Намайг бага байхад манай хөдөө нутагт улаан тарианы хүүхнүүд гэж нэг их жаргалтай гоё ганган “амьтад” байлаа. Дэлийг нь засч шивхрээсэн агсам, сэргэлэн морь унаж, торго дурдан дээл өмсөн сам, зүү хатгасан тэр шаавай дэгжин бүсгүйчүүл үүр цүүрээр манай хаяагаар салхи татуулан дуулалдан давхиж өнгөрөх нь харууштай сайхан. Торгон савхин гутал өшиглөж, хүзүүгээрээ гангалан зангидсан эрээн пансан алчуураа морины салхинд хийсгэн давхилдах нутгийн сайхан эгч нар,
Сарьдаг өндрийн өврөөр
Сайхан яргуй цэнхэртэнэ
Саахалт айлын хоньд нь
Сархиагаа дагаа идээшилнэ хэмээн яг л найр наадамд яваа мэт хоолой нийлүүлэн дуулалдах нь үзэж харах юм ховортой хөдөөний хүүхдүүд хойноос нь дагаад гүймээр. Долоохон настай миний бие балчирхан ухаандаа улаан тарианы хүүхнүүдийг яагаад ч юм бэ хамгийн аз жаргалтай, залуучуудын эвлэлийн гишүүн адил “хувьсгалч” хүмүүс гэж боддог байлаа. Улаан тарианы албанд манай нутгийн хүүхнүүдийн сор болсон хамгийн царайлаг сайхан бүсгүйчүүл цөм явцгаах тул хөдөөний хүүхдүүд бид улаан тариа гэдгийг аймгийн улаан гэр мэттэй зүйрлэн дуу хууртай холбон төсөөлөн боддог байсан биз ээ. Өглөө бүр манай гадуур дуулалдан одох тэр хүүхнүүдийн хойноос харан тамхи нэрж суусан өвөг эцэг маань нэг өдөр:
– Найр наадамд яваа юм шиг дуулалддаг нь юу ч юм. Бодох санах юмгүй арилсан дотортой улс гэж эднийг л хэлдэг байх. Хайран ч морьд гэж халаглан өгүүлж билээ. Муу Дэнсмаа эгч наадам ч үзэж чадахгүй оровч, гаравч халтар хэдэн хүүхэдтэйгээ зууралдан цагийн цагт л сүү сааль гал тогоо гэсээр яваад хөгшрөх нь гэж харамсан бодсоноо:
– Дэнсмаа эгч яагаад ганцаараа улаан тарианд явдаггүй юм бэ гэж өвөөгөөсөө асуувал,
– Дэнсмаа яалаа гэж явах вэ. Тэр чинь журамтай бүсгүй. Дэнсмаа шиг ариун гэгээн хүн манай нутагт хаана байна. Гарынх нь цай, идээний сайхныг яана. Аргагүй л буянтай хүний шинжтэй хүүхэн. Гэтэл энэ хэдэн яатуунуудыг хар. Намрын хайлган цагаар унасан морио ч хайрлахгүй тас шавхуурдаад уралдаж явах юм. Улаан тариа гэж сайн ч юм биш дээ. Ийм завхай зайдан улс яаж эцэг, эх болно доо гэж хэлээд санаашрангуй шүүрс алдав.
Оройн сааль эхлэхийн алдад цай нь холдож, морины явдалд аяншиж ядарсан улаан тарианы хүүхнүүд манайд унд уухаар иржээ. Тэдний хоёр, гурав нь морины давхианд тариа “хөөрөв” хэмээн янгуучлан нэг нэг ор тэврэн доошоо харан сунайж унаад, хуянгаа дүү бид хоёроор нухуулан ёолж, ёхлон янгуучлана. Сэржмаа хэмээх аманцар залуухан шар хүүхэн том алтан ээмгээ савчуулан:
– Сумын дарга гэж нэг хачин амьтан эхнэрийнхээ бөгсийг маллаж чадахгүй хэрнээ бас мань мэтийг номхчилох санаатай. Ихээхэн дургүй хүргээд байвал эрх муужгай шиг өвдгийг нь шөргөөн эрхэлж байгаад “торгон өмд” өмсгөчихье байз гэж хэлснээ аальгүйтэн тас тас хөхрөв.
