Минжүүрийн жанлавтай адсаган дээр суухгүй” гээд тоглоом хийнэ шүү дээ. Аавд өөрөө хийсэн шавар шаазан аяга байлаа. Түүнд цай хийхээр дотор нь зөрж зогссон хоёр морь харагддаг юм. Энэ аягаа Б.Ринчен гуайн хүргэн, гадаад хүнд/охин Шагжийнх нь нөхөр Унгарын монголч эрдэмтэн Хар Дорж/ өглөө гэж аав ярьж байсан. Бэлэг авсан гадаад хүн нь ч зүгээр байгаагүй болов уу. Аав нэг ГАЗ-67 машинтай болсон”.
Ц.Минжүүр 1912 онд мэндэлсэн бөгөөд Цэцэн Сартуул хошууны / одоогийн Завхан аймгийн баруун талын сумууд/ Тэгшийн хүрээнд багадаа шавилан сууж Буддын сонгодог урлал, бурханы тэг зургийн аргыг нэвтэрхий эзэмшсэн нэгэн байж. Зураачийн нутаг-Завханмандал сум, Хүнгийн голоос үе дамжсан гурван дархан төрсөн гэдэг. Гал дархан гэж байсан, зүүн тийшээ цөлөгдсөн. Мөн Голио дархан. Гурав дахь нь уран Ц.Минжүүр. Дархан хүний хувьд тэрээр 1962 онд Богд хааны болон Чойжин ламын музейг сэргээн засварлаж үзмэрүүдийг нь алтдаж шарахад дархчуулыг ахлан голлож оролцсон. Түүнчлэн 1963 онд Төв номын сангийн эрдэнийн Жадамба болон бусад судрын алтан шармалыг бие даан сэргээж янзалсан байна. 1966 оноос Гандантэгчинлэн хийдэд суусан уран Ц.Минжүүр Энэтхэгийн Элчин сайдаар Бакула Ренбүүчийг Монголд 1989 онд ирэхэд Сайн цагийн мянган бурхан бүтээсэн билээ. Завханд уран Ц.Минжүүрийн бүтээсэн бурхантай айл маш олон байдаг. Тэрээр өөрийнхөө хүүхдүүдийг төрөх болгонд нэг нэг бурхан бүтээсэн бөгөөд Сартуулын шүтээн Балданлхам бурхныг арцны үндсээр сийлсэн нь түүний хүү М.Дорждэрэмийнд хадгалагдаж байна.
1963 онд улсын мөнгөн тэмдэгт зуруулах гэж зураачдаас шалгалт авахад уран Ц.Минжүүр шалгарсан байна. Төгрөг, мөнгөний үсэг шрифтийг хийх зураачаар Германд график, номын чимэг зургийн мэргэжлээр дөнгөж төгсч ирээд байсан До.Цэрэнпил (урлагийн гавьяат зүтгэлтэн), мөн Урчуудын эвлэлийн хорооноос зураач Лувсанжамц нарыг нэмж томилон тусгай баг бүрдүүлжээ.
Ц.Минжүүр нарын гурван зураач 24 цагийн харуул манаатай тусгаарлагдан Улсын төв банкинд 1963-1965 онд мөнгөн тэмдэгтийн эхийг бэлтгэсэн түүхтэй. Уран Ц.Минжүүр нэг өдөр нөгөө хоёртоо “Араатны хаан арслан айл гэрийг аюул осол, гай түйтгэрээс хамгаалдаг гэж монголчууд бэлгэшээдэг. Иймээс арслантай авдрыг хоймроо тавьдаг. Түүн шиг манай улсын мөнгөн тэмдэгтийг хамгаална, нөгөөтэйгүүр аливаа юм нэгээс үрждэг утгаар арсланг нэг төгрөгт дүрсэлж үзлээ. Болмоор байна. Яах вэ” гэж асуусан байна.
Хэрвээ, төгрөгийн нэгтийн дэвсгэр дээр арслан зурсныг дарга нар мэдвэл зөвшөөрөхгүй учраас энэ нууцыг задруулахгүй гэсэн хариуг хамтрагч хоёр зураачаасаа авч байгаа нь энэ. Гэхдээ дотроо айдастай байсан нь мэдээж. Тиймээс ч 1965 онд мөнгөн тэмдэгтийн эх загварыг Намын Төв хороогоор батлах үеэр дуудагдаж очихдоо тун эмээсэн гэдэг.
Зураачийн хүү М.Дорждэрэм: -Нэг өдөр Нийгмийг аюулаас хамгаалах яамнаас/одоогийн ТЕГ/ хоёр ахлагч хүрч ирээд “Таныг НАХЯ-ан дээр өглөө ир гэж байна. Дулаан хувцастай очоорой” гэхээр аав айгаад, будаг бийрээ төмөр хайрцагт хийж газарт буллаа. Өглөө нь намайг дагуулж очоод орохдоо “Аавыгаа гарч ирэхгүй удвал яваарай” гэсэн. Би ч нэлээд хүлээж байгаад буцлаа. Өдөр хичээлдээ яваад иртэл аав ирсэн байж байна. “Шоронд орох нь гэж бодож очсон чинь шагнуулаад ирлээ” гээд дээлийн торго, хоргой эмжээр, дөрвөлжин цагаа үзүүлж байсан. Дуудсан шалтгаан нь, Намын Төв хорооныхон “Үүнийг хүн зураагүй хэвлэсэн байна. Хичнээн уран ч гэлээ гараар ингэж зурна гэж байхгүй. Зурсан хүнийг нь дуудаад ир. Үнэхээр зурсан бол батлая” гэсэн яриа гарснаас болсон юм билээ гэж өгүүлж байна.
Уран Ц.Минжүүр нэгт, гуравт, тавт, аравт, хорин тавт, тавьт, зуутын нийт долоон дэвсгэртийг зурсан. Түүнчлэн 1964 онд гүйлгээнд гаргасан нэг, тав, арав, арвантав, хорь, тавин мөнгөний эх загварыг бэлдсэн юм. Төгрөг дээр “Хэрэв банкны тэмдэгтүүдийг хуурамчаар үйлдвэл гэмт этгээдийг хууль ёсоор хариуцлагад татна” гэх мэт үг үсэг байдаг. Тэр бүх шрифтийг бичсэн До.Цэрэнпил “Минжүүр гуай зургаа зурахдаа нүдэндээ нэмэх хоёрын харааны шил зүүнэ. Дээр нь нэмэх тавын шил давхарлана. Хоёр давхар шилэн дээрээ томруулдаг шил бариад зурдаг байсан” гэж өгүүлж байна. Тэр үед уран Ц.Минжүүр дөнгөж 51-тэй, нүдний хараа ч гайгүй байсан гэж бодоход хүн зураагүй хэвлэсэн гэж андуурахаар нарийвчлалтай зурсан нь батлагдаж буй. Завханаар овоглосон уран Ц.Минжүүрийг лам байсан гэдэг үндэслэлээр төр засаг түүний амьд сэрүүнд нь гавьяа шагнал өгөхөөс гар татаж иржээ. Харин сартваахь зураачийн авьяасыг өвлөсөн ач хүү Д.Ганболд, Э.Мягмардорж нар нь орчин цагийн Монголын дүрслэх урлагт хөнгөн бийр хөдөлгөн, хүний сэтгэлийг хөвсөлзүүлэн уран зураг, уран бүтээлээрээ олны мэлмийг мялааж явна.
()
Discussion about this post