-Нэг хэсэг та “Сити такси” компанийн захирал хувьдаа 1000 гаруй такситай баян гэгдэж явсан. Одоо яагаад “Сити такси” компанийг удирдахаа больсон юм бэ?
-Би нийтийн тээврийн салбарт ажилласан, автобус баазтай ч байлаа, такси баазтай ч байлаа, нэг үе 1000 такситай ч байлаа. “Сити такси”-гаа Доржготов гэдэг хүнд өгчихсөн. 2004 оны намар “Автобус 2” компанийг авч солонгосчуудтой хамтарч 160-170 автобус оруулж ирсэн, үндсэндээ хуучин 7 шугамтай автобустай байсан, гуравхан шугаманд хүрэхтэй үгүйтэй, 20 гаруй актанд ороход бэлэн болчихсон автобустай байсан. Автобусны 7 шугамыг бүрэн хэмжээнд ажиллуулаад, үйл ажиллагааг нь жигдрүүлээд, сүүлдээ солонгос нөхөддөө зарчихсан. Авто тээрийн газрын дэд даргаар жил гаруй ажилласан. Тэрнээс хойш хувийн бизнесээ хийж байна. Ер нь хүнээс далд байх гээд нуугдаад яваагүй. Улс төр хийх гэж нэлээн явсан. Ер нь чимээгүй явсан нь дээр юм шиг байна. 2008 оны УИХ-ын сонгууль хүртэл улс төр хөөсөн. 2008 онд Өмнөговь намаас гурван хүн нэр дэвшинэ гэсэн. Өмнөговьд урьд нь 4-5 удаагийн судалгаа, санал асуулга, 2-3 ч удаагийн хэлэлцүүлгийн явцад би дандаа л нэгт орчихсон явдаг, өмнө нь 2004 онд ч нэг нэр дэвшсэн байсан, надаас өөр хэн байх вэ гэж бодож явсан. Гэтэл яг 2008 оны сонгуулийн урьд шөнө намын Удирдах зөвлөл дээр дуудаад “Та гурвын хоёр нь нэр дэвших юм байна. Санал хураагаад, шийдчихье” гэсэн. Би ч 22 жил цэргийн дарга хийсэн болохоор цэргийн дарга характертай. Тэр үед нарийн бичгийн дарга байсан Ё.Отгонбаярт “Гарах юм бол наад хоёроо дэвшүүлэхгүй юу. Би сүүлийн 7-8 жил идэвхтэй яваад гайгүй болгосон юм. Наад суудал маньд нэг их сонин биш. Би тэр саарал байшинд орох дуртай ч биш. Саарал ордонд ороогүй 48 жил амьд явсан юм. Арай ч үхэхгүй байх” гээд гээд л өгчихсөн. Өөр би юу гэхэв дээ. Тэрнээс хойш бизнесээ хийж байна. Төмөр замын тээвэр зууч байна, нэг жижигхэн англи хэлний дамжаа байна, жуулчны бааз байна. Налайхад нэг жижиг амралтын газар байна. Сая Өмнөговийн Гашуун сухайтад гаалийн баталгаат агуулахтай компани худалдаад авчихлаа.Одоо хөдлөхгүй бол хоосон хононо ш дээ, нийгэм нь тийм юм чинь.
-Таныг улс төр гэж яваад хамаг байдгаа цацчихсан, одоо хэцүүхэн байгаа, ямар нэг бизнес эрхэлдэггүй гэж ойлгодог?
-Бизнестэй, бизнесгүйг улирах цаг харуулна ш дээ. Сая ямар ч байсан 40 га газартай гаалийн баталгаат агуулах Хятадын компаниас авчихлаа. Тавантолгойн нүүрсийг дуустал манайхыг хангалттай тэжээнээ. Миний үед байх газраа байгаад, байхгүй газраа шалавхан холдоод өгчихсөн нь зөв гэж боддог. Тийм учраас сүүлийн үед даруухан шиг явж байна.
-Ирэх сонгуулийн талаар ямар нэг бодол байна уу?