– Галзуу золиг! чи битгий хүүхдийн чихэнд үс ургамаар балай юм чалчаад бай гэж ээжийг хэлэхэд Сэржмаа эгч зууван алаг нүдээ сүүмийлгэн над руу харж:
– Эхийнхээ мээмнээс гараагүй нялх амьтан миний үгний учрыг яаж ухаарах юм бэ. Энэ жаахан хорвоо дээр энэ цөөхөн насанд биендээ ахадмаар их юм үздэг бололтой. Миний цус хоёр хэрээстэй гарсан. Энэ намар дээлээ гандтал, морио гундтал тарианд давхина биз. Сайн ч муу ч эртхэн нэг нөхөр шүү юм олж аваад энэ Дэнсмаа шиг гэртээ бүгэхээс “Сайхан бүсгүй жаргадаггүй” гэж үнэн юм. Танай айлын Дэнсмаа шиг царай муутай төрсөнсөн бол юу гэж ингэж амьтны нүдний хор унагаж, түмэнд шившгээ хутгахсан билээ. Дэнсмаа шиг хормойгоо чирсэн хүүхнийг Шараваас өөр, нөхөр ханиаднаас өөр өвчин тоохгүй амар юм гэж хэлээд босч бүс хормойгоо засаад жижигхэн дугуй толь өврөөсөө гарган зүс царай, үс гэзгээ хэдэнтээ тольдон эргэлдэв. Ундаасч цангасан хүүхнүүд будаатай цай ууцгаан ам халцгааж мөрөн дээрээ тохсон том том эрээн алчуурынхаа сэжүүрээр хөлсөө арчив.
-Энэ муу сайн асман эрчүүд хүнийг ямар хайрлах биш. Маргааш гэж байхгүй юм шиг, дахин нар мандаж өглөө болохгүй юм шиг, шөнө ор дэрэндээ орсон хойно юу ч гэж толгой эргүүлж чадах амьтад. Хохь нь дээ, хохь нь. Хуурамч худалчийг нь мэдсээр байж хөөгөөд явуулчихаж чаддаггүй нь бидний л тэвчээргүйнх гэж хэнд ч юм бэ бухимдан өгүүлэв. Дэнсмаа эгч хэдэн халтар хүүхдээ тойруулчихсан гэрийнхээ гадаа ааруул тавьж сууна. Тэр хүүхдийнх шиг булбарай хөөрхөн гарынхаа алганы хээг атгасан аарцандаа үлдээж байгаа даа гэж бодоход аманд чихэр амтагдах шиг санагдав.
– Эх нь царай муутай хэрнээ энэ Дэнсмаагаас гарсан хүүхдүүдийн хөөрхнийг яана. Аргагүй л үрийн заяатай хүн юм. Бага хүүхдийг нь үрчилж авъя гэвэл яадаг бол гэж Цэвэлсүрэн эгчийг хэлэхэд ижий ам нээж:
– Дэнсмаа хүүхдээ хүнд өгөхгүй ээ. Цаадах чинь арван хүүхэдтэй болно гэж ярьдаг юм гэхэд Сэржмаа зууван алаг нүдээ тоглуулан инээмсэглэж:
– Очиж очиж арван хүүхэдтэй болдог нь ч юу вэ. Санахаас бие шархиран өвдөх шиг болж байна. Тэгж хүүхэд, нохойн тоглоом болсноос ганцаараа гунхаж яваад гандсан маань хамаагүй дээр гэж өгүүлснээ гэрээс гарлаа. Уяан дээр хөлс нь мулцагласан эмээлтэй морьд нүдээ анилдуулан зогсоогоороо зүүрмэглэнэ. Хүүхнүүдээс эм тариа, морины хөлс, сүрчиг ханхална.
