Ардчилсан намын тамганы маргааны талаар Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Хууль эрх зүйн асуудал хариуцсан Нарийн бичгийн дарга О.Баасанхүү, дэд дарга Ц.Алтанцэцэг нар өнөөдөр /2022.09.15/ мэдээлэл хийлээ.
Хууль эрх зүйн асуудал хариуцсан Нарийн бичгийн дарга О.Баасанхүү:
-Сүүлийн үед МАН-ынхан эрх мэдлээ эргүүлэн баталгаажуулахын тулд бүх сөрөг хүчнээ худалдаж авахыг оролдож байна. Тухайлбал, УИХ-ын тухай хуулийн 31.12 гэдэг заалтыг өөрчилж, АН-ын бүлгийн даргыг сольсон. Би энэ үйлдлийг хууль бус Үндсэн хууль зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан. Энэ гомдолд 2022 оны есдүгээр сарын 12-ны өдөр 99 тоот тогтоол гарчээ. Уг тогтоолоор Үндсэн хуулийн 19, 21, 23, 27 дугаар зүйлийг зөрчсөн гэсэн миний гомдлыг үндэслэлтэй гэж үзээд маргаан үүсгэсэн байна. Өөрөөр хэлбэл, бид одоо дунд суудлын хуралдаанаар асуудлыг шийдвэрлэнэ гэсэн үг.
Хоёрдугаарт, маргаан үүсгэсэн тохиолдолд тухайн хуулийн үйлчлэл автоматаар зогсдог. Магадгүй энэ хуулийн үйлчлэл зогссоныг мэдэхгүйгээр УИХ-ын дарга, зарим гишүүд муйхарлан аливаа үйлдэл хийвэл энэ нь түдгэлзсэн заалтыг ашигласан гэдгээр дахин Үндсэн хуулийг зөрчинө шүү гэдгийг мэдэгдье. Одоо МАН-ынхан маш их худлаа ярьдаг болжээ. Жишээлбэл, аудитын дүгнэлтээр 10.3 их наядын зөрчил илрүүллээ гэж байхад хэн ч тэрийг шалгаж, тогтоогоогүй байхад дахин 20 их наядын нүүрс зарсан байна. Гэтэл 20 их наяд гэдэг нь хилийн шалган нэвтрүүлэх дээр бүртгэгдсэн тоо. Гэтэл Хятадын хилийн шалган нэвтрүүлэх дээр 40 их наядын нүүрс зарсан байна. Дундаас нь 20 их наяд төгрөг дутаж байна. Хэрэв энэ их мөнгө Монголд орж ирсэн бол хүнд хэцүү асуудлаа шийдэх боломжтой байсан. Энд түгжрэл, тэнд хилийн боомт гээд ажил хийж байгаа юм шиг харагдаж байна. Ард түмэнд өнөөгийн бодит үнэнг хэлэх улс төрийн сөрөг хүчин хэрэгтэй байна.
“Худал мэдээлэл тараасан үндэслэлээр цагдаад гомдол гаргасан”
Хуульч Г.Батбаяр:
-Ардчилсан намын тамгатай холбоотой шүүх хурал өчигдөр /2022.09.14/ Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн байранд болсон. Гэхдээ энэ нь 2022 оны зургадугаар сарын 7-ны өдөр 48, 68 гэсэн тоот захирамжаар Ц.Туваан Ардчилсан намыг төлөөлж, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байна гэсэн агуулга бүхий захирамж гарч, хэрэгсэхгүй болгосон байсан. Энэ хуралдаан болохгүй яагаад гурван сар болсон бэ гэхээр нэхэмжлэгч талын өмгөөлөгчид шүүгчээс татгалзаж, аль болох хурлыг хойшлуулж ирсэн. Өчигдөр хурал болоход тухайн 2020 оны арванхоёрдугаар сард гаргасан маргаан бүхий захиргааны актуудыг илт хууль бус захиргааны актад тооцож өгнө үү нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж гарсан. Гэтэл энэ захирамжийн бичвэр хэсэгт илт хууль бус актад тооцож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа зургаан сарын дараа өөрчилж, хүчингүй болгож өгнө үү гэсэн байна.
Тэгэхээр нэхэмжлэгч Ц.Туваан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байхад тэрийг нь бичилгүйгээр шийдвэрлэсэн нь техникийн алдаатай болжээ. Тиймээс энэ алдаагаа засч, дахин шүүхэд нэхэмжлэлээ ирүүл гэсэн агуулгатай шийдвэр гарсан. Үүнийг Ардчилсан намын бүх тамга тэмдгийг зөвшөөрлөө, С.Эрдэнэд байгаа тамгыг хүчингүй болголоо, Ц.Туваанд байгаа тамга хүчин төгөлдөр гэсэн худал мэдээллээр иргэдийг төөрөгдүүлж байна. Энэ процессын алдааг нэг сарын хугацаанд засч, дахин давж заалдах шатны шүүхэд хандах юм. Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт бид худал мэдээлэл тараасан үндэслэлээр гомдол гаргасан.
Discussion about this post