-Ингэнэ тэгнэ гэж эцсийн шийдвэр гаргасан юм алга. Нам ч яаж хандах нь вэ. Хамгийн гол нь орон нутгийн иргэд намайг хэр хүлээж авах нь вэ, нэр дэвшихэд суудлаа алдчихгүй хадгалж чадах уу, үгүй юу гээд олон л юмыг харна. Гэхдээ ямар ч байсан нэр дэвших болов уу гээд бэлтгэлээ хангаад явж байна. Одоо жил гаруй хугацаа дутуу байхад нэр дэвшинэ гэж хэлж чадахгүй. 2008 онд нэр дэвших өдрөө больчихож байсан хүн чинь одоо шууд хэлж чадахгүй байна. Одоо нас 50 гарчихлаа.Залуучууд шиг би тэгнэ шүү гээд цээжээ дэлдээд явдаг нас өнгөрсөн. Тийм учраас нас намбандаа захирагдана, суурь хүмүүжилдээ баригдана, тухайн үеийн цагийн байдалд тохируулж шийдвэрээ гаргана даа.
-Та “Анод” банкны Даваатай сайн найз, “Анод” банкны Тамгын дарга байсан хүн. Одоо Даваатай хэр холбоотой байдаг юм?
-Даваа бид хоёр 18 настайгаасаа хойш 34 дэх жилдээ найзалж явна. Бид хоёр сайн харьцаатай хэвээрээ. “Анод”-од би хувь оруулсан биш, би тэнд 10 сар л ажилласан. Анх байгуулагдахад нь Тамгын газрынх нь дарга болж, 6 ширээтэй банкнаас 2-3 давхар байшинд багтахгүй болтол өргөжүүлж хамт ажиллаж байсан. Давааг мэдэх хүний хувьд идэж уугаад, ард түмний хөрөнгөөр тоглоод банкаа ийм болголоо гэж боддоггүй. Хүнд алдаа байсан байж болно, хамт ажиллаж байсан хүмүүсийн ч алдаа байсан байж болно. Энд тэндээс харж байхад төрийн оролцоо ч байсан байж болно, янз янзын л ашиг сонирхол нэгдсэн байх. Бусдаар хахаж цацталаа идчихээд ийм байдалд орчихсон гэж боддоггүй. Олон овоотын уурхай гэж “Анод” банкны 40 сая битгий хэл юмны барьцаанд хүрчихээр том уурхай тэдний гарт байсан. Баталгаатай байсан, төрөөс хийсэн янз янзын ажлын мөнгө нь орж ирээгүй байсан гээд яригддаг байсан. Би найзтайгаа уулзаад чамаас болсон уу, юунаас болчихов гэж асууж, хошуу нэмж байх зохимжгүй. Ядарч зүдэрсэн үед нь тав гурван төгрөгөөр дэмжих зэрэг туслалцаа бидний дунд байдаг. Ер нь хойшдоо ч найзална, нэг нь нь нөгөөгөө эцсийн замд нь үдэхээс өөрөөр салахгүй биз. Даваа маань ИХН-ын дарга. Улс төрийн хувьд бид өөр үзэл бодолтой. Гэхдээ улс төр ч ярьдаггүй. Хүүхэд байсан, цэргийн сургуулийн сонсогч байсан үеэ дурсана. 2-3 ч ангид цуг ажиллаж байсан, 2-3 ч газар бид хоёр нэг гэрт амьдарч байсан үй зайгүй найзууд. Надаас хоёр ах, цагаан сараар очиж золгоно. Сайн явахад нөхөр олон байдаг, одоо найзууд нь жаахан цөөрчихсөн юм шиг харагддаг. Гэхдээ би байнга гэрт нь байх биш, намайг байхгүйд ирдгийг үгүйсгэх аргагүй. Хүний хувьд өөлөх юмгүй сайн хүн.
-Танд “Сити такси”-г “Анод”-ын Даваа бэлэглэсэн гэж яригддаг.