Сэржмаа эгч мөнгөн эмээлтэй зээрэн шарга мориныхоо цулбуурыг халамцуу хүн шиг шувт татан тайлаад, эргэцээн дунд салхи татуулан мордтол морь нь гэнэт огло үсрэн булгив. Тэр дөрөөн дээрээ өндийж морио хэд ороолгож цанхыг нь гаргаад:
– Би омголон морь унах дуртай. Догшин морь, агсам хархүү хоёрт би хэзээнээсээ хайртай гэж хэлснээ мөрөө чичиргэн хөхөрлөө. Цэвэлсүрэн эгч бахархангуй боловч гунигтай дуугаар:
– Гайхуулж явсан залуу нас гэдэг ганцхан өдөр л хүнийг орхидог юм гэнэ лээ. Сэржмаа минь, чи хэзээ томоожих хүн бэ гэж өгүүлснээ мордлоо.
Нарны алтан хумхи, морьдын хөлс тоос, сүрчиг усны анхилуун үнэр ханхлуулан одох улаан тарианы хүүхнүүдийг харахад хурдхан том эр болж цэрэгт мордохсон, хонь адууны бэлчээрээс гарч, холын хол одох юмсан хэмээн бодогдох сацуу гэрийн сүүдэрт хамар дээрээ ялаа бүчүүлэн унтаж буй хөгшин нохойд уур хүрч билээ.
* * *
Тавин дөрвөн он. Түүнээс хойш даруй дөчин жил улиран одов. Айл гэрийн багана, ач гучаа тойруулаад улаа бутран сууж байх ёстой нутгийн сайхан эгч нар минь эдүгээ ихэнх нь алга. Очсон хүн буцаж ирдэггүй тэр газар руу яваад өгч. Эмэгтэй хүн тэр тусмаа зүс, нас хоёроороо гайхуулж явсан бүсгүй хүн цагаасаа эрт хагдарч, гараасаа хөтлөх үр хүүхэдгүй хөгшрөх шиг гунигтай юм хаана байна. Ядахдаа тэр үед тэд нар маань өөрийнхөө хөөрхөн, сайхныг мэддэг байсан хэрнээ патиараа ч татуулдаггүй улс байж.
Зүүн уул нь зэрэглээтээд байна
Зүглээд очсон чинь үгүй байлаа
Зүүд нойрондоо хоёулаа байна
Зүүдлээд сэрсэн чинь ганцаараа байлаа … гэж надтай хамт аргал түүхдээ санаашран санаашран дуулдаг асан Халтар эгч маань үгүй болсон ч Зүүн уул нь хэвээрээ цэцэг, навчаа алаглуулан цэнхэртэн зэрэглээтсээр л байх юм даа, хөөрхий. Заяа дутахад миний хөл, гар хоёр адилхан төржээ. Түүнээс биш миний сэтгэлд өдөр хоног өнгөрөх бүр улам бүр тодорч, зүс царайг нь мартчих вий гэж хичээх бүр улам улмаар бүдгэрэн буй Халтар эгчийнхээ зургийг зурж, энэ хорвоо дээр Монголын тал нутагт ийм эгэлхэн мөртлөө, давтагдашгүй гоо сайхан бүсгүй байсан юм шүү, та нар хувцсаа тайлж битгий нүцгэн биеэрээ гайхуул хэмээн агсам тавин хашгирмаар санагдах юм. Арван тавны тэргэл цагаан сар араас нь тэвэр дүүрэн манддаг зүүн толгодын хад цохионд бичигдэн үлдсэн “Ай Нанай” хэмээх Халтар эгчийнхээ дуулдаг дууг зүрх сэтгэлдээ үгүйлэн үгүйлэн гансарч, соронзон бичлэгт хуулан авч болдоггүй нь гачлантай. Эр хүнийг ад шоо үзэн цаашаа түлхэж чаддаггүй исгэлэн халуун биетэй “Улаан тарианы хүүхнүүд” алдаж онодог алагхан хорвоог нэгээхэн зуур шуугиулаад л өнгөрч дээ. Улаан