Өчигдөр буюу бямба гаригт Москва хотын олон мянган оршин суугч ЗХУ-ын сүүлчийн удирдагч Михаил Сергеевич Горбачевтай салах ёс гүйцэтгэлээ. Тэр өнгөрөгч мягмар гарагт 91 насандаа таалал төгссөн юм.
Горбачевын шарилыг Зөвлөлтийн өмнөх удирдагчдыг сүүлчийн замд нь үдсэн Кремлийн ойролцоох баганат танхимд залжээ. Харин ЗХУ-ын задралыг ”хорьдугаар зууны геополитикийн сүйрэл” хэмээн нэрлэсэн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин оршуулгын ёслолд оролцсонгүй. ЗХУ-ыг задалсан, өөрчлөн байгуулалтын дараа эдийн засгийн уналтыг эхлүүлсэн зэрэг нь олон орос хүний хувьд уучилж болшгүй алдаанд тооцогддог.
Харин өрнөдөд Горбачевын “Хүйтэн дайнд цэг тавьж, хуучин социалист лагерийн орнуудыг Зөвлөлтийн хараа хяналтаас чөлөөлсөн, баруун, зүүн Германыг нэгтгэсэн” зэрэг олон гавьяаг өндрөөр үнэлдэг. Үүнийхээ төлөө тэр 1990 онд Нобелийн энх тайвны шагнал хүртэж байв.
Харамсалтай нь, Украины дайнтай холбоотой зөрчлийн улмаас Горбачевын оршуулгад гадаадын төр, засгийн тэргүүдээс оролцох боломж бага байгаа. Харин Европын удирдагчдаас Путинтэй ойр харилцаатай цөөхөн хүмүүсийн нэг Унгарын ерөнхий сайд Виктор Орбан оролцох болсныг түүний хэвлэлийн алба мэдээлжээ.
Оршуулах ёслолд Оросын талаас хууль тогтоогч Константин Косачёв, дуучин Алла Пугачева зэрэг олны танил хүмүүс оролцсон байна.
Горбачевын шарилыг Москва хотын Новодевичьегийн оршуулгын газарт, 23 жилийн өмнө нас барсан гэргий Райсагийнх нь булшны дэргэд оршуулжээ.
Discussion about this post