-Бэлэглэсэн юм биш л дээ. Олон улсын банкны төлбөр тооцооны арга л даа. Аккердитив нээдэг. “Женко” Баттулгын дүү Баттуулын нэр дээр байсан. Солонгосуудын талтайгаа хамт бас л аккердитивээр оруулж ирсэн байсан. Тэгээд би тйишээ ороод дахиад зах зээл байна гээд машинаа нэмэгдүүлээд бас л “Анод” банкны аккердитивээр авсан. Дараа нь Автобус 2-ыг тендерээр авчихсан. Олны ярьдаг шиг бидний хооронд тийм юм байхгүй л дээ. Миний үед 1200 такситэй, 4 баазтай Улаанбаатарт ямар ч байсан хөл залгуулчихдаг, амь насанд халтай, баталгаагүй болчихсон, насжилт нь ахичихсан Экселд суудаггүй, боломжийн шинэхэн таксигаар үйлчлүүлдэг болгосон. Тэр үед гадныхан “Үнэхээр монголчууд гар утас, такси хоёрынхоо асуудлыг шийдчихсэн юм байна” гэдэг байсан. Би сайндаа тийм болгосон гэж боддоггүй, энэ миний юмыг байхгүй болгочихсон гэж ч санадаггүй. Цаг цагаараа л байдаг. Би 1978 онд цэргийн сургууль төгссөнөөс хойш насаараа дарга хийлээ, олон хүнтэй уулзаж явлаа, ямар ч асуудалд хувийн эрх ашгийн төлөө хандаж, хүнийг үзэл бодлоор нь ялгаварлаж өөчилж, гоочилж яваагүй. Тэрний хүчинд хаа газар миний ажил дандаа л амжилттай явдаг байсан. Цэргийн дарга байхдаа тухайн анги ангидаа л толгойд нь явдаг байсан. Дараа нь “Сити такси”-г хэнд ч танигдахаар босгож ирж байсан. Үнэхээр дампуураад төр нь дийлэхээ байсан Автобус 2-ыг авч, би 7 шугамтай болгон босгож байсан. Одоо нас ахиж байна, 50 гарчихлаа.Чадах юмаа хийнэ, чадахгүй юмыг юу гэхэв, юм болгон руу самардахгүй. Дөчөөд насандаа анх “Сити такси” руу орж байхдаа ямар ч ажилд ааг амтагдаад болмоор санагддаг байсан. Тэр үед 1000 хүнтэй өдөр болгон хэрүүл хийнэ, 1000 хүний ар гэрийг авч явна, 1000 гомдсон зорчигч утасдана, 1000, бүр тэрнээс олон хүн талархаж утасдана. Одоо бол ажил хөнгөрсөн. Надад аль ч компани нь өгөөжтэй байсан.
-Та хаана амьдарч байна?
-Улаанбаатартаа, Сансарт авгай хүүхэдтэйгээ амьдарч байна. Би байр, унаа, өмссөн хувцсаараа гангаръя гэж боддоггүй юм. Хүүхэд байхдаа л Өмнөговь аймагт тэмээний мах, хоёрдугаар гурил идэж өссөн. Анхнаасаа л олны дунд явсан, нэг их том дарга яваагүй болохоор тийм болохоор ард түмнийхээ дунд байх дуртай. Заавал Богд уулын аманд очих гээд байр сууцаа томруулах гээд байх сонирхол байдаггүй. Заавал тансаг амьдрах албагүй. Мань шиг 50 настай хүн хэмжээгээ тааруулаад явна. Хүүхдийг багаас нь тансаг маягийн амьдралаар амьдруулах нь хойшдоо тэр амьдралаараа яваа ч уу, үгүй ч үү аюултай. Тийм учраас даруухан амьдрах нь сайхан. Ямар ч байсан гэртээ яваад ороход тав тухтай сайхан, хаана ч очсон хүргээд өгөх унаатай, тэр хэмжээнд нь л зохицуулж амьдарч явдаг.
-Цоо шинэ Ланд круйзер 200 уначихаж, ямархуу үнээр авав?
-Сонгуулийнхаа бэлтгэлийг хийж шинэ машин авсан. Үнэ яахав, зах зээлийнх нь үнээр авсан.Энэ жил Өмнөговь руу нэлээн явах ажилтай. Би тэнд компани авчихлаа. Юмыг юу юугүй орхимооргүй байна, өнөөдөртөө юу юугүй өвөө болчихоогүй байна, хэн ч харсан намайг хөөрхий энэ зайлуул таягтай явж байна гэж харахааргүй байгаа болохоор Өмнөговийнхон дунд намайг дэмждэг хүмүүс нэлээн бий. Хэдэн хувь нь намайг дэмжиж байна, тэднийхээ байдлыг харна. Магтах хүн ч зөндөө бий, муулах хүн цөөн ч гэсэн би л байх. Ирээч ээ гэсэн хүн ч байгаа, энийг явуулахгүй гэсэн юмсан гэсэн хүн ч байгаа. Нийтийн хандлагыг жаахан харнаа. Тийм учраас энэ жил нутгаараа жаахан явна, хүн амьтантай уулзана.
-Та 2008 онд нэр дэвших, сонгогдох боломжтой байсан ч нэр дэвшиж чадаагүй. Таны тойргийг булаасан Оюунбаатарт гомддог уу?