тариа, өнгөний өвчний тухай яриа тасраад удсан ч одоо бодохуйяа түүний хөлд мөн ч олон сайхан хүний амь амьдрал үрэгдсэн ажээ. “Энэ муусайн асман эрчүүд хүнийг ямар хайрлах биш дээ” гэж миний багад хэлж байсан Сэржмаа эгчийн үг одоо хүртэл мартагддаггүй юм. Эрчүүл бидний нүглийг хэлж яаж барах вэ. Эмэгтэй хүн гэдэг зовлонгийн одонд төрсөн энгэр султай, цайлган цагаан амьтад. Бурхнаас заяасан энэхүү хатуу тавиланг хэн хэрхэн зөрчиж чадахсан билээ. Тэдний буруу ч гэж юу байх вэ. Эдүгээ цагт “баарны” хүүхнүүд гэж л шуугилдах юм. Эрчүүд бидний увайгүйгээс л тэд маань харийн хүний халуун хөнжлийн сэжүүрээс татаж яваа бус уу. Эрчүүд нь ухаантай, тулхтай эр хүний үнэр, тамиртай байсансан бол “муусайн” хүүхнүүд ингэж задарч чадахгүй байсан.
Миний бодоход хүүхэд, хүүхэн хоёр адилхан сониуч томоогүй улс. Айлын нас тогтсон намбагар авгай ч гэсэн хэрэгтэй, хэрэггүй эрээн мяраан юманд нүд алдан, шаазгай шиг дурлаж заримдаа бяцхан дүрсгүйтэж нөхрөөрөө нэг сайн ороолгуулмаар санагддаг ч байж магадгүй. Эхнэрийг “эдэлж” эрхлүүлж чадна гэдэг эр хүний эрдэм мөнөөсөө мөн. Авгайдаа хааяа гар хүрдэг хэрнээ бие сэтгэл нь нялхарч, нулимсаа гартал хайрлаж чаддаг сайхан хүн ч байдаг. Морины догшныг унаж, хүүхний хөөрхнийг эргүүлж, архины хатууг ууж дөч хүрсэн эр хүн аль алиныг нь мэдэлгүй яахав. Хүүхнүүд гэдэг өрөвдөж ч болдоггүй, өширч ч болдоггүй хачин улс. Хөгшин ч байсан, залуу ч байсан, хөөрхөн нь ч бай муухай нь ч бай хүүхдүүдээсээ дутуугүй хань нөхөртөө эрхлэх гэдэг хүмүүс. Тийм өрөвдмөөр хөөрхий амьтдыг гомдоож сэтгэлийг нь сэвтүүлж хэн тэвчихсэн билээ. Алт, мөнгөөр гийүүлж чадахгүй байлаа гэхэд итгэл, сэтгэлийг нь эзгүйчилж хулгайлахгүй байж болмоорсон. Энэ жаахан хорвоо дээр хүүхнүүд жаргах л гэж тэртээ орчлонгийн хязгааргүй орон зай, од сансрын чандаас шувуу шиг нисэн ирж, алган дээр минь суугаад байх, байхгүй олон юм нэхэн эрхлэн жиргэдэг байх. Хүүхнүүд гэдэг хүүхэд гаргадаг л болохоос биш нялх хүүхэд шиг өрөвдмөөр томоогүй амьтад. Би гадаа гудамжинд нарлан суугаа мойног хуруутай, настай эмээг хараад уран бүтээлч хүний сэтгэлээр энэ эмээ гурван настай байхдаа ямаршуу хөөрхөн охин байсан бол гэж боддог. Би залуу сайхан эхнэрээ шороонд булж дээлтэйгээ хатаж үзсэн үйлтэй толгой. Түм түжигнэж, бум бужигнасан олны дунд алхаж явахдаа талийгаачтай минь төстэй хүн тааралдах нь уу, үгүй юу гэж харж явдаг. Уруул хамар нь биш хэрнээ нүд нь тэр байтугай инээмсэглэх нь хүртэл үйлийн үргүй адилхан хүн хааяахан нэг өдрийн од тохиох мэт тааралдах нь бий. Би тийм