“Бат инженерийн кэйс” ном дахь ноцтой кэйсийг сануулъя. Тэнд “Иргэний маргааныг эрүүжүүлэх нь шүүх, прокурорын хамгийн их ашиг олдог бизнес байдаг бололтой юм. Хоорондоо маргалдсан мөнгөтэй хүмүүсийн гомдлын дагуу аль нэг талыг нь шоронд хийж мөрдөн шалгах нэрээр тамлан зовооно. Ингэхдээ гомдол гаргагчаас хахууль авна. Мөн гомдоогчоос ч хахууль авна. Тэгж тэгж шүүх хүргэхгүйгээр нөгөө хүнээ тавьж суллана. Мэдээж, эрүүгийн хэргийн бүрэлдэхүүн байхгүй юмыг суллахаас ч яахав. Эцэст нь гомдогч тал нөгөө хүнээ хориулсанаас өөр тайтгарал олоогүй тул түүнд учирсан хохирол барагдахгүй, гомдоогч тал хоригдож бие сэтгэлээрээ хохирсон учир нөгөө талдаа хохирлыг барагдуулахгүй жонхуурсан байдал үүссэнээр хэрэг замхарна.
Дундаас нь харин эрүүдэн шүүх тогтолцооныхон том ашиг салгаж авцгаана. Хууль зүйн дэд сайд байсан хүний ярьснаар, ийнхүү хэрэг үүсгэн ашиг олдог “гэмт хэргийн бирж” дээр хоёр тэрбум орчим ам.доллар эргэлддэг болохыг хожим сонссон юм” гэж бичсэн. Бат инженер ч юм уу, Хууль зүйн дэд сайд асан эрхмийн нэрлэсэнчлэн “гэмт хэргийн бирж” дээр 2 тэрбум ам.доллар эргэлддэг гэжээ. Аманд багтаж, толгойд оромгүй энэ том дүнтэй мөнгө шүүгч нарын гар дээр “эргэлдэж” байна гэсэн үг л дээ.
Н.Лүндэндорж ч ШЕЗ-ийн дарга байхдаа нэг удаа “512 шүүгчийн дотор нэг хүн тэрбум долларын хадгаламжтай байж болдоггүй юм уу” хэмээн “ам алдсан” байдаг юм. Тухайн үед шүүгч нартай холбоотой авлигын асуудал босч ирээд Н.Лүндэндорж гуай ШЕЗ-ын даргын хувьд шүүгч нарыг өмөөрч ярихдаа ингэж байв. Мөнгөний хэмжээ дамжаа дээр “амаа барьж” чадахаа больтлоо баримжаа алдчихсан гэж ойлгомоор үгийг тэр хэлсэн. Одоогийнх нь дарга ч “Ой мод урттай богинотой, олон шүүгч дотор ийм хүн байлгүй яахав” гэх ухааны юм яриад сууж байгааг бид өмнөх дугаартаа хүргэсэн.
Гэхдээ Бат инженерийн бичсэн энэ кэйс манай Монгол дотор л яригддаг байна. Манай дотоодын “хэрэг” гэсэн үг. Тэгэхээр Бат инженерт “хов” хүргэсэн тэр дэд сайд асан нөхрийг олоод тэр 2 тэрбум ам.долларын талаар илүү дэлгэрэнгүй хүргэж болох юм. Хаанаас гаралтай, хаагуур дамжаад, хаанахын хэн хэн гээч шүүгч нарын халаас, данс хоёр руу гулсдаг вэ гэдгийг мэдэж болно гэсэн үг. Нээрэн, шүүгч нар хэний төлөө, юу амжуулсаны хөлсөнд ийм хэмжээний мөнгийг авцгаадаг бол?!
Маш тодорхой зүйл бол манай шүүгч нарын захиалагч нь голдуу гадныхан байгаад байна. Ер нь тэгээд ийм хэмжээний мөнгийг монгол бизнесмэнүүд авлигад гаргахгүй байх л даа. Тийм кэйс одоогоор алга. Тэгээд ч боломжгүй. Нэг үгээр хэлбэл, Монголын баялагт шунасан гаднын нөхдүүд манай шүүгч нарт хүссэн “хөгжим”-өө захиалдаг. Шүүгч нар “хөгжимдөж” өгдөг. Эрх ашгийг нь хангаж өгөхийн тулд ичиж зовохгүйгээр алх тогшдог.
Тийм болохоор шүүгч нарын мөнгө төгрөгтэй холбогддог адал явдал дуусахгүй. “Хүрээний булайг дэлгэвэл далай, далай” гэдэг шиг л юм болно. Шулуухан хэлэхэд, Монгол Улс мөнгө гэхээр нүдээ ухаад өгөхөөс буцахгүй шүүгч нартай болчихсон. Тэрийгээ ч албан ёсоор хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ерөнхийдөө ШЕЗ-ийн дарга нарын дээрх үгнүүд хүлээн зөвшөөрөлт л дөө. Энэ бол эмгэнэл. Зүй нь 699 шүүгчийн нэг нь ч итгэл үнэмшлээ мөнгөөр худалдах ёсгүй юм. Гэтэл хэд гурваараа, бүр бөөн бөөнөөрөө сүлжээнд орчихсон гадныхны эрх ашгийн төлөө ажилладаг тохиолдол цөөнгүй байна. Зохион байгуулалтад орж, авлигыг нь дамжуулдаг, шийдвэр гаргадаг шүүхийн сүлжээ ч бий болсон байна.