-Яахав бүхэл бүтэн том нам, Монголыг 80-90 жил аваад явчихсан нам өөрөө мэдэж шийдвэрээ гаргасан. Би гомдоод байх юм байхгүй ээ. Ямар ч юманд хүнд гомдож болохгүй. Ялангуяа улс төр хийхэд хэцүү ш дээ. Нутгаараа явж байхад хүн болгон л “Чи сайн шүү, чи шүү, чи шүү л” гэдэг. Сүхбаатарт сайн хүн болгон Сүхбаатар дээр ирдэг. Сүхбаатарт дургүй нь цаашаа хараад яваад өгдөг байхгүй юу. Оюунбаатарт сайн ханддаг хүн болгон нь очоод “Та шүү” гэж байгаа. Оюунбаатар бид хоёр ч гэсэн найз. Нэг удаа нэр дэвшиж чадаагүй л биз, ямар миний компанийг авчихсан биш, миний гэрт байсан юмыг хулгайлчихсан биш, үүнд юм бодож болохгүй л дээ. Улс төр тогтолцоогоороо л явж байна. Сүүлийн есөн жил Оюунбаатар бид хоёр найзалж байна даа. Тэрэнд би юм боддоггүй, би УИХ-ын гишүүн болох дуртай байхад, Оюунбаатар яагаад дургүй байх ёстой юм. Бадамсүрэн яагаад дургүй байх ёстой юм, тийм биз дээ. Тухайн үед аль аль нь нэр дэвшихийг бодоод Оюунбаатар намаасаа гараад ирээ л биз. Би сонгуулийнх нь сурталчилгаанд очиж ажилласан. Сүүлийн долоо хоногт нь Оюунбаатар, Бадамсүрэн хоёрын төлөө ажилласан.
-Одоо намынхантайгаа хэр харьцаатай байдаг вэ?
-Намаараа орноо. Юу боллоо гэж орохгүй байхав.Уулзах хүнтэйгээ уулзана, тэртээ тэргүй журмын нөхөд, нэг л юмны төлөө явдаг, үзэл бодол нэгтэй хүмүүс. Би намд нэг санал тавьсан. Би 22 жил цэргийн алба хаачихсан юм, тэрнийгээ гүйцээчих санаатай. Би одоо 50 нас хүрлээ, гүйж харайгаад, биеийн тамирын шалгалт өгөөд жагсаал хийгээд байна гэж юу байхав, насаараа дарга хийсэн юм, хүний хойно өмнө гараад загнуулаад гүймээргүй байна. Тэгж байгаад шийдвэр гаргана, шаардлагатай бол намгүй ч шийдвэр гаргаж болно ш дээ. Би эхээс гарсан болохоос намаас төрөөгүй ш дээ. Намын төлөө зөндөө явсан, гэхдээ гомдоод болино энэ тэр гэхгүй ээ. Надад сүүлийн боломж, түүнээс цааш 60 гарчихаад улс төр хөөгөөд явахгүй. Би аливаа юмнаас өөрийгөө хурдан татаад авчихдаг юм, зууралдаад байх сонирхол байхгүй. Баараггүй 2008 онд нэр дэвшинэ гэж байгаад урд өдөр нь дуудагдаад, больсон, Ё.Отгонбаяр даргад хэдэн үг хэлээд л хаясан.
-Өмнөговиос төрсөн бизнесмэн болгон уул уурхай руу орж байна. Та тийшээгээ орж хүчээ үзье гэсэн бодол байдаггүй юм уу?
-Ороогүй. 2005 оноос Тавантолгойг ашиглахад хамтаръя гэсэн хүмүүс байсан. Нэгдүгээрт би өөрөө уурхайгаа мэдэхгүй, хоёрдугаарт миний бодлоор Өмнөговийн уул уурхай нэлээн бохир явж байгаа. Тавантолгойн нүүрсийг гаргах явц, худалдан авалт, наймаа энэ тэр нь, тэр ТУЗ-ын шийдвэр, бүр аймгийн Иргэдийн хурлаас Тавантолгойд гаргаж байгаа шийдвэр ч зөв явахгүй байна гэж боддог. Зөв явахгүй зам руу би явж болохгүй. Тийм учраас тийшээ орж яваагүй. Ер нь Монголын бизнесмэнд орохгүй салбар гэж байхгүй. Зөв л юм руу орохгүй бол, Монгол хүн бүх юманд оролцох ёстой гэж хутгалдаж явах ёсгүй. Зах зээл багатай, бизнесийн орчин жижиг, тийм учраас ганцхан төрлийн бизнесээр дагнаад оройд нь гарчихна гэдэг хэцүү. Ашигтай л юм байвал юу ч гэсэн хүртэх ёстой. Гэхдээ надад ашигтай юм байна гээд буруу юм руу орж болохгүй. Тийм болохоор Өмнөговийн уул уурхай руу ороогүй. Харин саяхан тэнд нэг гаалийн баталгаат агуулах авсан.