охид, хүүхнийг харах дуртай. Гэтэл зарим нь миний харцнаас дальдран ичингүйрнэ. Аргагүй шүү дээ. Харсан хүний нүдний хор шингэмээр цэцэг, цэврүү шиг “амьтныг” гэгээн цагаан өдөр олны дунд үс сахалдаа баригдсан “хөгшин хар юм” эрээ цээргүй цоо ширтээд байх ямар аятайхан байх вэ. Хүний зовлонг хүн мэдэхгүй гэдэг л энэ. Миний бие хэвийвээр ороо бусгаа огцом түргэн зантай ч хүүхнүүдэд өширч, догширч чаддагүй. Учир нь эмэгтэй хүн гэдэг ямар ч адайр адсага шиг ааштай байлаа ч бүсгүй богино жолоотой амьтан гэдэг нь юухан дээр боловч цухалзаад сэтгэл нялхруулаад болдоггүй юм. Ямар сайндаа би:
Хонгорзул адис авмаар дурлалын бурхан
Хоолой дээр зангирсан үг ч үгүй, ая ч үгүй янагийн дуу
Үхэхдээ өндийж хараад нүд анимаар
Үйлийн үргүй сайхан амьтан гэж хөгшин толгойгоо хөлийнх нь дор чулуудан хаяж шүлэг бичиж суух вэ дээ.
“Баарны” охид хүүхнүүд буруутай юу, буруутай. Гэвч тэд чинь цөвүүн цагийн хөл дор амь, амьралаа хайргүй дэвссэн богино ухаантай, богинохон настай, хөөрхийлөлтэй хүмүс. Өглөө төрөөд, орой үхдэг гэрлийн эрвээхэй. Залуу нас гэдэг торгон дээлийн насгүй, нэг л мэдэхэд тамхины утаа, архины ааг, хуял тачаалын галд хуйхлагдаад л өнгөрнө. Ийнхүү би бүсгүй хүнийг түмэн буруутай байлаа ч өршөөж, гэрэл гэгээтэй талаас нь харахыг хичээдэг. Заяа төөрөг нь тийм юм чинь тэдэнд хатуурхаад, бие сэтгэлд нь байхгүй ухааныг нэхээд яахсан билээ. Эрүүл залуу хүн эхнэр, хүүхдээ тэжээж чадахгүй хэрнээ тэднээс хоол, хайр хоёр нэхэж суухыг үзсэн. Ийм л арчаагүй эрчүүл бүсгүйчүүлийн сэтгэлийг ээдүүлж, амьдралын арал дунд илжиг шиг зүтгүүлдэг биз.
Засгийн газрын хүндэтгэлийн их танхимд Ерөнхиийлөгчөөс төрийн шагнал гардан аваад эргэхдээ “Ижий минь амьд байсан ч болоосой” гэж бодохдоо өөрийн эрхгүй нулимс унагасан. Хажуугийн хүмүүс хэрвээ намайг анзаарсан бол төрийн өндөр хишиг хүртээд энэ хүн баярлахдаа уйлж байна даа гэж санах байсан биз.
“Эрүүл явбал улсын наадам үзнэ” гэж Д.Нацагдорж маань хэлсэн. Энэ үг “амьд хүн алтан аягнаас ус ууна” гэдэг үгнээс арай л жинтэй сонсогддог юм. Догмид оо, чи өөрийнхөө төлөө амьдардаг нас чинь дууссан шүү. Хэдэн муу хүүхдийнхээ төлөө зүтгэ, чиний зохиол гэж юу байх вэ. Чи өөрийнхөө рекордыг аль эрт тогтоосон. Хоёр метр дээгүүр нэг удаа харайсан. Элдэв долоон юм их сараачвал залуудаа бичсэн хэдэн өгүүллэгийнхээ нэрийг хөөднө шүү гэж дөчин хэдэн насны хал үзсэн хашир ухаан минь үе үе чихэнд шивнэвч тэсэхгүй бичсээр л сууна. Хүн гэдэг тэр чигээрээ дутагдлын хүүдий. Алдах вий гэж айгаад байвал амьд явах ч бэрхтэй тул бичихээс яах вэ.