Саяхан даа, өмгөөлөгч Б.Баасанцогтыг суллуулах гэж Дээд шүүхийн дарга байсан нэг нөхөр шүүхийн удирдлагууд руу утастаж, дуудаж уулзаад хэсэг бужигнуулсан. Уг нь өөрийн үүсгэсэн сүлжээгээрээ дамжиж явсан ч мэдээлэл нь замаасаа алдагдаад төлөвлөгөө нурсан шиг байгаа юм.
Шүүгч нартай холбоотой бүр айхтар хэрэг гурван жил гаруйн өмнө болж байв шүү. Шүүгч нар бөөнөөрөө хятад иргэдийн гар болж байсан нь ил болсон. Тэр хэрэг шүүгч нарын булайг дэлгэсэн л дээ. 2018 оны сүүлч, 2019 оны эхээр болдсон хэрэг л дээ. Дундговийн Гурвансайханд байдаг Салхитын мөнгөний орд хятадуудын гарт орчихсон байв. Тодруулбал, энэ ордын лицензийг Ван, Ян гэдэг хоёр хятад булаацалдсан. Тэр хоёр Монголын хууль шүүхийнхнийг хоёр хуваасан. Манай шүүх хуулийнхан мөнгөтэй хятад хүмүүст хуваагдаж байгаад л зүтгэчихсэн байдаг. Энэ асуудал ил болсон нь нийгэмд ихээхэн дуулиан тарьсан. Хэргийг шалгах үед их хэмжээний мөнгө олдож, шүүгч нарын хэргийг шүүхээр шийдэхэд 10-170 сая төгрөгийн авлига авсан нь тогтоогдсон. Тодруулбал, АТГ-ынхан Салхитын мөнгөний ордын хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах үеэрээ 1 445 200 ам.долларыг эд мөрийн баримтаар хурааж авсан. Тэр мөнгийг “Авлигад тараах гэж байсан байж болзошгүй” гэж үзсэн. Уг мөнгийг Сүхбаатар дүүргийн нутаг дахь “220К резиденс”-д байр түрээслэдэг иргэдийн гэрээс “олсон” байдаг. Энэ мөнгийг АТГ “Авлигад тараах гэж байна” хэмээн үзсэн гэдэг. Улмаар уг хэрэгт хамааралтай гэж үзсэн хууль, шүүхийнхнийг цагдан хорьж шалгаж эхэлсэн.
Гэтэл 2019 оны хоёрдугаар сарын 21-22-нд шилжих шөнө баривчлагдсан Б нь Цагдан хорих 461 дүгээр 48 цагийн хугацаатай саатуулагдаж байхдаа нас барсан. Б нь Гавьяат хууль цолтой, Дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан нэгэн байв.
Одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатар тухайн үед ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу ТЕГ-ынхантай хамтран Салхитын мөнгөний орд газарт тусгай ажиллагаа явуулсан. Тэгэхдээ ордын ашиглалтын лицензийг цуцалж байв. Тэгэхэд тэрбээр “Салхитын мөнгөний ордын цаана асар том сүлжээ байгаа. Шүүх, хууль хяналтынхан, зарим хэвлэл мэдээллийнхнийг санхүүжүүлсэн, хоёр том бүлгийн их хэмжээний мөнгөний асуудалтай холбоотой ажиллагаа болсон. Энэ ажиллагааны үеэр зарим шүүгчийн авлига авсныг нотлох видео бичлэг ил болсон” гэж байсан юм. Тэр үед Монгол Улсын Ерөнхийлөгч олон нийтийн мэдээллийн хэрэгслээр “Манай шүүх, цагдаа, прокурорыг хоёр хуваасан. Бие биеэ Вангийн шүүгч, Янгийн шүүгч гэж нэрлэж байна” гэж ярьсан. Улмаар 2019 оны зун Ерөнхийлөгч зарлиг гаргаж, нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Ерөнхийлөгчийн зарлига гарахын өмнө 2019 оны зургадугаар сарын 25-нд ҮАБЗ тэр асуудлаар хуралдаж, нэр бүхий шүүгч нарыг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэн зөвлөмж гаргасан. АТГ-аас ч 2019 оны арваннэгдүгээр сарын 11-нд “Салхитын мөнгөний ордын хэрэгтэй холбоотой нэр бүхий зургаан шүүгчийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч, хэргийг шүүхэд шилжүүлэхийг прокурорын байгууллагад хүргүүлсэн. Зөвхөн Салхитын мөнгөний ордтой холбоотой 17 шүүгчийн асуудал яригдаагүй. Бусад шүүгчид өөр төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа” гэсэн мэдээллийг өгч байв.Үнэхээр ч Ерөнхийлөгчийн зарлигаар түдгэлзүүлсэн 17 шүүгчээс найм нь Салхитын мөнгөний ордын хэрэгтэй холбогдсон. Авлига авсан байж болзошгүй нөхцөл үүссэн. Найман шүүгчийн зургаа нь шүүхээр орсон. Хоёр нь цагаадаж, дөрөв нь ял авсан. Шүүхээр ороогүй хоёр шүүгчийн нэг нь гадаад руу оргон зайлсан. Нөгөө нь Солонгост эмчлүүлэхээр явсан. Тэдний хэргийг тусгаарлаж түдгэлзүүлсэн. Мөн хэргийг шалгах үед цагдан хоригдож байсан Гавьяат хуульч эрхэм нас барсан.