-Та жилдээ хэр их орлого олдог вэ?
-Монголд нэг нь нэг юм хийнгүүт энэ ашигтай юм байна гээд бүгд тийшээ ордог, тэгээд бүгдээрээ унадаг. Намайг таксины компанитай байхад Монголд такси компани гэж байхгүй. “JM” манай хоёр л байсан юм. “Сити такси” ашигтай байна гээд сүүлдээ 70 гаруй такси компанитай болсон. Тэгээд бүгдээрээ доошоо унадаг байхгүй юу. Тийм учраас бизнес аль болох өөрийнхөө хэмжээндээ, нуух юмнуудаа нууж байхгүй бол бүх юмаа дэлгэхээр тэр бизнес Монголд цаашаа явахгүй байгаа юм. Миний орлого миний хэрэгцээг хангалттай хангадаг, бас нутгийнхны хэдэн хүсэлтийг биелүүлэхэд хангалттай хүрээд байдаг. Тэрнээс биш, овойж оцойтлоо баяжсан, “MSC” шиг болсон гэхэд хаашаа юм. Бурхан багш надад ямар ч гэсэн идэх хоолтой байхаар л буян хайрлаж гэж боддог. Би цуглуулахыг боддоггүй, боломж байвал энд тэнд юмаар дутаж байгаа хүнд туслахыг л боддог. Өмнөговийнхонд нэлээн тусалсан, тэрийг ч манайхан мэддэг, түүндээ би сэтгэл хангалуун байдаг. Намынхаа төлөө намтайгаа үлдэнэ гээд төрийнхөө ажлыг өгчихсөн. Би уг нь агентлагийн дэд дарга байсан. Тэр үед сонин дээр бичигдсэн. Бодвол үнэн биз. 40 гаруй мянган хүн төрийнхөө ажлыг дагаад намаасаа гарсан, Монголд намаа дагаад үлдсэн 17 мангар хүн байдаг юм гэсэн. Тэрний нэг нь би. Үзэл бодолдоо үнэнч байх ёстой. Одоо манай нам 2 болчихоод байна. Аль аль нь үзэл бодлоо нэгтгэж явсан манай намын нөхөд. Улс төр гэж сонин юм даа гэж боддог юм. Манай намын нөхөд, АН-аа хаяад орсон хүн Цогоос өөр гайгүй байлгүй. Би бас ерөнхийлөгч байсан Н.Багабанди гуайг зөнөсөн юм болов уу гэж хааяа боддог. Саяхан тэр “Титэм үг”-ээрээ өс хонзон авах тухай айхтар зуунги сонин юм бичсэн байна лээ. Уг нь дэмий л юм даа.
-Та 2004 онд Өмнөговьд нэр дэвшээд Ц.Баярсайхан гишүүнд ялагдсан байхаа…
-Ц.Баярсайхан аймагтаа хэлтсийн дарга хийж байсан, Засаг даргын орлогч байсан, урьд нь УИХ-ын гишүүн, байнгын хорооны дарга болсон, УИХ-д нэг өрсөлдөөд уначихсан байсан, түрүүнд нь унагасан юм, одоо саналаа өгчих юмсан гэж байсан хүнтэй өрсөлдөөд тэр олон мянган хүний санал аваад 100-гаад хүний саналаар ялагдсандаа баярладаг. Ямар Д.Бат-Эрдэнэд уначихсан биш. Манай Бадамсүрэн гишүүн өрсөлдөөд миний авсан саналаас арай бага санал 2008 онд авсан байна лээ. Түүнээс хойш би нутгаасаа салаагүй, хүн амьтантай уулзаж учраад яваад байгаа, хүнд ихэрхээгүй, чадах ядахаараа дэмжээд явдаг болохоор нутгийн олон ойлгодог юм шиг байна лээ. Би зөв яваад үхчих юмсан гэж боддог. Зарим үед энэ 76-г хүн болгон муулаад байхаар гараагүй нь ч оносон юм байна даа гэж боддог. Тэнд орчихвол Сүхбаатар нь сайн юм байна, бусад 75 нь муу юм байна гэж ярихгүй ш дээ. Эд нар бүтэхгүй л гэж ярина биз. Хүнд заавал муу хэлэгдэн хэлэгдэн тэнд сууж байх хэрэг юу байна гэж боддог юм. Зарим нутгийн хүн “та орох ёстой, юм хийх ёстой” гэхээр нээрээн ч тийм юм уу гэж янз янзаар л бодох юм даа.