Улаан тарианы хүүхнүүдийг санах бүр харуусал төрдөг. Ургаж амжилгүй хагдарсан улаахан сарнай. Эрийн налиг зан, эмийн шалиг араншингаар энгэр задгай явсан нэгэн цагийн эмгэнэл, эрчүүд бидний улаан гараараа хийсэн нүгэл. Эр хүнийг хайрлаж итгэсэн бүсгүй амьтны алдаа. Би Сүхбаатар аймгийн алдарт хуурч Саарал хэмээх хараагүй өвгөнийг зурагтаар “Хөх торгон дээл” гэдэг ардын дуу хуурдахыг үзээд хүн гэдэг хоёр нүдгүй ч гэсэн ингэж л хажуудахаа жаргааж, сэтгэлийнхээ онгорхой цоорхойг ухаан, авьяас хоёроороо нөхөж амьдардаг юм байна. Үс санчиг, хүзүү шанаа нь хүртэл эр сэрэл гижигдэж, сэтгэл нялхруулсан налиг зөөлөн үнэртэй энэ охид хүүхнүүд гэдэг үгсэж таалж, үнгэж нооловч ханашгүй хайр, эгдүү хүргэсэн, өвдөгнөөс нь адис авч өмнө нь сөхрөн унамаар бурхад буюу.
Надтай хамт олон сайхан хүүхнүүдийн алтан дурдатгал шороонд булагдана вий. Амьд сэрүүндээ ганц хоёрынх нь тухай боловч бичиж үлдээе гэвч нөгөө хартай, хортой харчууд нь эхнэрээ яаж тамлах бол гэхээс зүрх шимшрэх юм.
Үеийн минь бүсгүйчүүл сэм сэмхэн гундаж
Үзэсгэлэн гоо нь чимээгүйхэн хагдарч байна
Үйлийн үрээр учирсан хэнийх нь хорон үг
Үсэнд нь хяруу болж унаа бол …
“Дөлгөөн Дон”-ы Аксинъяд би дуртай. Эмэгтэй хүний тийм ичгүүр сонжуургүй шунаг халуун дурлал л хамгаас үнэнч байдаг. Гэтэл тэр гал түймэр шиг их хайрыг хуурамчхан зантай садар самуун харчуул л бөхөөн унтрааж, залуу бүсгүйчүүлийн сэтгэлийг хөргөн буруу зам руу түлхдэг бус уу! Эх хүний хөх, умай хоёр шиг эмзэг ариун эрдэнэ ертөнцөд хаана байна.
Харчуул минь ээ, харчуул минь. Би гуйя. Та нар эр хүн шиг байгаач. Хүүхнүүдийг магт, жаргаа, бүр хүүхэд шиг эрхлүүл, элгэндээ тэврэн янаглан энхрийл! Тэгээд баясан баярлаж инээмсэглэл гэрэлтүүлсэн эрх хар нүдийг нь эгцлэн ширт. Зуун жил улиран одовч нэгээхэн зуур мартагдахын аргагүй ертөнцийг уйлуулж, дуулуулсан тэр дулаахан сайхан нүд чамд аз жаргал хайрлан, зүрх сэтгэлийн чинь сүүдрийг үргээж, ариусан цэнгүүлэх увидастай билээ.
Эрчүүл бүхэн бүсгүйчүүлд өртэй гэдгээ мартав.
Ардын уран зохиолч Балжирын Догмид
Discussion about this post