Нөгөөтэйгүүр Ерөнхийлөгчийн 2019 оны зургадугаар сарын 26-ны Зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай зарлиг дахь 17 шүүгчид Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын таван шүүгч, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн дөрвөн шүүгч, Чингэлтэй, Баянзүрх, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дөрвөн шүүгч, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн нэг шүүгч, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн нэг шүүгч, Багануур, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тус бүр нэг шүүгч байв.
Энэ тоог хар даа, эдгээр шүүгч нарын дийлэнх нь Иргэний хэргийн шүүгч, Захиргааны хэргийн шүүгч нар байна. Чухамдаа тэд яагаад мөнгөтэй наалдчихаад байдгийн тов тодорхой хариу нь энэ юм.
Салхитын мөнгөний ордын хэргийн дараахан 2020 оны тавдугаар сарын 27-нд тухайн үеийн Ерөнхийлөгч анхан, давж заалдах шатны шүүгч нарыг шинээр томилсон. Тэдний шүүгчийн үнэмлэхийг гардуулах үеэрээ “ “Хатуу үнэнийг хэлэхэд, шүүх засаглалын нэр хүнд өнөөдөр тааруу байна. Саяхан гэхэд Хан-Уул дүүргийн шүүх Салхитын мөнгөний ордын гэх хэргийг шүүж, шийдвэр гаргалаа. Тангараг өргөсөн зургаан шүүгч энэ хэрэгт холбогдсоноос хоёр нь хорих ял авлаа. Шүүх засаглалын нэр хүндийг сэвтүүлсэн өөр бусад хэргүүд ч бий” гэж анхааруулж байв.
Ганцхан Салхитын мөнгөний ордын асуудал л гэхэд Захиргаа, Иргэний шүүхийн нэг хэсэг шүүгчийн булайг ингэж дэлгэж байна. Ард түмэн шүүхэд итгэхгүй болсоор байгаагийн учир энэ. Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн /www.iri.org/-гээс хамгийн сүүлд хийсэн судалгаагаар иргэдийн шүүхэд хандах маш сөрөг хандлага 39 хувьтай буюу төрийн бусад байгууллагаас хамгийн өндөр сөрөг үзүүлэлттэй гарсан байна. Ардчиллын тулгуур баганын нэг шүүх засаглалд ард түмэн ийм маш сөрөг хандлагатай байгаагийн шалтгаан нь Салхитын орд шиг хэрэг болгон дээр булай, булхай хоёрыг хийж байгаа Захиргаа, Иргэний хэргийн шүүхийн шүүгч нарын үйл ажиллагаатай холбоотой.
Шүүгчдийн булай булхай хоёр сүүлдээ хил дамнаж, хүрээгээ тэлж, “Үнэн худлыг дэнсэл” гэсэн үүрэг хариуцлагаа үйлдлээрээ үгүйсгэцгээдэг болсон. Ийм л шившигтэй байдалд хүрлээ. Тэгэхээр монгол хүн Монгол газар нутаг дээрээ аж ахуй эрхэлж, амьдарах нөхцөл ч хүндэрлээ. Захиалгаар “хөгжимддөг” Захиргаа, Иргэний шүүгч нартай болжээ. Түүнээс нь болоод Монголын бизнесмэнүүд монгол шүүгч нарынхаа “тусламжтайгаар” гадныханд дээрэмдүүлсээр байна. Шүүгч нарын энэ явдал нь чухамдаа Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд шууд заналхийлсэн үйлдэл бус уу. Ерөөс шүүхэд, шүүгч нарт итгэж болохоо болилоо. Хэнд итгэж, хэнээс шударга ёсыг хүлээх вэ, Ерөнхийлөгч өө?
Үргэлжлэл бий…
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ
Эх сурвалж:
“Зууны мэдэээ” сонин – 2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 12. ДАВАА ГАРАГ. № 175 (6907)
Өнөөдөр сонин – 2022.09.12 ДАВАА № 177 (7479)
Өдрийн сонин – 2022.09.12 ДАВАА № 170 (7043)
Discussion about this post