-Оюутолгойн ойролцоо дахиад том орд олдсон гэсэн. Энэ талаар юу гэж бодож байна?
-Дахиад л Оюутолгойтой ойрхон том уурхай гарлаа л гэнэ. Би нутгийнхаа ирээдүйн төлөө санаа зовдог юм. Өнөөдөр яахав гадныхан ирээд ухаад л, дуудлага худалдаагаар аваад л, монгол хүн ялгаа юу байхав, бусад нутгийнхан очиж ажиллаад л хэдэн төгрөг аваад л байна. 100 жилийн дараа, 200 жилийн дараа бүх газар доорхи баялгийг нь авчихсан, газар доорхи усыг нь юүлчихсэн, газрынх нь хөрс эргэчихсэн ийм нутагт хэн үлдэх болоо гэж боддог. Гадных нь ч дотных нь ч бай, хүний нутгийн улс яваад л өгнө. Манайхан л яах бол гэж санаа зовдог. Миний нас жаахан хөгшдөөд байна. Одоо 30-40 настай арай залуухан байсан бол “Манай нутагт их юм хийгээрэй, байгаль орчноо сайн нөхөн сэргээгээрэй” гээд тэнд очоод олон юм яриад суугаад баймаар байна. Одоо 50 хүрчихээд би тавтиргүйтээд яахав дээ. Манай нутгийн ирээдүй эвгүй байна. 200-300 жилийн дараа манай Өмнөговь нутаг ямар байх бол гэж би маш их санаа зовдог. Баахан ухуулчихсан, уух усгүй, улаан шороо эргэсэн, өвс ургамалгүй, тийм газар болчихвол хэцүү ш дээ, тэнд амьдрах хүмүүст… Би тэр үед амьд байхгүй. Гэхдээ амьд байхгүй нь аз гэж бодохгүй, ирээдүй хойч үеийнхээ төлөө санаа зовох юм. Тэрний төлөө Өмнөговийнхон дуугарах ёстой. Дуугарах хүн байгүй юм. Оюутолгой, Тавантолгойг ашиглах сайхан ч саар юм их гарах байх.
-Ард түмний амьдрал дэндүү хүнд байна. 21 мянган төгрөг шиг хэрэггүй юм алга, тэрний оронд улс оронд юм хийсэнгүй гээд шүүмжлээд байна. 21 мянган төгрөгөөр амьдарч байгаа хүн маш олон байна. Өнөөдөр банкуудын оочерыг хар, хэрэггүй байсан бол хүмүүс авахгүй ш дээ. Би 21 мянган төгрөгийг дэмждэг. 21 мянган төгрөг өгөнгүүт архичдын тоо их болж байна, эрүүлжүүлэхэд хүн нэмэгдэж байна л гэнэ. Гэхдээ хэдэн хүн 21 мянган төгрөг аваад тэднээс хэдэн хүн эрүүлжүүлэхэд ороод байгаа юм гэвэл би сайн мэдэхгүй. Миний сонссоноор 200 шахам хүн эрүүлжүүлэхэд хонодог гэсэн, сайндаа л 300 хүрээ биз. Тэгэхэд өчнөөн олон мянган хүн өдөрт 21 мянган төгрөгөө авч байгаа ш дээ.100 хүнээс нэг нь архи ууж байгаа биз, цаана нь өчнөөн мянган хүн амьдралдаа хэрэглэж байгаа. 21 мянган төгрөгөөр амьдарч байгаа хүн зөндөө шүү. Болдог бол 2 тэрбумыг ч гэсэн өгөөсэй гэж боддог. Утаанд хичнээн тэрбум төгрөг зарцуулав, юу ч өөрчлөгдөөгүй, та бид хоёр хортой утаагаар амьсгалаад явж байгаа биз дээ. Тэгэхэд 21 мянган төгрөг бидний гэр бүлийнхэнд ирж л байгаа. Юмыг олон талаас нь бодох ёстой.
-Ярилцсанд баярлалаа. www.taiz.mn
Discussion about this post