ОХУ, Белорусь, Мьянмар гурваас бусад дэлхийн бүх улс орны удирдагчдыг урьсан ИБУИНХУ-ын Цог жавхлант Хатан хаан II Элизабеттай салах ёс гүйцэтгэх төрийн ёслол энэ сарын 19-нд Лондонд болно. Манай улсаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцохоор болж Цог жавхлан хаан III Чарльзтай мэндчилж, Монгол Улсын нэрийн өмнөөс Хатан хааны гэр бүл болон Британийн ард түмэнд эмгэнэл илэрхийлж хүндэтгэл үзүүлэхээр болжээ.
Японы Эзэн хаанаас эхлээд Хаантай улсын бүх Эзэн хааныг болон гурван орноос бусад дэлхийн бүх улс орны төрийн өндөр дээд түвшний 500-аад төлөөлөгчийг урьсан. Тиймээс энэ бол зөвхөн эмгэнэл илэрхийлж хүндэтгэн салах ёс гүйцэтгэх урилга төдийгүй дипломат бодлогын цугларалт гэж хэлж болох юм. Салах ёс гүйцэтгэсний орой Эзэн хааны хүндэтгэлийн хүлээн авалт болно. Үүнд мөн Монгол Улсын Ерөнхий сайд оролцоно.
ИБУИНХУ-ын Цог жавхлант Хатан хаан II Элизабеттай салах ёс гүйцэтгэх төрийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайдыг онцлон урьсан нь цаанаа учиртай. Юу гэвэл Баруун Европын улс орнууд Монгол Улсыг хүлээн зөвшөөрч хамгийн түрүүнд дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ түүхэн шийдвэрийг 1963 онд Хатан хаан II Элизабет гаргаж байсан гэдгээрээ онцлогтой. Мөн НҮБ-д элсэхэд болон Монгол Улсыг ардчилсан замналаар замнахад анхнаас нь тууштай дэмжиж, үнэлж баршгүй туслалцаа үзүүлж байсан учраас өндөр ач холбогдол өгөхөөс аргагүй юм. Ерөнхий сайд асан Уинстон Черчиллийг сүүлчийн замд нь үдэхэд дэлхийн улс орны удирдагчид, төлөөлөгчдийг урьснаас хойш ийм том хэмжээний хүндэтгэлийн салах ёслол үйлдэж байгаагүй учраас ИБУИНВУ-ын зүгээс ихээхэн ач холбогдол өгч бэлтгэл ажилдаа орсон төдийгүй тээвэр ложистик, аюулгүй байдал гэхчлэн маш том сорилттой тулгарч байна.
Түүнчлэн британичуудын хувьд дэлхийн хоёрдугаар дайнаас хойшхи Их эзэнт гүрний задрал, дараагийн хаант засаглалын байр суурь, шинэ Хааны бодлого өөрчлөгдөх гэхчлэн шинэ цаг үе, нөхцөл байдлыг угтан авч байна гэж ажиглагчид үзэж байгаа юм. Тиймээс энэ бол зөвхөн гашуудлын ёслол төдий зүйл огт биш. Дипломат бодлого, геополитикийн харилцааны хувьд тун чухал үйл явдал болж байна. Халуун сэтгэлт англичуудын хувьд Цог жавхлант Хатан хаан II Элизабеттай салах ёс гүйцэтгэж хүндэтгэл үзүүлэх ёслолд оролцох туйлын хүсэлтэй, өөрсдийн итгэл үнэмшлээр үүнийг заавал хийх ёстой гэж үзсэн олон арван иргэд дугаарлах болсон. Лондонд Эзэн Хаадыг болон дэлхийн дээд түвшний 500-аад зочид төлөөлөгчдийг хүлээн авч байрлуулах өндөр зэрэглэлийн зочид буудал олж байрлуулахад хүртэл амаргүй нөхцөл байдал үүсээд байгаа аж.
Discussion about this post